Украины байгалийн хийн транзит оператор "Нафтогаз" болон Оросын "Газпром" хоёрын хооронд байгуулсан таван жилийн гэрээ өнөөдрөөр /2025.01.01/ дуусгавар болж байна. Ийнхүү гэрээний хугацаа дууссанаар Оросын байгалийн хийг Украинаар дамжуулан Европын холбооны орнууд руу нийлүүлэх боломжгүй болно.
Украины ерөнхийлөгч Зеленский жилийн өмнө "Бидний цусаар нэмэлт тэрбумыг олох зөвшөөрлийг ОХУ-д олгохгүй" гэж мэдэгдэж байв. Мөн энэ хугацаанд бэлтгэлээ базаах боломжийг Европын холбоонд олгосон юм.
Харин Европын комисс энэ талаар байр сууриа илэрхийлэхдээ "Тивийн байгалийн хийн систем уян хатан. Иймд Украины нутгаар дамжин өнгөрөх байгалийн хийн тээвэрлэлтийг дуусгасан ч хангалттай хүчин чадалтай" гэжээ. Украин дамжуулагчийн үүргээс татгалзсан ч ОХУ Хар тэнгисээр дамжсан хоолойгоор Унгар, Турк, Серби рүү хий дамжуулах боломжтой хэвээр байна.
Украин дахь дайн эхэлснээс хойш Европын холбоо Оросоос авах байгалийн хийн импортоо мэдэгдэхүйц бууруулсан. Гэсэн ч зүүн бүсийн хэд хэдэн орон Оросын нийлүүлэлтээс ихээхэн хамааралтай хэвээр байна. Тоо баримт харвал, 2021 онд Оросын байгалийн хий Европын холбооны нийт импортын 40 хувийг бүрдүүлж байсан бол 2023 онд 10 хүрэхгүй хувь болж буурчээ.
Украины шийдвэр Словакт хурцадмал байдал үүсгэх төлөвтэй байна. Учир нь Словак бол Оросын байгалийн хийн Европын холбоонд нэвтрэх гол цэг болсон улс юм. Словак нь байгалийн хийг Австри, Унгар, Итали руу дамжуулах замаар дамжин өнгөрөх тээврийн хураамж авдаг.
Тус улсын ерөнхий сайд Роберт Фико өнгөрсөн Баасан гаригт ОХУ-д гэнэтийн айлчлал хийхдээ Украинд цахилгаан нийлүүлэхээ зогсооно гэж мэдэгджээ. "Энэ мэдэгдлээрээ Фико украинчуудад илүү их зовлон учруулах Оросын оролдлоготой нэгдэж байна" гэж Зеленский хэлжээ. Словак цахилгааны экспортоо зогсоовол Украинд дэмжлэг үзүүлнэ гэдгээ Польш амлаад байна. Энэ нь эрчим хүчний дэд бүтцүүд нь байнга халдлагад өртдөг Украины хувьд нэн чухал амлалт юм.
3,595.38






















































Холбоотой мэдээ