Үндэстний хүргэн Пак Сон Хун

ХҮМҮҮС

Үндэстний хүргэн Пак Сон Хун

Үндэстний хүргэн Пак Сон Хун

"NEWS" агентлаг "ХҮМҮҮС" буландаа дэлхийн түүхэнд нэрээ мөнхөлсөн нэгнээс эхлэн орчин цагт ололт амжилтаа бататган харуулсан содон, онцгой, салбар бүрийн гоц гойд нэгнийг онцолдог билээ. Энэ удаад "Netflix"-ын алдарт олон ангит "SquidGame"-ын хоёрдугаар бүлэгт өөрийн жүжиглэх ур чадвараа харуулсан Пак Сон Хуныг онцолж байна.


Жүжигчин Пак Сон Хун 2022 оны хит цуврал "Glory"-ийн тэвчиж, тэсэшгүй антагонист Жон Жэ Жүний дүрийг бүтээж, дэлхий нийтэд танигдсан гэж хэлж болно. Үүний дараа "tvN" сувгийн "Queen of Tears" цувралд Юн Юн Соноор эргэн ирж, үзэгч олонд инээсэн бүхэн найз биш гэдгийг ойлгуулжээ. Гэхдээ "Netflix"-ын алдарт олон ангит "SquidGame"-ын хоёрдугаар цувралд хүйс солиулах мэс засалд орох гэж их хэмжээний мөнгө шаардлагатай болсон тусгай хүчний цэрэг асан, тоглогч 120 дугаартай Чо Хён Жүгийн дүрийг маш чадварлагаар бүтээснээр үзэгч олны зэвүүцлийг бус хайрыг татаад буй. Тэрбээр "The Korea Times" агентлагт өгсөн ярилцлагадаа "Одоо олон нийтийн үзэл бодол өөрчлөгдсөн шүү дээ. Өмнө нь хүмүүс бүтээсэн дүрээр нь тухайн жүжигчний жинхэнэ дүр төрх, ааш зан гэж ойлгодог байсан. Одоо бол өөр гэдгийг бүх хүн мэддэг болсон. Тиймээс намайг хүмүүс муу санаатан гэж бодох юм бол би ажлаа маш сайн гүйцэлдүүлжээ гэж өөрөөрөө бахархана. Надад хорон муу санаатны дүрийг бүтээх сайхан байдаг" гэж хэлсэн юм. Түүний амьдрал, ажлын замнал нь хорон санаатны дүрийг чадварлагаар бий болгоход нөлөөлсөн болов уу? Пак Сон Хун бодит байдал дээр хорон муу санаатан, эсвэл бусдын төлөөх 120 дугаартай тоглогч уу гэдгийг сонирхоцгооё.

АМЬДРАЛЫН ЭХЭН ҮЕ

Пак Сон Хун нь 1985 оны хоёрдугаар сарын 18-нд Кёнгидо мужийн Гвачон хотод төржээ. Тэрбээр хоёр эгчтэй бөгөөд аав нь ОУВС-гийн хямралын улмаас банкин дахь албан тушаалаа алдсан аж. Улмаар бага нас нь тийм ч баян тансаг байгаагүй байна. Гэсэн хэдий ч эцэг эх нь хүүхдүүдийнхээ боловсролд хамгийн их анхаардаг байсан тул Сон Хуныг Гвачон гадаад хэлний ахлах сургуулийн франц хэлний ангид оруулсан байна.

Тэрбээр хэл сурахдаа маруухан хүүхэд байсан ч ахлах ангидаа орсон жилээс эхэлж ирээдүйд ямар мэргэжил эзэмшиж, хэрхэн өөрийн нэрийг олон улсад таниулах арга замыг хайх болов. Тухайн үеийн Өмнөд Солонгост дэлгэцийн олон ангит кино эрчээ авч байсан тул хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн жүжигчин болохоор шийдсэн аж. Хэдийгээр гэр бүл нь дургүйцэж байсан ч Сон Хун Дун-Агийн Хэвлэл мэдээлэл, урлагийн дээд сургуульд жүжигчин мэргэжлээр элссэн байна. Тэрбээр 20 настайдаа анхны гол дүрээ бүтээсэн нь найруулагч Жан Жингийн бичсэн Таксины жолооч нэртэй жүжгийн Деокбаегийн дүр байв. Сургууль нь улирал бүрт шинэ жүжиг, уран бүтээл гаргахыг уриалдаг байснаар Сон Хун мартагдашгүй дурсамж дүүрэн туршлага хуримтлуулдаг байсан гэж дурсжээ. Эдгээр он жилүүдэд Сон Хун театрын урлагт улам бүр татагдаж, үүгээр дамжуулан олон нийтийг зөв зүйлд уриалах боломжтой болсон аж.

