Эдийн засгийн эерэг үзүүлэлтэд эрдэхэд эрт байна

Эдийн засгийн эерэг үзүүлэлтэд эрдэхэд эрт байна

Эдийн засгийн эерэг үзүүлэлтэд эрдэхэд эрт байна

Монгол Улсын эрдэс бүтээгдэхүүний экспортын 2024 оны урьдчилсан мэдээг Гаалийн ерөнхий газраас танилцуулсан. Тухайлбал, 2024 нүүрсний экспортын орлого 8.7 тэрбум ам.долларт хүрч, оны эхнээс экспортолсон нүүрсний хэмжээ 83.7 сая хүрсэн бөгөөд энэ нь түүхэндээ анх удаа нүүрсний экспорт 80 сая тонн давсан үзүүлэлт байсан гэдгийг тодотгов.  Үүнээс 79.5 сая тонн чулуун нүүрс, 4.2 сая тонн хүрэн нүүрс экспортлосон байна.

Тэгвэл өнгөрсөн 2023 онд 65.8 сая тн нүүрсийг экспортолж 8.7 тэрбум ам долларын орлого олсон буюу энэ онд олсон орлоготой тэнцэж байв. Өөрөөр хэлбэл, 2024 онд нүүрсний экспортын биет хэмжээ өмнөх оноос бараг 18 сая тонноор нэмэгдсэн ч түүнээс олсон орлого нь өссөнгүй.

Энэ бол Монгол Улсын хувьд түүхэндээ 80 сая тонн давсан нүүрс экспортлосон гээд баярлаж бахархаад байх тоон үзүүлэлт огтоос биш юм.  Харин ч монголын нүүрсний үнэ цэн өмнөх жилийнхээсээ ийм хэмжээгээр үнэгүйдсэн, үнэ цэн нь буурсан гэдгийг анхаарч харах, анзаарч ярих цаг ирээд байна.  Монгол Улс 2024 онд 78 сая тонн нүүрс экспортлох зорилт тавьж тонн тутмыг нь 115 ам.доллар байхаар буюу 8.9 тэрбум ам.доллар олохоор төлөвлөөд байсан юм. Өөрөөр хэлбэл, 2024 оны урьдчилсан гүйцэтгэлээр төлөвлөсөн хэмжээнээсээ даруй 5.7 сая тонн нүүрс ахиу экспортлосон боловч 2 тэрбум гаруй ам долларын алдагдал хүлээгээд байна. Улмаар 2025 оны төсөвт 83 сая тн нүүрсийг 105 ам.доллар байхаар урьдчилж тооцсон.

Тэгвэл цаашид ч нүүрсний үнэ буурсаар байвал энэ онд төсвийн орлого тасалдах эрсдэл бодитоор бий болж магадгүй байна.

Хэдийгээр Монгол Улсын эдийн засгийн макро үзүүлэлтүүд хоёр оны зааг дээр эерэг үзүүлэлтүүд олон гарсан ч 2025 оны эдийн засгийн төлөвт инфляц, түүний үр дагавар гол сорилт болохоор байгааг зарим эдийн засагчид анхааруулсаар байна. Том гүрнүүд дэх улс төрийн шилжилт, геополитикт гарах өөрчлөлтийг харгалзан хөгжингүй орнуудад ч инфляц эргэн өсөх хандлагатай байгааг, түүнийг даган бодлогын хүүний буурах хурд нь өмнө хүлээж байснаас алгуур байх мэдээллүүд ч гарч эхэлсэн байна.

Ковидын үед үнийн өсөлтийн үндсэн шалтгааныг ихэвчлэн импортын үзүүлэлт болон тээврийн зардал өссөнтэй холбон тайлбарласаар ирсэн.  Гэвч сүүлийн хоёр жил улсын эдийн засгийн макро үзүүлэлтүүд эерэг гарч, гадаад валютын албан нөөцийн хувь хэмжээ 5 тэрбум ам доллар давсан  учраас гадаад нөхцөл байдлаас илүүтэй дотоодын нөхцөл байдлаас үүдэн инфляц өдөөгдсөн үр нөлөөтэй гэж үзэх нь "бай"-гаа оносон хэрэг болно. Он дараалсан эдийн засгийн өсөлт, төсвийн тэлэлт, цалингийн өсөлт, хэрэглээний зээлийн өсөлт, сонгууль, ногдол ашиг дагасан мөнгөн шилжүүлгүүд нь эдийн засгийн дотоод эрэлтийн тэлэлт бий болгож, инфляцыг өдөөснөөс гадна, өнгөрсөн хаврын зуд, нийлүүлэлтийн нөлөөгөөр махны үнэ өсөж байгаа, цахилгааны тарифыг 30 хувиар нэмсэн, хувийн хэвшлийн цалин, боловсролын үйлчилгээний төлбөр 20 хувиар өссөн зэрэг бэлэн мөнгөний нийлүүлэлтүүд инфляцыг өдөөх шалтгаан болж, инфляцыг богино хугацаанд өндөр хувиар нэмэгдэх эрсдэлд хүргэж байна гэж Монгол банкны ахлах эдийн засагч Д.Ган-Очир анхаааруулсан байна. Түүнчлэн энэ оны хувьд эрэлтийн тэлэлтүүд үргэлжлэх, цахилгаанаас гадна, дулааны үнэ тавдугаар сараас нэмэгдэх, “инфляцын хоёрдахь үеийн нөлөө” үргэлжлэх, 2024 оны эхний хагаст инфляцын суурь бага байсан зэргээс шалтгаалж инфляц өсөж, 2 оронтой тоонд шилжих (гэхдээ 15% бол давахгүй болов уу) эрсдэл бодитой байгааг тодотгосон байна. Жилийн инфляц 2024 оны аравдугаар сард 7 хувьтай байсан бол арваннэгдүгээр сард улсын хэмжээнд 8.1 хувь болж өссөн.

 Энэхүү өсөлт нь цахилгааны үнийн өсөлттэй холбоотой бөгөөд цахилгааны үнэ аравдугаар сард жилийн инфляцын 0.6 нэгж хувийг бүрдүүлж байсан бол арваннэгдүгээр сард 1.9 нэгж хувийг бүрдүүлж байна.

Цахилгааны үнийн өсөлтөөс гадна эдийн засгийн сэргэлт, өсөлттэй холбоотой дотоод эрэлт, цалингийн өсөлтийн нөлөөгөөр үйлчилгээ, түрээс, импортын барааны үнэ хүлээлтээс өндрөөр өссөн нь сүүлийн саруудад инфляц нэмэгдэхэд нөлөөлж байна гэж Монгол банкнаас дүгнэсэн. Түүнчлэн Монгол Улсын хувьд улирлын чанартай инфляцын түвшин нэмэгдэх тохиолдол жилд хэдэнтээ тохиолддог. Тухайлбал, сар шинийн баяраар үнийн хөөрөгдөл улам нэмэгддэг.  Зах зээл дээр эргэлдэх бэлэн мөнгөний нийлүүлэлт өндөр байгаа ийм үед Монгол Улсын Засгийн газраас Эрдэнэс Тавантолгой ХХК-ийн 1072 ширхэг хувьцаа эзэмшиж байгаа иргэддээ ногдол ашиг хуваарилах нэрээр мөн тодорхой хэмжээний бэлэн мөнгө тараадаг жишиг тогтсон.  2024 оны төгсгөлд шинэ жилийн баяр угтаж ногдол ашгийн урьдчилгаа хэмээн 135 мянган төгрөг иргэн бүрт олгосон. Тэгвэл сар шинийн өмнө үлдэгдэл ашгийг тараах тооцоолол бий.  Мөн энэ оны нэгдүгээр сарын 01-нээс ахмад настны тэтгэвэр, тэтгэмж, төрийн албан хаагчдын цалинг инфляцын өсөлттэй уялдуулж 6 хувиар нэмсэн. Энэ мэтээр эдийн засгийн хэт хөөрсөлт нь үнийн өсөлтийг өдөөх нь дамжиггүй.

Хамгийн харамсалтай нь цалин, тэтгэвэр, тэтгэмжийн нэмэгдэл нь тухайн иргэнийг үнийн өсөлтөд нэрвэгдэхээс сэргийлж, орлогод нь дэм болох учиртай боловч дараа дараагийн үнийн өсөлтийг өдөөх бас нэгэн шалтгаан болж байна.

Үнийн өсөлтөд хамгийн түрүүнд өртдөг иргэд бол орлого багатай, орлого нь тогтмол иргэд байдаг. Ядруухан амьдралын нөхцөл дээр өндөр инфляц нэмэгдэхээр олны санаа бодол тогтворгүй болж, нийгэм, улс төрийн үр дагаварт шилждэг хэд хэдэн жишээ бий гэдгийг эдийн засагчид анхааруулдаг. Иймд нийгмийн хамгааллын зорилтот бодлогоо эргэн харах, нийгмийн уур амьсгалыг мэдрэх, хариу үйлдэл үзүүлэхэд тал талдаа анхаарахад буруутахгүй.

Угтаа төр нь бизнесийн салбараас аль болох савраа татаж, дотоодын аж ахуй нэгж, үйлдвэрлэгчидээ дэмжсэн төрийн бодлого явуулсан цагт улс орны эдийн засаг эрүүл болдог. Гэтэл энэ бодлого манайд эсэргээрээ хэрэгждэг. Тиймээс төр, засгаас авч байгаа бодлого шийдвэр, төсөв мөнгөний тэлэлтээс хамаарч төв банкны Мөнгөний бодлогын хороо мөнгөний хатуу бодлого явуулахаас өөр сонголтгүй болдог. Угтаа мөнгөний бодлого чанга байх тусам иргэн, аж ахуйн нэгжүүд дээр очих зээлийн хүү өндөр байна л гэсэн үг. Тэгэхээр өндөр хүүтэй мөнгө банкнаас зээлж, түүнийгээ эргэлдүүлж ашиг, орлого олж, ажлын байр нэмэгдүүлэх бизнес эрхлэгч аж ахуйн нэгжийн тоо өдрөөс өдөрт буурч байна уу гэхээс нэмэгдсэн үзүүлэлт алга. Жил бүр Х тайлан хүргүүлдэг цаасан дээрх аж ахуйн нэгжийн тоо л нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Хувийн хэвшлүүдийг ар араасаа үүд хаалгаа барихаас сэргийлэхийн тулд тэдэнд зориулсан урт хугацаатай, уян хатан нөхцөлтэй зээлийн эх үүсвэр бий болгох нь нэн чухал. Гэтэл Монголбанкны Мөнгөний бодлогын хороо 2024 оны арванхоёр дугаар сарын 12, 13-ны өдрийн ээлжит хурлаар эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, гадаад орчны эрсдэлийг харгалзан:

  1. Бодлогын хүүг 10 хувьд хэвээр хадгалах;
  2. Банкнуудын төгрөгийн болон гадаад валютын заавал байлгах нөөцийн хувь хэмжээг 1 нэгж хувиар тус тус нэмэгдүүлж, харгалзан 11 хувь болон 16 хувьд хүргэх шийдвэр гаргасан. Цаашид ч зах зээл дээрх бэлэн мөнгөний нийлүүлэлт нэмэгдэж, инфляцыг өдөөсөөр байвал мөнгөний бодлогын хүүг нэмэгдүүлэхээс өөр шийдэл үгүй.

Энэ нь шинээр зээл авах, зээлийн дахин санхүүжилт хийх, бизнесийн үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэхэд тодорхой бус байдлыг нэмэгдүүлнэ. Инфляц өсөх нь төгрөгийн гадаад валюттай харьцах бодит ханшийг нэмж чангаруулна. Энэ нь экспортыг шийтгэж, барааны болон үйлчилгээний импорт (гаднаас бараа зөөж, дотоодод борлуулах нь ашигтай, гадна очиж амрах нь хямд болно)-ыг урамшуулна. Тиймээс дараагийн бас нэг томоохон эрсдэл нь төлбөрийн тэнцэлд дарамт учруулна гэдгийг анхаарахад илүүдэхгүй биз ээ. Эдийн засгийн эерэг үзүүлэлтүүддээ эрдэх хэрэггүй гэдгийг үнийн өсөлт, нүүрсний үнийн савалгаа,гадаад, дотоод эдийн засгийн үзүүлэлтүүд хэлээд өгч байна. Улстөрч худлаа хэлж болох ч угтаа тоо худлаа хэлдэггүй юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 7 цагийн өмнө 122.201.31.226

2024 онд нүүрсний төлөвлөгөөт орллгоос 2 тэрбум долларын алдагдал хүлээсэн. Тэгвэл 2025 онд энэ алдагдал 3 тэрбум доллар давах болно. Төсөвт 10 их наяд төгрөгний онгорхой үүснэ. Энэ бол гамшиг шүү. Оюун-Эрдэнэ өнгөрсөн оны 8 сард төсвийг тодотгон 10 сая шахам тонн нүүрс зарлагадаж байж төсвийн алдагдлыг хаажээ. Энэ бол бодлого биш.

Avatar

Нэргүй 2025-01-08 202.9.40.157

Монгол улсын хөгжилд АН-ынхан саад болж ирсэн нь үнэн. Бүтээн байгуулалт болгоныг эсэргүүцэж ирсэн. Одоо ч гэсэн ураныг олборлож атомын цахилгаан станцтай болохыг эсэргүүцэж жагсаал цуглаан хүртэл хийхээр төлөвлөөд байгаа юм биш үү. Хоёр удаа засгийн эрхийг барихдаа улс орныг эдийн засгийн хувьд доройтуулж баахан бонд нэртэй өрөнд унагаасан.МАН засгийн эрхийг авснас хойш эдийн засаг тогтмол өсөж одоо вальютын нөөцтэй болоод байна.

Avatar

Нэргүй 2025-01-08 66.181.191.64

МАН маань амжилт бүхнийг өөрийн нэр дээр наадаг атал алдаа дутагдал бүхнээ АН-руу чихдэг "

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж