Хотын төвөөс 10 хүрэхгүй километр гэр хороолол дундуур энхэл донхол замаар явсаар Монелийн эцэст ирэв. Бараг л уулын орой гэж хэлж болохоор газар байлаа. Гудамжаар ганц нэг хүн, машин тэрэг, нохой шувуу явахыг эс тооцвол тус газар ажин түжин байх ажээ. Цагийн зүү 16:00-г зааж байна. Харин машины температур -9 хэм байв. Гадаа салхитай байсан тул утаа харьцангуй бага байв. “Хүнсний дэлгүүр” гэх хаяг бүхий улаан тоосгон дэлгүүрийн гадна хэсэг зогслоо. Тун удалгүй дэлгүүрээс хар богино куртик, биеийн тамирын өмд, эсгий углааштай, хөх ороолт зүүсэн охин гарч ирэв. Гартаа гялгар тортой зүйлийг барьжээ.
АМРАЛТААРАА ЗУРГААН НОМ УНШИХААР ТӨЛӨВЛӨСӨН
“Хүйтэн, дээрээс нь маш их утаатай болохоор гадаа бараг тоглодоггүй. Гэртээ өдөржин байхаар зурагт, утас их үзэх гээд байдаг учраас амралтаараа юм нэхэж байгаа. Бас энэ амралтын хугацаандаа ном уншихаар төлөвлөөд уншиж эхэлсэн. Өдөрт нэг цагийг уншихад зарцуулж байгаа. Одоо би Анна Франкийн “Өдрийн тэмдэглэл” номыг уншиж байна. Нэг цагт 20 орчим хуудсыг уншдаг. Энэ амралтаараа зургаан ном уншина гэж төлөвлөж байгаа гэж ярих түүнийг Г.Халиун гэдэг. Г.Халиун нийслэлийн ерөнхий боловсролын дугаар сургуулийн наймдугаар ангид суралцдаг. Тэднийх "Монел"-д хашаа, байшинд амьдардаг. Түүний нэг өдөр өглөө 7:00 цагт босохоос эхэлдэг ажээ. Гэрт байх хугацаандаа аль болох дэлгэцээс хол байх зорилгоор дээрх хоёр дадлыг өөртөө хэвшүүлэхээр зорьж байгаа гэнэ. Тэр оройн хоолны материалаа авахаар гэртээ ойр байрлах дэлгүүр ороод буцаж яваа нь энэ. Түүний хувьд долоо хоногт хоёр удаа гэр бүлийнхэн болон найзуудтайгаа агаарт гарч цана, чаргаар гулгадаг байна. Мөн кинотеатрт очиж кино үздэг ажээ. Г.Халиуны хэлж буйгаар, гэрийнх нь ойролцоо тоглох, чөлөөт цагаа өнгөрөөх газар хомс аж. Гэрт нь ойр тоглоомын талбай байдаг ч хүйтэн, утаатай болохоор удаан тоглож чаддаггүй байна. Тийм учраас амралтаа үр бүтээлтэй өнгөрөөхийн тулд цахим орчин ашиглан утсаар юм нэхэж сурчээ. Түүний хамгийн анхны бүтээл нь хүзүүний ороолт гэнэ. Эхний оролдлого амжилттай болсон учир тэрбээр удахгүй болох найзынхаа төрсөн өдөрт зориулж дахин ороолт нэхэж эхэлжээ.
Мөн дээр хэлсэнчлэн ном унших мөн орой 22:00 цаг гэхэд унтсан байх, юм нэхэх гэх мэт бага мэт боловч өөрт хэрэгтэй зүйлсийг энэ амралтын үед хийхээр төлөвлөсөн гэв.
Тэрбээр “миний хувьд энэ амралтаараа өөртөө оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт гэж бодож байгаа ” гэж ярихдаа сэтгэл хангалуун байгаа нь илт.
НЭГ ӨДӨР ӨНЖӨӨД АГААРТ ГАРДАГ
Г.Гүрбадам нөхөр дөрвөн хүүхдийн хамт амьдардаг. Түүний хувьд хүүхдүүдээ дэлгэцээс аль болох хол байлгахыг зорьж байгаа гэнэ. Тэрбээр “ боломжтой бол хотын утаанаас холдуулж цэвэр агаарт гаргаж хөдөө явуулмаар л байдаг. Даанч өвөө эмээгийнх нь хотоос хотоос хэтэрхий хол аймагт байдаг болохоор амралтаар нь хөдөө явуулж амжсангүй. Тиймээс хүүхдүүдээ өөрсдийнхөө боломжоор нэг өнжөөд агаарт гаргаж тоглуулдаг. Хотод хүүхдүүдээ тоглуулчих, үзүүлж харуулах олигтой газар байхгүй. Хоёрт, ханиад томуу их болохоор бүгдийг нь дагуулаад олон нийтийн газраар явахаас татгалздаг. Тийм учраас гэртээ амралтыг нь зөв өнгөрүүлэхийг зорьж байна.
Зурагт, утсыг цагаар үзүүлэхийг хичээдэг. Өглөө, өдөр, орой нэг, нэг цаг үзүүлдэг. Манай хүүхдүүд өдрийн цагаар шагайг олон төрлөөр тоглодог. Олуулаа болохоор хоорондоо тоглоод, гэрийн даалгаврыг нь хийлгүүлж байтал төдөр өнгөрчихдөг.
Бүгдийг нь зэрэг дугуйланд явуулах цаг зав хомс байна. Гэрт ойр сургуульд нь хамрагдах сургалт, дугуйлан нь сэтгэлд хүрдэггүй. Хол байдаг газар руу явуулъя гэхээр хүргэж өгөх, авах гээд асуудал бас бий” гэсэн юм.
Түүний том охин долдугаар ангид сурдаг. Амралтаараа гар бөмбөгийн дугуйланд явж байгаа ажээ. Долоо хоногт дөрвөн удаа дугуйландаа явдаг. Бусад үед найзуудтайгаа байрныхаа гаднах тоглоомын талбайд өдөр цөөхөн цагаар тоглодог байна. Тэрбээр хэлэхдээ, амралтаараа гэрийн даалгавраа хийж байгаа. Зарим үед найзуудтайгаа уулзаж кино үздэг. Ерөнхийдөө ихэнх цагийг гэртээ дүү нараа харж өнгөрүүлдэг гэсэн юм. Түүний дүү Н.Ганхүлэг тавдугаар анги. Гэр бүлийнхэнтэйгээ агаарт гарахаас бусад цагийг гэртээ өнгөрүүлдэг байна. Гэртээ байх хугацаанд шагай шүүрэх, няслах, морь уралдуулж тоглодог. Мөн гэрийн даалгавраа хийж, зурагт, утас үздэг, гэрээ цэвэрлэдэг гэж ярив.
ХҮҮХДИЙН ЗУРАГТ ҮЗЭХ ХЭМЖЭЭ ХЯЗГААРЫГ ТОГТООХ ШААРДЛАГАТАЙ
Судалгаагаар, улаанбаатар хотод нэг хүүхэд өдөрт дунджаар 3 цаг 16 минутыг зурагтын өмнө өнгөрүүлж байна. Мөн судалгаанаас харахад 4-6 насны хүүхдийн телевиз үзэлт жил ирэх тусам ахисан үзүүлэлттэй байгаа бол 6-11 насныхан зурагтыг тогтмол ахицтай үзэж байна гэсэн дүн гарсан байна. дөрвөн настай хүүхэд өдөрт дунджаар 15-20 минут, таван настай хүүхэд 35-40 минут, 6-7 настай хүүхэд өдөрт 15 минутаас 1 цаг хүртэл зурагт үзэх хугацаатай байдаг. Гэвч бодит байдал дээр хүүхдүүд заасан хугацаанаас 4-5 дахин их хугацааг зурагтын өмнө өнгөрүүлж байгаа аж. Тэд зурагт үзэхээс гадна гар утсыг олон цагаар ашигладаг. Энэ нь хүүхдийн зан үйл, сэтгэцэд өөрчлөлт ороход гол нөлөөг үзүүлж байгааг сэтгэл зүйчид хэлдэг.
“Миний хувьд ангийнхаа хүүхдүүдэд их гэрийн даалгавар өгөөгүй. Гэхдээ огт гэрийн даалгавар өгөхгүй байж болохгүй. Яагаад гэхээр хүүхдүүд үзсэн хичээлээ мартах гээд байдаг. Тийм болохоор өдөрт 30 минут хийх хөнгөн даалгавар өгсөн.
Бас цэвэр агаарт гарч, өдөр унтаж, ээж аавдаа туслаарай гэж захисан байгаа.
Хүүхдүүд амрахаар ялангуяа ээж аав нь ажилтай ах эгчтэйгээ үлддэг хүүхдүүд утас, зурагт их үзэх гээд байдаг. Тиймээс дэлгэцийг цагаар үзүүлж хэвшээрэй л гэж захисан даа” гэж бага ангийн багш Б.Нямжав ярьж байлаа.
Тэгвэл М.Гомбосүрэнгийнх хүүхдүүдээ амралтаар нь хөдөө өвөө, эмээ рүү нь явуулжээ. Тэрбээр, "манай гэр бүлийн хүн бид хоёр хоёулаа ажилтай. Өглөө гараад орой ирдэг. Хүүхэд харах хүн байхгүй. Тиймээс сургууль амраад шууд хөдөө хүргэж өгсөн. Хэд хоног ч гэсэн хөдөө агаарт байвал эрүүл мэндэд нь хэрэгтэй байх. Улаанбаатар их утаатай болохоор ханиад томуу их. Дээрээс нь гэрт нь үлдээхээр зурагт олон цагаар хяналтгүй үзэх тохиолдол бий. Нэг удаа манай хүү зурагт олон цаг үзснээс болоод хоёр хоноход нүд нь хөхөрчихсөн байсан. Тийм болохоор амарсан дээр нь хэд хоног ч болов хөдөө явуулсан нь зөв гэж бодож байгаа" гэсэн юм.
Холбоотой мэдээ