“Бүтлийн ундарга” 6650 тонн ургац авна

Хуучирсан мэдээ: 2010.09.06-нд нийтлэгдсэн

“Бүтлийн ундарга” 6650 тонн ургац авна

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд өнгөрсөн бямба гаригт Орхон аймагт ажиллаж, “Бүтлийн ундарга” компанийн ургац хураалтын явцтай танилцлаа. Тус компанийн ургац хураалтын ажил одоо ид үргэлжилж байна. Энэ жил 1200 га-д үр тариа, 20 га-д төмс хүнсний ногоо тариалжээ. Урьдчилсан балансаар нэг га-гаас 25-30 орчим центнер улаан буудай хураан авна гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж буй. Нийтдээ 6650 тонн ургац хураан авна гэсэн урьдчилсан тооцоо гаргажээ. Цаг агаар тааламжтай байвал энэ сардаа багтаан тариагаа хурааж дуусах гэнэ.

“Бүтлийн ундарга” компанийн хувьд өнгөрсөн хугацаанд Атрын гуравдугаар аяны хүрээнд 2008 онд 600 сая төгрөгийн урт хугацааны зээл, мөн Засгийн газраас услалтын системийн барилга байгууламж барихад зориулж 120 сая төгрөгийн буцалтгүй тусламж авчээ. Түүгээрээ 645 сая төгрөгийн өртөг бүхий 140 га талбайд услалтын системийн барилга байгууламж шинээр барьсан байна. Мөн 481 сая төгрөгийн тоног төхөөрөмж худалдан авснаар техникүүдийнхээ 50 хувийг бүрэн шинэчилжээ. Тус компанийн захирал Л.Батсүх Ерөнхий сайдтай уулзах үеэрээ “Засгийн газраас улаан буудайн үнийг хэдээр тогтооно, түүгээр нь 300 гаруй тонн буудай нийлүүлнэ. Атрын аян өгөөжөө өгч, тариаланчид бид чанартай үр тариа хурааж авч байна. Өнгөрсөн хугацаанд бид тариалалтын талбайг нэмэгдүүлэхэд анхаарч ирсэн бол энэ жилээс сайн буудайн чанарт анхаарсан. Засгийн газраас ч ийм бодлого барьсан. Тариаланчдын хувьд үйлдвэрлэгчдэд болоод улсдаа сайн чанарын буудай нийлүүлснээр гурилын үнэ болоод үрийн буудайн үнэ ханш өндөр өсөхөөс сэргийлж чадах болов уу гэж бодож байна” гэсэн юм.

Ерөнхий сайд хэлэхдээ “Монгол Улсын хэмжээнд энэ жил 330 мянган тонноос доошгүй ур тариа хураан авна гэсэн урьдчилсан тооцоог мэргэжилтнүүд гаргаад байгаа. Түүгээр тооцохоор дотоодынхоо гурилын хэрэгцээг бүрэн хангах боломжтой байгаа” гэлээ.
 
Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж