Танилц: 2025 онд тохиох алдаж боломгүй спортын арга хэмжээнүүд

Танилц: 2025 онд тохиох алдаж боломгүй спортын арга хэмжээнүүд

Танилц: 2025 онд тохиох алдаж боломгүй спортын арга хэмжээнүүд

Шинэ он, шинэ жилд олон гайхалтай спортын арга хэмжээнүүд дэлхий нийтийг хүлээж байна. Та бүхэндээ 2025 онд тохиох онцлох спортын тэмцээн, уралдаануудын талаар хүргэе. 


  1. АВСТРАЛИЙН НЭЭЛТТЭЙ ТЭМЦЭЭН – Нэгдүгээр сарын 12-26-ны өдрүүдэд

Новак Жокович шинэ оны Гранд Сламын түрүүтэй угтахыг хүсч байна. Түүний хувьд өнгөрсөн жил хагас шигшээд хожигдож, гунигтайгаар тэмцээнээ өндөрлүүлсэн. Тэгвэл энэ жил ач холбогдол өгч, нэгэн цаг үед өрсөлдөгч байсан Их Британийн зодог тайлсан тамирчин Энди Маррейг дасгалжуулагчаараа ажиллуулахыг хүсчээ. Шинэхэн багш, шавь хоёрын харилцаа ч талбай дээр болон талбайн гадна гайхалтай байгаа гэнэ. Мэдээж Жокович Гранд Сламын 25 дахь түрүүгээ хүртэж, дээд амжилтаа ахиулахыг хүсч байна. Түүний замд олон өрсөлдөгчид бий. Жишээлбэл, өнгөрсөн жилийн тус тэмцээний аварга, дэлхийн чансааг тэргүүлэгч Янник Синнер. Эмэгтэйчүүдийн төрөлд Арина Сабаленка гурав дараалан түрүүлэхийг хүсч байгаа нь лавтай.

2. АЗИЙН ӨВЛИЙН НААДАМ – Хоёрдугаар сарын 7-ноос 14-ний өдрүүдэд

Ес дэх удаагийн Азийн өвлийн наадам Хятадын Харбин хотноо болно. 34 улсын тамирчид 11 спортын 64 төрлөөр медальтнуудаа тодруулна. Монгол Улсаа төлөөлөн спортын есөн төрөлд 80 гаруй тамирчин өрсөлдөнө.

3. СУПЕР БОУЛ – Хоёрдугаар сарын 9-ний өдөр

Нью-Орлеанс хотноо 59 дахь удаагийн супер боулын тоглолт болно. Патрик Махомсоор ахлуулсан Канзас Сити Чифс баг дахин нэг удаа аваргаа хамгаалахаар ирэх магадлал өндөр байгаа. Тэд сүүлийн таван жилийн дөрөвд нь аваргын төлөө шалгарсан гэх сүрдэм амжилттай. Үүнээс хоёр дараалан түрүүлээд байгаа билээ. Мөн энэ өдрийн онцлох үйл явдал нь их завсарлагаанаар алдарт реппер Кендрик Ламар өөрийн шоуг толилуулна.

4. ФОРМУЛГА 1 – Гуравдугаар сарын 14-нөөс арванхоёрдугаар сарын 7-ны өдөр

Формулга 1-ийн шинэ улирал Австралид эхэлнэ. Энэ жил өмнөх жилүүдээс илүү хүлээлттэй байгаа нь алдарт Льюис Хэмилтон Феррари багтайгаа гэрээ байгуулж, Мерседесийг орхисон юм. Шинэ багтайгаа, шинэ хүлэгтэйгээ түүнийг ямар амжилт үзүүлэх вэ гэх асуулт сонирхол татаж байна. Тэрбээр Мак Верстапены дөрвөн жил түрүүлээд байгаа ноёрхлыг зогсоож чадах болов уу?

5. ХӨНГӨН АТЛЕТИКИЙН ДАШТ – Гуравдугаар сарын 21-нээс 23-ны өдрүүдэд

Нанжин хот эцэст нь хөнгөн атлетикийн ДАШТ-ийг хүлээн авч байна. Тэд угтаа 2020 онд хүлээн авах байсан ч цар тахлын улмаас хойшилсон билээ.

6. ОСТИН МЭЙЖОР – Зургадугаар сарын 9-нөөс 22-ны өдрүүдэд

Цахим спортын "CS2" төрлийн дэлхийн аварга гэж хэлж болохуйц Мэйжор тэмцээн ирэх зун АНУ-ын Остин хотноо болно. Дэлхийн шилдэг 24 баг 1.2 сая ам.доллар, түүхэнд дуурсагдах нэр алдрын төлөө өрсөлдөх болно. Шанхайн Мэйжорт азгүйтсэн Монголын "The MongolZ" баг амжилтаа ахиулахыг үгүйсгэхгүй.

7. ЖҮДОГИЙН ДАШТ – Зургадугаар сарын 13-наас 20-ны өдрүүдэд

38 дахь удаагийн жүдогийн ДАШТ ирэх зуны эхэн сард Унгарын Будапешт хотноо болно. Ирэх олимпийн цикльд гялалзах ододтой бид танилцах болно. Мөн шинэ дүрэм хэрэгжиж эхлэх тул олон сонирхолтой барилдаан болох нь лавтай.

8. ХӨЛБӨМБӨГИЙН КЛУБУУДЫН ДАШТ – Зургадугаар сарын 15-наас долдугаар сарын 13-ны өдрүүдэд

Олон улсын хөлбөмбөгийн холбоо, ивээн тэтгэгчдээс өөр хэн ч хүсээгүй 63 тоглолт бүхий клубуудын ДАШТ хөлбөмбөг сонирхогчдыг хүлээж байна. Тив бүрээс шигшэгдсэн 32 баг АНУ-д зуныг өнгөрүүлнэ.

9. 3Х3 САГСАН БӨМБӨГИЙН ДАШТ – Зургадугаар сарын 23-наас 29-ний өдрүүдэд

Монгол Улс анх удаагаа 3х3 сагсан бөмбөгийн насанд хүрэгчдийн ДАШТ-ийг хүлээн авна. Энэ ч утгаараа ач холбогдол өгч, эрэгтэй шигшээ багийн тамирчид жилийн өмнөөс бэлтгэлдээ гарсан. Тэд дотоодын лигтээ ч тоглохгүй зөвхөн 3х3 сагсан бөмбөгтөө анхаарлаа хандуулж байгаа билээ. Таван тивийн 40 баг Улаанбаатар хотноо өрсөлдөнө.

10. ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЕВРОПЫН АВАРГА – Долдугаар сарын 2-ноос 27-ны өдрүүдэд

Швейцарь улсад эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн Европын аварга болно. Нийт 41 сая еврогийн шагналын сантай тэмцээний фаворитоор дэлхийн аварга Испани, Англи, Франц зэрэг улсууд нэрлэгдэж байна.

11. ТУР ДЕ ФРАНЦ – Долдугаар сарын 5-наас 27-ны өдрүүдэд

112 дахь удаагийн дэлхийн дугуйн спортын ноён оргил тэмцээн Франц улсад эхэлнэ. Харин дөрөв дэх удаагийн эмэгтэйчүүдийн Тур де Франц долдугаар сарын 3-ны өдрүүдээс үргэлжилнэ.

12. 2025 ОНЫ АЗИЙН АВАРГА – Наймдугаар сарын 5-наас 17-ны өдрүүдэд

Сагсан бөмбөгийн Азийн 31 дэх удаагийн аварга шалгаруулах тэмцээн Саудын Арабд эхэлнэ. Монголын шигшээд оролцох боломж бага хэдий ч байгаа. Ирэх оны хоёрдугаар сард Гуамыг талбай дээр нь 14 оноогоор нь хожвол хэсэгтээ гуравдугаар байрт шалгарч, эрх олгох эцсийн шатанд шалгарах аж.

13. ЧӨЛӨӨТ БӨХИЙН ДАШТ – Есдүгээр сарын 13-наас 21-ний өдрүүдэд

Хорватын Загреб хотноо чөлөөт бөхийн ДАШТ болно.

14. АФРИКИЙН ЦОМ – Арванхоёрдугаар сарын 18-наас 2026 оны нэгдүгээр сарын 18-ны өдрүүдэд

Хөлбөмбөгийн Африкийн цом энэ оны сүүлийн том тэмцээнээр тодорч байна. Морокко улс 1988 оноос хойш анх удаагаа, түүхэндээ хоёр дахь удаагаа тивийнхээ хамгийн том тэмцээнийг зохион байгуулна. Дэлхийн аваргыг хүлээн авах улс бэлтгэл ажлаа хэрхэн хангаж байгааг харах сайхан боломж гарчээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж