Үндэсний статистикийн хорооноос 2024 оны мал тооллогын урьдчилсан дүнг танилцуулжээ. Улсын хэмжээнд 2024 оны эцэст мал тооллогын урьдчилсан дүнгээр 57.6 сая толгой мал тоологдсон байна. Энэ нь малын тоо толгой өмнөх оноос 7 саяар буюу 10,9 хувиар буурсныг харуулсан юм. Тоон мэдээллээс харвал тэмээн сүргээс бусад малын тоо толгой буурсан үзүүлэлттэй харагдаж байна. Тодруулбал, адуу 4.7 сая болж 3.1 хувиар буурсан бол үхэр 5.1 сая болж 5.2 хувиар буурсан байна. Тэгвэл хонь 24.5 сая болж 16.7 хувиар буурсан бол ямаа 22.9 сая болж 6.9 хувиар тус тус тоо толгой нь буурсан байна. Харин тэмээ 480.6 мянга болж 1.4 хувиар өсчээ.
Мал тооллогын урьдчилсан дүнгээр Хөвсгөл аймаг 5.2 сая толгой мал тоолуулж малын тоогоороо тэргүүлжээ. Өвөрхангай аймаг 5.1 сая толгой мал, Төв аймаг 4.2 сая толгой мал, Архангай аймаг 4.1 сая толгой мал, Баянхонгор аймаг 4.0 сая толгой мал тоолуулж малын тоо толгойгоор дээрх таван аймаг тэргүүлсэн байна.
2024 оны мал тооллогын урьдчилсан дүнгээр Архангай аймаг адуу, үхрийн тоогоор, Өмнөговь аймаг тэмээний тоогоор, Өвөрхангай аймаг хонины тоогоор, Баянхонгор аймаг ямааны тоогоор тус тус тэргүүлжээ.
2024 оны тооллогын урьдчилсан дүнгээр нийт мал сүргийн 42.5 хувийг хонь, 39.8 хувийг ямаа, 8,8 хувийг үхэр, 8,1 хувийг адуу, 0,8 хувийг тэмээ тус тус эзэлж байна. Улсын хэмжээнд 2024 онд нийт 16.1 сая төл бойжуулсан байна. Төллөсөн хээлтэгч өмнөх оноос 3.9 сая, бойжсон төл 2.3 сая толгойгоор буурсан байна.
Улсын хэмжээнд 9.3 сая толгой том мал зүй бусаар хорогдсон байна. Хорогдлыг малын төрлөөр авч үзвэл хонь 5.0 сая, ямаа 2.9 сая, үхэр 792.4 мянга, адуу 553.8 мянга, тэмээ 11.2 мянган толгойгоор тус тус хорогджээ.
3,569.17






















































Холбоотой мэдээ