Чингэлтэй дүүргийн тохижилттой танилцлаа

Хуучирсан мэдээ: 2010.09.06-нд нийтлэгдсэн

Чингэлтэй дүүргийн тохижилттой танилцлаа

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Баатарзориг тэргүүтэй албаны хүмүүс өчигдөр Чингэлтэй дүүргийн удирдлагууд болоод Багахангай, Баянзүрх, Налайх зэрэг бусад есөн дүүргийн Засаг дарга нар дүүргийн тохижилт, бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа. Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд хийж буй ажлынхаа талаар ирсэн зочдод товчхон мэдээлэл хүргээд тохижилтын ажил хийгдэж буй газруудад зочиллоо. Энэ үеэр Тусгаар тогтнолын талбайн ажилтай танилцсан бөгөөд одоогийн байдлаар ажлын гүйцэтгэл 60 хувьтай явж байна. Мөн Чингэлтэй дүүргийн 56, 124-р цэцэрлэгүүдийн гаднах талбайн тохижилтын ажилтай танилцав.  Үүний дараа удирдлагууд Дорнын их яруу найрагч Б.Явуухулангийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтын ажилтай танилцсан юм. Дээрх бүтээн байгуулалтын ажлуудад хэрэглэж буй материалыг байгалийн цэвэр чулуугаар хийж байгаа бөгөөд нэгэнтээ хүч, хөдөлмөр зарж хийж байгаагийнх урт настай удаан эдэлгээтэй зүйл хийхийг хичээж байгаагаа дүүргийн  удирдлагууд онцолсон байна.

Дашрамд дуулгахад, тус дүүрэг нь иргэдийн ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэх зорилгоор нийтийн эзэмшлийн гудамж, талбайг иж бүрэн тохижуулах, цэцэрлэгт хүрээлэн бий болгох, боловсролын хамрах хүрээг өргөтгөн сургалтын орчинг сайжруулах, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, орон нутгийн тусгай хамгаалалттай газарт ойжуулалтын ажлыг үргэлжлүүлэн хийж байгаа аж. Түүнчлэн дэд бүтэц, нийгмийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, дүүргийн Засаг даргын Тамгын газар, 19 хороодыг өндөр хурдны шилэн кабелиар холбох зэрэг ажлууд үе шаттайгаар хийгдсээр эхнээсээ иргэдэд хүрч байна. Дээрх тохижилт, бүтээн байгуулалтын ажлуудад улс, нийслэл, дүүргийн төсөв болон аж ахуйн нэгж байгууллагын оролцоотойгоор нийт  20 орчим тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн байна.

П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж