Хамасын өндөр албан тушаалтан Израильтай хийх боломжит гал зогсоох хэлэлцээрийн эхний үе шатанд 34 хүнийг суллахаа мэдэгдэв. Гэвч одоогийн байдлаар, барьцааны хэдэн хүн амьд үлдсэн нь тодорхойгүй байна.
Суллах хүмүүсийн жагсаалтад 50-85 насны 10 эмэгтэй, 11 эрэгтэй, мөн Израилийн агаарын цохилтод өртөн амь үрэгдсэн гэж Хамасын мэдэгдэж байсан бага насны хүүхдүүд байгаа юм. Мөн өвчтэй гэгдэж байсан барьцааны хэд хэдэн хүн багтжээ.
Тус бүлэглэлийн удирддаг Газын зурваст өнгөрсөн амралтын өдрөөр Израилийн агаарын цохилтын улмаас 100 гаруй хүн амь үрэгдсэн аж. Хэдийгээр Хамас суллах хүний жагсаалтыг өгсөн гэж мэдэгдсэн ч Израилийн ерөнхий сайдын албанаас тус мэдээллийг үгүйсгэж байна. Үүнээс гадна өнгөрсөн амралтын өдрүүдэд Катарын нийслэл Доха хотноо гал зогсоох хэлэлцээрийг дахин эхлүүлсэн. Гэвч яриа хэлэлцээ дорвитой ахиц дэвшилд хүрээгүй бололтой. Хамас бүлэглэлийн албан тушаалтан Ройтерс агентлагт хэлэхдээ, Израилийн барьцаалагдсан хүмүүсийг буцааж өгөх гэрээ нь гал зогсоох эсвэл дайныг зогсоох хэлэлцээрээс хамаарна гэв.
Мөн "Гэсэн хэдий ч өнөөг хүртэл эзлэн түрэмгийлэгчид гал зогсоох, цэргээ татах асуудлаар тохиролцоонд хүрэхгүй, зөрүүдэлсээр байна. Хэлэлцээрийг урагшлуулах алхам хийгээгүй" гэж нэрээ нууцалсан албаны хүн Израилийг буруутгасан юм.
Хамас бүлэглэлийг устгах Израилийн цэргийн кампанит ажил нь Газад дор хаяж 45,805 хүний аминд хүрсэн гэх тооцоолол гарчээ. Израилийн агаарын цохилтын улмаас Бямба гаригт Газад 88 хүн амиа алдсан гэж Ройтерс агентлаг мэдээлсэн байна. Түүнчлэн, Ням гаригт Израилийн арми Газын зурвас дахь "терроризмын" 100 гаруй цэгт цохилт өгч, Хамас бүлэглэлийн олон арван дайчдыг устгасан гэж мэдэгдлээ.
3,576.03






















































Холбоотой мэдээ