Энэ онд хэрэгжих хүүхдэд чиглэсэн онцлох ажлууд

Энэ онд хэрэгжих хүүхдэд чиглэсэн онцлох ажлууд

Энэ онд хэрэгжих хүүхдэд чиглэсэн онцлох ажлууд

Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсан нь 2024 оны эрх зүйн томоохон шинэчлэл болсон. Хуулийн хүрээнд 13 хуульд нэмэлт өөрчлөлт орсон бөгөөд 30 гаруй журмыг шинэчлэх болон шинээр баталсан юм. Мөн дээрх хуульд хүүхэд хамгааллын төсвийг тодорхой болгон тусгасан. Ингэснээр салбар бүр өөрийн төсөвтөө хүүхдийн хөгжил, хамгааллын чиглэлийн дагуу төсвийг батлах үүрэг хүлээж байгаа юм. Үүнд, орон нутгийн төсөв ч мөн адил хамаарна.

СУМ ХОРОО БҮРТ ХҮҮХДИЙН БАЙЦААГЧ АЖИЛЛАНА 

Өнгөрсөн хугацаанд хүүхдийн тусламжийн 108 утсанд ирсэн дуудлага болон бусад эх сурвалжаас ирсэн мэдээллийг нэгтгэн дүгнэхэд, хүүхдүүд гэр бүлийн орчиндоо илүүтэй хүчирхийлэлд өртөж, эрх нь зөрчигдсөн байдаг.

Тиймээс энэ жилээс гэр бүлд суурилсан хүүхэд хамгаалал гэдэг концепцоор ажиллаж, эцэг эх, асран хамгаалагчдад чиглэсэн урьдчилан сэргийлэх болон сургалт нөлөөллийн ажилд анхаарч ажиллана гэдгийг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар /ХГБХХЕГ/-аас мэдээлж байсан юм. Түүнчлэн өнгөрсөн хугацаанд аймаг, дүүргийн түвшинд хүүхдийн эрхийг хангах газар, хэлтсүүд ажиллаж байгаа боловч яг анхан шатны нэгж буюу сум, хороонд хүүхэд гэр бүлийн нийгмийн ажилтангүй ажилласаар ирсэн. Энэ нь олон сул талтай байсныг хүүхэд хамгааллын хуулийн шинэчлэлээр тодорхойлсон аж.

Тодруулбал, хүн амын тооноос хамааран сум, хороо, томоохон багуудад мэргэжлийн нийгмийн ажилтантай болохоор болсон. Төсвийн хуулийн дагуу 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжинэ.

Мөн хүүхдийн олон нийтийн байцаагч сум, хороо бүрт ажиллахаар шинээр тусгасан юм.

37400 ХҮҮХДИЙГ ХАРААНЫ ҮЗЛЭГТ ХАМРУУЛНА

Цэцэрлэг, сургуулийн хүүхдийн нүдний эрүүл мэндийг дэмжих төслийн нээлт /2024.05.22/ болсон. Төслийг Орбис олон улсын байгууллага болон Боловсролын ерөнхий газар хамтран хэрэгжүүлж буй. Цэцэрлэг, сургуулийн хүүхдийн нүдний эрүүл мэндийг дэмжих төслийн гол зорилго нь хүүхдийн харааны урьдчилан сэргийлэх үзлэгийн шинэ аргыг нэвтрүүлж, сургууль цэцэрлэгт түшиглэсэн хүүхдийн нүдний эрүүл мэндийн тогтолцоог үүсгэхэд шаардагдах чадавхыг бий болгох юм.

Үүний хүрээнд Улаанбаатар хотын Хан-Уул, Багануур дүүрэг болон Архангай, Дорноговь, Дархан-Уул, Дундговь, Завхан болон Төв аймгийн 33 сургууль цэцэрлэгийн 221 эмч, багш, нийгмийн ажилтанд хараа шалгах чадавхыг эзэмшүүлэхээс гадна нийт 37400 хүүхдийг харааны үзлэгт хамруулна. Төсөл 2024-2027 он хүртэл гурван жилийн хугацаатай хэрэгжинэ.

ХҮҮХДИЙН ХООЛНЫ МӨНГӨНД 221 ТЭРБУМ, ХҮҮХДИЙН МӨНГӨНД 1.6 ИХ НАЯДЫГ ЗАРЦУУЛНА

Монгол Улсын Засгийн газрын /2024.12.30/ ээлжит бус хуралдаанаар ерөнхий боловсролын сургуулийн үдийн хоолны түүхий эдийн зардлыг 1000 төгрөгөөр нэмэгдүүлж 2500 төгрөг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын дотуур байранд амьдрах хүүхдийн хоолны түүхий эдийн зардлыг 2000 төгрөгөөр нэмэгдүүлж 6000-6300 төгрөг болгон тогтоосныг Боловсролын сайд П.Наранбаяр мэдээлсэн.

Тодруулбал, 2024 онд цэцэрлэгийн хүүхдийн хоолны түүхий эдийн зардлыг 1000 төгрөгөөр нэмэгдүүлснээс гадна үдийн хоол, дотуур байранд амьдарч буй хүүхдийн хоолны зардлыг нэмж, 221 тэрбум төгрөг зарцуулахаар 2025 оны улсын төсөвт тусгасан юм. Ингэснээр хүүхдийн хоол хүнсээр авбал зохих илчлэг, шим тэжээлийн хэмжээ, хоолны орц, найрлага сайжирч, олон нэр төрлийн хүнс хэрэглэх боломжтой болно хэмээн үзэж буй.

Түүнчлэн 2025 онд хүүхдийн мөнгөнд 1.6 их наядыг зарцуулахаар тусгасан аж.

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДЭД НИЙГМИЙН БҮХ ҮЙЛЧИЛГЭЭГ ҮЗҮҮЛЭХ ДЭМЖИХ ТӨВИЙГ БАЙГУУЛНА

Манай улсад хөгжлийн бэрхшээлтэй 12.700 хүүхэд байгаагийн 3.000 нь хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй.

2025 оноос хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд олгох тэтгэмжийг 30 хувиар нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн.

Ингэхдээ, хөдөлмөр засал, хөдөлгөөн засал, хэл засал, боловсрол, асран хамгаалагчдад зориулсан зөвлөгөө, дэмжлэг өгөх, аав ээжийг нь хүүхдээ харангаа хөдөлмөр эрхлэх боломжоор хангах зэрэг нийгмийн хамгааллын бүхий л үйлчилгээг үзүүлэх дэмжих төвүүдийг байгуулахаар улсын төсөвт тусгажээ.

2025 ОНООС ХОЙШ ТӨРСӨН ХҮҮХДҮҮДИЙГ "БЕТА" ҮЕ ГЭЖ НЭРЛЭНЭ 

Сонирхуулахад, 2025 онд төрөх хүүхдүүд шинэ "бета" үеийн анхны төлөөлөгчид болох аж.

Ойролцоогоор 2039 он хүртэл үргэлжлэх энэ үе нь "альфа" үеийнхний дараах үе болох юм байна. Шинэ үеийн хүүхдүүд уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн шилжилт хөдөлгөөн, хурдацтай хотжилт зэрэг "нийгмийн ноцтой сорилтуудтай" тэмцэж буй дэлхийг өвлөн авна гэж хүн ам зүйн судлаачид үзэж байна.

 

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж