“Тавантолгой түлш” ХХК жил бүрийн оны төгсгөлд “Ирэх жил барьцалдуулагчийн хэрэгцээгээ 100 хувь дотоодын үйлдвэрээс хангах бодлого барина” гэж зарладаг. Гэвч бодит байдал дээр 50 хувийг л дотоодын үйлдвэрээс авч, үлдсэн 50 хувийг нь БНХАУ-ын үйлдвэрээс авдаг байжээ. Энэ жил улам дордож, БНХАУ-ын үйлдвэрүүдээс л худалдаж авах болсон байна. Улмаар өмнө нь барьцалдуулагч нийлүүлдэг байсан дотоодын компаниуд сул зогсох болов. Хамгийн гол нь, дотоодын ААН-үүд БНХАУ-ынхаас илүү чанартай бүтээгдэхүүн гаргасаар байхад чанар муутай барьцалдуулагчийг илүү өндөр үнэтэйгээр урд хөршөөс авах болжээ.
Бид “Тавантолгой түлш” ХХК-д барьцалдуулагч нийлүүлдэг байсан дотоодын үйлдвэрүүдийн нэг болох “Гарааны баргил тех” ХХК-ийн үйлдвэрийн дарга Ө.Даваанямаас энэ талаар тодрууллаа.
-Танай “Гарааны баргил тех” ХХК-ийн үйлдвэр “Таван толгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэдэг шахмал түлшний барьцалдуулагчийн гол ханган нийлүүлэгч байсан ч одоо Хятадын нийлүүлэгчдэд байр сууриа алдсан гэж ойлголоо. Одоо үйлдвэр нь ажиллаж байгаа юу?
-Манай компани 2017 онд байгуулагдсан. “Тавантолгой түлш” ХХК ашиглалтад орсон 2019 оноос шахмал түлшний барьцалдуулагч үйлдвэрлэн тус компанид нийлүүлэх зорилгоор туршилт, судалгааны ажлыг эхлүүлж, 2022 оноос доломитын барьцалдуулагчийг эх орондоо үйлдвэрлэн нийлүүлж эхэлсэн. Яг одоогоор бол үйлдвэр зогсчихсон байна.
-“Тавантолгой түлш” ХХК яагаад худалдан авалт хийхээ больсон юм бол?
-Хятадаас импортоор худалдаж авах болсонтой холбоотойгоор дотоодын үйлдвэрүүдээс худалдан авалт хийхээ зогсоосон.
-“Тавантолгой түлш” ХХК-д барьцалдуулагч нийлүүлдэг дотоодын бусад үйлдвэр ч бас зогссон гэсэн үг үү?
-Тийм ээ. “Тавантолгой түлш”-д барьцалдуулагч нийлүүлдэг манайхаас гадна гурван үйлдвэр бий. Тэд нар маань ч ялгаагүй ажилгүй зогсчихсон л байж байна.
-Холбогдох хууль тогтоомжид зааснаар бол аливаа тендерийг шалгаруулахдаа тухайн бүтээгдэхүүнийг дотоодод үйлдвэрлэсэн бол давуу тал болгож авч үздэг. Гэтэл “Тавантолгой түлш” ХХК яагаад импортын барьцалдуулагч сонгосон юм бол. Барьцалдуулагчийн чанарын зөрүүнээс болсон юм болов уу?
-Чанарын хувьд дотоодод үйлдвэрлэсэн барьцалдуулагч импортын барьцалдуулагчаас муу биш, харин ч илүү. Дотоодын үйлдвэрүүд бүгд нэг оюуны өмчийн патентаар, ижил технологиор доломитын барьцалдуулагчийг үйлдвэрлэж байдаг. Импортын барьцалдуулагчтай харьцуулахад олон давуу тал бий.
Нэгдүгээрт, хятад барьцалдуулагчаас үнэ хямд. Хоёрдугаарт, түлшний шаталтаас үүсэх хүхэрлэг хийг 2-4 дахин бууруулж байна. Гуравдугаарт, шахмал түлшийг үйлдвэрлэх явцад хатаах дамжлагад бага температурт түргэн хатдаг гэх мэт олон давуу тал бий.
-“Улаанбаатар хотын агаарын чанар муу байгаагийн гол шалтгаан нь хүхэрлэг хий ихээр агуулж байгаатай холбоотой” гэж мэргэжлийн хүмүүс яриад байгаа. Тэгвэл дотоодын үйлдвэрийн барьцалдуулагч хүхэрлэг хийн дэгдэлтийг импортын барьцалдуулагчаас илүү бууруулдаг гэж хэллээ. Энэ талаар тодруулж өгөөч?
-Монгол Улсын Засгийн газар Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах төслийг 2016 оноос Японы ЖАЙКА олон улсын байгууллагатай хамтран хэрэгжүүлж байгаа.
Энэ төслийн хүрээнд хийгдсэн судалгааны ажлын техникийн гарын авлага дээр “Нүүрсэн шахмал түлш үйлдвэрлэхдээ шаталтаас үүсэх хүхэрлэг хийг доломит буюу шохойн чулууг нүүрсэнд хольж бууруулна” гэж маш тодорхой заасан байдаг юм. Бид энэ дагуу судалгаа шинжилгээний ажил эхлүүлж, уг шохойн чулууг ашиглан 2019 оноос хойш “Тавантолгой түлш” ХХК дээр маш олон удаагийн туршилт, шинжилгээ хийн холбогдох бүх байгууллагуудаас дүгнэлт авсны үндсэн дээр үйлдвэрлэлд нэвтрүүлээд явж байгаа.
-Монголд үйлдвэрлэж байгаа барьцалдуулагч импортоор орж ирдэг хятад барьцалдуулагчаас чанарын хувьд олон талаар давуу гэж ойлголоо. Магадгүй манай дотоодын үйлдвэрүүдийн хүчин чадал “Тавантолгой түлш” ХХК-ийн хэрэгцээг хангаж хүчрэхээргүй хэмжээнд байдаг юм болов уу?
-Хүчин чадал хүрэхгүй байх ямар ч үндэслэл байхгүй. Зөвхөн манайх гэхэд өдөрт 200 тн барьцалдуулагч үйлдвэрлэх хүчин чадалтай. Бусад үйлдвэрүүд нийлээд хоногт 500 тн барьцалдуулагч үйлдвэрлэж нийлүүлэх бүрэн боломжтой. “Тавантолгой түлш” ХХК оргил ачааллынхаа үед хоногт 150-160 тн барьцалдуулагч хэргэлдэг гэхээр дотоодын үйлдвэрүүдэд ямар нөөц бололцоо байгаа нь харагдаж байгаа байх.
–Хятад барьцалдуулагч ямар шинж чанартай, юугаар хийдэг юм бол?
–Хятадууд барьцалдуулагчдаа бентонит буюу керамикын шавар, цардуул хольсон байдаг. Энэ нь нүүрсийг зөвхөн хэлбэрт оруулж барьцалдуулах үүрэгтэй болохоос хүхрийн давхар ислийг шингээх ямар ч үйлчлэл байхгүй. Мөн хатах температур өндөр, удаан хатдаг болохоор чийгтэй нойтон түлш гарах гол шалтгаан болдог.
–Монголчуудын үйлдвэрлэж байгаа барьцалдуулагч хятадаас авдаг барьцалдуулагчаас чанар илүү, үнэ хямд гэж та ярьж байна. Ийм байхад Хятадаас аваад байгаагийн цаана их мөнгөний авлигал, албан тушаалын гэмт хэрэг байгаа юм биш биз гэсэн хардлага төрж байна?
-Нуулгүй хэлэхэд, би энэ тал дээр маш их сэтгэл дундуур явдаг. Хятадаас мөнгөө 100% урьдчилж төлөөд чанар муутай барьцалдуулагч асар их хэмжээгээр авдаг. Дээр нь тэр барьцалдуулагчаа өөрсдөө Замын-Үүд дээрээс очиж гаалийн бүрдүүлэлтээ хийгээд Улаанбаатар хот руу нэмэлт тээврийн зардал гаргаж үйлдвэр рүүгээ татдаг гэж “Нүүрсний сонсгол”-ын үеэр ярьж байсан. Тэгэхэд дотоодын үйлдвэрүүд барьцалдуулагчаа “Тавантолгой түлш” ХХК-ийн агуулахад өөрсдөө тээвэрлэж хүргэж өгдөг юм шүү дээ. Санхүүжилтээ гүйцэтгэлээр буюу хүлээлгэж өгсний дараа тооцоо нийлж төлбөрөө авдаг.
