Хас банк бизнес эрхлэгчдэд шинэ боломж олгов

Хуучирсан мэдээ: 2010.09.06-нд нийтлэгдсэн

Хас банк бизнес эрхлэгчдэд шинэ боломж олгов

БИЧИЛ БИЗНЕС ЭРХЛЭГЧИД ДЭЛХИЙН ӨНЦӨГ БУЛАН БҮРИЙН ХҮМҮҮСИЙН МӨНГИЙГ ХАСБАНКААР ДАМЖУУЛАН ЗЭЭЛДЭХ ШИНЭ БОЛОМЖ НЭЭГДЛЭЭ


Бизнес
эрхлэгчид ХасБанкаар зуучлуулан Дэлхийн бусад орны иргэдээс зээл авах
нэгэн шинэлэг зээлийн үйлчилгээг ХасБанк үзүүлж байгаа бөгөөд энэ талаар
тус банкны Бичил Санхүүгийн Банкны хэлтсийн мэргэжилтэн Г.Жаргалмаагаас
тодруулсан юм.

 -Сайн байна уу? Танай банкаар дамжуулан
бичил бизнес эрхэлж буй иргэд дэлхийн бусад орны иргэдээс зээл авч болох
тухай сонслоо. Энэ талаар та дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

-Юуны
өмнө манайд хандсанд баярлалаа. Тиймээ ХасБанк өнгөрсөн оноос АНУ-ын
“КИВА” олон улсын байгууллагатай хамтран “КИВА” төслийн хүрээнд ийм
зээлийг олгож байгаа. “Кива” гэдэг нь “Нэгдэцгээе” гэсэн утгатай Африк
гаралтай үг бөгөөд бусдын бизнесийг амжилттай, ашигтай байлгаж,
амьдралыг нь дээшлүүлэхийн  төлөө дэлхийн олон орны олон зуун мянган
сайхан сэтгэлтэй хүмүүс “Кива”-д нэгдэж  бусдад мөнгө зээлдүүлдэг юм.
Бичил бизнес эрхлэгчдийн бизнесийг дэмжихийн төлөө дэлхийн өнцөг булан
бүрээс гар сунгасан хүмүүсийн энэхүү мөнгийг манай банкаар дамжуулан
авах боломжтой юм.

– Мөнгөө зээлдүүлэх иргэдийг олох нь тийм ч амархан биш санагдах юм.

-Өнгөц
харахад мөнгө зээлдүүлэх хүнийг олоход хэцүү юм шиг боловч үнэндээ
зээлдүүлэгчдийн тоо зээлдэгчийн тооноос ч илүү байна. Учир нь “Кива”
дэлхий дахинд танигдсан нэр хүндтэй байгууллага тул дэлхийн олон орны
маш олон иргэдийг энэхүү үйл ажиллагаандаа татан оруулж нэгтгэж чадсан.
Зээлдүүлэгчдийн зорилго нь ч энгийн. Дансанд нь түр хугацаагаар
хөдөлгөөнгүй байгаа буюу түр хэрэглэхгүй мөнгөө мөнгөний хэрэгцээтэй
байгаа хэн нэгэнд зээлдүүлж ажил амьдралд нь туслах чин хүсэлтэй хүмүүс
байдаг. Гэхдээ үүнийг ямар нэг ядуу орны ядарсан иргэнд өгч байгаа
хандив тусламж гэж ойлгож болохгүй. Энэ бол хүмүүсийн хооронд явагдаж
байгаа цэвэр бизнесийн үйл ажиллагаа юм. Учир нь зуучлагч байгууллага
/ХасБанк/  зээлдүүлэгчийн өмнө хариуцлага хүлээж түүний мөнгийг буцаан
төлүүлэх, зээлийг хэрхэн бизнестээ ашигласан талаар байнгын мэдээлэл
өгөх үүрэг хүлээдэг тул зээлдүүлэгчдэд ч эрсдэлгүй байдаг.

– Энэ зээлийг ямар хүн авах боломжтой вэ?

-Бичил бизнес эрхэлдэг бүх хүн авах боломжтой.

-Энэ зээл нь ердийн зээлээс ямар ялгаатай вэ?

-Олон
зүйлийг дурьдаж болно. Юуны өмнө та дэлхийн өнцөг булан бүрээс танд чин
сэтгэлээсээ тусалъя, таны бизнесийг амжилттай өргөжиж, дэвшээсэй гэж
хүссэн хүмүүсийн сайхан сэтгэл шингэсэн зээлийг хамгийн боломжтой
нөхцөлөөр авч байна гэсэн үг. Таны болон бизнесийн тань тухай мэдээллийг
“Кива” сайтад байршуулснаар дэлхий дахинд бизнесийг тань үнэгүй
сурталчлан таниулах боломжийг зөвхөн “Кива” зээл танд олгоно. “Кива”
зээлийг аваад хугацаанд нь төлж дуусах үед ХасБанкнаас танд тодорхой
хэмжээний мөнгөн хадгаламжийг нээж өгнө. Өөрөөр хэлбэл “Кива” зээл авч
бизнесээ өргөжүүлэн, ашиг орлогоо нэмсний тань төлөө ХасБанкнаас танд
барьж байгаа бэлэг юм.

-Их сайхан санагдаж байна. Энэ зээлийг авахын тулд ямар нэг шалгуур тавьдаг уу?

-“Кива”
зээлийн шалгуур маш энгийн. Манай банкны энгийн бичил зээлийн шалгуурыг
хангаж байхад л болно. Өөрөөр хэлбэл, та өөрийн гэсэн бизнестэй, зээлээ
хугацаанд нь эргэн төлөх чадвартай, орлогын тогтмол эх үүсвэртэй байхад
л болно.

– Дэлхийн олон зуун хүнээс зээлээ яаж авдаг вэ? Ямар зарчмаар зээлдүүлдэгийг тодорхой хэлж өгнө үү?

-ХасБанкинд
зээлийн хүсэлтээ өгнө. Зээл олгох үйл ажиллагаа банкны ерөнхий
зарчимтай адилхан явагдана. Харин манай мэргэжилтнүүд тухайн хүний
бизнесийн үйл ажиллагаагаа явуулж буй зургийг нь авч, зөвшөөрөл авсны
үндсэн дээр  “Кива” сайтад товч мэдээлэлтэй нь байршуулснаар “Кива”
сайтад нэгдсэн дэлхийн бусад орны хүмүүс түүнийг нь уншиж, мөнгөө
зээлдүүлдэг юм.

– Заавал танай банкаар дамжуулалгүйгээр бизнес эрхэлдэг л бол тэр сайтанд өөрийнхөө тухай мэдээллээ өөрөө тавьчих боломжтой юу

-Боломжгүй.
Кива зөвхөн тухайн орны хамгийн найдвартай, нэр хүндтэй, эрсдэл багатай
санхүүгийн байгууллагаар дамжуулан зээлдүүлдэг бөгөөд ХасБанк “Кива”
байгууллагын үнэлгээгээр “5 од” буюу хамгийн эрсдэл багатай байгууллагын
ангилалд багтсан тул энэ эрхийг авсан цорын ганц банк юм.  Одоогийн
байдлаар ХасБанк 2,000 бичил бизнес эрхлэгчийг “Кива” сайтад байршуулан
3.0 тэрбум орчим төгрөгийн бичил зээл олгоод байгаа бөгөөд
http://www.kiva.org/ сайт руу орж тэдгээр зээлдэгчийн мэдээллийг
нээлттэй харж болно.

– Бодит үйлчилгээ үзүүлж, эгэл жирийн ард
иргэдийнхээ амьдралыг бодитоор дэмжиж байгаа танай хамт олонд ажлын
өндөр амжилт хүсье.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж