Сирийн шинэ засгийн газрын исламист эрх баригчид иргэдийн саналыг харгалзан үзэлгүйгээр боловсролын тогтолцоог өөрчлөхөөр шийдсэн байж магадгүй. Шилжилтийн засгийн газрын боловсролын яамны цахим хуудас энэ талаар мэдээлжээ. Тус мэдээлэлд дурдахдаа, илүү исламист чиглэлтэй бөгөөд Ассадын дэглэмийн үед зааж байсан бүхнийг үгүйсгэсэн сургалтын хөтөлбөрийг нэвтрүүлнэ гэжээ. Энэхүү сургалтын хөтөлбөр нь бүх насныханд чиглэнэ.
"Үндэстнийг хамгаална" гэх хуучин уриа үгийг "Аллахыг хамгаална" гэж өөрчилжээ. Цаашилбал, Хувьсал болон Агуу тэсрэлтийн онолыг шинжлэх ухааны хичээлээс хасах, бурхдын тухай эшлэлүүдийг хасах, тэдгээрийн хөшөөг буулгах зэрэг өөрчлөлт хийх аж. Мөн Башар аль-Ассад болон түүний аав Хафез нарын тухай тэмдэглэн үлдээсэн шүлэг бүхий хөтөлбөрийг сургалтаас хасна.
Боловсролын сайд Назир аль-Кадри энэ талаар мэдээлэл өгөхдөө "Сургалтын хөтөлбөр үндсээрээ өөрчлөгдөөгүй. Хянаж, шинэчлэх тусгай хороод байгуулагдах хүртэл хуучин янзаараа үргэлжилнэ" гэжээ. Үндсэндээ Ассадын дэглэмийг алдаршуулсан бүхнийг устгахыг зорьж байгааг Назир аль-Кадри хэлэв.
Энэхүү өөрчлөлтийг Сирийн зарим иргэн талархан хүлээн авч байна.
Гэвч үүний зэрэгцээ олон жилийн дараа анх удаа эх орондоо эргэн ирсэн идэвхтнүүдийн дунд түгшүүрийн харанга дэлдэж байгаа аж. Улс орон шинэ удирдлагатай болсон тул тэдний дуу хоолойг сонсохгүй байж магадгүй гэж эмээж байна. Тиймээс хичээлийн шинэ улирал эхлэхээс өмнө эсэргүүцлийн жагсаал хийж магадгүй болжээ. Нийгмийн бүх давхаргын оролцоогүйгээр боловсролын тогтолцоог өөрчилж буйг тэд эсэргүүцэх юм.
3,569.17















































