Английн Премьер лигийн 20 дугаар тойргийн оргил тоглолт орон нутгийн цагаар Ням гаригт Ливерпуль хотын Энфилд цэнгэлдэхэд боллоо. Цагтаа Английн гранд дерби гэж нэрлэгдэж байсан түүхт хоёр багийн энэ удаагийн тоглолт эвийн гэрээгээр өндөрлөв. Лигийг тэргүүлж буй "Улаанууд"-ын талбайгаас учраа олохгүй яваа "Улаан чөтгөрүүд" оноо салгаж чадсан юм.
ЛИВЕРПУЛЬ 2 – 2 МАНЧЕСТЕР ЮНАЙТЕД
Тоглолтын өмнө Ливерпуль хотноо их хэмжээний цас орж, тоглолтыг цуцлах эсэх яриа гарсан. Гэвч тоглолтыг хуваарийн дагуу эхлүүлэх шийдвэр гарч, супер Ням гаригийн супер тоглолт эхлэв. Хэдий хүснэгтийн байдал, цуглуулсан оноо нь эрс тэс байгаа ч том багуудын тулаанд энэ бүхэн нөлөөлсөнгүй.
Тоглолтын эхнээс талбайн эзэн Ливерпуль ялимгүй илүүрхэж, Юнайтедад сиймхийгээр нь гоол оруулах гэж хичээв. Нэгдүгээр үед онц зүйл өрнөсөнгүй. Хуурай тэнцсэн. Харин хоёрдугаар үед нийт дөрвөн гоол оржээ. Эхний гоолыг зочдоос Лисандро Мартинез оруулж, удахгүй төрөх эхнэртээ гоолоо зориулсан. Түүнийг гоол оруулахад Трент-Александр Арнольд тус хүргэв. Англи хамгаалагчийн тааруу дамжуулалтыг Юнайтедынхан тасалж, Бруногийн гайхалтай дамжуулалтаар Лисандро хурц өнцгөөс хүчтэй цохиж, багтаа тэргүүллийг авчирсан юм.
Реал Мадрид руу сэтгэл санаа, сүнс нь явчихсан гэгдээд буй Трент-Александр Арнольд үнэхээр шүүмжлэлтэй тоглосон. Түүний тааруу тоглолт фэнүүдээ ихээхэн бухимдуулжээ.
Гэхдээ удалгүй Ливерпулиэс Годи Гакпо тооны харьцааг тэнцүүлж, тоглолт шинээр эхлэв. Нидерланд залуу энэ улирал муугүй байгаа. Талбай дээрээ нэгэнт эрчийг авчихсан "Улаанууд"-ын довтолгоо улам ширүүсч, 70 дахь минутад амжилтад хүрэв. Юнайтедын хамгаалагч Де Лигт бөмбөгийг гараараа саатуулж, эсрэг багтаа торгуулийн цохилт бэлэглэжээ. Үүнийг нь ч Мохамед Салах тун тайван, амжилттай гүйцэтгэж, багтаа тэргүүллийг авчрав.
Энэ улирлаар Ливерпультай байгуулсан гэрээ нь дуусах Салахын араас Францын ПСЖ идэвхтэй хөөцөлдөж байна.
Ингээд Ливерпулийн ялалтаар дуусчихлаа гэж бодтол Рубен Аморимын сэлгээ үр дүнгээ өгч, сэлгээгээр талбайд гарсан Гарначогийн дамжуулалтаар Амад Диалло тооны харьцааг дахин тэнцүүлэв. Тоглолтын төгсгөлд Юнайтед хожих ч боломж гарсан ч Харри Магуайр сайхан боломжийг салхинд хийсгэчихсэн. Улмаар шүүгч тоглолтын эцсийн шүгэлийг үлээж, тоглолт дууссаныг зарласан юм.
Тоглолтын дараа Манчестер Юнайтедын Бруно Фернандеш "Бид лигийн тэргүүлж буй Ливерпулийн эсрэг ингэж тоглож байгаа шигээ яагаад тоглож чадахгүй байгаа юм бэ? Бид шүүмжлүүлсээр өдийг хүрлээ. Бидний хүснэгтийн байдал ч энэ бүгдийг хэлээд өгнө. Бид олон оноо алдсан. Үнэндээ бухимдаж байна. Бухимдаж явсаар эцэст нь сайн тоглолоо. Ливерпулийн эсрэг тоглох ямар хэцүүг мэднэ. Гэхдээ жинхэнэ хичээл зүтгэл, бүхнээ зориулан тоглолоо. Бид ингээд зогсохгүй. Дараагийн тоглолтдоо ч бүхнээ дайчлах болно. Бид Энфилдэд гаргасан тоглолтоо бүх газар гаргах ёстой" гэжээ.
alyyrchin 2025-01-06 50.169.138.78
saitaar zasaglyylj
Нэргүй 2025-01-06 122.201.27.24
Эхний гоолыг зочдоос Лисандро Мартинез оруулж, удахгүй төрөх эхнэртээ гоолоо зориулсан.