Үнийн өсөлт, эдийн засгийн энэ оны төлвийн талаар эдийн засагч Б.Сосорбарамтай ярилцлаа.
-Эрчим хүчний үнээс хамаарч өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ сүүлийн саруудад ихээр өссөн. Энэ өсөлт цаашид үргэлжилбэл нийгэм, эдийн засагт хэрхэн нөлөөлөх вэ?
-Өмнөх жилүүдэд цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан тээвэр логистикийн хүндрэл, геополитикийн тодорхой бус байдал зэргээс шалтгаалан гадаад буюу нийлүүлэлтийн гаралтай шокууд Монгол Улсын инфляцид нөлөөлж байсан. Энэ удаагийн инфляцийн нэмэгдэл нь дотоод шалтгаантай буюу жил дамнасан төсвийн тэлэлт, цалингийн өсөлт, хоёр шатны сонгууль, ногдол ашиг тараалт зэрэгтэй холбоотой байгаа нь харагдаж байна. Дээр нь өнгөрсөн жилийн сүүлээс цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалан өвөлжилт хүндэрч улмаар махны үнэ өссөн. Мөн эрчим хүчний үнийг 30 орчим хувиар нэмсэн, хувийн хэвшлийн цалин нэмэгдсэн зэрэг хүчин зүйлсээс шалтгаалан инфляци илүү хурдацтайгаар нэмэгдэх шалтгаан болсон гэж ойлгож болно.
Энэ оны хувьд төсөв түүхэн хэмжээнд тэлсэн, цалин тэтгэвэр нэмэгдэж байгаагаас гадна томоохон төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэхээр хүлээгдэж байгаа нь инфляцийн дарамтыг улам бүр нэмэгдүүлэх хүлээлтийг үүсгэж байна.
Олон улсын байгууллагууд, дотоодын байгууллагууд ч 2025 онд эдийн засгийн өсөлттэй байх талаар таамаглаж байгаа. Гэвч эрэлтийн гаралтай инфляци өндөр байх хүлээлт нь Төв банкны бодлогын хүү буурахгүй байх. Ингэснээр бизнесийн байгууллагууд зээл авах, зээлийн дахин санхүүжилт хийх зардлыг нэмэгдүүлж эргээд дөнгөж сэргэж буй бизнесийн салбаруудын өсөлт удаашрах, бизнесийнхээ үйл ажиллаг хэвийн үргэлжлүүлэх боломжгүй болох зэрэг тодорхой бус байдал улам нэмэгдэнэ гэсэн үг. Үүнээс шалтгаалж эдийн засаг тогтвортой өсөх боломж буурах эрсдэл өндөр.
ҮНИЙН ӨСӨЛТӨД ТОГТМОЛ ОРЛОГОТОЙ ХҮМҮҮС ИЛҮҮ ХОХИРДОГ
-Үнийн өсөлт эмзэг бүлгийнхэнд хүнд тусдаг. Эсрэгээрээ баячуудын орлогыг нэмэгдүүлдэг гэдэг. Төрөөс үнийн өсөлтийг хязгаарлах ямар бодлого, шийдвэр гаргавал үр дүн нь бодит байх бол?
-Үнийн өсөлт өрхийн амьжиргаанд, дээр нь мөнгөний худалдан авах чадварт шууд нөлөөлдөг. Өөрөөр хэлбэл, тогтмол хүүтэй хуримтлал хийсэн, тогтмол орлоготой бүлэг буюу тэтгэвэр, тэтгэмж, тогтмол цалингийн орлоготой хүмүүс болон зээл олгосон бүлэг үнийн өсөлтөд илүү их хохирол үүрдэг. Нөгөө талд тогтмол хүүтэй зээлтэй бүлэг, хөрөнгө эзэмшигчид, худалдаачид илүү хожих төлөвтэй байдаг.
Инфляцийг бууруулах чиглэлд төрөөс авч хэрэгжүүлэх бодлого ямар субьектийг хэлж байгаа гэдгээс шалтгаалж бодлогын арга хэмжээ харилцан адилгүй байх болов уу. Тухайлбал, Төв банкны хувьд эрэлтээс үүдэлтэй инфляцийг бууруулах, тогтвортой байлгахад чиглэсэн мөнгөний хатуу бодлогыг баримтлах, мөнгөний нийлүүлэлтийг бууруулах арга хэмжээ авахаас өөр аргагүй байдалд хүрнэ.
Харин Засгийн газрын хувьд хэрэглээгээ танах, нэмж мөнгө тараахгүй байхад буюу ногдол ашиг, бусад мөнгөн тэтгэмж олгохгүй байх зэрэг арга хэмжээнүүдийг авах зайлшгүй шаардлагатай тулгарна. Үнийг хэт их барих гэж оролдох, хэрэглээний сагсанд буй гол нэрийн барааны үнийг тогтворжуулах бодлого баримтлах зэрэг нь үр нөлөөгүй гэдгийг өмнөх жилүүдийн туршлагаас харсан гэж бодож байна.
-Дотоодын аж ахуй нэгж, үндэсний үйлдвэрлэгчдэд татвар болон бусад зардал хэт өндөр ногддог. Энэ нь эцсийн хэрэглэгчид хямралын өртгийг төлөхөд хүргэж байна. Үүнд гаргалгаа бий юу?
-Одоогийн нөхцөл байдлаас харахад хямралын нөхцөл байдал гэхээс илүүтэйгээр Манай Улсын эдийн засгийн нөхцөл байдал өмнөх жилүүдтэй харьцуулахад нэлээд давгүй нөхцөл байдалтай байна гэж хэлж болохоор байна. Он гарсаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдэхээс гадна цалин, тэтгэвэр нэмэгдэж байгаатай холбоотойгоор аж ахуйн нэгжүүд ч мөн адил тодорхой хэмжээнд цалин, хөлс нэмэх шаардлагатай тулгарч байгаа. Энэ нь байгууллагын цалингийн зардлыг нэмэгдүүлэх, тэр хэмжээгээр татвар болон нийгмийн даатгалын шимтгэлийг илүү төлөх хэрэгтэй болно.
Иймд аж ахуй нэгжүүд нэг бол ажилчдадаа цөөлөх эсвэл үнээ нэмэх замаар тэрхүү нэмэгдэл цалин болон бусад зардлыг төлөх шаардлагатай болдог. Энэ нь эргээд үнэ өсөх, тухайн байгууллага цаашид өсч томрох боломжийг бууруулах, эдийн засагт оруулах хувь нэмрийг нь багасгах эрсдэлийг дагуулдаг.
Нөгөө талаас тухайн байгууллагын үйлчилгээний үнэ нэмэгдсэн нэмэгдэл өртгийг эцсийн хэрэглэгчид төлөх болно. Иймээс инфляцийг хэт их нэмэгдэхээс сэргийлж Засгийн газар зардлаа танах, хэрэглээгээ багасгах шаардлагатай.
-Нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн хуулиудад тэтгэвэр тэтгэмж болон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэхтэй холбоотой заалтууд багтсан. Гэхдээ үүнтэй зэрэгцэн хүнсний өргөн хэрэглээний барааны үнэ өсөж байгаад иргэд дургүйцэж байна. Энэ тохиолдолд хэн хяналт тавих ёстой вэ?
-Дээр хэлсэнчлэн суурь цалин хөлс нэмэгдсэнээр аж ахуй нэгжүүд ажилчдын цалингаа нэмэх хэрэгцээ шаардлага үүснэ. Тэрхүү нэмэгдэл цалин хөлсний зардлыг өөрийн бараа, бүтээгдэхүүний үнэд шингээх эсвэл ажилчдын тоог бууруулах гэсэн хоёр л сонголтын нэгийг зайлшгүй хийж амьд үлдэх боломжтой. Харин бараа бүтээгдэхүүний үнэ зах зээлийн зарчмын дагуу нэмэгдэж байна уу эсвэл хэт хөөсөрсөн байдалтай байна уу гэдгийг хянахад хэцүү. Төрийн чиг үүрэг бүхий байгууллагууд иргэдийн гомдлын дагуу энэ дээр хяналт шалгалтаа хийгээд явах байх.
-2025 онд эдийн засгийн төлөв ямар харагдаж байна вэ?
-Олон улсын болон дотоодын байгууллагуудын төсөөлж байгаагаар эдийн засгийн өсөлт 5-8 хувьд байхаар хүлээгдэж байгаа ч нэлээн сорилттой жил байх болов уу. Яагаад сорилттой жил байх вэ? гэхээр АНУ болон Хятад улсын хооронд худалдааны болон технологийн дайн үргэлжилбэл Монголоос Хятад руу гаргах түүхий эдийн хэмжээ буурах эрсдэлтэй. Ялангуяа, Хятадын үл хөдлөх хөрөнгийн зах зээл сэргэхгүй бол Монгол Улсаас гарч буй нүүрсний үнэ болон тоо хэмжээ буурна. Тэр хэмжээгээр төсөвт тусгагдсан орлого бүрдэхгүй байх эрсдэлийг дагуулна.
Мөн Орос болон Украйн улсын нөхцөл байдлаас шалтгаалан Орос улсад ямар хориг арга хэмжээ тавих нь тодорхой биш байгаа. Тэгэхээр энэ тодорхой бус нөхцөл байдал нь тус улсаас импортоор авах нефт, шатахуун, эрчим хүч, хүнс гээд бараа бүтээгдэхүүний үнэ болон тоо хэмжээнд мөн л нөлөөлнө. Энэ нь эргээд нийлүүлэлтийн гаралтай инфляцийг нэмэгдүүлэх эрсдэлийг дагуулж байна.
Монгол Улсын худалдааны түншүүдэд тулгарч болох эрсдэлүүд нь манай улсын экспорт болон импортод шууд нөлөөлнө. Дээр нь 2025 онд түүхэн тэлэлттэй төсөв батласан. Энэ хэмжээгээр Монгол Улсын хувьд илүү их хөрөнгө оруулалтын зориулалттай болон хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг импортлох хүлээлтийг үүсгээд байна. Ийнхүү экспортын орлого бага импорт илүү байх нь төлбөрийн тэнцэл, валютын ханш болон инфляцад шууд дарамт учруулах эрсдэл өндөр байна.
Экспортын алдагдлыг нөхөх сайн мэдээ нь энэ жил Оюу толгойн зэсийн бодит хэмжээ өсч, үйлдвэрлэл нэмэгдэж байгаа. Энэ хэмжээгээр зэсийн борлуулалтаас олох орлого нэмэгдэх хүлээлттэй байгаа. Өөрөөр хэлбэл нүүрсний тоо хэмжээ болон үнэ буурах эрсдэлийг дааж гарах найдвар нь Оюу толгойн олборлолт гэж харж байгаа.
-Энэ онд эдийн засгийн өсөлт айл өрх, аж ахуй нэгжүүдэд хэрхэн мэдрэгдэх вэ?
-Одоогоор эдийн засаг өсөлттэй байх хүлээлттэй байгаа. Макро эдийн засгийн эрсдэлүүдийн талаар дээр олон дурдсан. Ийм нөхцөл байдалд өрхийн түвшинд эдийн засгийн өсөлт бодитоор эерэг нөлөөлнө гэхэд хэт эрт байна. Харин аж ахуй нэгжүүдийн хувьд мөн л сорилттой жилийг даван туулах шаардлагатай байгаа нь харагдаж байна. Угтаа бол бид уул уурхайн түүхий эдээс хамааралтай биш аж үйлдвэрт тулгуурласан илүү солонгорсон маягаар бусад бүтээгдэхүүн, үйлдвэрлэлээ хөгжүүлэх тал дээр анхаарч экспортын орлогоо нэмэгдүүлж чадвал эдийн засгийн өсөлтийг бодитоор мэдрэх боломжтой юм.
50% нь үгээгүй ядуу, 50% нь ойгүй баян! Энэ эрүүл нийгэм үү? Эрүүл бодлого уу? Инфляций зөв тооц! Статистик ч худела гарч бн. 2025-01-07 202.21.104.2
Цалин,тэтгэвэр, тэтгэмжийг зохистой түвшинд хүргээгүй, байж эрчим хүчний үнэ нэмэх нь буруу! Ийм бодлогогүй, уялдаагүй тэнэг шийдвэр гаргаж иргэдээ ядуурлын ангал руу түлхэх ёсгүй шүү дээ. Төр гэж үнэхээр байгаа бол эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх хүртлээ салбарт нь дотац өгч үнийг барих ёстой байсан. Алгуур аажмаар иргэдийн орлого, эх үүсвэрийн хангамжийг нэмэх байсан. Суурь үнийг нэмэгдүүлээд зогсохгүй баахан татвар нэмж авах болж бгаа нь иргэдийн эсрэг бодлого! Ядуурал яг үнэндээ 50%
зочин 2025-01-07 66.181.186.252
Эрчим хүч манай суурь салбар Түүнийг санхүүгийн хувьд хүндрүүлж хэрхэвч болохгүй Энэ салбарын талаар төрөөс аьч буй арга хэмжээ зөв
Зочмн 2025-01-07 59.153.113.179
Хямрал болж байнаа Засаг зардлаа танахгуй ээ Нэг ба хоер сард дахиад ногдол ашиг тараана Монгол бичигт шилжиж байгаа учрааас программ хангамж принтерын хор цаас монго хэлний мэргэжилтний зардал хэд дахин нэмэгдэп байна
Иргэн 2025-01-07 202.21.104.2
Бодлогын хямрал, засаглалын хямрал шүү дээ. Засаж залруулж болно.
Иргэн 2025-01-07 59.153.115.72
Энэ ЗГ-рт амьдралд мэддэг, ТЭЗҮ хийж үзсэн, туршсан, ажлын туршлагатай ганц ч эдийн засагч алга. Улс төрч, популистууд харин байгаа шуу.