Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд хоёр автомашин мөргөлдсөн ноцтой осол гарчээ. Тодруулбал, "Sonata" загварын автомашин, "Land Cruiser Prado" загварын автомашинууд мөргөлдөж, "Sonata" загварын автомашины жолооч 40 настай, эрэгтэй автомашины төмөр хийцэд хавчуулагдсан байжээ. Ослын талаар дуудлага мэдээлэл өчигдөр /2025.01.02/ Онцгой байдлын газарт бүртгэгдсэн байна. Улмаар нийслэлийн Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 64 дүгээр ангийн алба хаагчид ажиллан тухайн иргэнийг эсэн мэнд гарган, Багануур дүүргийн Яаралтай түргэн тусламжийн төвийн эмчид хүлээлгэн өгсөн гэж мэдээллээ.
Дашрамд дурдахад, шинэ жилийн баяр, амралтын өдрүүдийг тохиолдуулан Онцгой байдлын байгууллагын хэмжээнд 2024 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрөөс 2025 оны нэгдүгээр сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллажээ.
Энэ хугацаанд төв, орон нутгийн Онцгой байдлын анги, байгууллагын хэмжээнд давхардсан тоогоор 1463 алба хаагч, 672 техник хэрэгсэлтэй үүрэг гүйцэтгэсэн байна.
Алба хаагчид гамшиг, аюулт үзэгдэл, гал түймрийн 27 удаагийн дуудлагаар ажиллаж, нийт 36 иргэнд тусламж, үйлчилгээ үзүүлэн, аюулгүй байдлыг ханган ажиллажээ. Мөн хүн, ам олноор цуглардаг худалдаа үйлчилгээний болон галын онц аюултай нийт 491 объектод гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналт шалгалтыг зохион байгуулж, 1925 зөрчил дутагдлыг илрүүлэн, 568 зөрчлийг шалгалтын явцад арилгуулж, заавал биелүүлэх албан шаардлага 254, мэдэгдэл 174 хүргүүлсэн байна.
Зочин 2025-01-03 202.9.46.99
Солонгос машин гэдэг чинь пивоны лааз л шүү дээ. Хамгийн аминд хартай машин..