"Эрчим хүчний үйлдвэрлэлд дахин боловсруулсан ус ашигласнаар жилд 18 сая м3 гүний ус хэмнэнэ"

"Эрчим хүчний үйлдвэрлэлд дахин боловсруулсан ус ашигласнаар жилд 18 сая м3 гүний ус хэмнэнэ"

"Эрчим хүчний үйлдвэрлэлд дахин боловсруулсан ус ашигласнаар жилд 18 сая м3 гүний ус хэмнэнэ"

“Гүний усыг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах нь хайран бөгөөд хэт үрэлгэн хэрэг. Энэ төслөөрөө бид эрчим хүч үйлдвэрлэлд буюу Улаанбаатар хотын дулааны цахилгаан станцуудад ашигладаг гүний усны хэрэглээг дахин боловсруулсан усаар орлуулна. Өөрөөр хэлбэл, Усны Компактын хүрээнд дахин боловсруулсан усыг үйлдвэрлэлийн зориулалтаар илүү далайцтайгаар ашиглах анхны туршлагыг эрчим хүчний салбарт нэвтрүүлэх гэж байна” хэмээн ярих энэ эрхмийг Д.Мэндсайхан гэдэг. Тэрбээр Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы сорилтын корпорацын хооронд байгуулсан Мянганы сорилтын II Компакт гэрээ буюу Усны Компактаар Улаанбаатар хотын урт хугацааны ус хангамжийн асуудлыг шийдвэрлэхээр хэрэгжүүлж буй гурван томоохон төслийн  нэг Хаягдал ус дахин боловсруулах төслийг хариуцсан захирал юм. Тус төслийн талаар түүнтэй ярилцлаа.


-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Дэлхий нийтээрээ уур амьсгалын өөрчлөлтийн асуудалд санаа зовниж, усаа хэмнэх, зүй зохистой хэрэглэх, хаягдал усаа дахин ашиглах талаар ярьж, уриалж байгаа энэ үед танай төсөл анхаарал татаж байна. Яагаад энэ төслийг хэрэгжүүлэх болсон, яаж Улаанбаатар хотын хөгжилтэй уялдаж байгаа талаар яриагаа эхлүүлье?

-Манай төслийн талаар сонирхож ярилцахаар урьсанд баярлалаа. Юуны өмнө төсөл маань Улаанбаатар хотын, цаашлаад Монгол Улсын нийгэм, эдийн засагт ямар нөлөөтэйг илэрхийлэх цөөн хэдэн тоон мэдээллийг дурдвал танд сонирхолтой байх болов уу.   

Нэгдүгээрт, Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 2023 оны байдлаар 70.4 их наяд төгрөгт хүрснээс Улаанбаатар хотын эдийн засаг ойролцоогоор 46.9 их наяд төгрөг буюу 66.7 хувийг нь бүрдүүлсэн байгаа. Хоёрт, Монгол Улсын нийт газар нутгийн 0.3 хувь буюу 4,704.4 км² талбайд нийт хүн амын 50 орчим хувь нь оршин сууж байна. Гуравт, Монгол Улсад бүртгэлтэй 200 мянган аж ахуйн нэгжийн 150 мянга буюу 75 хувь нь Улаанбаатар хотод байна. Үүнээс 118 мянга орчим аж ахуйн нэгж, байгууллага идэвхтэй үйл ажиллагаа эрхэлж байгаа нь Монгол Улсын хэмжээнд ажиллаж буй нийт аж ахуйн нэгжийн 70 гаруй хувийг бүрдүүлж байна гэж Үндэсний статистикийн хорооны мэдээлэлд дурдсан байна лээ.

Маш товчхон хэлбэл, Монгол Улсын нийгэм, эдийн засгийн төвлөрөл Улаанбаатар хотод байна гэсэн үг. Ер нь нийслэл хотын асуудал бол Монгол Улсын асуудал болсон байна гээд хэлчихэд нэг их буруудахгүй байх.

Энэ том тоонуудыг Компакт гэрээ боловсруулахын урьдач судалгаа хийсэн 2017 онтой харьцуулахад сүүлийн 7-8 жилийн дотор Монгол Улсын ДНБ 2.5 дахин /28-аас 70.4 их наяд/, Улаанбаатар хотын ДНБ гурав дахин /15.7-аас 46.9 их наяд/ өсжээ. Харин хүн ам 1.4-өөс 1.6 сая болж өссөн байна.

Эдийн засгийн энэ хурдацтай өсөлтийг хангах дэд бүтэц буюу эрчим хүч, дулаан, ус хангамжийн  асуудлыг оновчтой, цаг алдахгүй шийдэх нь хотын, цаашлаад улсын хөгжилд шууд нөлөөтэй. Сүүлийн жилүүдэд хот маань тулгамдсан асуудлаа шийдвэрлэхээр онцгой анхаарч шийдэмгий арга хэмжээ авч, Амгалангийн дулааны станцын өргөтгөл, Сэлбэ дэд төвийн дулааны станц, Бөөрөлжүүтийн цахилгаан станц, Багануурын зай хураагуурын станц гээд ар араасаа шил дараад ашиглалтад орж байгаа ч нийлүүлэлт нь эрэлтээ гүйцэхгүй л байна. Харин Усны компактын хүрээнд Ус хангамжийн асуудлыг урьдчилан шийдвэрлэж байгаа гэдгийг онцлох нь зүйтэй.

-Таны үгнээс Улаанбаатар хотын нийт ус хангамжийн хувьд өөдрөг дүр зурагтай байгаа гэж ойлголоо.

-Тийм ээ, өөдрөг байгаа. Хотын эдийн засгийн хөгжлийн зайлшгүй суурь дэд бүтцийн нэг нь гарцаа байхгүй ус хангамж. Усны Компактыг хэрэгжүүлэхийн өмнө 2015-2017 онд хийсэн Монгол Улсын эдийн засгийг хязгаарлагч хүчин зүйлсийн судалгаагаар, Улаанбаатар хот ойрын ирээдүйд ус хангамжийн асуудлаа шийдвэрлэхгүй бол цэвэр усны хомсдол үүсч болзошгүй бөгөөд энэ нь эдийн засгийн хөгжлийг боомилох хүчин зүйл болно гэсэн үр дүн гарсан байдаг. Гэхдээ усны хомсдол гэдгийг ус дуусчихна гэж шууд утгаар ойлгож болохгүй. Харин усны эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэр алдагдаж, усаа хязгаартайгаар хэрэглэх шаардлагатай тулгарна гэсэн үг.

Өнөөдрийн нийслэлийн иргэд эрчим хүчний дутагдалд орох үеэр цагаар тогоо хязгаарлуулж байгаа шиг зүйл тохиолдох боломжтой гээд та төсөөлөөд үз дээ… Тог тасраад арай гэж ирэхэд нь ус тасардаг болчихвол юу болох вэ?

Хүмүүс байранд амьдарч байна гээд наад захын ая тух нь хангагдахгүй бол хэчнээн үнэтэй, тансаг байшин, орон сууцанд амьдраад яах билээ. Үүнийг усны салбарын мэргэжилтнүүд маань урьдчилан харж, манай Засгийн газар цаг алдалгүй шийдэмгий арга хэмжээ авсны үр дүнд нийслэлийн иргэдийг ойрын ирээдүйд усны хомсдолтой нүүр тулахаас сэргийлж чадсан. Усны Компакт энэ асуудлыг л шийдэх гэж байгаа юм.

-Хоёулаа Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийн хөдөлгүүр нь нийслэл Улаанбаатар хот, түүний тулгамдсан асуудлуудын талаар ярилцлаа. Одоо Усны Компактын талаар ярилцъя. Та Компакт хөтөлбөр хэрэгжсэнээр Улаанбаатар хотын хөгжилд хэрхэн нөлөөлөх, хүрэх үр дүн, ач холбогдлын талаар тодруулаач?

-Өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг тогтвортой хангах, эдийн засгийн өсөлтийг дэмжих зорилгоор АНУ-ын Мянганы сорилтын корпорац, Монгол Улсын Засгийн газрын хооронд байгуулсан Мянганы сорилтын II Компакт гэрээ буюу Усны Компактын хүрээнд Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх цогц хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон. Усны Компакт буюу Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийг АНУ-ын Мянганы сорилтын корпорац, Монгол Улсын Засгийн газар хамтран 461.8 сая ам.доллараар санхүүжүүлж байгаа. 350 сая нь Америкийн Засгийн газрын буцалтгүй тусламж, 111.8 сая хүртэл ам.доллар нь Монгол Улсын Засгийн газрын хөрөнгө оруулалт.

Компакт гэрээний санхүүжилтээр томоохон бүтээн байгуулалтын буюу хатуу дэд бүтцийн хоёр, усны салбарын хүний нөөцийн болон институцийн чадавхыг бэхжүүлэх, бодлогын орчныг сайжруулах зөөлөн дэд бүтцийн нэг төсөл хэрэгжүүлж байгаа. Улаанбаатар хотыг ундны усны шинэ эх үүсвэрээр хангахын тулд Улаанбаатарын баруун хэсэгт буюу Шувуун фабрик, Биокомбинатад шинээр ундны усны эх үүсвэрийг бий болгох төслийг хэрэгжүүлж байна. Энэхүү шинэ эх үүсвэрийн нөөцийг 1980-аад оны үед хуучин ЗХУ-ын экспедицийнхэн илрүүлж тогтоосон байдаг. Энэ судалгаан дээр үндэслээд дахин судалгаа хийж, “жилдээ 50 сая шоо метр ус олборлох боломжтой бөгөөд олборлосон усыг гүн цэвэршүүлээд ашиглаж болно” гэсэн дүгнэлт гарсан. Үүний дагуу манай улсад хамгийн орчин үеийн ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийг Сонгинохайрхан уулын зүүн бэлд барьж байна, ирэх онд ашиглалтад орно. Баруун эх үүсвэрийг шинээр ашиглалтад оруулснаар Улаанбаатар хотын одоогийн усны хангамжийг хоёр дахин нэмэгдүүлж, ирэх 30-40 жилд нийслэл болон түүний дагуул хотуудын ирээдүйн хэрэглээг бүрэн хангах боломжтой болсон.

Энэ нь Компактын хүрээнд хэрэгжүүлж байгаа хоёр том хатуу дэд бүтцийн төслийн эхнийх нь бөгөөд усны нийлүүлэлт талаас нь авч байгаа арга хэмжээ юм.

Үүний зэрэгцээ Улаанбаатар хотод хамгийн их усны хэрэглээтэй үйлдвэрлэлийн салбарыг тодорхойлоход тэр нь эрчим хүчний салбар болж таарсан. Төслийн хүрээнд шинэ Төв цэвэрлэх байгууламжаас гарах хаягдал усыг дахин боловсруулж, ДЦС-3, ДЦС-4-т үйлдвэрийн зориулалтаар эргүүлэн ашиглах Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийг, дамжуулах шугам хоолой, ус нөөцлөх сав, өргөлтийн шахуургын станц, холбогдох дэд бүтцийн нь хамт барьж байгуулахаар болсон. Төсөл хэрэгжсэнээр дахин боловсруулсан хаягдал усыг эрчим хүчний үйлдвэрлэлд анх удаа нэвтрүүлж, жилд 18 сая орчим шоо метр хүртэлх усыг дахин боловсруулсан хаягдал усаар орлуулж гүний цэнгэг усны нөөцийг хэмнэх боломж бүрдсэн. Ингэснээр гүний усны нөөц маань бидний хойч үед өвлөгдөн үлдэнэ. Манай дэд бүтцийн хоёр дахь төсөл нь энэ.    

Харин гурав дахь төсөл буюу Усны салбарын тогтвортой байдлыг хангах зөөлөн дэд бүтцийн төсөл маань Компактын хүрээнд бий болгосон дээрх хоёр том бүтээн байгуулалтын үр ашгийг урт хугацаанд хадгалах, Улаанбаатар хотын ус хангамжийн  тогтвортой байдлыг хангахад чиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлж байгаа юм.

Улаанбаатар хотын анхны төлөвлөлтийг 1954 онд хийх үед хотын хүн амыг 600 мянгад хүрнэ гэж тооцож дэд бүтцийг төлөвлөж байсан бол одоо 1.6 сая болсон. 2040 он гэхэд 2.2-2.4 саяд хүрнэ гэж "Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө 2040"-д дурдсан байна лээ.

Сая сүүлд харсан мэдээллээр 2024 оны байдлаар Улаанбаатар хотод 465 мянга гаруй өрх амьдарч байна. Үүний 56 хувь нь орон сууцанд амьдарч байна гэсэн. Тэгэхээр дахиад 200 мянга гаруй өрх инженерийн шийдэлтэй барилга орон сууцанд амьдрах хэрэгцээ байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, хот маань эдгээр иргэдийнхээ хэрэглэх унд ахуйн цэвэр ус, хэрэглээнээс нь гарах бохир усны дэд бүтцийн асуудлыг одооноос шийдвэрлэхгүй бол цаг алдаж яг одоогийн эрчим хүчний салбарт болж байгаа шиг үйл явдал болох эрсдэлтэй.

-Одоо танай Хаягдал ус дахин боловсруулах төслийн бүтээн байгуулалтын явц ямар байна вэ?

-Хаягдал ус дахин боловсруулах төсөл хоёр үндсэн бүрэлдэхүүн хэсэгтэй. Эхнийх нь Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр барьж байгуулах, хоёр дахь нь энэ үйлдвэрээс гарсан усыг дулааны цахилгаан станцуудад дамжуулах шугам сүлжээг барих юм. Одоогийн байдлаар нийт 67 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.

-Энэ төслийн бүтээн байгуулалтын үндсэн гүйцэтгэгчээр үндэсний компаниуд шалгарч, олон улсын стандартаар ажиллаж байгаа гэж сонссон. Бас гадаадын нэр хүндтэй томоохон компаниудыг туслан гүйцэтгэгчээр авч, ажиллуулж байгаа гэсэн үү?

-Тийм ээ. Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг “М-Си-Эс Проперти” ХХК, дамжуулах шугам хоолойн барилга угсралтын ажлыг “М-Си-Эс Интернэйшнл” ХХК олон улсын журам, заавар, стандартын дагуу хэрэгжүүлж байна. Манай гүйцэтгэгчид дэлхийн хэмжээнд салбартаа тэргүүлэгч томоохон компаниудыг өөрийн туслан гүйцэтгэгчээр ажиллуулж байгаа. Жишээлбэл, Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийн төслийг хэрэгжүүлж буй “М-Си-Эс Проперти” ХХК хаягдал ус цэвэрлэгээний технологийн процессын зургийн туслан гүйцэтгэгчээр усны салбартаа дэлхийд танигдсан Бүгд Найрамдах Франц Улсын “Эжис Вотэр энд Мэритайм (Egis Water and Maritime)” болон “Веолиа Вотер Техноложис (Veolia Water Technologies)” компанийг ажиллуулж байна.

Харин барилга угсралтын ажлын гүйцэтгэлд дотоодын 40 гаруй компани туслан гүйцэтгэгчээр оролцож байгаа. “М-Си-Эс Интернэйшнл” ХХК ХБНГУ-ын “Фихтнер Ватер энд Транспортэйшн" компанийн хийсэн зураг төслийн дагуу шугам хоолойн төслийг гүйцэтгэж байгаа бөгөөд туслан гүйцэтгэгчээр нь мөн дотоодын 40 гаруй компани 1300 гаруй ажлын байрыг бий болгон ажиллаж байна.

Компакт гэрээний хүрээнд хэрэгжүүлж байгаа бүх төсөл, хөтөлбөрийг АНУ-ын Мянганы сорилтын корпорацын дүрэм, журам, Олон улсын санхүүгийн корпорацын Гүйцэтгэлийн стандартын дагуу хэрэгжүүлдэг. МСК-ын дүрэм, журамд аливаа барилга угсралт, дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлыг ФИДИК-ийн буюу Олон улсын зөвлөх инженерүүдийн холбооны гаргасан жишиг гэрээний загвараар хийж гүйцэтгэхийг шаарддаг.

Одоо дулааны цахилгаан станцууд эрчим хүч үйлдвэрлэхдээ хэр их хэмжээний гүний цэвэр ус ашиглаж байгаа вэ. Энэ талаар мэдээлэл өгөөч?

– Дулааны цахилгаан станцууд анхнаасаа гүний цэвэр ус ашиглахаар зураг төслийг нь хийсэн, жилд ойролцоогоор 22 сая шоо метр гүний усыг ус авч ашигладаг. Манай төсөл 3,4 дүгээр дулааны цахилгаан станцын үйлдвэрлэлийн зориулалтаар ашигладаг нийт усны хэрэглээний 85 хүртэл хувийг дахин боловсруулсан усаар орлуулах боломж бүрдүүлнэ. Нийслэлийн хүн ам тасралтгүй өсөж, хот жилээс жилд өргөжин тэлж, энэ хэмжээгээрээ усны хэрэглээ нэмэгдэж байна. Гүний усыг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах нь хайран бөгөөд хэт үрэлгэн хэрэг.

Тиймээс энэ төслөөрөө бид гүний усыг хамгийн ихээр хэрэглэдэг эрчим хүч үйлдвэрлэлд ашиглаж буй гүний усны хэрэглээг дахин боловсруулсан усаар орлуулан, гүний усны нөөцөө хэмнэж байгаа юм.

Манай зарим аж ахуйн нэгж өөрсдийн хэрэглээнд тохирсон бага хэмжээний ус дахин боловсруулах тоног төхөөрөмж суурилуулж, усаа дахин боловсруулж ашигладаг туршлага байдаг ч эрчим хүчний салбарт бол энэ шинэ үйл явц. Усны Компактын хүрээнд илүү далайцтайгаар дахин боловсруулсан усыг ашиглах туршлагыг анх удаа эрчим хүчний салбарт нэвтрүүлэх гэж байна.

-ДЦС-3, 4-ийн нийт усны хэрэглээний 85 хүртэл хувийг дахин боловсруулсан усаар орлуулан ашиглах боломжтой гэж хэллээ. Яагаад 100 хувь ашиглах боломжгүй юм бэ?

-Дулааны цахилгаан станцуудын үйл ажиллагаандаа хэрэглэж байгаа усыг технологийн болон техникийн зориулалттай гэж ангилдаг. Бид техникийн зориулалтаар ашиглаж байсан цэвэр усыг нь дахин боловсруулсан усаар орлуулах гэж байгаа юм. Энэ нь хөргөлтийн ус, угаалга цэвэрлэгээ, галын ус гэх мэт үйл ажиллагаанд хэрэглэдэг. Харин үндсэн дулааны үйлдвэрлэлд ашиглах технологийн зориулалттай усыг бол өндөр чанартай, гүний цэвэр усаа үргэлжлүүлэн ашиглаад явна.

-Дулааны цахилгаан станцуудад гүний усыг дахин боловсруулсан усаар орлуулан хэрэглэснээр хэр хэмжээний усыг хэмнэх вэ?

-Шинэ төв цэвэрлэх байгууламж хоногт 250 мянган шоо метр бохир усыг хүлээн авч, цэвэрлэх хүчин чадалтай байх юм. Эндээс цэвэрлэгдээд гарах хаягдал уснаас манай үйлдвэр хоногт 50 мянган шоо метр хүртэлх усыг хүлээн авч, дахин цэвэрлэж боловсруулаад дулааны цахилгаан станцуудад нийлүүлнэ. Жилээр нь тооцвол 18 сая орчим шоо метр болно. Тэгэхээр жилд энэ хэмжээний цэвэр ус газрын гүндээ үлдэнэ, нөөц нь хэмнэгдэнэ гэсэн үг.

Та энгийн үгээр тайлбарлаад өгөөч гэсэн болохоор арай энгийн ойлгомжтойгоор тайлбарлах гээд оролдъё.  18 сая орчим шоо метр гэдэг бол литрээр 18 тэрбум литр гэсэн үг. Үүнийг хүн бүрийн мэддэг 0.5 литрээр савласан устай илэрхийлбэл 36 тэрбум ширхэгтэй тэнцэхүйц хэмжээний гүний усыг жил тутам хэмнэнэ гэж төсөөлж болно.

Манай төсөл бол шинэ төв цэвэрлэх байгууламжтай салшгүй нягт холбоотой. Хүйн холбоотой гээд хэлчихсэн ч болно доо. Яагаад гэвэл манай төслийн бүтээгдэхүүний орц нь шинэ төв цэвэрлэх байгууламжаас цэвэрлэгдээд гарах хаягдал ус юм.  Шинэ төв цэвэрлэх байгууламжийг БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр, харин Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийг АНУ-ын Мянганы сорилтын корпорацтай хамтран байгуулж байгаа. Манай Засгийн газрын хоёр өөр улстай хамтарч хэрэгжүүлж байгаа их онцлогтой, харилцан хамааралтай төслүүд гэж ойлгож болно.      

-Олон салбарт дахин боловсруулсан усыг ашиглах боломжтой шүү дээ. Энэ төсөл зөвхөн эрчим хүчний салбараар хязгаарлагдах уу?

-Монгол Улсын одоогийн эрх зүйн зохицуулалт, дүрэм журмын хүрээнд MNS 6734:2018 буюу “Дахин ашиглах цэвэрлэсэн ус” гэдэг стандарт бий. Энэ стандартад дахин боловсруулсан усыг үйлдвэрлэл, үйл ажиллагаанд зориулан 7-8 салбарт ашиглаж болно гэж заасан байдаг. Эдгээрийн нэг нь эрчим хүчний салбар. Мөн  автомашин угаалга, зам цэвэрлэгээ, уул уурхайн тоос дарах усалгаа, ногоон байгууламжийн усалгаа, бетон зуурмагийн үйлдвэр гэх мэт үйлдвэрлэлд ашиглахыг заасан.

Манай байгуулж буй дамжуулах шугам хоолойд бид эрчим хүчний үйлдвэрлэлд дахин боловсруулсан усыг нийлүүлэхээс гадна бусад салбарт дахин боловсруулсан усыг ашиглах боломжийг бий болгох зорилгоор нэмэлт гурав салаалах худгийг төлөвлөж тоноглосон.     

Мөн манай төслөөр барьж байгуулж байгаа Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийн хүчин чадлыг ирээдүйд шаардлагатай тохиолдолд хүчин чадлыг нь хоёр дахин нэмэгдүүлэх боломжтойгоор ерөнхий төлөвлөлтийг нь хийсэн. Ингэснээр хоногт 100 мянга, жилд 36 сая шоо метр хүртэл усыг дахин боловсруулж, бусад салбарын хэрэглээнд нэвтрүүлэх боломжтой болно.

-Төслийн бүтээн байгуулалтын хүрээнд Үндэсний компаниуд олон шинэ мэдлэг, туршлагад суралцаж байна гэж ярилаа?

-Энэ том мега төслийн бүтээн байгуулалтыг дагаад асар олон шинэ мэдлэг туршлага, ноу-хау, техник технологи нэвтэрч байгаа. Монгол Улсын түүхэнд анх удаа дахин боловсруулсан усыг ашиглах томоохон хэмжээний үйлдвэр байгуулж байна. Өндөр түвшинд автоматжсан, орчим үеийн технологитой үйлдвэр байна.

Шугам хоолойн барилга угсралтын ажлын хүрээнд нээлттэй ухлага хийж гол ачаалал ихтэй замуудыг хааж, сэтлэхгүйгээр газар доогуур шугам гаргах сүвлэгээний ажлыг зургаан газар хийсэн.  Манай улсад өмнө нь  1000 мм-ийн голчтой шугам хоолойг автозамын хөдөлгөөнийг хаахгүйгээр зам доогуур сүвлэж байсан туршлага байгаагүй. Мөн дэлхийн олон улс оронд ус дамжуулахад ашигладаг уян ширмэн хоолойгоор шугам хоолойгоо тавьж байгаа. Үйлдвэрлэгчийн зүгээс дунджаар 100 жилийн баталгаа өгч байгаа.

Төслийн хүрээнд ДЦС-3, 4-ийн химийн лабораториудын хүчин чадал, тоног төхөөрөмжийг сайжруулж, усны чанарыг хянах автомат удирдлагын системүүдийг нийлүүлж байгаа гээд тоочвол олон зүйл бий.

-Ер нь нийт төслийн бүтээн байгуулалтад хэчнээн хүн ажиллаж байгаа вэ. Үйлдвэр ашиглалтад орсны дараа ажиллах хүчин бэлэн байгаа юу?

-Ер нь дунджаар төсөл тус бүрт 200-300 хүн тогтмол ажиллаж байгаа. Харин нийтдээ 1300-1500 орчим хүн төслийн бүтээн байгуулалтын явцад оролцсон байна. Бүгд монголчууд. Хоёр төслийн хэмжээнд нийт 10 хүрэхгүй гадаад хүмүүс талбай дээр ажиллаж байна. Мэдээж Францын зураг төслийн компанийн инженерүүд, мэргэжилтнүүд зайнаас оролцож ажиллаж байгаа.

Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрт хамгийн орчин үеийн техник технологи, тоног төхөөрөмж ашиглах тул дийлэнх үйл ажиллагаа автоматчилагдсан. Үйлдвэр ашиглалтад орсны дараа үйлдвэрийн үйл ажиллагааг хариуцаж ажиллах 46 хүний орон тоотой. Мөн ДЦС-уудад 10 орчим ажлын байр шинээр бий болно. Эдгээр хүний нөөцийг үйлдвэрийн туршилт тохируулгын явцад дахин сургаж чадавхжуулна.

-Засгийн газраас 14 мега төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа энэ үед мега төслүүдийг амжилттай хэрэгжүүлэх чадавх, туршлага, жишиг загвар бидэнд маш чухал гэдэгтэй олон хүн санал нийлэх байх. Энэ талаар та ямар бодолтой байна вэ?

-Өмнө нь дурдсанчлан нийт Компактын хөрөнгө оруулалт 461.8 сая ам.доллар буюу 1.6 их наяд төгрөг болно. Үүнээс манай Засгийн газрын санхүүжүүлж байгаа Хаягдал ус дахин боловсруулах төсөл л гэхэд 400 шахуу тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай. Өнөөдрийн Засгийн газраас хэрэгжүүлэхээр зорьж буй 14 мега төсөлтэй дүйцэхүйц хөрөнгө оруулалттай төсөл байгаа биз!

Төсөл маань амжилттай хэрэгжээд төгсгөлийн шатандаа ирж байна. Монгол Улс Усны Компактыг хэрэгжүүлснээр мега төсөлд ажиллах чадавхтай үндэсний компаниуд, хүний нөөцийг бүрдүүлж бий болгож байна. Харин энэ сайхан чадавхыг хадгалж бэхжүүлж, дараа дараагийн мега төслүүдээ хөдөлгөхөд ашиглавал улсдаа ч, компаниуддаа ч, хүмүүстээ ч их өгөөжтэй зүйл болохоор санагдаж байна.

Бидэнтэй ярилцсан танд их баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-01-06 76.220.74.140

Усны нөөцөө хэмнэж ийм ажил хийж байгаад нь баяр хүргэе. Хамгийн харамсалтай нь Оюутолгойн уурхай говийн гүний усны нөөцийг барах нь. Энэ тал дээр дуугардаг төрийн түшээд нэг ч алга. Тэнд ашигласан усаа цэвэршүүлж дахин ашиглах тийм сэтгэлтэй хүн байна уу.

Avatar

dargani xsgyi 2025-01-06 50.169.138.78

"Эрчим хүчний үйлдвэрлэлд дахин боловсруулсан ус ашигласнаар

Avatar

Нэргүй 2025-01-06 202.9.41.37

Хэрлэн тооно төслөө хурдан хэрэгжүүлж хэрлэн голын 10 хуваасны нэг хувийг Говсүмбэр, Дорногоь, Өмнөговь аймаг руу явуулбал монгол хэрэгтэй. Зүгээр урсгаад Хятад руу гаргаж болохгүй. Ус бол бөөн мөнгө юм. Хятадуудтай нийлсэн эх орончид, Хэнтий аймгийн гэх хүмүүс гарч ирж эсэргүүцнэ. Түүнийг үл тооц төр хатуу зогсох хэрэгтэй.

Avatar

Зочин 2025-01-06 202.131.230.162

ТЭЦ бол маш өндөр технологитой маш цэвэр ус шаарддаг ДШХөдөлгүүр юм билээ. Технологийн ус жаахан стандарт л алдвал турбин жагсаалаас гарна. Дэлхийд ашигласан усыг тЭЦ-д ашиглаж байгаа орон хир олон бадаг юм бол. Бараг баЙхгүй дээ. Ийм төрлинй цэвэрлэсэн ус нөгөө л ногоон байгууламжид л ашиглагддаг. тэхлээр энэ байдлыг цаашид бодолцох шаардлага бий. Богд уулын урьд баригдахаар төлөвлөж байгаа дагуул хотуудын хэтиЙН ТӨЛӨВ НӨГӨӨ Л БАЙГАЛИЙН ЭХ ҮҮСВЭР ХЭВЭЭР БАЙХ БОЛНО.

Avatar

Иргэн 2025-01-06 202.179.27.84

Олон түмэнд хэрэгтэй сайхан мэдээ байна.

Avatar

Нэргүй 2025-01-06 59.153.112.162

Одоо орон сууцны жорлонгийн усыг дахин боловс.сан усаар солих хэргтэй байгаам Манайх шиг газрын гүний рашаанаараа баа саа угаадаг улс орон одоо байхгүй шүү дээ : АНУ -ын буцалтгүй тусламжаар ,бас санаачлагаар ийм хэрэгтэй төсөл маш хурдан хугацаанд хэрэгжиж байгаад бид талархах хэрэгтэй: Манай талаас нэг их урьдчилж хараад хийчихсэн юм бас байхгүй. Монгол улсын түүхэнд ийм том ашигтай,хэрэгтэй төсөл хэрэгжиж байсан түүх бараг л байхгүйдэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж