Хүүхдээ сургууль, цэцэрлэгт нь хүргэж өгөхдөө юу өмсөж байгааг нь анзаардаг уу? Учир нь өмссөн хувцсыг анзаарч байхыг сануулсан гэмээр хэрэг 2022 онд Робб бага сургуульд гарсан юм. Тодруулбал, тус оны тавдугаар сарын 24-нд Увалда хотын бага сургуульд гэмт хэрэгтэн зэвсэгт халдлага үйлдэж, 21 хүүхдийн аминд хүрчээ. Эрх баригчид эдгээр хохирогчдыг танихын тулд өмссөн гутлыг нь ашиглаж байсан бөгөөд энэхүү гунигт явдлыг дурсаж, хохирсон хүүхэд бүрт хүндэтгэл үзүүлэх "77 Minutes in Their Shoes" үзэсгэлэн Остин дахь галерейд болжээ. Хьюстоны зураач Сара Судхофф болон "Lives Robbed" байгууллагын хамтарсан энэхүү үзэсгэлэн нь хүндэтгэл үзүүлэхээс гадна зэвсэгт халдлагыг олон нийтэд сэрэмжлүүлэх зорилготой аж. "Lives Robbed"-ийн ерөнхийлөгч Рубио нь хохирогч хүүхдийн ээж бөгөөд "Хүүхдүүд сургууль дээрээ бай болж байхдаа юу өмссөн бол? Үүнийг америкчуудад хэрхэн ойлгуулж, анхааруулах вэ гэсэн бодлын дагуу уг үзэсгэлэнг гаргахаар шийдсэн" гэжээ.
Үзэсгэлэнгийн нэрэн дээрх "77 минут" гэдэг нь зэвсэгт этгээд Робб бага сургуульд нэвтэрч, цагдаа нар түүнийг барих хүртэл хугацаа юм.
Эх хүний амьдрал, хүйсийн эрх тэгш байдлын талаар сурталчилдаг Куб Америкийн зураач Судхофф "ABC News"-т хэлэхдээ, бэлгийн хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүд хэрэг гарсан өдөр юу өмсөж байсан тухай өгүүлэх үзэсгэлэнгийн адил уг үзэсгэлэн нь олон нийтэд зэвсэгт халдлагын аюулыг сэрэмжлүүлэх болно гэсэн байна. "77 Minutes in Their Shoes" үзэсгэлэнд хохирогч 21 хүүхдээс 13-ийнх нь гутал болон гэр бүлийнхээ хамт авхуулсан зураг нь олон нийтэд дэлгэгдэж буй. Зураач Судхофф хэлэхдээ, таазнаас өлгөгдсөн гутлаас үзэгч олон өнөө цагийн хамгийн эмгэнэлт байдлыг олж харах аж.
Хэдийгээр уг үзэсгэлэн олон нийтийн зэвсэгт халдлагад нэрвэгсдийн дурсгалыг хүндэтгэж байгаа ч гашуудлаар дүүрэн гэдгийг Рубио онцолжээ.
Түүний охин Александриагийн гутал мөн адил байх бөгөөд "Хамгийн хэцүү нь Робб бага сургуульд хохирогч гурван охины ээжүүдтэй хамт эргэн очиж, гутлынх нь зургийг дарж байхдаа тэр хар өдөр хүүхдээ яах гэж сургуульд нь хүргэж өгөв гэж харамссан. Одоо ч хэцүү байна" гэжээ. Үзэсгэлэнг үзсэн хүмүүс сургууль, цэцэрлэгийн орчин аюулгүй байдлыг чангатгах арга замыг сайжруулах хэрэгтэй гэж уриалж эхэлсэн байна. Тэдний нэг нь хэлэхдээ "Би хүн бүрийг ирээд энэ үзэсгэлэнг үзээсэй гэж бодож байна. Хохирогч хүүхдүүд юу үлдээснийг хараасай гэж хүсч байна. Эдгээр балчир үрс айдас дунд нас барсан. Бид ирээдүйд галт зэвсгийн гэмт хэргийг дэлгэрүүлэх бүхий л замыг хориглох ёстой" гэжээ.
Нэргүй 2025-01-02 122.201.31.13
Роб гэж галиглана. Давхар Б Монгол галигт ямар ч үүрэггүй. Орос дүрмээс татгалзая!
Нэргүй 2025-01-02 202.9.46.60
татгалзъя
Нэргүй 2025-01-02 122.201.31.13
Наадах чинь бас Орос дүрэм. Ь, Ъ аль нь ч хэрэггүй.