"NEWS" агентлаг улиран одож буй 2024 онд Монгол Улсад болсон онцлох таван үйл явдлыг нэрлэж байна.
ПАРЛАМЕНТ: ТАВАН НАМ, 126 ГИШҮҮН
Ес дэх удаагийн парламентыг байгуулах УИХ-ын сонгууль товлосон ёсоор 2024 оны зургадугаар сарын 28-нд болж, 126 гишүүнтэй анхны парламентыг бүрдүүлэв.
Үндэсний эв нэгдэл, аюулгүй байдлаа баталгаажуулах, олон намын төлөөллөөс бүрдсэн ардчилсан парламентат засаглалыг төгөлдөржүүлэх, сонгогчдын санал гээгддэггүй байх зэрэг олон эрх ашгийг нэгтгэн, УИХ-ыг 126 гишүүнтэй болгох тогтолцооны өөрчлөлтийг өмнөх УИХ-аас хийсэн нь сонгуулийн үр дүнд ийн баталгаажсан юм.
УИХ-ын сонгуульд 19 нам, хоёр эвсэл, 40 гаруй бие даагч, нийт 1341 нэр дэвшигч өрсөлдсөнөөс МАН 68, Ардчилсан нам 42, ХҮН нам 8, Үндэсний эвсэл 4, ИЗНН 4 суудал авсан нь холимог тогтолцооны үр дүн гэж тодорхойлж болно. Ингэхдээ УИХ-ын 126 гишүүний 78 нь том тойргоос, 48 нь намын жагсаалтаар сонгогдсон. Мөн 126 гишүүнээс 32 нь эмэгтэй гишүүн сонгогдсон нь нийт гишүүдийн 25 хувийг эзэлж, Монголын парламентад шинэ дээд амжилт тогтоосон төдийгүй Азидаа ч тэргүүлж байна.
УИХ-д сонгогдсон 126 гишүүний тав нь казах үндэстний төлөөлөл бол 80 нь анх удаа парламентад сонгогдсон, харин 46 нь хоёроос дээш удаа сонгогджээ. Мөн шинээр УИХ-д сонгогдсон гишүүдийн хамгийн залуу нь 27 настай бол хамгийн ахмад нь 73 настай.
Мэргэжлээр нь тодотговол, инеженер 17, эрх зүйч, хуульч 29, эдийн засагч, санхүүч 40, хэл судлал, гадаад харилцааны мэргэжил эзэмшсэн найм, багш найм, эмч тав, сэтгүүлч тав, улс төр судлаач дөрөв, социологич, физикч мөн сонгогджээ.
УИХ-ын 2024 оны сонгуульд 2.2 сая сонгогч бүртгэгдсэнээс 1.4 сая нь саналаа өгсөн нь ирцийн хувьд өмнөх сонгуулийг гүйцэхгүй ч саналаа өгсөн сонгогчийн тоо буураагүй өссөн болохыг Сонгуулийн ерөнхий хорооноос тодотгосон юм.
УИХ-ын 2024 оны сонгуульд 19 нам, хоёр эвсэл 14.9 тэрбум төгрөг, 820 нэр дэвшигч нийт 93.6 тэрбум төгрөгийг сонгуулийн кампанит ажилд зарцуулсан тухай албаныхан мэдээлсэн. Сонгууль бүрээр зардлыг бууруулах шаардлагатай тухай ярьж, хуульд өөрчлөлт оруулдаг ч хөрсөн дээрээ буудаггүйн жишээ энэ удаагийн 2024 оны сонгууль болж өнгөрснийг сануулах судлаачид бий. Харин тус сонгуульд өрсөлдсөн нэр дэвшигчдийн хувьд “Тойрог томссон нь зардлыг өсгөлөө” гэж тайлбарласан.
Сурталчилгааны самбарыг жижиглэхээс эхлээд мөнгө хэмнэх ямар л боломж байна, тэр бүгдийг ашиглаж, УИХ-ын сонгуулийн тухай хуулийг баталсан ч мөнгөтэй нь мөнгөгүйгээ “цохиж унаган” гарч ирсэн гомдол ч тасраагүй. Иймээс цааш, цаашдын сонгуульд мөнгөний хамаарлыг бууруулах нь чухал болж буй.
Орос, Хятад гэсэн хоёр том авторитар дэглэмтэй гүрний дунд орших, далайд гарцгүй, байгалийн асар их баялагтай ч 3.5 сая хүн амтай ардчилсан Монгол Улсад болох УИХ-ын сонгууль дэлхийн олон орны анхаарлыг татаж, чих тавин хүлээсэн.
Ажиглагчаа ч илгээсэн. Нийт 260 орчим ажиглагч ирж, сонгууль хуулийн дагуу болж чадаж байгаа эсэхэд хяналт тавьсан. Түүний нэг нь Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын Ардчилсан институт хүний эрхийн газар байв. УИХ-ын сонгуулийг ажиглах хорооны тэргүүн, Элчин сайд Женнифер Браш “Олон нийтийн сүлжээг хязгаарлах зэргээр хэд хэдэн хязгаарлалтыг үл харгалзан нэр дэвшигчид сурталчилгаагаа чөлөөтэй явуулах боломжтой байсан ч богино хугацаанд үргэлжилсэн албан ёсны кампанит ажил нь нөөц ихтэй, сайн тогтсон намуудыг дэмжсэн байдлаар явагдлаа. Цаашлаад УИХ-ын сонгууль дөхүүлэн цалин, тэтгэвэр, нийгмийн халамжийг нэмсэн нь эрх баригч намд зүй бус давуу эрх олголоо” гэсэн юм.
УИХ-ын сонгуулийн дүнд байгуулагдсан УИХ долдугаар сарын 2-нд анхдугаар чуулганаа хуралдуулж, шинээр сонгогдсон гишүүд тангаргаа өргөснөөр шинэ түүх эхлүүлэхээр ажилдаа орсон. Шинэ парламентын зорилго хувийн болон бүлгийн эрх ашгаас ангид байж, улс орон, ард иргэдийнхээ эрх ашгийг дээдлэн ажиллахад орших учиртай.
УИХ-ын сонгуулиас дутахгүй “хар хор “гүйлгэсэн сонгууль 2024 оны аравдугаар сарын 11-нд орон даяар болж, сонгогч түмэн ирэх дөрвөн жилд аймаг, нийслэл, сум, дүүргээ төлөөлж ажиллах төлөөлөгч нараа сонгов. Орон нутгийн сонгуульд нийт 12 нам, эвслийн 17275 нэр дэвшигч өрсөлдсөн. Нийслэлд МАН үнэмлэхүй ялалт байгуулж, НИТХ-ын 45 мандатын 40-ийг нь авсан бол Ардчилсан нам таван суудал авч ялагдал хүлээв. Аймгуудын тухайд Ардчилсан нам Баян-Өлгий, Говь-Алтай, Сүхбаатар, Төв, Хэнтий, Ховд, Өмнөговь гэсэн 7 аймагт ялалт байгуулсан бол үлдсэн 13 аймагт МАН үнэмлэхүй олонхи болсон. Нийт 2,246,164 сонгогчийн 53,2 хувь буюу 1,120,109 иргэн саналаа өгсөн юм.
ГҮЙЦЭТГЭХ ЗАСАГЛАЛ ДАХЬ УЛС ТӨРИЙН ГУРВАЛ
Монгол Улс 1990 оноос хойш түүхэндээ 17 Засгийн газар байгуулж, 33 дахь Ерөнхий сайдаар Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ өнөөдөр ажиллаж байна. Энэ хугацаанд нийтдээ таван удаа хамтарсан Засгийн газар байгуулж ажиллажээ.
- 2004 он Ц.Элбэгдоржийн хамтарсан Засгийн газар /АН+МАХН/
- 2007 он С.Баярын хамтарсан Засгийн газар /МАХН+ИЗНН/
- 2008 он С.Баяр хамтарсан Засгийн газар /МАХН+АН/ 2009 оны аравдугаар сард С.Баяр өвчний улмаас Ерөнхий сайдаасаа чөлөөлөгдөж, түүний байгуулсан хамтарсан Засгийн газрыг С.Батболд үргэлжлүүлсэн юм.
- 2012 он Н.Алтанхуягийн хамтарсан Засгийн газар /АН+МАХН+ИЗНН/
- 2014 он Ч.Сайханбилэгийн хамтарсан Засгийн газар /АН+МАХН, МАН/
- 2024 он Л.Оюун-Эрдэнийн хамтарсан Засгийн газар /МАН+АН+ХҮН/
Ийнхүү Засгийн газрын түүхэнд хамтарч ажилласан хугацаанд том төслүүд хөдөлсөн, эдийн засгийн эргэлт хийсэн шийдвэрүүд гарч байжээ.
Тухайлбал, С.Баярын Засгийн газрын үед Ардчилсан намтай хамтарсан үедээ Оюутолгой төслийн гэрээг үзэглэж байсан түүхтэй. Харин АН, МАХН, ИЗНН-тай хамтарсан Засгийн газрын үед Чингис бонд босгож эдийн засагт шинэчлэл авчирсан томоохон төслүүдийг хөдөлгөж байв.
Ч.Сайханбилэгийн Засгийн газар МАХН-тай хамтарсан үедээ Эрдэнэт үйлдвэрийг Монголдоо авчирсан түүхэн шийдвэр гаргаж байв. 100 хоногтойгоо золгож буй Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн хамтарсан Засгийн газар 14 мега төсөл хэрэгжүүлэхээр зорилго тавьсны эхлэл нь оны төгсгөлд парламентад олон жил маргаантай, улс төрийн босго давж чадаагүй явж ирсэн Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төсөл болон Францын “Орано” групптай хамтран хэрэгжүүлэх ураны хөрөнгө оруулалтын төслүүд болж байна. Өөрөөр хэлбэл, улс төр, бизнес, хил дамнасан олон жилийн талцал болж ирсэн том төслүүдийг хамтарсан Засгийн газар ийнхүү эхлүүлж, ажил хэрэг болгохоор том амбицтайгаар ажиллаж байна.
2024 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд 126 гишүүнтэй таван намаас бүрдсэн парламент байгуулагдсан. МАН олонхын суудал авсан ч Ардчилсан нам, ХҮН намтай хамтарч Засгийн газраа байгуулаад шинэ оны босгон дээр 100 хоногтойгоо золгож байна. Л.Оюун-Эрдэнийн хамтарсан Засгийн газар гурван Шадар сайдтай, ерөнхий чиг үүргийн гурав, чиглэлийн 12, яамгүй дөрвөн сайдтайгаар ажиллаж байна. Хамтарсан Засгийн газарт МАН-аас 13 сайд, АН-аас 8, ХҮН намаас хоёр сайд томилсон.
Хамтарсан Засгийн газрыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хэлсэнчлэн эдийн засгийн тусгаар тогтнол, их бүтээн байгуулалтыг өрнүүлэх амбицтай байгуулсан.
Олон жил гацсан мега төслүүдийн гацсан шалтгааныг олж, улс төрийн намууд зөвшилцөж, 100 хоногтойгоо золгохтой зэрэгцэн үр дүнд хүрч эхэлж байна. Үүнийг 126 гишүүнтэй парламент ч дэмжиж ажиллаж байна.
2024 оны эдийн засгийн өсөлт 5 хувьтай, валютын нөөц 5.1 тэрбум ам.доллар, экспортын орлого 16.1 тэрбум ам.долларт хүрч, нүүрсний хэмжээ 84 сая тонн болж, зээлжих зэрэглэл нэмэгдсэн, 11.2 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүн худалдан авсан амжилттай ажиллаж байна гэдгийг хамтарсан Засгийн газрын тэргүүн онцолсон.
Улс төрийн олон намын тогтолцолцоотой ч улс орны эдийн засаг, олон нийтийн эрх ашигт нийцсэн том төслүүдээ хамтарсан Засгийн газар байгуулагдсан үед, улс төрийн хамтралтай жилүүдэд эхлүүлж, хэлэлцэж, баталж байжээ.
АЛТАЙ ДАМНАСАН ГАДААД ХАРИЛЦАА
Газарзүйн байршлаараа Монгол нь хоёрхон том хөрштэй жийргэвч улс. Эдийн засгийн үзүүлэлтээрээ хөгжиж яваа жижиг улсын тоонд ордог. Үндсэн хуульдаа зааж өгснөөр парламентын тогтолцоотой ардчилсан улс гэж нэрлэгддэг, бичигддэг. Жижиг улсын аюулгүй байдал нь дипломат бодлогоосоо хамаардаг. Монголын дипломат бодлого нь Төрийн тэргүүний үзэл баримтлал, үнэт зүйлтэй холбогддог. Үндсэндээ Монгол Улс гадаад талдаа эвийг эрхэмлэн, энхийг сахиж, төвч бодлого хэрэгжүүлж буй нь нэг талдаа жижиг улсын амьд үлдэх арга, нөгөө талдаа У.Хүрэлсүх гэх хувь хүний мөн чанартай нь холбоотой. У.Хүрэлсүх бол ордны хананы зураг төдий биш түүхийн нэг дүр болж үлдэх асар том амбиц өвөрлөж яваа. Тэрбээр гадаад харилцаанд НҮБ-ын гишүүн орнуудтай “бүх улс бидний түнш” гэх бодлого хэрэгжүүлж буйн нэг нь алтай дамнасан гадаад харилцаа. Язгуураасаа хэл, соёл нэг Төвийн Азийн орнуудтай гадаад харилцааг идэвхжүүлэх нь улс орны эдийн засагт нэн тустай.
