Сурвалжлага: Цэцэрлэгийн ирц 30 хувьд хүрч, багш нар цалинтай амарч эхэлжээ

Сурвалжлага: Цэцэрлэгийн ирц 30 хувьд хүрч, багш нар цалинтай амарч эхэлжээ

Сурвалжлага: Цэцэрлэгийн ирц 30 хувьд хүрч, багш нар цалинтай амарч эхэлжээ

Жил бүр өдийд ханиад томуугийн тархалт, хичээл сургуулийн амралтаас шалтгаалж цэцэрлэгийн ирц буурдаг. Товчоор бол нэг ангид 2-10 сурагчтай өдрүүд өнгөрдөг билээ. Харин энэ жил шинэ зохицуулалтын дагуу улсын цэцэрлэгүүд багш нараа цалинтай тав хоног ээлжилж амраахаар болсон. Энэ шийдвэр хэр оновчтой байгаа талаар сурвалжиллаа.

Гадна талаасаа нам гүм харагдах цэцэрлэгийн барилгыг харахад л хайр хүрэх жаахан хүүхдүүд шуугилдан дүүргэнэ. Тарах цаг нь дөхөөд ирэхээр бүгд л дуу нь чангарч, хөөр баяр нь тодроод гэрийнхээсээ ирэх хүнээ хаалга руу дахин дахин очиж хардаг гэдгийг багш нар нь хэлж байлаа.

Хамгийн гэгээн орчны нэг бол хүүхэд байгаа газар. Хүн болох багаасаа гэдгээр цэцэрлэгийн багш нар тэрхүү гэгээн орчныг амилуулахад хамгийн их хувь нэмэр оруулдаг хүмүүс. Өөрсдөө ар гэр, үр хүүхэд, шийдэх асуудал, амжуулах ажил ихтэй ч зуны амралтаас бусад үед тэр болгон чөлөө зав олдоод байдаггүй. Тэгвэл энэ жил цэцэрлэгт хамрагддаг хүүхдүүдийн ирц ирц эд буурдаг саруудад багш нарт цалинтай чөлөө олгох шийдвэр гараад буй.

"ЧИГЛЭЛИЙН ДАГУУ БАГШ, ТУСЛАХ БАГШ НАР АМАРЧ ЭХЭЛСЭН, АЖИЛЧИД АМРАХГҮЙ"

Төрийн өмчит цэцэрлэгүүд багш нартаа цалинтай чөлөө олгох шийдвэр өнгөрсөн сард гарсан. Чиглэлийн дагуу цэцэрлэгийн удирдлагууд дотоод зохицуулалт хийж амралтын хуваарь, төлөвлөгөөг гаргаж байгаа аж. Чингэлтэй дүүргийн дөрөвдүгээр цэцэрлэгийн эрхлэгч А.Алтанзаяагаас тодруулахад "Манай цэцэрлэг үндсэн, салбар гэсэн цэцэрлэгийн хоёр барилгатай. Нийт 12 бүлэгтэй. Өнөөдрийн байдлаар 337 хүүхдээс 105 хүүхэд ирж байна. Ирц багасдаг нь ерөнхий боловсрол, их, дээд сургуулийн амралт эхэлсэнтэй холбоотой. Мөн ханиад томуугийн өвчлөл их байгаагаас шалтгаалдаг. Ирц багассан энэ хугацаанд багш, багшийн туслахыг цалинтай амраах сайдын чиглэл албан бичгээр ирсэн. Үүнийг цэцэрлэг бүр харилцан адилгүй зохицуулж, хэрэгжүүлж байгаа. Манай цэцэрлэгийн тухайд нэг бүлэгт байх багш, багшийн туслах хоёрыг ээлж дараатай амраах үед тухайн бүлэгт ажиллах орны хүнийг заавал нэмэлтээр ажиллуулах зохицуулалт хийсэн.

Багш нар хуваарийн дагуу амарч эхэлсэн. Манайх нийт 54 ажилтантай. Эдгээрээс 12 бүлэгт 24 багш, багшийн туслах, хөгжмийн багш, арга зүйч гээд нийт 27 хүн байна. Чиглэлд зөвхөн багш гэж заасан учир бусад ажилчид бол амрахгүй байгаа" гэв.

Тус цэцэрлэгийн тухайд багш нараа өнгөрсөн Даваа гаригаас эхэлж амраажээ. Багш нараас асуухад энэ шийдвэрийг дэмжиж байгаа. Баярын дараа амжуулах олон зүйл төлөвлөсөн. Нэг хоног чөлөө аваад хэрхэн амжихаа мэдэхгүй байхад энэ шийдвэр хэрэгжиж байгаад баяртай байна гэдгээ хэлэв.

ЭЦЭГ, ЭХЧҮҮД: ЦӨӨХӨН Ч ГЭСЭН ХАНИАД ТОМУУГҮЙ, ГЭРТЭЭ ХАРАХ ХҮНГҮЙ ХҮҮХДҮҮДИЙГ ХОХИРООХГҮЙ БАЙГАА НЬ ЗӨВ

Хүүхдээ цэцэрлэгээс нь авч байгаа эцэг эхчүүдийн хувьд дээрх шийдвэрийг дэмжиж байгаагаа хэлж байв. Учир нэг ангийн 20-25 хүүхэд ирэхгүй байгаа сард багш нар ачааллаас жаахан ч болов холдож, амсхийх нь зөв гэцгээнэ. Ингэхдээ мөн харах хүнгүй, гэртээ байх боломжгүй, ханиад томуу хүрээгүй хүүхдүүдийг хохироохгүй байгаад талархаж байв. Учир нь зайлшгүй шалтгаанаас хамаарч цэцэрлэг амарсан тохиолдолд харах харгалзах хүнгүй олон хүүхэд гэртээ түгжигдэхийг таашгүй.

Мөн ээжүүдийн хувьд, ханиад томуу, утааны асуудал жил бүр байсаар байхад эцэг эхчүүд энэ өвөл анх асуудал гарч байгаа юм шиг хандахгүй ухамсартай, хариуцлагатай байхыг уриалав. Хүүхдэд нь ханиадны шинж тэмдэг илэрч эхлэхэд нь шууд эмчилж, бусад хүүхдэд халдаахгүй байхад нь анхаарч гэртээ байлгах. Багш, ажилчид руу бурууг тохохгүй өөрсдөө үр хүүхдээ анхаарах зэргийг мөн онцоллоо.

Хүүхдүүд нь тараад юу хийдэг талаар цэцэрлэгээс хүүхдээ авч байгаа хүмүүсээс асуухад, ангид нь 3-8 хүүхэд ирж байгаа өдөр найзууд байхгүй уйтгартай байгаагаа хэлдэг. Өнөөдөр цөөн мама байсан учир багш нартайгаа л тоглосон гэхчлэн ярилцдаг гэсэн юм. Зарим айлын хувьд хүүхдээ цэцэрлэгт өгөхөөс өөр аргагүй байдаг бол 12-1 сард ихэнх айл цэцэрлэгийн хүүхдээ гэртээ байлгахыг чухалчилдаг. Нэгдүгээрт, эрүүл мэнд, хоёрдугаарт эдийн засагт ч хэмнэлттэй тусдаг талаар хүмүүс ярьсан юм.

"281 ХҮҮХДЭЭС 81 ХҮҮХЭД БУЮУ ӨДӨРТ НИЙТ ХҮҮХДИЙН 30 ХУВЬ НЬ ИРЖ БАЙНА"

18 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Г.УДВАЛ:

-Манай цэцэрлэг 12 бүлэгтэй нийт 281 хүүхэдтэй. Нэгдүгээр сарын 7-ны өдөр 281 хүүхдээс 81 нь ирсэн байна. Өдөрт хүүхдүүдийн 30 хувь нь л ирж байгаа. Өнгөрсөн жилүүдийн нэгдүгээр сард ирц мөн адил байсан. Тиймээс бидний хувьд Боловсролын сайдын арванхоёрдугаар сард ирүүлсэн чиглэлийг таатай хүлээж авсан. Нийт 12 бүлгээс зургаан бүлгийн багш амрахгүй гэдгээ илэрхийлсэн. Хоёр бүлгийн туслах багш мөн амрахгүй гэсэн. Тиймээс 16 багш, туслах багш маань хуваарийн дагуу амарч эхэлсэн. Эцэг эхчүүдийн зүгээс өвчлөл ихэсдэг улиралд хүүхдүүдээ аль болох гэрт нь байлгахыг зорьдог.

Манай нэг бүлэгт өдөрт багадаа 3-5 хүүхэд ирж байгаа. Хүүхэд цөөн ирсэн ч бид хичээлийн сургалтын үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлж байгаа.

ТОМУУГИЙН ӨВЧЛӨЛ БУУРЧ, АХУЙН ОСОЛД ӨРТӨХ ХҮҮХДИЙН ТОО ӨСЧЭЭ

Хүүхдүүд гэртээ амрах үеэр ханиад томуугийн өвчлөл буурсан нь сайн. Гэхдээ өрхийн эрүүл мэндийн төвүүдээс асуухад ахуйн осол болон, халуурах шинж тэмдэгтэй хүүхдүүд ихээр хандаж байгаа. Амралтын өдрүүдэд ч уртасгасан цагаар ажиллаж байгаа гэв.

Харин Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс асуухад жил бүрийн өдийд хүүхдүүд ахуйн осолд өртөх нь ихэсдэг.

Тиймээм эцэг эхчүүд бага насныхандаа анхаарал сайн тавихыг зөвлөлөө.

Гэрэл зургийг О.Болорсувд

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-01-08 59.153.115.133

худлаа

Avatar

Зочин 2025-01-08 103.212.118.21

багш нар бяцхан хүүхдүүдэд сэтгэлгүй ханддаг нь үнэншүү

Avatar

ИРГЭН 2025-01-08 139.5.218.29

АРГАГҮЙ Ш ДЭЭ. ХИЧЭЭЛ СУРГУУЛИЙГ НАМАР ЭРТ ЭХЛҮҮЛЖ ӨВӨЛ УРТ ХУГАЦААГААР АМРАХ НЬ АМЬДРАЛЫН ШААРДЛАГА БОЛООД БАЙНАА ТӨР ЗАСАГ МИНЬ ЭЭ

Avatar

Нэргүй 2025-01-08 59.153.115.162

Зөв шийдвэр. ЭЭ ЧҮҮД ХҮҮХДЭЭ ЦЭЦЭРЛЭГТ ӨГӨХДӨӨ БИЕ ЗАСУУЛЖ, ЦАГТ НЬ УНТУУЛЖ, ХУВЦАСЛАЖ СУРГААД ӨГӨХ НЬ ЗӨВ ШҮҮ. ТИЫМ ХҮҮХДҮҮД ЯМАР ХЭРЭГТЭЫ БАЫХ НЬ МЭДЭЭЖ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж