УИХ-ын намрын чуулганаар Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-аар эцэслэн баталсан. Энэ хууль нь 2025 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэллээ. Та бүхэндээ зарим онцлох заалтыг хүргэе.
23 дугаар зүйл.Үндэсний шигшээ баг
- 23.8.Ёс зүйн болон допингийн зөрчил гаргасан нь шигшээ багийг бүрдүүлж байгаа спортын холбоо, тамирчин, дасгалжуулагчийг санхүүжүүлэхгүй байх үндэслэл болно.
Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино гэх заалт албан ёсоор хуульд туслаа. Нэг л тамирчны буруутай үйлдэл, ёс зүйгүй байдал, допингийн зөрчлийн улмаас тухайн спортын холбооны санхүүжүүлэхгүй гэх хатуу заалт орж иржээ. Сүүлийн жилүүдэд монгол тамирчдын ёс зүй, сахилга баттай холбоотой асуудлууд ихээр гарсан. Тэгвэл үүнийг сахиулах заалт хуульд бий.
27 дугаар зүйл.Допингийн эсрэг үндэсний тогтолцоо
27.4.Дэлхийн допингийн эсрэг дүрмийн дагуу Монголын үндэсний олимпын хороо нь Допингийн эсрэг үндэсний байгууллагыг үүсгэн байгуулах эрхтэй.
Ийнхүү ажлаа хийдэггүй, дүлий гэгддэг МОНАДА-г татан буулгах, өөрчлөн байгуулах эрхийг олимпын хороонд албан ёсоор шилжүүллээ. Өмнө нь МОНАДА-тай холбоотой асуудал гарахад Монголын олимпын хороо "Бид мэдэхгүй, тусдаа байгууллага" гэж хэргээс зугтаж байсан түүх бий.
27.9.Допингтой холбоотой аливаа маргааныг олон улсын болон үндэсний спортын арбитрын чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл бүхий байгууллага хэрэгжүүлнэ.
Монголын спортын арбирт үнэлэгдэх цаг иржээ. Өмнө нь тус арбитрын гаргасан шийдвэрийг Монголын үндэсний бөхийн холбоо хүлээн зөвшөөрөхгүй гэж мэдэгдэж байсан билээ. Тус арбитрыг "Хэн нэгний нөлөөнд байдаг төрийн бус байгууллага" гэж байв. Тэгвэл одоо хуулиараа зохицуулагдах гэнэ.
33 дугаар зүйл.Биеийн тамир, спортын ажилтан, арга зүйч, тамирчин, дасгалжуулагчийн нийгмийн баталгаа
- 33.2.3.тухайн нутаг дэвсгэрийн онцлог, төвөөс алслагдсан байдлыг харгалзан орон нутгийн өмчийн биеийн тамир, спортын байгууллагын биеийн тамир спортын ажилтан, арга зүйч, дасгалжуулагчид 5 жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг улсын төсвөөс ажиллаж байгаа байгууллагаар нь дамжуулан олгох.
Биеийн тамир, спортыг хөдөө орон нутагт ижил тэгш хөгжүүлэх үүднээс дээрх дэмжлэгийн заалтыг оруулжээ.
35 дугаар зүйл.Биеийн тамир, спортын үйл ажиллагаанд үзүүлэх дэмжлэг
Энэ хэсэгт бүхэлдээ спортыг дэмжигч аж ахуй нэгж, байгууллага, иргэнд татвар хөнгөлөлт, дэмжлэг үзүүлэхээр заажээ.
Мөн идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэсэн иргэний үр дүнг харгалзан магадлан итгэмжлэгдсэн спортын клубт Спортыг дэмжих сангаас үйлчилгээний төлбөрийн дэмжлэг үзүүлэх боломж бүрдлээ.
Түүнчлэн спорт холбоодыг дэмжих, төрийн зарим үүргийг ТББ-аар гүйцэтгүүлэх зарчмаар Холбоодын улсын аварга шалгаруулах болон олон улс, тив, ДАШТ-ийг улсын төсвөөс дэмжлэг үзүүлэхээр болж байна. Спорт холбоодын бие даасан байдлыг хангах зорилгоор Биеийн тамир спортын улсын хорооноос олгодог байсан тамирчин, шүүгчид спортын зэрэг, цол олгох, бууруулах, хасах бүрэн эрхийг спорт холбоодод нь олгохоор өөрчиллөө.
Нийтийн биеийн тамирыг дэмжих үүднээс спорт клубуудыг дэмжих, магадлан итгэмжлэгдсэн бол Биеийн тамирыг дэмжих сангаас төлбөрийн дэмжлэг үзүүлнэ.
Холбоотой мэдээ