"Дүр, жүжигчин хоёр амин сүнсээрээ холбогдоно гэж байдаг. Ямар ч гоё зохиол байсан тэр дүр минийх биш л бол тэр дүртэйгээ холбогддоггүй. Миний дүр биш гэдгийг өөрөө мэдэрдэг. Надад "Бүсгүй" киноны дүр шууд буусан. Яг л онгод орно гэдэг шиг сүнсэн биеэрээ холбогдож, үнэхээрийн өөрийгөө төсөөлөн дүрдээ асуудалгүй орсон" хэмээн өгүүлэх энэ бүсгүй бол "Хурд" хамтлагийн "Бүсгүй" уран сайхны киноны гол дүр. Жүжигчин Г.Ариунболор Герман улсад ажиллаж, амьдардаг бөгөөд эх орондоо уран бүтээлийн ажлаар ирээд байгаа аж. Ингээд түүний ярилцлагыг хүргэе.
-Та "Хурд" хамтлагийн ямар дуунд илүү дуртай вэ?
-Аав, ээж хоёр маань "Хурд"хамтлагийг фэн. Тиймээс хүүхэд байхаасаа л "Хурд" хамтлагийг крашилдаг байлаа. Цогоо ахын дуулсан бүх дуунд дуртай.
Намрын бороо зөөлөн шиврэхэд аав минь даанч дуртай
Насыг нь зөөж буцсаар байгаа шувуудад хайртай
Өөрөө өтлөвч орчлонд үлдэнэ гэж наддаа хайртай
Өдрөөс өдөрт холдсоор байгаа аавдаа би хайртай….. Хүний нутагт, энэ дууг нь сонсохоор аавыгаа их санана. "Хурд"-ын дуу эх орон, ээж аав, найз нөхдөө санасан сэтгэлийн тайтгарал болдог. "Хурд"-ад дургүй, "Хурд"-ын дууг сонсож байгаагүй монгол хүн гэж байхгүй байх.
-"Бүсгүй"… гоё дуу шүү. Хэр баргийн бүсгүй энэ дууны дүрд тэнцэхгүй юм шиг санагддаг?
-"Хурд"-ынхан энэ дуугаа кино урлагт мөнхөлсөнд баяртай байгаа. Бас надад санал тавьсанд маш их талархаж байна. "Бүсгүй" дууных нь дүрд тоглоно гэж хэзээ ч төсөөлж байгаагүй.
Манай киноны продюсер Д.Отгонбаяр ах маань надад кинонд тоглох санал тавьсан. Энэ бол уран сайхны кино гэхээсээ илүү түүх. Монголын хөгжмийн урлагт хит болсон нэгэн дууны, хамтлагийн түүх. Америк мөрөөдөл гэж ярьдаг шүү дээ. "Таваг угаагчаас саятан болно" гэдэг шиг энэ бол жинхэнэ монгол мөрөөдөл.
Төрсөн ах дүү нарын хамтлаг өнөөдөр Монголын хөгжмийн урлагт домог болж чадсан. Энэ өөрөө гайхалтай учраас надад маш сайхан санагдаж байгаа.
Миний хувьд саналыг эерэгээр хүлээн авсан. Би өөрөө зохиол бичдэг хүний хувьд шалгуур өндөртэй ханддаг. Ямар ч байсан "Хурд" хамтлагийнхаа киноны зохиолыг уншсан. "Хохирогч" киноноос хойш монгол кинонд тоглолгүй гурван жил болсон байна. Энэ хугацаанд маш олон зохиол ирсэн ч тэр дундаас хамгийн сайн зохиол нь байсан. Уран бүтээлчид сайн мэдэх байх. Дүр, жүжигчин хоёр амин сүнсээрээ холбогдоно гэж байдаг. Ямар ч гоё зохиол байсан тэр дүр минийх биш л бол тэр дүртэйгээ холбогддоггүй. Миний дүр биш гэдгийг өөрөө мэдэрдэг. Надад "Бүсгүй" киноны дүр шууд буусан. Яг л онгод орно гэдэг шиг сүнсэн биеэрээ холбогдож, үнэхээрийн өөрийгөө төсөөлөн дүрдээ асуудалгүй орсон.
-Эрхлээд ханадгүй зүрхээн би яалтай.
Энхрий дөлгөөн бүсгүй минь.
Энгэрийн чинь үнэрийг мартаж чадамгүй.
Энэ л насаараа гуниж явах нь дээ… Энэ дууг сонсохоор насаар нэг бүсгүйд дурласан эр хүний чин сэтгэлийн үг юм шиг санагддаг?
-Үнэхээр гоё дуу. Үг нь, аялгуу нь, дуучин нь бүхэлдээ нэгэндээ ууссан. Сонссон хүний зүрх сэтгэл тийм гэхийн аргагүй дурсамж, хайрыг хөглөдөг. Нэг тийм нууцхан гуниг төрүүлдэг ч гэх юм уу. Үнэхээр өөрийн чинь хэлснээр нэг залуу нэг бүсгүйд чин сэтгэлээсээ нууцхан дурласан. Нууцхан хайрын дуу байх гэж өмнө нь би боддог байсан. Түүхийг нь сонсоод үнэн болохыг нь мэдсэн. Маш олон жилийн дараа тэр хоёр эргэн уулзахад бие биедээ хайртай хэвээрээ байсан гэдэг. Энэ дуутай хамт "Хурд" хамтлагийн түүх явж байгаа. Энэ хоёр түүх нийлээд уран сайхны кино болж байгаа юм.
-Гол дүрийн залууд бүсгүйчүүдийн "краш" С.Ариунбямба тоглосон. Монгол жүжигчидтэй кинонд тоглох хэр байна?
-Манай киноны найруулагчаар Л.Базарсад ахтайгаа хамтран ажилласан. Ах дүүгийн хамтарсан анхны кино. Мэдээж тэд анхны бүтээл дээрээ хичээн ажиллаж, сэтгэл зүрхээ зориулан бүтээсэн гэж бодож байгаа. Ахан дүүсийн хамтлагийн дуугаар ахан дүүс кино хийж байгаа нь бэлгэшээлтэй. Асар их хайраа шингээн хийсэн юм болов уу гэж бодож байна. Зохиолчийн хувьд анхны хувилбарыг А.Миеэгомбо ах маань зохиосон. Энэ хүнтэй хамт би Оскарын шагнал гардуулах ёслолыг хөтөлж байсан. Ах маань жүжигчин, зохиолч, хөтлөгч, дуу оруулагч гээд тал бүрийн авьяастай хүн. Зохиолын анхны хувилбарыг үргэлжлүүлэн Л.Базарсад найруулагч төрсөн ахтайгаа бичиж дуусгасан юм билээ.
Эрэгтэй гол дүрийн хувьд С.Ариунбямба ах маань тоглосон. Бид хоёр л энэ киноны гол дүрд тоглох ёстой байсан юм байлгүй дээ. Их сонин. Бид хоёр Гансүхийн Ариунболор, Сүхээгийн Ариунбямба гээд адилхан нэртэй. Нэрээс гадна авьяас чадвар, хүн гэдэг талаасаа бие биеэ мэдэрч, дүрээ сайн ойлгож ажилласан гэж бодож байгаа.
Би Монголд ирсэн даруйдаа Сэлэнгэ аймаг руу явсан. Үзэсгэлэнтэй байгальтай аймаг байна лээ. Гүн нуур гэдэг маш үзэсгэлэнтэй газарт хэн ч байхгүй газар киноны зургаа авсан. Тэнд кинондоо зориулж жижиг модон байр бариулсан. Зургийн баг маш сайн ажилласан. Тэр байраа "Хурд" хамтлагийнхны ээжийн байшингийн модоор барьсан. Бид Дархан, Баруунхараа, Улаанбаатарт павилон засч зураг авсан гээд сонирхолтой байршлуудад ажилласан. Ойролцоогоор нэг сар зураг авалтаа хийж, ихэвчлэн хөдөө орон нутагт ажилласан.
-Та бас кино зохиол бичдэг гэсэн байх аа. Кино болгосон зохиол бий юу…?
-Цар тахлын үеэс кино зохиол бичиж эхэлсэн. Би өөрийгөө бичих авьяастай гэж боддог. Монолог өөр өөртөө болон найз нөхөддөө зохиочихно. Өгүүллэг, үйл явдал бичдэг байж байгаад зохиолчийн сургалтад суусан. Тэрнээс хойш зориг орсон гэх үү. Хүнд чадахгүй юм гэж байхгүй, мэддэггүй юм гэж байдаг гэдэг шүү дээ. Би чадахгүй гэж хэлэхээс илүү чадаж, мэдэхийн төлөө хичээх хэрэгтэй гэж боддог. Зохиолын драматур гэдгийг ойлгож, мэддэг болсноос хойш энэ нэг тийм хэцүү зүйл биш юм байна, чадна гэдгээ ойлгосон.
Нэлээд олон киноны сэдэв бичсэн байгаа. Тогтож ажиллаад кино болгосон нь "Аав" нэртэй богино хэмжээний кино.
Энэ кино Германы Хессен мужийн кино сангийн тэтгэмжээр бүтсэн. Одоо энэ бүтээлийнхээ үргэлжлэл болгон бүрэн хэмжээний киноны зохиол дээр ажиллаж байна. Ер нь киноны зохиолоо бичихийн тулд маш их судалгааг хийдэг. Тэр хэмжээгээр хугацаа шаардана. Кино зураг авалт хамгийн амархан. Хамгийн чухал нь зохиол, хөрөнгө оруулалт байдаг.
-Германд ажиллаж, амьдарч байгаа юу. Уран бүтээлийн ажлаар эх орондоо ирээд хэр удаж байна вэ?
-Би Улаанбаатар хотод төрсөн. 10 настайгаасаа гэр бүлээрээ Герман улсад амьдарсан. Берлин хотод өсч, тэнд драмын сургуулиа төгссөн. Германд 2011 оноос хойш кино жүжигчин мэргэжлээр ажиллаж байгаа. Хажуугаар нь кино зохиол бичдэг болсон. Өөрийн гэсэн богино хэмжээний киног хийж, энэ жил олон улсын наадмуудад сорьж үзлээ.
Албани, Герман уран бүтээлчдийн хамтарсан бүрэн хэмжээний уран сайхны кинонд хоёр жилийн өмнө гол дүрд нь тоглож, 2024 оны арваннэгдүгээр сард нээлтээ хийсэн.
Кино маань нэг сар хагасын турш тасралтгүй Германы кино театруудаар гарч байна. Маш их талархаж байна. Эх орондоо шаардлагатай үедээ л ирдэг. Эмээ дээрээ ирж золгох юм уу, уран бүтээлийн ажлаар ирнэ. Энэ удаа ажлаар эх орондоо ирж, далимд нь энд шинэ оноо угтсан.
-Ээж чинь жүжигчин байсан. Та жүжигчин болоход ээж чинь чамгүй нөлөөлсөн байх, тийм үү?
-Миний ээж надад асар их нөлөөлсөн. Харамсалтай нь ээж минь мэргэжлийнхээ карьерыг эхлүүлэх насандаа буюу 28-тайдаа бурхан болсон. Одоо ээжийн маань ангийн хүүхдүүд урлагийн салбартаа ажиллаж, олондоо нэр хүндтэй уран бүтээлчид болсон байна. Яагаад ч юм багаасаа ээжийнхээ мэргэжлийг өвлөн гэж хүсч мөрөөдсөн. Ер нь ээж талаасаа урлагийн хүмүүс байдаг. Эмээ маань бүжигчин байсан бол нагац талд Төмөр замын чуулгад бүжигчнээр ажилладаг уран бүтээлч бий.
Аав маань "Хүн хэзээ ч хэн гэдгээ мартаж болохгүй. Хаанаас гаралтайгаа мартаж болохгүй" гэж хэлдэг байсан. Би эх орондоо ирээд хуучин амьдардаг байсан нэгдүгээр хороололдоо очих аймар дуртай. Зүгээр л нэг өдөр тэр амьдарч байсан байрныхаа орчинд очиж, яг тэр тоглоомын талбай, цэцэрлэг сургуулиа нүдээрээ харах хамгийн гоё мэдрэмж. Өөр өөрийгөө эргэн сануулахад маш чухал байдаг. Аав, ээж хоёр маань тэнгэрээс охиноо харж, үргэлж дэмждэг гэдэгт итгэдэг.
-Ази бүсгүй Германд кинонд тоглох хэр бэрхшээлтэй байдаг вэ…
-Надад гадаад хэлний бэрхшээл тулгараагүй. Багаасаа Германд амьдарсан учраас унаган хэл шиг минь болсон. Агентлагийн хувьд хоёр агентлагтай хамтран ажилладаг. Мэргэжилтнүүд маань миний дүрүүд дээр зөвлөлдөж, гэрээ байгуулдаг. Би юм болгонд ороод байдаггүй жүжигчдийн нэг.
Аль болох Ази хүмүүсийг доош нь хийсэн, хэт нүцгэлсэн, надаас хол дүрд тоглодоггүй. Тэр дүрээ мэдэрч чадахгүй бол тухайн дүрийн саналаас татгалздаг.
Манай агентлагт надаас өөр нэг ази эмэгтэй бий. Тэр эмэгтэй илүү эршүүд талдаа бол би илүү эмэгтэйлэг. Бид хоёрт нэг дүрийн санал тавилаа гэхэд яалт ч үгүй эршүүд, надад наалдахгүй дүр бол тоглодоггүй. Ер нь дүр болгоныг авах ёстой гэж шунадаггүй. Шуналгүй жүжигчин гэх үү. Олон дүрд тоглохоос илүү цөөн чанартай дүрд тоглохыг боддог. Мэдээж монгол эмэгтэй жүжигчин болсон хойно Мандухай цэцэн хатан шиг дүр бүтээх юм сан гэж мөрөөднө. Тухайн дүрээрээ өөрийгөө харуулж, дүрээрээ нэрлэгдэж, хүндлэгдэнэ. Кино урлагт өөрийн гэсэн мөрөө үлдээх амбиц байгаа.
Монгол, Германы кино урлаг хөрөнгө оруулалтаараа асар том ялгаатай. Германд улсаас буюу кино сангаас хөрөнгө оруулалт хийдэг бөгөөд тэр санхүүжилтыг авахын тулд маш их өрсөлдөөн дундаас ялгарч, сайн бүтээл хийх шаардлагатай. Германд танил талаараа хөрөнгө оруулалтыг авна гэх асуудал байхгүй. Харин Монголд танил талаараа хөрөнгө оруулалтаа бүтээх, кино сангаас нь сайн уран бүтээлчдээ дэмжиж чаддаггүй. Үүнээс болж манай уран бүтээлчид санхүүдээ баригдаж уран бүтээлээ хийдэг.
-Саяхан "Баавгай болохсон" кино нийгмийг талцууллаа. Та энэ киног үзсэн үү. Ер нь монгол кино хэр үздэг вэ?
-Үзсэн. Надад үнэхээр таалагдсан. Кино урлагийн талаар хэлье гэж боддог юм. Олон хүний дургүйг хүргэх байх. Би өөрөө уран бүтээлч хүн. Тэр хүний хийсэн киног хүндэлж байна. Би зөв гэж бодож байна. Уран бүтээлчид нийгмийнхээ дуу хоолой нь болж, уран бүтээлээрээ дамжуулан шүүмжлэх юмаа шүүмжилж, сайлж, хайрлаж, үзэн ядаж уран бүтээл хийх хэрэгтэй. Тэгж чадахгүй юм бол уран бүтээлч байгаад яах юм бэ. Дээрээс нь Монголыг муулсан гэж хэлж байгаа хүмүүст хандаж хэлэхэд, киноны уран бүтээлчид ямар нэгэн пропаганда видеог хийдэг хүмүүс биш юм.
Би яг үнэнийг хэлэхэд монгол кино үздэггүй. Ирээд видео сангаас кино үзэхэд эхний 10 минутад л ямар кино вэ гэдэг нь тодорхой байдаг.
Тэр киноны чанар шууд харагддаг. Би эхний 10 минутыг үзээд л зурагтаа унтраадаг. Яагаад гэхээр ямар ч сонирхолгүй, гадаадын киног дууриамал санагддаг. Өмнөд Солонгос, Хятад киног дууриахгүйгээр монгол уран бүтээлчийн дуу хоолойгоо олох хэрэгтэй. Манай жүжигчид буу барьж, тулаантай кино хийснээс илүү өөр өөрсдийнхөө дуу хоолойг мэдэрч, ойлгох хэрэгтэй. Монгол орон шиг сэдвээр баялаг улс байхгүй. Тэр сэдвээ барьж аваад монгол хүний дуу хоолойг гаргах хэрэгтэй.
-Бүсгүй хүний гоо үзэсгэлэнг юу гэж тодорхойлох вэ?
-Сайхан бүсгүй, хөөрхөн бүсгүй гэдэг харьцангуй ойлголт. Хүн бүрийн сэтгэл зүрх, нүд өөр өөр өөрөөр харна. Чамд таалагддаг залуу надад таалагддаггүй байх жишээтэй. Сайхан хүүхэн гэдэг стандарт, тодорхойлолт байхгүй. Зарим хүмүүст би таалагдаж байхад нэг хэсэгт нь таалагдахгүй байж болно. Би энэ киноны гол дүрд тоглосон гэхээсээ илүү оршин тогтносон гэж хэлнэ. Ер нь би кинонд жүжиглэж байна гэж боддоггүй, оршин тогтнодог.
Хоромхон зуурт тэр орон зай дотор бодитоор амьдарч, жинхэнээсээ тэр хүнийг хайрлаж, гомдохыг оршин тогтнох гэж хэлээд байгаа юм. Жүжигчин хүний гол авьяас тэрүүгээрээ ялгардаг юм болов уу. Зарим нь жүжиглэдэг, зарим нь оршин тогтнодог.
Бүсгүй хүн гээд бодохоор Мэрилин Монро, Малена ч юм шиг төсөөлдөг байх. Миний хувьд бүсгүй хүн та, би, ээж, эгч хөршийн эмэгтэй ч байж болно. Хүн болгоны сэтгэлд үзэсгэлэнтэй бүсгүй байдаг. Намайг бага байхад манай байрны хөөрхөн эгчийг найз залуу нь болзоонд авч явдаг. Байрны бүх хүүхдүүд тэр гоё хосыг хараад л. Би энэ дүрээ тийм л энгийн бөгөөд эрхэмсэг, байгалиасаа гэрэлтсэн сайхан эмэгтэй байгаасаа гэж хүссэн. Тийм болохоор энэ дүрээ ямар ч хэв маяггүй байлгахаар олон сцени дээр нүүр будалтаас татгалзсан. Яг л өөрийнхөөрөө гарахыг хүссэн.
Гэрэл зургийг Л.Энх-Оргил
хулан 2025-01-08 66.181.166.134
малигар, эрэгтэй хүн шиг өргөн шанаатай, муухай харцтай муухай хүүхэн бна, Хулан үнэхээр үзэсгэлэнтэй шүү. энэ хүүхэн арай биш ээ, өөрийгөө мэдэхгүй л бна даа
Нэргүй 2025-01-08 103.212.117.78
hyatad ,Solongos kinog ter chigeer n huulaad kino hiih yum uzdeg ch ugui Mongol gedeg tuuhtei soyoltoi yoszuitei ard tumen gedgig gargasan jinhene Mongol kino hiimeer bna
Зочин 2025-01-08 202.55.188.122
Монгол киног үздэггүй гэж ярьснаа өөрөө Монгол кинонд тоглож байгаа нь логикгүй байна. Хурдын Бүсгүй дуу өөрөө муу киноноос ч илүү клиптэй. Мисс Хулан гол дүрд нь тоглосон нь чамаас хамаагүй үзэсгэлэнтэй хүмүүст хүрсэн шүү
Нэргүй 2025-01-08 66.181.191.64
Пропаганда гаас татгалзах тухай чухал санааг номолсон бнаа, тусгаж авах оюун ухааны шимтэй хөрс манайд байгаа болов уу ?!
Нэргүй 2025-01-08 202.126.89.204
Байхгүй
CCC 2025-01-08 150.129.56.182
Amjilt husye