Нюьс агентлаг өнгөрсөн долоо хоногт өрнөсөн зарим үйл явдлыг тоймлон хүргэж байна.
Л.Оюун-Эрдэнэ стратегийн ач холбогдолтой төслүүдээ УИХ-д өргөн барив
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хооронд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулахад баримтлах чиглэл батлах тухай” болон Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг орлуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд тус тус өргөн барилаа. Энэхүү хоёр төсөл нь УИХ-ын 2024 оны 21 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т туссан 14 мега төсөлд багтаж буй юм.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Франц Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр Монгол Улсын Засгийн газар болон “Орано Майнинг САС” хооронд байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээний төсөл боловсруулах Ажлын хэсгийн хэлэлцээний протоколд 2023 оны аравдугаар сард талууд гарын үсэг зурсан юм.
Тогтоолын төсөл батлагдсанаар “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т заасан Зөөвч-Овоо, Дулаан уулын ураны ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдаж, Монгол, Францын хамтарсан Ураны төсөл хэрэгжих боломж бүрдэнэ гэж үзэж байна.
Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хооронд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замыг бүтээн байгуулснаар Монгол Улс, БНХАУ хоорондын худалдаа, эдийн засаг, бүс нутгийн хамтын ажиллагаа, эрдэс баялаг, аж үйлдвэр, дэд бүтцийн салбарын хамтын ажиллагаа идэвхжиж, улмаар Шивээхүрэн-Сэхэ, Ханги-Мандал, Бичигт-Зүүнхатавч боомтуудыг төмөр замаар холбох нөхцөл бүрдэж, боомтын нэвтрүүлэх хүчин чадал 2030 оноос 80 сая тонноор нэмэгдэх стратегийн ач холбогдолтой юм. Үргэлжлэлийг https://news.mn/r/2772849/уншаарай.
Э.Үүрийнцолмон ой тогтоолтын хамгийн залуу дэлхийн аварга боллоо
Бүгд найрамдах Турк улсын Истанбул хотод арванхоёрдугаар сарын 5-8-ны хооронд зохион байгуулагдсан 33 дахь удаагийн Ой тогтоолтын ДАШТ-д oй тогтоолтын спортын Олон улсын их мастер Э.Үүрийнцолмон түрүүлжээ.
Тэрбээр 14 насандаа насанд хүрэгчдийн ангилалд тэргүүлснээр 33 жилийн түүхтэй тус тэмцээний хамгийн залуу дэлхийн аварга болжээ.
Э.Үүрийнцолмон 2022 оны бага насны Дэлхийн аварга, 2023 оны өсвөрийн Дэлхийн аварга, 2024 оны өсвөр болон насанд хүрэгчдийн Дэлхийн аварга, Оюуны олимпийн хамгийн залуу аварга, Гиннесийн рекорд эзэмшигч юм.
Сурагчаа зодсон багшийг ажлаас нь чөлөөллөө
Олон нийтийн сүлжээнд багш сурагчаа зодож буй бичлэг цацагдсан. Энэ асуудлыг Архангай аймгийн цагдаагийн байгууллагаас шалгаж байгааг албаныхан мэдээллээ. Тухайн багш сурагчийг хацар руу нь алгадаж, өшиглөж байгаа бичлэг олны шүүмжлэл дагууллаа.Цагдаагийн байгууллагад 2024 оны арванхоёрдугаар сарын 23-ны өдөр 00.10 цагт иргэн “Архангай аймгийн Эрдэнэбулган сумын сургуулийн бага ангийн багш М нь ангийн хүүхдээ зодсон байна” гэх дуудлага мэдээлэл ирүүлснийг хүлээн авч, шалгалтын ажиллагаа явуулжээ. Шалгалтын явцад тус сумын сургуулийн бага ангийн багш М нь 2024 оны арванхоёрдугаар сарын 23-ны өдөр гуравдугаар ангийн сурагчдад хичээл заах явцдаа заасан хичээлийн талаар ямар нэгэн тэмдэглэгээ хийгээгүй, хичээл хийхгүй, үгэнд орохгүй байна гэх шалтгаанаар биед нь халдсан нь тогтоогдсон байна. Энэ асуудлыг цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна гэх мэдээллийг өгсөн байна. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын сургуулийн Ёс зүйн зөвлөл хуралдаж дүгнэлтээ гаргажээ. Дүгнэлтийн дагуу тухайн зөрчил гаргасан багш ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байна. Тухайн багш боловсролын салбарт 10 орчим жил ажилласан бол орон нутгийн сургуульд 5-6 жил ажиллаж байжээ.
НИЙСЛЭЛИЙН 2025 ОНЫ ТӨСВИЙГ 3.8 ИХ НАЯД ТӨГРӨГ БАЙХААР БАТАЛЛАА
Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал/НИТХ/-ын ээлжит бус III хуралдаанаар Нийслэлийн 2025 оны төсвийн төслийг хэлэлцэж баталлаа. Тодруулбал, нийслэлийн 2025 оны төсвийг 3.8 их наяд төгрөг байхаар баталсан бөгөөд нийт зарлагын 1 их наяд 329.3 тэрбум төгрөгийг урсгал зардалд, 1 их наяд 720.2 тэрбум төгрөгийг хөрөнгийн зардалд, 78.3 тэрбум төгрөгийг дамжуулан зээлийн эргэн төлөлтөд, 327.2 тэрбум төгрөгийг үнэт цаасны эргэн төлөлтөд, 14.1 тэрбум төгрөгийг алслагдсан гурван дүүргийн санхүүгийн дэмжлэгт олгохоор баталлаа.
Нийслэлийн 2025 оны төсвийг боловсруулахдаа төрөөс хэрэгжүүлж буй бодлогын хүрээнд бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг татварын бодлоготой уялдуулах, бизнес эрхлэгчдийн татварын орчныг хялбаршуулах, татварт хамрагдалтыг нэмэгдүүлэх, бүртгэл хяналтыг сайжруулснаар далд эдийн засгийг бууруулж, татварын суурийг өргөжүүлэх ажлыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, төсвийн орлогын боломжит эх үүсвэр бүрийг тооцож, Төсвийн тухай хууль, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн дагуу үр ашигтай, ил тод, хэмнэлттэй байх, төсвийн сахилга хариуцлагыг сайжруулах чиглэлийг баримтлахаар тусгажээ.
Үүнд:
- Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг идэвхжүүлж, хотын эдийн засгийг тэлэх бодлогыг хэрэгжүүлнэ.
- Гэр хорооллыг орон сууцжуулж, агаар орчны бохирдлыг бууруулна.
- Улаанбаатар хотын холбоос замуудыг нэмэгдүүлэн, нийтийн тээврийн салбарт цогц шинэчлэл хийх замаар авто замын түгжрэлийг бууруулна.
- Өнгөрсөн он жилүүдэд эхлүүлсэн хөрөнгө оруулалтын ажлыг бүрэн дуусгаж, нийгмийн суурь үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхээр заасан байна
Нэргүй 9 цагийн өмнө 185.254.73.226
Баасандоржоо чи минь энэ дөрөвтэй эн зэрэгцээд зургаа авахуулаад байх албан тушаалтан биш шүү дээ. Эрэмбэ дэвээ мэдэж байгаач.
ХУУЛЬЧ 8 цагийн өмнө 202.9.46.253
Та энүүрч БААСАНДОРЖ БОЛ ҮЕ ДАМЖИЖ ИРСЭН АЛБАН ТУШААЛТАН УЛСЫН ИХ ХЭРЛЫН ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Л ДАА .,,,,БАЙХ ЁСТОЙ ГАЗАРТАА БАЙГААГ ТА МАРТАЖ,,,,