Өмнөд Солонгосын "Jeju Air" компанийн "Боинг 737-800" онгоц Муан олон улсын нисэх буудалд осолдсоны улмаас 181 хүний 179 нь амь үрэгдсэн харамсалтай хэрэг Ням гаригт /2024.12.29/ гарсан. Амьд үлдсэн хоёр хүн нь бүхээгийн багийн ажилтан аж. 2216-р нислэг Тайландын Бангкок хотоос хөлгийн багийн зургаан гишүүн, 175 зорчигчтой гарсан бөгөөд тэдний олонх нь амрагчид байжээ. Ослын шалтгааныг тодорхойлох ажил үргэлжилж байгаа ч албаны хүмүүс зарим хүчин зүйлсийг онцолж байна.
Онгоц шувууны нөлөөнөөс болж хүндрэлтэй тулгарсан тул газардах эхний оролдлогоо орхисон. Улмаар ердийнхөөсөө эсрэг чиглэлд газардахаар болсныг Өмнөдийн тээврийн албаныхан мэдээлжээ. Шувууны дайралтаас гадна цаг агаарын таагүй байдал нөлөөлсөн байж магадгүй гэж таамаглаж буй. Гэвч эдгээр нь үхлийн аюултай осол гаргахуйц шалтгаан мөн эсэхэд нисэхийн мэргэжилтнүүд эргэлзэж байна.
Тухайн онгоцны нисгэгч нь нислэгийн 6800 цагийн туршлагатай хүн байжээ.
"Airline News"-ийн редактор Жеффри Томас хэлэхдээ "Энэ эмгэнэлт явдлын тухайд утгагүй зүйл олон байна. Өмнөд Солонгосын агаарын тээврийн компаниудыг салбартаа шилдэгт тооцдог. Онгоцнууд нь ч, авиа компаниуд нь ч аюулгүй байдлын өндөр амжилттай байдаг" гэжээ.
2005 онд байгуулагдсан "Jeju Air" нь Өмнөд Солонгосын хамгийн хямд өртөгтэй авиа компаниудын нэг. Муан нисэх буудлын осол нь тус компанийн хувьд анхны үхлийн осол болж байна. Харин Муан нисэх буудлын хувьд Өмнөд Солонгосын бүс нутгийн 14 нисэх онгоцны буудал дундаас шувууны дайралтын тохиолдол хамгийн өндөр байдаг. Яагаад гэвэл тус нисэх буудал нь тариалангийн талбай болон далайн эрэгтэй ойрхон байрладаг тул эрсдэл өндөртэй. 2019 оноос хойш Муанд шувууны дайралттай холбоотой 10 тохиолдол бүртгэгджээ.
Ослоос хэдхэн минутын өмнө шувууны эрсдэлийн талаар нислэгийн удирдагчид сануулсан байсныг "The Guardian" мэдээлжээ.
Өмнөд Солонгос улсын хэмжээнд шувууны дайралтын тохиолдол 2019 онд 108 байсан бол өнгөрсөн онд 152 болж нэмэгдсэн байна. Ийнхүү тогтмол нэмэгдэж байгаа нь уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой байж магадгүй гэж таамаглаж байна. Нисэх онгоцны буудлууд шувууны хөдөлгөөнийг хянахын тулд хиймэл оюун ухаан, радарын технологийг судалж байна.
иргэн 2024-12-30 202.126.90.207
махчин шувууны нам давтамжтай дууг дуугаргаж шувуудыг онгоц нисэх-газардах талбайгаас үргээдэг болгох хэрэгтэй юм болов уу?
Нэргүй 2024-12-30 103.212.118.58
Харуулах боломжгүй.