Оросын армид тулалдаж буй Хойд Солонгосын цэргүүдэд орос нэртэй хуурамч иргэний бичиг баримт өгсөн байж болзошгүй байна. Украины тусгай ажиллагааны хүч Ням гаригт мэдэгдэхдээ, Курск мужид болсон байлдааны үеэр амиа алдсан гурван хойд солонгос цэргийн биед хуурамч бичиг баримт олджээ.
Тухайн бичиг баримтад тамга тэмдэг, зураг байхгүй ч овог нэр нь орос, төрсөн газар нь Монгол Улстай хиллэдэг Бүгд Найрамдах Тува Улс гэж бичигдсэн байв.
“Энэ нь Орос улс байлдааны талбарт алдагдлаа нууж, гадаадын оролцоог үгүйсгэх гэж хичээж буйг нотолж байна” гэж Украины тусгай ажиллагааны хүч мэдэгдэлдээ дурдсан юм. АНУ, Украин, Өмнөд Солонгосын тагнуулын албаны тооцоолсноор, Орост байгаа Хойд Солонгосын цэргийн тоо 11-12 мянга хүрсэн бөгөөд тэдний зарим нь Курск мужийн өнцөг булан бүрт Украины эсрэг тулалдахад тусалж байна.

Украины ерөнхийлөгч Володимир Зеленский Даваа гаригт мэдэгдсэнээр, өнгөрсөн хугацаанд Курск мужийн тулаанд Хойд Солонгос 3000 гаруй цэргээ алдсан байна. Түүнчлэн АНУ-ын зүгээс Хойд Солонгос олон зуун хүнээ алдсан гэж мэдүүлсэн бол Өмнөд Солонгосын тагнуулын алба 100 мянга орчим хойд солонгос цэрэг Курскд очсоноос 100 орчим цэрэг алагдаж, 1000 орчим нь шархадсан гэж тооцоолжээ. Украины тусгай хүчнийхэн арванхоёрдугаар сарын 17-ны өдөр хэлэхдээ, Курск хотод Хойд Солонгос гурван хоногийн дотор 50 цэргээ алдаж, 47 нь шархадсан гэжээ.
3,569.17






















































Холбоотой мэдээ