Бид нар сүүлд нийлүүлсэн бүтээгдэхүүнийхээ санхүүжилтийг одоо болтол аваагүй. Хоёр сар гаруй болж байна. Энэ хооронд ажилчдын цалин хөлс, банкны зээлийн хүү, ханган нийлүүлэгчид, тээврийн жолоочдын төлбөр мөнгө гээд асар олон дарамт бидний нуруун дээр ирж байна. Ингэж үндэсний үйлдвэрүүддээ хатуурхаж гаднын үйлдвэрүүдэд илүү боломж олгоод байгаа нь шударга биш санагддаг. “Тавантолгой түлш” ХХК Монголын компани. Тиймээс ядаж дотооддоо үйлдвэрлэж чадаж байгаа бараа, түүхий эдээ дотоодоосоо авч байвал олон залуучууд ажилтай орлоготой байна шүү дээ. Гэтэл эсрэгээрээ хийж бүтээе гэсэн залуус нь эх орондоо хятадуудад боломжоо алдаад ингээд ажилгүй сууж байна.
Үх 7 цагийн өмнө 202.55.188.104
хорлогчид
Нэргүй 9 цагийн өмнө 195.19.217.79
Энэ нөхөр юу нийлүүлдэгээ мэддэггүй нөхөр байна. Барьцалдуулагч бол голдуу органик нэмэлт (цавууны төрөл гэж ойлгож болно) харин доломит бол эрдэс нэмэлт , хэзээ ч барьцалдуулагчийн үүрэг гүйцэтгэхгүй зөвхөн хүхрийн хүчлийг саармагжуулах үүрэгтэй
Нэргүй 10 цагийн өмнө 66.181.191.143
урьд нь дотоодын барьцалдуулагч хэрэглээд чанар муутай байсан юм байлгүйдээ. даанч их утаатай, муухай үнэртэй, бутрамхай байсан юм
Нэргүй 10 цагийн өмнө 202.9.40.157
АН болон түүний гишүүд дэмжигчид нь утааг хүртэл улс төржүүлэх юм. Тэднийхээр бол нэг компани хариуцлагагүй ажиллавал төр засаг буруутай юм гэнээ. УИХ-ын гишүүд ч бас хамаагүй. Ашгийн төлөө явж байгаа компани яаж ажиллах нь тэдний асуудал төр үүнд нь оролцох ёсгүй.
И 12 цагийн өмнө 66.181.161.247
Хятадаас Оюунхорол авгаы нийлүүлдэг гээ биздээ
Улаанбаатар 2025-01-08 66.181.180.160
хотоороо шавар түлээд л угаартаад байсан байна даа. Бентонит хөнгөн цагааны исэл ихтэй шавар шүү дээ
Нэргүй 2025-01-08 66.181.183.59
Бидний сонгосон хүмүүсийн үнэн бодит дүр төрх ердөө л энэ.
Нэргүй 2025-01-08 139.5.219.199
Наад үлгэрээ тэр утааны сонсгол дээр очиж яриач. Та нар ч гэсэн агаарын бохирдолд тодорхшой хэмжээгээр буруутай л байх
зочин 2025-01-08 192.82.64.167
Танайхыг очиж үзэж дээж авч туршиж үзнэ ээ, технологио сайжруулаарай. Манайд түүхий эд зөндөө байгаа байх
MAnX 2025-01-08 202.55.191.194
Ойлгомжтой авилгал давуу тал олгож байгаа нь. АТГ шалгах хэрэгтэй
Нэргүй 2025-01-08 202.131.233.11
Энэ бол эрүүгийн гэмт хэрэг
Нэргүй 2025-01-08 202.21.110.35
хятад л мөнгө олох нь монголчуудад ашигтай хаха
Нэргүй 2025-01-08 108.147.103.77
Хятад ч МАН-ын авилгачид ч аль аль нь мөнгийг цөм хийж байна