Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй ААН, байгууллагууд татварын дарамт, өрөнд орж үйл ажиллагаа явуулах боломжгүй болж байна гэж салбарын төлөөллүүд ярьсаар байгаа юм. Тэгвэл хэд хоногийн өмнө УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж НӨАТ-ын 10 хувийн татварыг 5 хувь болгож бууруулах хуулийн төслийг боловсруулсан тухайгаа мэдээлсэн. Энэ тал дээр ААН-ийн төлөөлөл болон эдийн засагчийн байр суурийг хүргэж байна.
"НӨАТ ТӨСВИЙН ОРЛОГЫГ БҮРДҮҮЛДЭГ ТОМ ХЭРЭГСЭЛ БОЛЖ ХУВИРСАН"
Эдийн засагч Ч.Отгочулуу:
Нэмэгдсэн өртгийн албан татварыг бууруулах нь зөв гэж үзэж дэмжиж байгаа. Ихэнх улсад бүртгэлийн зорилгоор худалдааны татвар гэж авдаг тэр нь 3 орчим хувь байдаг. Нэмүү өртгийн татвар гэж авдаг гэхдээ борлуулалтын орлогоос нь татвар авдаггүй. Бусад улсуудын татварын хувь хэмжээ нь өндөр юм шиг харагддаг. Гэтэл татварын суурь нь өөр байдаг. Өөрөөр хэлбэл, борлуулалтын орлогоос зардлуудыг нь хасаад үлдсэнээс нь шаталсан хэлбэрээр татвар авдаг. Жишээлбэл, бага цалинтай иргэдээс хүн амын орлогын албан татвар огт авдаггүй. Тодорхой хязгаарыг давбал илүү гарсан орлогоос татвар авдаг. Манай улс цалингийн хэмжээнээс үл хамаарч бүх хүмүүсээс 10 хувийн татвар авч байна. Үүн дээр НӨАТ авдаг. Тэтгэврийн хүн ч гэсэн худалдан авалт хийхдээ НӨАТ төлж байгаа юм. Энэ нь маш том зардал болж байна. НӨАТ анх далд эдийн засгийг илрүүлж бүртгэлийг бий болгох зорилготой байсан.
Гэтэл анхны зорилгоосоо хазайж байгаа юм. Учир нь төсвийн орлогыг харахаар НӨАТ-ын хувь хэмжээ өндөр байна. Үүнээс харахад төсвийн орлогыг бүрдүүлдэг том хэрэгсэл болж хувирсан.
Монгол Улсын төсөв маш үрэлгэн. Мөн инфляцыг өдөөж байна. Учир нь бараа, бүтээгдэхүүний борлуулалтаас улс 10 хувийг нь авч байгаа. Тэгэхээр бараа, бүтээгдэхүүний үнэ өсөх тусам энэ нь Засгийн газарт ашигтай болж хувирч байна. Хүмүүсийн амьдрал хэцүү, дундаж цалин буурч байна. Бүх компаниуд татвар, НӨАТ, нийгмийн даатгалын шимтгэлийн өртэй болсон. Бэлэн мөнгөөр арилжаа хийдэг компани байхгүй боллоо. Ингэж удаан явж болохгүй. Зэс, нүүрсний үнэ өндөр байсан үед алдагдалтай, гажуудсан системээ нөхөөд яваад байсан. Гэтэл 2025 оноос байдал хүндрэх эрсдэл үүсч байна. Хятад, АНУ худалдааны дайн сэргэж байна. Ингэснээр нүүрсний үнэ буурна үүнийг дагаад нүүрсний экспорт буурч болзошгүй. Энэ нь эдийн засагт маш хүнд цохилт болно. Үүний үр дагаврыг иргэд, ААН үүрнэ. НӨАТ-ын дарамтыг бууруулах нь иргэд, ААН, хувийн хэвшилд ашигтай. Тиймээс иргэд, ААН уг хуулийг дэмжих нь зүйтэй. Эсрэгээрээ Засгийн газар дэмжихгүй байх гэж бодож байна. Ерөнхий сайд татварын шинэчлэл хийнэ гэсэн. Энэ нь татварыг нэмэх эсвэл хасах эсэхийг бид мэдэхгүй шүү дээ. Саяхан эрчим хүчний реформ хийнэ гэсэн үүний дүнд үнэ л өсгөсөн. Цаана нь үр бүтээмжийг сайжруулах, өрсөлдөөнийг сайжруулах зүйл хийсэнгүй. Тэгэхээр татварыг бууруулна гэж хэлээгүй шинэчилнэ гэсэн учраас дээр хэлсэн татвар нэмэх, хасахыг хэлэх боломжгүй. Татвар нэмэхийг ч үгүйсгэхгүй.
"ГААЛИЙН ОРЛОГЫН БАРАГ 80 ХУВИЙГ НӨАТ БҮРДҮҮЛЖ БАЙНА"
“Урбанек” компанийн захирал Б.Лхагважав:
Нэмэгдсэн өртгийн албан татвар анх 1997 онд Монгол Улсад нэвтэрсэн. Үүнээс хойш 2016 онд шинэчилсэн байдаг. 2016 онд 1600 кассын машин байсан. Тэгвэл 2023 оны эцсийн байдлаар НӨАТ бүртгэж буй 305,000 кассын машин байна. Эдгээр машинуудад 2023 оны байдлаар 1 тэрбум 50 сая талон бүртгэж 183 их наяд төгрөг тэмдэглэгдсэн.Үүнээс харахад хувийн хэвшил болон иргэдийн тусламжтай НӨАТ-ын бүртгэлийн системийг бий болгосон. Одоо бол 20 хувийг нь буцаан олгож байна. Үүнийг нэмэгдүүлэх боломжтой. НӨАТ-аас хэдэн хувийг нь буцааж олгох нь Засгийн газрын асуудал. Иргэдийн НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлснээр бүртгэл илүү сайжирна. Дээрээс нь татварт орж буй мөнгө хаашаа урсаж байгааг мэдэх боломж бүрдэнэ. Нэгдүгээрт, тус хууль хэрвээ хэрэгжиж эхэлбэл иргэнд ашигтай буюу иргэнд ирэх буцаан олголт нэмэгдэнэ. НӨАТ бүртгэл нягтлан бодох бүртгэлийн суурь дээр яваад байгаа юм. Энэ нь буруу. НӨАТ бүртгэлийн систем учраас бүртгэлийг мөнгөн суурь дээр бүртгэх ёстой. ААН-д мөнгө нь орж ирээгүй байхад татварыг нь ААН төлөөд яваад байгаа энэ бол гажуудал. ААН мөнгөн сууринд орчихвол том эргэлт гарна. Мөн гааль дээр авдаг НӨАТ, онцгой албан татвар, гаалийн албан татвар гэж авдаг. Үүний НӨАТ-ыг болиулах ёстой.
Нэмэгдсэн өртгийн албан татвараа дараа нь буюу оруулж ирсэн бараа, материалаа борлуулсны дараа татвартаа төлөх нь зүйтэй.
Гааль НӨАТ авах субъект биш. Гаалийн орлогын бараг 80 хувийг НӨАТ бүрдүүлж байна. Гааль дээр НӨАТ авахыг болиулснаар ААН урьдчилж өгөх мөнгөн дарамт үгүй болно. Дээрээс нь авлигал алга болно. Сүүлийн 30 жил энд авлигал бий болсон учир нь гааль дээр НӨАТ авдгаас үүдэж хиймлээр маш өндөр төлбөр гарч ирдэг энэ нь авлигын гол эх үүсвэр болдог. Гуравт, төр өөрөө худалдан авагч. Тиймээс төр хийсэн ажил, үйлчилгээнийхээ НӨАТ-ыг 100 хувь буцааж авах хэрэгтэй.
Ингэснээр бүх санхүүгийн баримтаа бүртгэж авах боломжтой болно.
Дээрээс нь төрийн ажил үйлчилгээгээр орж ирж буй авлига зогсоно. Эдгээр зүйлсийг төр, иргэн, ААН хэрэгжүүлж чадвал НӨАТ-ын систем цэгцэрнэ.
ИНФЛЯЦИЙН ТҮВШИН БОЛОН АЖИЛГҮЙДЛИЙН ТҮВШИН ӨСӨХ, ДНБ БУУРАХ ЭРСДЭЛ ҮҮСЧ БОЛЗОШГҮЙ БАЙНА
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:
-Бизнес эрхлэгчдэд татвар, зээл, түрээсийн дарамт маш их байна. ААНОАТ, НӨАТ, нийгмийн даатгалын татвар, нийслэлийн албан татвар гэхчлэн маш олон төрлийн татварын нэрмээс аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байна. НӨАТ-ын бусад татвараас ялгагдах гол онцлог нь татварын системийг сайжруулах давхар зорилготой бөгөөд 2016 оны эхнээс Монгол Улсын НӨАТ-ын орлого тасралтгүй өсч далд эдийн засаг хумигдан төсвийн орлого нэмэгдэх сайн нөлөөлөл гарч байгаа хэдий ч энэ бүхний цаана татварын орлого цуглуулах чадвар хэмээх үзүүлэлтээр хэмжигдэх үнэлгээний хэмжүүр байгааг анхаарах нь зүйтэй. Манай улсын НӨАТ-ын орлого өсч үүнийг дагаад орлого цуглуулах чадвар тасралтгүй нэмэгдэж байгаа нь сайшаалтай боловч үр дүнд нь инфляцийн түвшин болон ажилгүйдлийн түвшин өсөх, ДНБ буурах эрсдэл үүсч болзошгүй байна. Учир нь НӨАТ бол шууд бус татварын төрөл бөгөөд аливаа шууд бус татвар нь үнийн бодлогод нөлөөлдөг.
Ялангуяа шууд бус татварын систем нэвтрүүлэх үед үнийн хөөрөгдөл гарах нь ажиглагддаг.
Хэрэглэгчдийн төлөх үнэ шууд бус татварын нөлөөгөөр нэмэгдэнэ. Чухам ямар хэмжээгээр нэмэгдэх нь тухайн бараа ажил үйлчилгээний эрэлт нийлүүлэлтийн түвшингээс хамаарна. Энэ нөлөөлөл нь инфляцийн түвшинг өсөхөд нөлөөлдөг. Иймд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн Албан татвар ногдуулах хувь хэсгийн “11.1.Энэ хуулийн 7.1.1, 7.1.2-т заасан бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын үнэлгээнд 10 хувиар ногдуулна.” гэснийг “… 5 хувиар ногдуулна.” гэж өөрчлөх санал гаргасан. Хуулийн өөрчлөлт батлагдсанаар дээр дурдсан Орлого цуглуулах чадварын үзүүлэлт сайжирч, аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаанд дэмжлэг болохоос гадна татвар төлөгчдийн бааз нэмэгдсэнээр эдийн засагт болон татвар төлөгчдөд эерэг нөхцөл байдал бий болохоос гадна улсын төсөвт цугларах татварын орлого буурахгүй харин эсрэгээрээ нэмэгдэх боломжтой гэж үзэж байна" гэжээ.
Иргэн 7 цагийн өмнө 66.181.161.96
Отгочулуун Бямбасайхан Лхагважав бүгд ХУД гарууд
Taxman 2025-01-08 202.9.46.27
НӨАТ бол олон улсад туршигдсан манайд бас сайн ажиллаж байгаа төсөв бүрдүүлэх, бараа ажил үйлчилгээний борлуулалтад хяналт тавих санхүүгийн хэрэгсэл мөн. Гэхдээ Отгочулуу, Лхагважав, Пүүжин 3 энэхүү санхүүгийн хэрэгслийн талаар мэдлэг тун муу юм. НӨАТ-ын хэрэглэгч л төлдөг, ААН-үүд хэрэглэгчийн мөнгийн ашиглах эрхгүй, НӨАТ бол бүртгэлийн хэрэгсэл гэдэг нь түүний үүргийн 20 хувь харин орлого цуглуулах үүрэг нь 80 хувь, түүний дотор импортлох үед нь хураах нь үндсэн зарчим нь ш дээ. Эх орноо бод
Нэргүй 2025-01-08 103.212.119.75
НӨТ бол 100 хувь буцааж олгогдох ёстой хураамж. Гааль дээр импортоор орж ирж буй бүх бараанаас НӨТ авах нь буруу. шинээр барьж буйд үйлдвэрээс НӨТ авах ямар хэрэг байна. Тэнд ямар ч өртөг нэмэгдэхгүй, өөрөөр хэлбэл цааш дамлан зарагдахгүй төхөөрөмжүүд. Импортлогч нь өөрөө эцсийн хэрэглэгч.Авдаг юмаа гэхэд 100хувь буцаагаад авах нөхцөл бүрдэнэ гэсэн үг. Манай засаг НӨТ-р төсвөө бүрдүүлээд, НӨТ төлөгчдөд 100 хувь буцах ёстой мөнгөнөөс сугалаа явуулж луйвар хийгээд НӨТ гэдэг хураамжийг будилуулж
Zochin 2025-01-08 66.181.190.77
НӨАТ-г хэрэглэгч төлж бна. банкнаас зээлсэн мөнгөөр худалдан авалт хийнэ гэдэг нь ирээдүйд олох мөнгө-с татвар төлж бга хэрэг. 10 хувийг буцаад өгөх хэрэгтэй шүү.
Иргэн 2025-01-08 202.55.188.87
би нөатын буцаан олголтоор жилд 185000төгрөг өвч бн 2% нь үлдсэн нь төр хурааж авсан нь 7500000т орчмыг төр булааж бн энэ мөнгөөр тог цахилгаан тээврийн хэрэгслийн татвар хог гээд ойр зууур үйлчилгээгээ дараад илүү гарна
ажиглагч 2025-01-08 202.9.40.138
Монгол шиг бодит үйлдвэрлэл багатай, импортоор дийлэнх хэрэгцээгээ хангадаг мөртлөө нийгмийн үйлчилгээ, хангамж өндөртэй оронд НӨАТ эерэг үүрэг гүйцэтгэж буй. Иймд НӨАТ-тэй оролдох хэрэггүй. Хэн их хэрэглэж буй нь илүү НӨАТ төлөх нь шударга зарчим…
Нэргүй 2025-01-08 103.212.119.75
энэ татвар биш шүү дээ, уул нь. хурааж аваад буцаагаад тарааж өгөх ёстой хураамж
з 2025-01-08 202.126.89.254
Энэ Лхагважав НӨАТын татварыг санаачилж МАН-ыг санхүүжүүлсэн хүн шүү.
Нэргүй 2025-01-08 66.181.177.17
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж – шинээр элсэгдсэн гадны тавиулаар тодорчээ?!
ЦШ 2025-01-08 124.158.123.244
Сүүлийн үед буцаан өгөх ёстой НӨАТ-ийн хувийг элдэв шалтгаанаар өгөхөө больсон…2024 оны 10-р сард ном хэвлүүүлсэн 43 000 000 төгрөгийн өуцаан олголтыг "эрсэдэлтэй" гэдэг англи тайлбараар өгөхгүй байна. Бас 69 000 төгрөгийн буцаан олголтыг өөр нэг шалтгаанаар өгөхгүй байна. Татварын газарт хандсан боловч нэмэр алга … Үүнийг хаана, хэнд хандаж хохирлоо барагдуулах вэ? Хэлж, туслаж өгнө үү…
Нэргүй 2025-01-08 103.212.119.75
шүүхэд хандахаас өөр аргагүй
Зочин 2025-01-08 112.72.8.78
Сайн уу?
Маш зүйтэй асуудлууд хөндөж ярьж бна. Үүнийг бусад гишүүд болон байнгын хорооо нь дэмжээд өгөх хэрэгтэй байна. Татвар өндөр байх тусам далд эдийн засаг өсч байна. Татварын хэмжээ бага байж олныг хамарч төвлөрүүлэх хэрэгтэй. Бүх зүйл эргээд иргэдийн нуруун дээр буюу худалдан авах болон амьжиргаан дээр дарамт болж байна.
Нэргүй 2025-01-08 202.9.40.157
АН-ын эдийн засагч Отгочулуу дандаа намчирхаж худлаа ярьж бодит байдлыг гуйвуулж ирсэн. Иргэн Отгочулуу гэж нүүрээ нууж тархи угаалт хийж ирсэн. МАН-д байгаа АН-ын тагнуул Лхагважав хоёр нүүрлэж засгийн газрыг шүүмжилж байгаад албан тушаал авах мөрөөдөлтэй хүн. Пүрэвдорж бол хоёр намын тэмцэл сөргөлдөөнөөр амьдардаг хүн. Монголчуудын хоорондох улс төрийн тэмцэл байхгүй бол тэр хэн ч биш болно
Нэргүй 2025-01-08 122.201.23.28
Зөв ч юм ярьсан буруу ч юм ярьсан нам талаас нь хардагаа больчихвол яасан юм хө, Эсвэл энэ хүмүүсд атаа жөтөөтэй байдаг юм уу?