Их хотын түгжрэл дунд түргэний машин гэрлээ анивчуулж, дуут дохиогоо хангинуулсаар замын бөглөрөлд чамгүй хугацааг алддаг гэдгийг эмч нар учирладаг. Жолооч нь урд байгаа машинуудыг зай тавьж өгөхийг чанга яригчаар анхааруулна. Учир нь хүний амь нас цаг, минутаар хэмжигдэж буй тул тэд ийнхүү "сандрах"-аас аргагүй.
Албаныхны өгсөн мэдээллээр 2024 онд түргэн тусламжийн машин яаралтай дуудлагаар явж байхдаа бусад тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн 14 авто осол бүртгэгдсэн байна. Үүний хоёр тохиолдолд нь ажлаа хийж явсан эмч, жолооч гэмтэж, эрүүл мэндээрээ хохирчээ.
Түргэний машинууд дуут дохиогоо дуугаргаж, түгжрэл дунд гацна. Нийслэлийн замын түгжрэлээс болж өвчтөн эмнэлэгт хүрэхдээ хугацаа алдах тохиолдол цөөнгүй гардаг гэдгийг эмч нар хэлдэг. “Иргэдийн зүгээс гэрийн хаягаа буруу зааж өгөх тохиолдол гардаг. Дүүргийн машинууд тусгай дохио байхгүйгээс замын түгжрэлд хамаг цагаа зарцуулж байна. Зам түгжрээтэй үед яаралтай дуудлагад явахдаа цонхоороо зам тавьж өгөхийг хүсэхэд жолооч нар "хүлээж авдаггүй” тухай резидент эмч өмнө нь ярилцлага өгөх үеэрээ хэлж байсан юм.
Хамгийн сүүлд шинэ оны өмнөхөн түргэн тусламжийн автомашинд зам тавьж өгөлгүй дайрснаас үүдэн ноцтой осол гарч, түргэний эмч хүнд гэмтсэн.
Тодруулбал, 2024 оны арванхоёрдугаар сарын 29-ний өдөр нийслэлийн түргэн тусламжийн автомашин дуудлагын дагуу гэртээ төрсөн эх нярайд тусламж үзүүлж, дутуу төрсөн нярайг эмнэлэг рүү тээвэрлэх явцад зам тээврийн осолд орсон байна. Урсгал сөрөн явж байсан түргэн тусламжийн машинд зам тавьж өгөлгүй хурдтай орж ирсэн автомашин мөргөснөөс нярайг тэвэрч явсан эмч тархины хүнд гэмтэл авч ГССҮТ-д хүргэгдээд байгаа юм.
Өмнө нь нийслэлийн Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо буюу Өлзийт хорооллын зам дээр /2024.05.09/ ноцтой осол гарсан талаар цагдаагийн байгууллагаас мэдээлсэн. Тодруулбал, тухайн өдрийн 15.00 цагийн орчимд яаралтай дуудлагаар явж байсан түргэний машиныг шатахуун тээвэрлэж явсан машин мөргөж байсан.
Ослын улмаас нийт гурван том оврын машин, нэг суудлын машин мөргөлдөж, хоёр хүн хүнд гэмтэж, эмнэлэгт хүргэгдэж байв.
Цагдаагийн байгууллага дуудлага мэдээллийн дагуу ослын газар очиход яаралтай тусламжийн машины жолооч хавчуулагдаж, эмч гэмтсэн байдалтай байжээ. Онцгой байдал шуурхай албаныхан машинд хавчуулагдсан жолоочийг гаргаж, эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн талаар албаныхан мэдээлсэн байдаг.
Түргэний машин дуудлагаар ажиллахад ямар хүндрэл учирдаг талаар 31 жил түргэний машины жолоочоор ажилласан Б.Төрмандах ярихдаа “Дуудлагад явж байхдаа осол аваар хийх юм бол замын хөдөлгөөний дүрмээр шийдэгддэг. Энэ тохиолдолд түргэний жолоочийн буруу болно. Машин дотроо хэчнээн хүнд өвчтөнтэй явж байсан ч осол аваар хийвэл миний буруу. Хүний амь насыг аврах гэж яарч яваа хүн өөрөө буруудаж, хохирдог. Энийг холбогдох хууль журамд нь өөрчилж өгөөсэй” гэдэг санал хүсэлтээ дайж байсан юм.
Гэхдээ саарын хажуугаар сайн зүйл ч бий. Хэдий хотын зам түгжрэлтэй ч жолооч нар аль болох зам тавьж өгөхийг хичээдэг болсон тухай эмч хэлж байв.
Нийслэлийн Түргэн тусламжийн төвийн жолооч нар хоногт 1000 орчим дуудлага хүлээн авч ажилладаг. Амралтын өдрүүдэд энэ тоо өсдөг байна.
Нийслэлийн түргэн тусламжийн төвөөс өмнө мэдээлэл өгөхдөө "Хотын замын ачаалал их байгаа ч жолооч нарын хандлага харьцангуй сайжирсан. Түргэн тусламжийн төвд нийт 130 орчим жолооч ажиллаж буй. Үүнээс хоногтоо 43 жолооч дуудлагаар ажилладаг. Үндсэн үйлчилгээндээ явж чадахгүй ихэвчлэн цар тахлын тусламж үйлчилгээ үзүүлж байна. Тэглээ гээд түргэний машины жолооч нар бэрхшээл тоочоод байдаггүй. Замын түгжрэлээс үүдэлтэй дуудлагад хоцорч очих тохиолдол гарна. Манай төв Сонгинохайрхан, Баянзүрх, Хан-Уул, Чингэлтэй дүүрэгт салбартай. Иргэд өөрийн оршин суугаа дүүрэгтээ ойр салбарт хандаж, дуудлага мэдээлэл өгдөг" гэдгийг онцолж байв.
Тиймээс иргэн бүр хариуцлагатай, ухамсартай, бие биедээ хүндэтгэлтэй хандахыг уриалж байна.
3,576.02






















































Холбоотой мэдээ