 

УРЛАГИЙН ХЭЦҮҮ ОН ЖИЛҮҮД

Сон Хун 2008 онд сургуулиа төгсөөд "Route 21" нэртэй театрын компанид ажиллах болжээ. Тайзан дээр олон төрлийн дүрийг амилуулах хүсэл эрмэлзэлтэй байсан ч сорилтууд тулгарч байв. Урлаг хатуу гэдгийг дөнгөж ажилд орсон цагаасаа эхлэн мэдэрч, амьжиргаагаа залгуулахын тулд тэрбээр оройн цагаар давхар ажил хийх болжээ. Гэсэн хэдий ч шинэхэн жүжигчнийг урлагийн магнатууд тоож хэлэлцсэнгүй. Сон Хун ажилд орсноосоо хойш есөн сарын хугацаанд театртаа хоноглох болж, ахмад жүжигчин, багш нараасаа дүр авах гэж их зүдэрсэн тухайгаа ярьсан байдаг.

Тэрбээр энэ хугацаанд ердөө 50 мянган вон л олж чадсан бөгөөд гэр бүлийнхээ дургүйцлийг эсэргүүцэн байж жүжигчин болсон тул бууж өгөх ёсгүй гэдгээ мэдэж байв.

Улмаар театрт орсноос нэг жилийн дараа ажлаасаа гарч дэлгэцийн уран бүтээлд туслах дүр бүтээх болжээ. Тэрбээр "A Frozen Flower", "Jeon Woo-chi: The Taoist Wizard" зэрэг кинонд жижиг туслах дүрд тоглож, ажлын туршлагаа нэмэгдүүлж байв. Гэсэн хэдий ч 2011 онд дебют хийх хүртлээ хангалттай хэмжээний орлого олж чадаагүй аж. Томоохон агентлагт элсэн орсон ч боломж хомс хэвээр байсан бөгөөд нэг жилд гурван удаа арай гэж олдсон сонгон шалгаруулалтад орсон ч тэнцээгүй. Энэ мэтчилэн эхний хэдэн жилүүд хэцүү байсан тул шантарч, хэсэг хугацаанд жүжигчний амьдралаас холдсон байна. Сон Хун кино, жүжигт тоглоогүй байхдаа концертын танхимд цагийн ажил хийдэг байжээ.

Тэрбээр "Pump Boyz", "Hedwig Show", "Yoon Do-hyun’s Band Concert" зэрэг хөгжмийн концертод хөтлөгч, бараа борлуулагчаар ажилласан.

Гэхдээ Сон Хуны хувьд хөтлөгч хийх нь амжилт биш мэт санагдаж байсан ч энэ нь ахмад жүжигчдийн анхаарлыг татаж, тэдэнтэй танилцаж, харилцах боломжийг олгосон юм. Улмаар Сон Хун Shownote-ийн багийн ахлагчтай уулзаж, жүжигчний карьераа дахин эхлүүлэх боломж олджээ.

ШИНЭ ДҮР ТӨРХ 

Сон Хуны карьерын эхний он жилүүд хэцүү байсан ч 2011 онд тэрбээр "Inside the Minke Whale" жүжигт тоглосноор бүх зүйл өөрчлөгдөв. Хүн бүр өмнө нь төдийлөн анзаардаггүй байсан Сон Хун уг жүжигт тоглосны дараа маш олон санал ирэх болсон байна. Сон Хуны тухайн үед тоглосон уран бүтээлүүдээс дурдах юм бол "Moon Embracing the Sun", "Big" зэрэг бөгөөд 2013 онд "Rooftop Room Cat" жүжгийн гол дүрд тоглосноор Өмнөд Солонгосын бүх л алдартай найруулагчийн анхаарлыг татаж чаджээ. Мөн тус жил "You Are the Boss!" драм болон "Model Students" жүжгийн гол дүрд тоглож, нэгэн зэрэг олон төслийг хэрэгжүүлэх чадвараа харуулсан байна.

Хамгийн их сайшаалыг хүртсэн дүр нь "Almost, Maine"-ын гол дүр байжээ.

Сон Хуны олон нийтэд авьяас чадвараа бататгаж чадсан бүтээлүүдээс дурдвал "Three Days", "Judo Boy" болон гадуурхагдсан бүлгүүдийн нийгмийн тэмцлийн тухай өгүүлдэг "The Pride" юм. Тэрбээр мөн "Six Flying Dragons" түүхэн жүжигт тоглож, уг дүрээрээ 2015 онд шилдэг жүжигчин шагналын эзэн болж байжээ.

Хэдийгээр театр, дэлгэцийн уран бүтээлд урлагийн өндөр авьяастай гэдгээ харуулж, ахмад жүжигчин, найруулагчдын бахархал болж чадсан ч олон нийтэд төдийлөн танигдаагүй байлаа.

Улмаар 2016 онд Сон Хун "BH Entertainment"-тай гэрээ байгуулснаар дэлхий нийтэд танигдах алхам тавигдсан байна.

СОН ХУН ОЛОН УЛСАД

Өмнөд Солонгосын уран бүтээл олон улсад цацагдаж эхэлснээс хойш Сон Хуны алдар нэр нэмэгдэв. Тэрбээр 2018 онд "Gonjiam: Haunted Asylum" аймшгийн киноны гол дүрээр танигдаж, олон улсад уг кино нь эхний тавд шалгарах болжээ.

Тухайн жилдээ "KBS2" телевизийн "My Only One" драмад тоглосон бөгөөд шүдний эмч Жан Го Раегийн дүрээр "үндэстний хүргэн" цолыг хүртэж, 2018 оны "KBS"-ээс "Шилдэг шинэ жүжигчин" шагналыг хүртжээ.

2019 онд "Kim Bok-dong", "Justice and Psychopath Diary" гэсэн хоёр кинонд тоглосон бөгөөд "Forbidden Dream" түүхэн кинонд угсаа залгамжлах ханхүү И Хянгийн дүрийг чадварлаг бүтээсэн юм.  2020 онд Сон Хун "Memorials" кинонд тоглож, "KBS Drama Awards"-аас шилдэг жүжигчний шагналыг хүртсэн байна. Дараа жил нь "Joseon Exorcist", "My Daughter" зэрэг уран бүтээлд ажиллаж, мөн адил шагналыг тоогоо нэмэгдүүлсэн аж.

2022 онд Сон Хун "Netflix"-ийн цуврал "The Glory"-д туслах дүрийг бүтээж,  дэлхий даяар алдаршсан бөгөөд 2023 онд "Squid Game"-ийн хоёрдугаар улиралд тоглох урилга авчээ. Сон Хун "Squid Game"-ийн 120 дугаартай Чо Хён Жүг бүтээх болсон шалтгааныг найруулагч нь хэлэхдээ "Өмнөд Солонгост транс хүмүүсийг тийм ч таатай хүлээж авдаггүй. Гэхдээ Сон Хуны жүжигчний туршлага үүнийг бий болгоход тусална гэж найдсан" гэсэн юм. Үүний дагуу Сон Хун уг дүрийг чадварлаг бүтээж, шүтэн бишрэгчдийг армитай болжээ. Гэхдээ урлагийн амьдралаас гаднах түүний хувийн амьдралд ганц л хайр дурлал тохиолдсон гэлтэй. Тэрбээр жүжигчин Рю Хён Кёнтой зургаан жил болзсоны эцэст 2022 онд салсан байдаг. Тэрбээр одоо ганц бие хэвээр байгаа ч Бокс нэртэй нохойтоогоо аялах хамгийн их дуртай гэнэ.

 

 

 

ЭХ СУРВАЛЖ: CELEBSLINE, WIKIPEDIA, WIKIBIO, STARSUNFOLDED

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

yndesten + yi 2025-01-02 132.194.13.93

sonyyduig + xitadyyduig tseregjiltsen yum shig bna BTgeed xamtlguin setgyyl xarxnein,xaalttai baixad DAIJSAN XYMYYS Nig, yalatuin bayr chuni,

– deni pobedi 2024;

Avatar

jyjnt 2025-01-02 50.147.160.114

ifc

Avatar

Зочин 2025-01-02 59.153.87.54

эр юм уу?

Avatar

Нэргүй 2025-01-02 47.227.179.89

таранс

Avatar

М 2025-01-02 202.179.15.226

Эр ээ эр. Кинонод транс дүр бүтээсэн юм

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж