"Надад хоногийн 24 цаг хаанаа ч хүрэлцдэггүй" гэж ярих энэ эмэгтэйг Л.Болормаа гэдэг. Тэрбээр нөхөр, дөрвөн хүүхдийн хамт амьдардаг жирийн одонтой ээж. Түүний хувьд хүүхдүүдээ өсгөхийн хажуугаар хоёр жилийн өмнөөс өөрийн жижиг бизнесээ эхлүүлжээ.
Баянхошууны гэр хороололд комиссын хувцасны дэлгүүр ажиллуулахын зэрэгцээ бариа засал, айлын цэвэрлэгээний ажил гээд 3-4 ажил давхар хийдэг гэнэ.
Ойр хавийнхан нь толгой нь доргисон хүүхдээ тэвэрч ирээд бариулна. Мөн хэвтрийн өвчтэй хүмүүст гэрт нь очиж, бариа хийдэг аж. Үүнээс гадна долоо хоногийн 1-2 өдөр айлд цэвэрлэгээ хийж, комиссын барааны бөөний төвд туслах ажилтнаар ажилладаг байна. Нөхөр нь барилгын ажил хийдэг бөгөөд нөхөртөө нэмэр болж, гэртээ зүгээр суухыг хүсээгүй гэдгийг тэрбээр хэлж байв.
Тэрбээр өөрийн жижигхэн дэлгүүрээ "Болор арал" гэж нэрлэжээ. Мөрөөдлөө биелүүлж, сайхан амьдрахыг бэлгэдэн ийн нэрлэжээ. "Би хоёр дахь жилдээ комиссын хувцасны дэлгүүрээ ажиллуулж байна. Бага хүүгээ төрүүлээд, урт цагаар ажиллах боломжгүй болсон. Тэгээд л гэртээ болон хүүхдүүдийнхээ сургууль, цэцэрлэгт ойр газар ажиллахыг хүсч, өөрийн жижиг бизнесээ эхлүүлсэн" гэдгийг Л.Болормаа хэлсэн юм.
Түүний жижигхэн дэлгүүр гэр хорооллын гудамж дунд байрлах аж.
Ганц нэг хүмүүс комиссын хувцас сонирхож, үнийг нь асууна. Харин худалдан авах нь цөөн байлаа. Малгайтай цамц гэхэд 10-25 мянган төгрөг, эмэгтэй болон хүүхдийн цамц 10-15 мянган төгрөг, хөнжил гэхэд 10-30 мянган төгрөгийн үнэтэй зарж байв. Комиссын хувцаснаас гадна дэвтэр, үзэг гээд бичиг хэргийн бараа зарна.
Иргэдийн хувьд сарын эхэнд тэтгэвэр буух, сар бүрийн 20-нд хүүхдийн мөнгө орох, сар бүрийн 15-нд цалингаа авсан өдрүүдээр худалдан авалт харьцангуй сайжирдаг гэнэ.
"Хүмүүс комиссын дэлгүүрээс ажлын хувцас голдуу худалдаж авдаг. Мэддэг хүмүүс нь комиссын хувцас чанартай материалтай байдаг гэлцдэг. Зарим хүн одоо комиссын хувцас байдаг юм уу гэдэг. Гэр хороололд комиссын хувцсаар хүүхдээ хувцасладаг айл олон бий. Хүйтний улиралд хүүхдэдээ малгайтай цамц, цасны өмд, куртка ихэвчлэн худалдан авдаг" талаар тэрбээр ярьсан юм.
Комиссын хувцасны дэлгүүр нь өдөр бүр тогтмол орлоготой байж чаддаггүй гэнэ. "Заримдаа 10, 20 мянган төгрөгийн орлого ордог ч тэр мөнгөө их, бага гэж чамладаггүй. Хүнээс мөнгө гуйхгүйгээр өдрийн талх, сүүгээ аваад л хүүхдүүд рүүгээ яарах мэдрэмж хамгийн сайхан" гэдгийг Л.Болормаа хэлсэн юм.
Тэрбээр "Би 18 настайдаа орон нутгаас хотод ирж, амьдарсан. Би есөн настайдаа ээжээ алдаж, амаргүй амьдралыг туулсан болохоор ямар ч асуудалд бууж өгөхийг хүсдэггүй. Тиймээс олон хүүхэдтэй гэж бусдад ялархахгүйгээр, амьдралыг сөрж, ямар нэгэн аргаар шийдэж, давж гарахыг хүсдэг.
Хүнд төвөг удахыг хүсдэггүй. Өнөөдөр ажиллаж хөдөлмөрлөж олсон хэдэн төгрөгөө сэтгэл хангалуун зарцуулдаг" хэмээн инээмсэглэн хариулна.
"Ер нь эрүүл саруул, элэг бүтэн гэр бүлээрээ халуун дулаан уур амьсгалтай амьдрах л хамгийн аз жаргалтай амьдрал гэж боддог" гэж өгүүлэх энэ эмэгтэй амьдралыг сайхнаар харж, байгаагаа бусдад хуваалцахыг хичээдэг тухайгаа ярьсан юм.
Гэрэл зургийг Л.Энх-Оргил
Сайшаалт Ерөөлт 2025-01-02 202.126.90.147
…өнөөгийн МОНГОЛ ХҮНИЙ ЭГЭЛ БОР АМЬДРАЛ..
Нэргүй 2025-01-02 188.162.254.64
жинхэнэ улных нь амьдралын ганцхан жишээ ! албан тасалгааны цонхоор амьдрал сайхан харагддагыг аль 35 жилийн омноос дуулж байсан, оноодор яг адилхан !!!!!!!дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид шургалсан, дахин дахин шургалахыг шунан дурладаг байгууллагыг тараая !!!!!!
Зочин 2025-01-02 202.9.40.216
Төр засгийн бандааш суганы үс хүүхнүүдээс 1000 дахин илүү эмэгтэй байна.
Нэргүй 2025-01-02 202.72.245.121
зүтгэлтэй сайхан эмэгтэй байна. Хөдөлмөрийн хишиг хамгийн үнэт баялаг
ТӨР өөрөөө 2025-01-02 202.70.43.34
Иргэн бүр ХАРИУЦЛАГАЖААД Биеэ толгойгоо дааж л байвал тэр ХӨГЖИЛ мөн. Төр бүхэнд оролцоод л Гадны Хөрөнгө оруулалттай төслүүдэд Гар хуруугаа дүрэхээс авахуулаад Иргэдийхээ ор хөнжилийн ажил хийгээд тогоо шанагаруу нь өнгийгөөд унавал тэр УНАЛТ ДОРОЙТОЛ мөн