Гадаад харилцааны бодлого нь эдийн засгийн хөгжлийн гарц, гаргалгаа болдог. Иймээс Төв Азийн орнуудтай найрсаг харилцааг хөгжүүлэх нь эдийн засгаа тэлэх гэсэн арга чармайлт байлаа.
2024 онд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Узбекистан, Туркменистан, Казахстан, Франц, АНУ, Азербайжанд албаны болон төрийн айлчлал хийсэн. Тэгвэл Монгол Улсад Герман, Беларусь, Лаос, Бутан, Словени, Швейцарь, ОХУ, Вьетнам, Казахстан зэрэг есөн орны лидер айлчилсан юм. У.Хүрэлсүхийн бүрэн эрхийн хугацаанд Монголын гадаад харилцаанд шинэ сэргэлт гарсан. Түүний дипломат бодлогынх нь гол үндэс нь хоёр хөрштэйгөө эн тэнцэхүйц, гуравдагч орнуудтай эн дүйцэхүйц харилцаа. Шатарын өрөг дээрх нүүдэл гэвэл мэдрэмжтэй, оновчтой тоглож байна л гэсэн үг. Стан орнуудтай сайн түншийн харилцааг хөгжүүлж байж алтай дамнасан зах зээл рүү нээлттэй явж орно. Дээр нь дэлхий дахин Монгол Улс энхийг эрхэмлэж, эвийг сахихыг үргэлжид уриалж ирсэн. Энэ нь их гүрнүүдийн дундах жижиг улсаас дэлхийд өгөх гол месеж хийгээд гоё стратеги болсон.
Өдгөө Монгод Улс энх тайвны бэлгэ тэмдэг дэлхий заяар зарлуулж буй нь олон тулгуурт болоод төвийг сахисан гадаад бодлогын үр дүн. Гадаад бодлого гэдэг нь гэр доторх аюулгүй байдлын хамгаалалт гэсэн үг юм.
ЭДИЙН ЗАСГИЙН ЭРГЭЛТИЙН ба СЭРГЭЛТИЙН ЖИЛ
Улиран өнгөрч байгаа 2024 оны төгсгөлд Монгол Улсын эдийн засаг эхэн үеэ бодвол эерэг үзүүлэлт олон байгаа нь сайшаалтай. Энэ онд УИХ болон орон нутгийн сонгуулийн жил тохиосон учраас өмнөх жилүүдийг бодвол илүү их хөөсөрсөн төсөвтэй жил болсон гэдгийг эдийн засагчид, судлаачид онцолдог. Энэ оны төсвийг анх батлахдаа Монгол Улсын Засгийн газар “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд иргэдийн бодит орлогыг хамгаалах, хот хөдөөгийн сэргэлтийг дэмжих, хөгжил дагасан бүтээн байгуулалтуудыг хийх замаар эдийн засгийн суурийг тэлэх төсвийн бодлогыг хэрэгжүүлэн ажиллах жил гэдгийг онцолж байв. Тиймээс 2024 онд ДНБ 74 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн орлого 27.2 их наяд төгрөг, тэнцвэржүүлсэн орлого 25.3 их наяд төгрөгт хүрнэ гэж тооцов. Угтаа уул уурхайн экспортын голлох түүхий эд болох нүүрсний экспортыг 60 сая тоннд хүргэх зорилт тавьж, эдийн засгийн өсөлтийг 7 хувьд хүргэхээр тооцсон. Улмаар УИХ-ын сонгуулийн үр дүнд парламентад хамгийн олон суудал авсан МАН, АН, ХҮН нам хамтарсан Засгийн газар байгуулсны дараа энэ оны төсөвт дахин тодотгол оруулж төсвийн зарлагыг 30.2 их наяд төгрөгт хүргэж, нүүрсний экспортыг 80 сая тонн хүргэх зорилт тавив. Он солигдох дөхөж буй энэ үед 2024 оны эдийн засгийн макро үзүүлэлтүүдийг Засгийн газар өнгөрсөн хуралдаанаар хэлэлцэж дүгнэсэн бөгөөд урьдчилсан байдлаар эдийн засгийн өсөлт 5 хувьтай, валютын нөөц 5.1 тэрбум ам.доллар, экспортын орлого 16.1 тэрбум ам.долларт хүрч, нүүрсний хэмжээ 84 сая тонн буюу одоо байгаа олборлолт, дэд бүтцийн хүчин чадлын хувьд түүхэн дээд амжилтад хүрсэн үзүүлэлттэй байна.
Гадаад өрийн дарамтууд буурч, зээлжих зэрэглэл олон улсад сайжирсан үзүүлэлт бол энэ оны бас нэгэн онцлох үйл явдал байлаа.
Тухайлбал, Монгол Улсын зээлжих зэрэглэлийг 2024 оны есдүгээр сарын 18-ны өдөр “Fitch Ratings” агентлаг "B+, тогтвортой" болгож нэмэгдүүлсэн бол 2024 оны аравдугаар сарын 4-нд “S&P Global” агентлаг “B+, эерэг” болгон ахиуллаа.
Covid-19 цар тахал, геополитикийн тогтворгүй байдал, дэлхий нийтийг хамарсан инфляцийн өсөлт, Төв банкуудын мөнгөний хатуу бодлого зэрэг эдийн засгийн амаргүй нөхцөл байдалтай нүүр тулсан хэдий ч Монгол Улс эдийн засгийн тогтвортой байдлыг амжилттай хадгалж, зээлжих зэрэглэлийг ийнхүү ахиулж чадсан он өнгөрч байна.
Монгол Улсын Үндсэн хуульд газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээхэд чиглэнэ гэж заасны дагуу УИХ-аас Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг энэ онд баталсан. Тэгвэл 2024 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдрийн байдлаар Ирээдүйн өв санд дөрвөн их наяд төгрөг, Хуримтлалын сан буюу иргэдийн хадгаламжинд 495 тэрбум буюу иргэн бүрд 135 мянган төгрөгийн хадгаламж үүсэж, Хөгжлийн санд 240 тэрбум төгрөг төвлөрөөд байна. Үндэсний баялгийн сангийн тухай хуулиар стратегийн ордуудын 34 хувь, түүнтэй дүйцүүлэх өгөөжийг иргэд боловсрол, эрүүл мэнд, орон сууцандаа бэлэн бусаар захиран зарцуулах, ногдол ашгийн хувийг бэлэн мөнгөөр авах эсвэл Хуримтлалын сангийн хадгаламждаа хийх, Хөгжлийн санд хандивлах зэрэг зохицуулалтууд нээгдэж буй. Мөн баялгийн өгөөжийг төсөл тус бүрээр дамжуулан иргэд хянах боломж бүрдсэн нь эдийн засгийн хувьд түүхийн бас нэгэн шинэ хуудас нээсэн он жил байлаа.
Эцэст нь энэ онд Засгийн газраас УИХ-д ирэх 2025 оны оны төсвийн төслийг хоёр ч удаа өргөн барьсны эцэст хуулийн хугацаанд батлуулж амжлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд 2025 оны улсын төсөвт хориг тавьж, УИХ энэ хоригийг хэлэлцэн, бодлого эрх зүйн бүрэн үндэслэлтэй хэмээн хүлээн авсан нь Засгийн газраас ирэх оны төсвийн төслийг дахин боловсруулах үндэслэл болсон юм.
Үүний үр дүнд ирэх оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн дүн 33.5 их наяд төгрөг буюу ДНБ-ий 35.2 хувь, нийт зарлага ба цэвэр зээлийн дүн 33.5 их наяд төгрөг буюу ДНБ-ий 35.2 хувьд хүрч нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл алдагдалгүй болж, суурь тэнцэл ДНБ-ий 3.3 хувийн ашигтай байхаар баталлаа. Ямартай ч холимог тогтолцооны үр дүнд байгуулагдсан 126 гишүүн бүхий парламентын гишүүд энэ онд 2024 оны төсвийг нэг удаа тодотгож, ирэх 2025 оны төсвийн төслийг 2 удаа буюу нийт 3 удаа төсвийн төсөл хэлэлцэн баталсан нь цаашид Монгол Улсын нийгэм, эдийн засаг, төсвийн төлөвлөлтийг шинэ шатанд гаргасан он улиран одож байна.
УЛААН САНУУЛГАТАЙ ДЭЛБЭРЭЛТ
2024 оны босгон дээр Улаанбаатар хотод ноцтой дэлбэрэлт болж, олон хүн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, сэтгэл санаагаар хохирсон. Харамсалтай нь, хэргийн хохирлыг одоо болтол барагдуулж, шийдэж чадалгүй 2025 онтой золгож байна.
“Дүнжингарав" худалдааны төвийн уулзвар дээр 2024 оны нэгдүгээр сарын 24-ний шөнө газ тээвэрлэж явсан машин осолдож, дэлбэрсэн.
Ослын улмаас зам дагуух 63 айлын орон сууц шатаж, 200 гаруй оршин суугч идэр есийн хүйтэнд орох оронгүй болсон. Тэд өнөөдөр түрээсийн байранд толгой хорогдож байгаа юм.
Дэлбэрэлтэд Онцгой байдлын газрын гурван албан хаагч, явган болон автомашинаар зорчиж явсан дөрвөн иргэн өртөн нас барж, таван хүн хүнд, нэг хүн хүндэвтэр, 35 хүнд хөнгөн зэргийн гэмтэл болон угаарын хийнд хордож, эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Мөн 36 тээврийн хэрэгсэл, гурван барилга байгууламж шатаж, 228 иргэн, 15 аж ахуйн нэгж байгууллагын эд хөрөнгөд 5.4 тэрбум орчим төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдсон байдаг.
Энэ хэрэгт хоёр хүнийг яллагдагчаар татан, шалгаж байгааг прокурорын байгууллагаас мэдээлсэн. Албан бус эх сурвалжийн мэдээллээр эл хэрэгт "Дашваанжил" ХХК-ийн захирал, том оврын машины жолоочийг яллагдагчаар татсан гэх мэдээлэл бий. Мөн нийслэлээс энэ хэрэгт гуравдагч этгээдээр татагдаж, хэрэг хянан шийдвэрлэх явцад нийслэл буруутай этгээдээс хохирлоо барагдуулахаар болжээ.
Ажлын хэсэг байгуулагдсанаас хойш гал түймрийн улмаас иргэн, аж ахуйн нэгжид учирсан хохирлын хэр хэмжээ, гал гарсан шалтгаан нөхцөлийг тогтоохоор 6 төрлийн 76 шинжилгээ хийлгэхээр шинжээч томилон 75 дүгнэлтийг гаргуулж, 350 гаруй хүнээс мэдүүлэг авсан байна.
Газ дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг нураах тендерийг зарласан гэдгийг Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар мэдэгдэж "Энэ барилгыг гар аргаар нураах шийдэл гарсан” гэсэн юм.
Нийслэлээс галд өртсөн 13 давхар орон сууцыг нураахад 2.4 тэрбум төгрөг, шинээр барихад 12.3 тэрбум төгрөг төсөвлөжээ.
Одоо хэргийн нөхцөл байдлыг бүрэн тогтоохоор мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байгаа юм.
Хариуцлагагүй ганц үйлдэл олон хүн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө давхар хохирдгийг дээрх гэнэтийн осол харуулсан. Мөн хууль, журам, стандарт зөрчин төлөвлөлтгүй ширэнгэн хот байгуулсны хор уршиг ч гэж хэлж болно Дахин ийм харамсалтай хэрэг гаргахгүй байхын тулд иргэдээсээ эхлээд төр бүх ажлыг хууль дүрмийн хүрээнд хийж, хяналтаа сайжруулж ажиллах ёстойг энэхүү дэлбэрэлт монголчуудад сургамж болж үлдэж байна.
Нэргүй 2024-12-30 202.9.41.51
Dulguun nuuriin batsuh hogiin hulgaich
Нэргүй 2024-12-30 202.126.88.204
Erdenetiig Mongoldoo avchirsan ni tuuhen gaviya shuu. Odoo Ulaanbaatar tomor zamaa orosuudaas avchihval….
Нэргүй 2024-12-30 66.181.184.36
unen hogiin toim bichne shuu uls oron balraad bn novshnuudaa
Нэргүй 2024-12-30 139.5.218.135
Haaj balarsiin malaa dain garaad humuus suireed ene tend delbreed baina uu
Нэргүй 2024-12-30 202.9.41.51
Dulguun nuuriin batsuh hogiin hulgaich
Нэргүй 2024-12-30 124.158.120.50
цагаан жипний жолооч яасан вэ, улс яагаад төлөх ёстой гэж