Хуучин оюутны зөвлөгөө

Хуучирсан мэдээ: 2010.09.06-нд нийтлэгдсэн

Хуучин оюутны зөвлөгөө

Энэхүү нийтлэлээрээ миний бие өөрийн оюутан үеэ дуртайяа дурсаж, бас уртаас урт дөрвөн жилийн туршлагаасаа хуваалцах болно. Улс оронд оюутан хэдэн мянгаараа тоологдож, жилээс жилд тэд маань нэг л хэвийн асуудалтай учирсаар атал харин түүнийг хэрхэн давах тухай мэдээлэл харин огт алга. Гэтэл шалгалтанд хэрхэн зөв бэлдэх болоод багшийг яаж “найрах” тухай мэдээлэл зөндөө байх юм. Оюутны амьдрал ямар ганцхан шалгалт юм уу? Харин ч бүх юм эсрэг байх шүү. Шалгалт бол оюутны амьдралын маш хэсгийг эзэлнэ. Оюутнууд нэг шалгалтаас нөгөө шалгалтын хооронд хөгжилдөж чаддаг улс.

Миний бие хувийн сахилга бат болоод сэдэв хандлагын тухай барууны орчуулгын сайхан тэнэг нийтлэлүүд уншиж л байлаа. Үгүй дээ, тийм зөвлөгөөнүүд америк сурагчдад л хэрэгтэй юм байгаа биз. Америк оюутанд сайн юм монгол оюутанд зохино гэвэл хол хэвтэнэ. Тэгэхээр дөрвөн жилээ яавал хоосон утаа болгочихгүй байх тухай нийтлэл бичих зайлшгүй шаардлага байгаа юм.

Эхэлцгээе

Зөвлөгөө номер нэг. Биш ээ, бүр номер нойл гэж эхэлье. Яагаад гэвэл энэ зөвлөгөө дунд сургууль төгсөгчид болоод дээд сургууль горилогчдод зориулагдаж байгаа юм. 11 дүгээр анги төгсөхийн алдад сурагчид жинхэнэ халууралд автдаг. Элсэлтийн шалгалт өгөөд дээд сургуульд орох… Энэ үед    тэд “дээд сургуульд орж л байвал аль нь ч хамаагүй” гэж боддог. Энэ буруугаар зогсохгүй хамгийн хортой алхам. 17 насандаа сургуулийн сонголт хэр чухал болох талаар бодож явдаг хүүхэд тун цөөн. Буруу даа. Яагаад гэвэл энэ сонголт хүний үлдсэн амьдралд их нөлөөлдөг. Тиймээс их дээд сургуульд элсэхээр зэхэгчдэд доорх хэдэн асуултанд хариулахыг санал болгож байгаа юм.

1. Би яагаад энэ сургуульд элсэхээр явж байна вэ? Тэнд сурсанаар юунд хүрэх вэ?

2. Сургуулиа төгсөөд ямар ажил хийх вэ? Энэ сургуульд сурч байхдаа олж авсан мэдлэг болоод танил тал ажилд хэрхэн нөлөөлөх бол?

3. Гарцаагүй элсэх баталгаа байсан бол би аль сургуульд элсэх вэ?

4. Дээрх гурван асуултанд хариулсны дараа би аль сургуульд элсвэл таарах вэ?

Нэгдүгээр зөвлөгөө. За ингээд та хүссэн сургуульдаа оржээ. Эхний долоо хоногийн шаналгааг ч давлаа. Багш нарын овог нэрийг ч андахаа больж. Хичээлийн завсараар хаана ам тосдохоо ч мэддэг боллоо. Сайн байна. Харин одоо жаахан амсхийж байгаад бод доо. Энгийн байх үүднээс дахин асуултууд санал болгоё.

1. Энэ сургуулиас анх төрсөн сэтгэгдэл минь яаж өөрчлөгдөв? Ямар шинэ, чухал зүйлийг би мэдэж авав?

2. Энэ сургууль мэдлэгийн тал дээр надад юу өгч чадах вэ? Эдний төгсөгчид хаана хэрхэн ажилд орсон бэ?

3.Энэ сургууль надад мэдлэгээс гадна юу өгч чадах вэ? Танил тал, хэлхээ холбоотой болох уу? Олон нийтийн үйл ажиллагааны туршлага өгч үү? Шинжлэх ухааны замд гараа болж чадах уу?

Та эдгээр асуултанд аль болох эрт хариулж, бас энд сурах нь таны амьдралын зорилготой хэр нийцэж байгааг шударгаар тодорхойлох нь чухал. Сургууль, тэнхимийн сонголт дээр алдаа гаргаснаа оюутан ойлгох нь маш элбэг. Энд сурлаа гээд ирээдүй байхгүйг ойлгох нь ч олонтаа. Ийм бодлоосоо зугтах хэрэггүй. Нөхцөл байдалд өөртөө бүрэн хариуцлага үүрэх ёстой.

Хоёрдугаар зөвлөгөө. Таны дараагийн үйлдэл өмнөх бүлгийн асуултанд хэрхэн хариулсанаас хамаарна. Хэд хэдэн болзошгүй замыг харуулъя.

А нөхцөл байдал: Энэ сургуульд сурах нь танд онолын болоод практик мэдлэг хангалттай өгөхийг та ойлгосон. Дээд дамжааны оюутнууд сайн байгууллагуудад дадлага хийдэг. Энд сурах нь үнэхээр утга учиртай хэрэг. Энэ тохиолдолд бүх юм хялбар. Сургууль төгсөөд хэрэг болох хичээлүүдийг сонгож түүндээ маш сайн суралцаарай. Бусад хичээлийн тухайд “муу” үнэлгээ авчихааргүй тийм хэмжээний цаг гаргахад л болно. Тэр хичээлүүдийг хааяа таслахаас айх хэрэггүй. Заримдаа хэнд ч хэрэггүй хичээл орж л байдаг. Тэр үед цагаа хамаагүй ашигтай зүйлд зарцуулаарай.

Б нөхцөл байдал: Бүх юм яг эсрэгээр. Тухайн сургууль хэнд ч хэрэггүй мэргэжил олгодог юм уу, маш муу сургадаг байж болно. Энд хэд хэдэн чиглэл гарч ирнэ.

-Хэрэв цаг бага үрсэн буюу өөрөөр хэлбэл энэ сургууль танд тохирохгүй гэдгийг нэгдүгээр дамжаандаа мэдсэн бол өөр сургууль руу шилжээрэй. Дөрвөн жил үрсэнээс ганцхан жил алдсан нь дээр шүү.

-Гэтэл цаг хугацаа чамгүй алдсан бол сургуулиа солих нь ухаалаг алхам биш. Тэгэхээр нэг их улайрч хамаг цагаа үрэн диплом авах гэж зүтгэлгүйгээр цаг заваа хичээлээс өөр зүйлд зарцуулна. Дэлгэрэнгүйг доор уншаарай.

Гуравдугаар зөвлөгөө. Хэрэв сургууль танд тохирохоо больж, бас шилжих нь оройтсон байвал яах вэ? Би өөрөө дөрөвдүгээр дамжаанд байхдаа ийм байдалд орж байсан бөгөөд өөртөө доорх хөтөлбөрийг боловсруулсан юм:

1. Сургууль дээр үрэх цагаа аль болох багасгах.

2. Нэгэнт сайн мэдлэг боловсрол авч чадахгүй нь тодорхой учраас энэ сургуулиас авч болох бүхнийг нь шавхаж авах.

3. Оюутан гэдгээ мартаж өөр ашигтай ажил олж түүнд цаг хүчээ дээд зэргээр зарах.

4. Сургуульд сурахаа сэтгэлгээний дасгал мэт хүлээн авч, шалгалтанд ямар ч бэлтгэлгүй орж байх. Харьцааны дадлага мэтээр үзэж хамгийн зэвүүн багш нарыг ятгаж сурах. Хувийн сахилга батаа дээшлүүлж шаардлагатай хичээлүүдэд яс суух.

Энэ бүхэн миний хувьд санаснаар болж өнгөрсөн. Хэдэн жишээ авъя.

-Улирал эхлэхийн өмнө би багш нарын жагсаалт гаргаж, хэний хичээлд хэдэн удаа суулгүй өнгөрөөж болохыг тооцоолоод түүгээрээ явдаг байв.

-Жаахан ханиах л юм бол ядарсан царайлан эмнэлгээр гүйж байгаад эмнэлгийн чөлөө авч ганц нэг долоо хоног өөр юмаа амжуулдаг байлаа.

-Лекцийг бодвол би семинарын хичээлүүдэд тун сайн суудаг байсан. Тэгээд их ярьдаг байлаа. Жаахан сурчихвал их амархан л даа. Үүний дүнд багш нарын толгойд миний тухай “идэвхтэй оюутан” гэсэн мэдээлэл суусан шиг байгаа юм. Мэдээж “автоматаар дүн тавьж өгөөч” гэдэг товчин дээр дарахад амархан болдог.

-Би дөрөвдүгээр дамжаанд байхаасаа олон нийтийн ажилд оролцож эхэлсэн. Дэндүү оройтсон л доо. Энэ хичээлээс зайлсхийх нэг сайн шалтаг болдог юм билээ.

Сургуулиасаа авч болох бүхнийг шавхаж авах:

-Сайн оюутны хувьд өөр улс орон, сургуульд дадлага хийх, оюутан солилцооны хөтөлбөр гээд бүхнийг авах хэрэгтэй.

-Сургуулиар зардлаа даалгах боломжийг ашиглах

-Хөнгөлөлт бүхнийг хүртэх

-Танил тал хэлхээ холбоотой болох бүхнийг ашиглах.

Сүүлийн хоёр дамжаанд байхдаа би 6-7 газар сольж ажилласан. Сургуулийн гадуур элдэв уралдаан тэмцээнд оролцож хэд хэдэн өргөмжлөлтэй болсон. Бас өөрийн бизнесээ эхлүүлж бас унагаад амжсан. Хамгийн гол нь өөртөө итгэх итгэл, бусадтай харьцах чадвар, олны өмнө үг хэлэх зориг, цаг зөв ашиглах зэргийг сурч авсан. Миний ганц харамсдаг зүйл нь дэндүү удаан үлгэр жишээ оюутан явж, хичээл таслалгүй олон дамжаа ардаа үлдээсэн явдал байсан даа. Уг нь хоёрдугаар дамжаанаасаа энэ бүхнийг хийж эхэлсэн бол ч.

Нэг үгээр хэлэхэд оюутнуудад өгөх гол зөвлөгөө маань:
Хичээл сурлагадаа ухамсартай хандах хэрэгтэй. Өөрийн хэтийн зорилгоо байнга тод санаж түүндээ л тэмүүл. Хичээл сурлагад саад болж байсан ч хамаагүй өөрийн зорилго л хамгаас чухал.


Бэлтгэсэн Б.Хүслэн.

Зохиогчийн эрх:
"Үндэстний тойм" сэтгүүл.

    

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж