Тойм 2024: Дэлхий дахинд өрнөсөн онцлох үйл явдлууд

Тойм 2024: Дэлхий дахинд өрнөсөн онцлох үйл явдлууд

Тойм 2024: Дэлхий дахинд өрнөсөн онцлох үйл явдлууд

“Ньюс агентлаг” улиран өнгөрч буй 2024 онд дэлхий дахинд өрнөсөн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна. 

ГАМШИГТ ЭХЛЭЛ ба ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН ЭМГЭНЭЛ

Японы төв хэсгийн Ишикава мужид нэгдүгээр сарын 1-ний өдөр 7.6 магнитудын хүчтэй газар хөдөлснөөр 2024 он хатуухан эхэлсэн. Байгалийн гамшгийн улмаас  504 хүн нас барсан гэж статистикт дурджээ. Энэ эмгэнэлт явдлаас хойш таван сарын дараа Ното хойгийг зорих жуулчдын тоо эрс нэмэгджээ. Энэ төрлийн харанхуй аялал жуулчлал нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр гараагүй баримтуудыг олж мэдэх, гамшгаас суралцах боломжийг олгодог учир япончууд эерэгээр хүлээж авч байна.

Тайваньд дөрөвдүгээр сарын 3-ны өдөр болсон 7.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт бол яах аргагүй дэлхий дахины анхаарлыг татсан үйл явдлуудын нэг мөн. Энэ газар хөдлөлт Японоос дутахааргүй хүчтэй байсан ч тайваньчуудын бэлэн байдлыг харуулсан гэдгээрээ онцлог. Тайванийн зүүн хэсэгт орших Хуалиень эргийн ойролцоо болсон уг газар хөдлөлтөөр 18 хүн нас барж, 1100 гаруй хүн гэмтэж бэртсэн. Энэ удаагийн газар хөдлөлт нь 25 жилийн өмнө 2000 гаруй хүний аминд хүрч байсан "921" газар хөдлөлтөөс хойших хамгийн хүчтэй нь байв. Үүнээс хойш Тайвань дэд бүтцээ шинэчлэх, шинэ дүрэм журам гаргаж, газар хөдлөлтийн бүсүүдийг дахин ангилах, хөдөө орон нутагт яаралтай тусламжийн төвүүдийг томилох, эрт сэрэмжлүүлгийн системтэй болох зэрэг өргөн цар хүрээтэй арга хэмжээнүүдийг хэрэгжүүлсэн. Сүүлийн газар хөдлөлтөд хамгийн их өртөж хохирсон барилгуудыг харвал ихэвчлэн хуучны 5-10 давхар барилгууд байжээ. Гэтэл инженерчлэлийн өндөр түвшинд баригдсан барилгууд гайхалтай үр дүн үзүүлсэн бөгөөд үүний дотор арлын хамгийн өндөр барилга болох Тайпэй 101 багтсан байдаг. 25 жилийн өмнө 2000 гаруй хүнээ алдсан гашуун туршлага дээрээ үндэслэн тайваньчууд харьцангуй тайван бөгөөд бэлтгэл сайтай байсныг мэргэжилтнүүд онцолжээ.

 ДЭЛХИЙГ ХУВААСАН ДАЙН 

ОХУ 2022 оны хоёрдугаар сарын 24-нд Украин руу түрэмгийлснээс хойш гурав дахь жилийнхээ нүүрийг үзэх гэж байна. Путин сонгуульд ялагдаж, гал зогсоох хэлэлцээ явагдана гэх найдлага тасарсан. Түүний хувьд Орос зорилгоо биелүүлэх хүртлээ ямар ч хэлэлцээрт оролцохгүй гэж мэдэгдсэн бөгөөд “NATO”-ын орнууд Украинд тусалж эхэлсэн цаг мөчөөс цөмийн зэвсэг ашиглана гэж удаа дараа сануулсан юм. Уг дайн эхэлснээс хойш АНУ, Европын холбооноос Украинд 100 тэрбум ам.долларын үнэ бүхий зэр зэвсгийн тусламж илгээжээ. Түүнчлэн “ATACMS” болон “HIMARS” пуужингийн систем, Оросын гадаадын банкинд хадгалуулж байсан царцсан хөрөнгийн хүүг тусламж болгон илгээсэн байдаг. Үүнд Путин бухимдаж, Орешник цөмийн цэнэгт хошуу тээвэрлэх хүчин чадалтай пуужингийн үйлдвэрлэлтээ нэмэгдүүлнэ гэдгээ мэдэгдэв. Мөн уг пуужинг Беларусь улсад өөрийгөө хамгаалах хүчин чадлыг нь нэмэгдүүлнэ гэх зорилгоор ирэх онд илгээхээ мэдэгдсэн юм. Хятад улсын хувьд өнгөрсөн хугацаанд ОХУ-ын үйл ажиллагаанд  далд дэмжлэг үзүүлж байсан ч Хойд Солонгос шиг байсангүй. Олон улсын тагнуулын байгууллагын мэдээлснээр, Ким Жон Ун ОХУ-ын явуулж буй дайнд 10 мянган тусгайлан бэлтгэгдсэн дайчдаа илгээсэн гэх. Мөн хоёр орны төрийн тэргүүн нар уулзалдаж, дээд зэрэглэлийн үнэтэй бэлэг солилцоод амжсан билээ. 2024 онд Бахмут, Запорожье зэрэг Украины хотуудад болон Оросын Курск мужид мөргөлдөөн хамгийн их ширүүссэн. Зеленский дайн эхэлснээс хойш 70 мянган цэргээ алдсан гэж мэдэгдсэн ч энэ онд үүнээс хамаагүй олон хүн үрэгдсэн байх боломжтой гэсэн юм. Харин ОХУ албан ёсны мэдээллээ олон нийтээс нууцалж байна. Их Британи, Киевийн мэдээлснээр, энэ онд Орос 80 мянган цэргээ алдсан байж магадгүй. Ажиглагчдын дүгнэж буйгаар ирэх онд нөхцөл байдал улам хурцдаж магадгүй. Орос дотоодын бүхий л нөөцөө дайнд зориулж, жижиг, дунд улс орнуудтай хамтын ажиллагаагаа идэвхжүүлж байна. Украины хувьд барууны дэмжлэгийг авч байсан төдийгүй Байден засаглалынхаа сүүлийн саруудад өөрийн мэдлийн нэг ам.доллар бүрийг Киевт зориулах болсон. Гэсэн хэдий ч хэт барууны үзэлт намууд Зеленскийн холбоотон орнуудын засгийн эрхийг барих болсон тул түүнд ирэх дэмжлэг урьдын адил байхыг хэн ч таашгүй болов.

Түүнчлэн Газын зурваст явуулж буй Израилийн түрэмгийлэл дайны гэмт хэргээс хол давжээ. Нийт 40 мянга гаруй палестин хүн амиа алдаж, амьд үлдсэн хүүхдүүдийн 96 хувь нь зовлонгүйгээр, хурдан үхэхийг хүсдэг болсон аж. Хүн төрөлхтний эсрэг гэгдэх уг дайны уршгаар Газын зурваст хүнсний хомсдол үүсч, шалбаагнаас өөр ундны усгүй болсон бөгөөд халдварт өвчин нас баралтын хоёр дахь том шалтгаан болж байна. Израилийн ерөнхий сайд Беньямин Нетаньяху Хамас бүлэглэлийн толгойлогчдыг ээлж дараалан устгаснаас гадна Ираны эсэргүүцлийн тэнхлэгт харьяалагдах Хезболлаг бут цохиж чадсан. Катарт болсон гурван удаагийн гал зогсоох хэлэлцээр амжилтгүй болсны шалтгаан нь дайтагч талууд нөхцөл дээрээ тогтож чадаагүй юм. Жо Байдены санаачилсан гурван шатлал бүхий гал зогсоох хэлэлцээр амжилттай болох мэт итгэл найдварыг дэлхий нийтэд төрүүлж байсан ч одоог хүртэл хэрэгжээгүй байсаар. Харин Ливаны Хезболла бүлэглэлийг дарж чадсаны дараа Изриаль гал зогсоох хэлэлцээрийг өөрийн нөхцөлөөр байгуулж чадав. Гэсэн хэдий ч тэрбээр цэргээ Ливанаас татах бодолгүй байгаа нь Ойрхи Дорнодод хүч чадлаа бататгах, Газын зурвасыг бүхэлдээ эзлэн авч газар нутгаа тэлэх гэсэн зорилгыг нь харуулсан юм. Одоо нөхцөл байдал сайжрах гэхээс илүү хохирол бага байлгах тал дээр зуучлагч орнууд ажиллаж байна. Мөн Израиль ялах хүртэл энэ дайн дуусахгүй нь гэх айдсыг дэлхий нийтэд төрүүлж байна.

ЭРГЭН ИРСЭН УДИРДАГЧИД

Нийт долоон тэрбум хүн оршин тогтнох эх дэлхийн 2024 он ширүүхэн өрсөлдөөнөөр дүүрэн байв. Монгол төдийгүй өрнө, дорнын 100 гаруй улс оронд сонгуулийн сурталчилгаа, нам төрийн мэтгэлцээн өрнөсөн юм. Хэрэв нарийвчлан үзэх юм бол өнгөрсөн 4-6 жилийн хооронд төр, засаг удирдаж байсан хууль тогтоогч, эрх баригчдын 80 хувь нь олон нийтийн дэмжлэгийг авч чадаагүй. Гэхдээ өөрийн нөлөөлөл, хүчирхэг байдлаа бататган харуулсан төдийгүй улс орныг бүхэлд нь “базаж” чадсан нэгэн удирдагч энэ жилийн сонгуулийн шуурганд амжилттайгаар суудлаа хадгалсан. Тэр нь мэдээж ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин юм. Түүний засаглал 1999 оноос хойш үргэлжилж буйг дэлхий нийт мэдэх бөгөөд 2022 онд Украин рүү түрэмгийлэх тушаал буулгасных нь дараа ерөнхийлөгчийн сонгуульд ялагдахыг нь тэсэн ядан хүлээж байсан хүн цөөнгүй бий. Барууны холбоотон орнуудаас эхлээд ОХУ-ын зарим сонгогч Путины эсрэг байр сууриа тодотгож, хориг арга хэмжээ авах, санал хураалтын байрыг сүйтгэх, саналын хайрцгийг ногоон будгаар будаж, динамит тэслэх зэрэг дургүйцлээ илэрхийлэх бүхий л үйлдлийг хийсэн байдаг. Гэвч өнгөрсөн гуравдугаар сарын 15-18-ны хооронд болсон сонгуульд тэрбээр 87.3 хувийн саналаар ялалт байгуулсан юм. Түүнд хүчирхэг өрсөлдөгч байгаагүй гэж хэлж болно. Учир нь өнгөрсөн зургаан жилийн хугацаанд Путины засаг захиргааг шүүмжилсэн хэнбугай ч цөлөгдөж, хоригдож эсвэл үл мэдэгдэх шалтгаанаар нас бардагийг талийгаач Алексей Навальныйн болон бусад урт, богино хугацаагаар шийтгэгдсэн 20 мянган хүний бодит түүх гэрчилнэ. Түүнчлэн, хэвлэл мэдээллийн салбарын эрх чөлөө боогдож, дотоодын бизнес эрхлэгчид нь Төв банкны 20 хувийн бодлогын хүүд дарлуулах хэмжээнд хүрснийг “The Moscow Times” мэдээлж буй. ОХУ-ын найм дахь удаагийн ерөнхийлөгчийн сонгуульд Путинээс гадна Украин дахь дайныг дэмжигч өөр гурван улстөрч нэр дэвшсэн байдаг. Гурван нэр дэвшигчийг нэрлэвэл, Төрийн Думын орлогч дарга, Шинэ хүмүүс намын гишүүн Владислав Даванков, Либерал ардчилсан намын удирдагч Леонид Слатский болон Коммунист намаас нэр дэвшигч Николай Харитонов нар багтаж байна. Гэвч тэд Путины засаг захиргаанд хамаарагдах албан тушаалтнууд байсан юм.

Өөр нэгэн мартаж боломгүй сонгууль нь барууны хамгийн хүчирхэг гэгдэх АНУ-ын 47 дахь ерөнхийлөгчийн сонгууль байлаа. Тодруулбал, Ардчилсан намын Жо Байден түүний дэд ерөнхийлөгч Камала Харрис нарын эсрэг 45 дахь ерөнхийлөгчөөр сонгогдож байсан Дональд Трамп өрсөлдсөн юм. Энэ оны эхээр эхэлсэн сурталчилгаа арваннэгдүгээр сарын 5 хүртэл үргэлжилж, бүтэн өдрийн турш санал тооллого явагдсаны эцэст Дональд Трамп 300 давсан электорат саналтайгаар ялалт байгуулсан билээ. Тэрбээр ирэх нэгдүгээр сарын 20-нд тангараг өргөснөөр албан ёсоор ажлаа хүлээн авна. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Ардчилсан намын Жо Байдены засаглал Орос, Украины дайн болон Израилийн Газын зурвас дахь түрэмгийлэл зэрэг геополитикийн мөргөлдөөнд хамгийн гол нөлөө үзүүлсэн. Иргэдийн дунд явуулсан санал асуулгаар “Байдены засаг захиргаа дайныг санхүүжүүлж байна” гэж үзэх хүний тоо өндөр байсан. Тэгэхээр нэг өдөрт бүх дайныг зогсооно гэдэг Трампийн амлалт ялахад нь нөлөөлсөн бололтой. Трампийн хувьд цагаачлалын асуудалд чанга хатуу байхаа амлаж “Америкийг дахин агуу болгоно” гэх уриагаа давтсан байдаг. Түүнчлэн нэр дэвшигчдийн мэтгэлцээний үеэр олон нийт Байденг бараг юм ойлгохооргүй, хөгширсөн байна гэж шүүмжилснээр Трампийн оноо нэмэгдсэн юм. Гэхдээ Камала Харрисыг дутуу үнэлж болохгүйг дурдах хэрэгтэй. Тэрбээр эмэгтэйчүүдийн эрх, хүүхдийн эрүүл өсөн торних зэрэг нийгэмд тулгамдаж буй асуудлыг хөндөж чадсан нь сонгуулийн дараа “4B” хөдөлгөөн эхлэх эрсдэлийг бий болгосон билээ. Энэ мэтчилэн дэлхийн голлох хоёр хүчний сонгууль адармаагаар дүүрэн байлаа.

ӨМНӨД СОЛОНГОСЫН УЛС ТӨРИЙН ДОРГИЛТ

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сук Ёл арванхоёрдугаар сарын 3-ны орой цэргийн онц байдал зарлаж буйгаа мэдэгдсэн нь олон нийтийн бослогыг өдөөв.Энэ нь иргэдийн эсэргүүцэл, дургүйцэлтэй тулгараад зогсохгүй Юн Сук Ёлын өөрийнх нь байр суурийг ганхуулсан юм. 45 жилийн дараа анх удаа цэргийн онц байдал зарласан нь дотоодын хүчтэй хариу үйлдлийг өдөөж, түүх давтагдах нь уу гэсэн айдсыг иргэдийн дунд үүсгэсэн нь дамжиггүй.

Тэрбээр телевизээр мэдэгдэл хийхдээ "Дайны онц байдал нь Хойд Солонгосын талыг баримтлагч хүчнийг устгах болон үндсэн хуулийн эрх чөлөөний тогтолцоог хамгаалах зорилготой" гэжээ. Зарлигийг хүчингүй болгох санал хураалт явуулахын тулд Үндэсний ассамблейн хууль тогтоогчид тэр шөнө цугласан билээ. Улмаар цэргийн дэглэмийг цуцлах тухай санал хураалтад ассамблейн 300 гаруй гишүүний 190 нь оролцож, бүгд дэмжсэн. Үр дүнд нь ерөнхийлөгч Юн Сук Ёл зарлигаа буцааж буйгаа мэдэгдсэн боловч импичментийн аюулаас мултарч чадсангүй. Бодлогогүй алхам хийж, гашуун түүхийг ард иргэддээ эргэн сануулсных нь төлөө түүнийг ерөнхийлөгчийн суудлаас огцруулах санал хураалтыг Өмнөд Солонгосын хууль тогтоогчид хоёр ч удаа явуулав. Эхний санал хураалтыг эрх баригч намын гишүүд бойкотлосноор хүчингүй болсон ч сөрөг хүчин бууж өгөлгүйгээр хоёр дахь санал хураалтыг зохион байгуулсан юм. Хоёр дахь санал хураалтаар Үндэсний Ассамблейн 300 гишүүнээс 204 гишүүн ерөнхийлөгч Юн Сук Ёлд импичмент явуулах саналыг дэмжсэн.

Ийнхүү өдгөө Юн Сук Ёлын хувь заяа тус улсын Үндсэн хуулийн цэцийн гарт очоод байна. Үндсэн хуулийн цэц 180 хоногийн дотор Юныг огцруулах эсэхийг шийдэх ба ерөнхийлөгч огцорсон тохиолдолд дараагийн хүнийг 60 хоногийн дотор сонгох учиртай.

50 ЖИЛ ҮРГЭЛЖИЛСЭН ДЭГЛЭМИЙН ТӨГСГӨЛ

Хаят Тахрир аль-Шам бүлэглэл арваннэгдүгээр сарын 27-нд Алеппо хотод гэнэтийн дайралт хийснээр Сирийн засгийн газар болон босогчид хоорондын мөргөлдөөн хурцадмал байдалд хүрсэн. Нутгийн олон хэсэгт эмх замбараагүй байдал үүсээд буйг ажиглагчид Сирийг чөлөөлж, дэглэмийг унагах боломж гэж харж байсан бөгөөд энэ нь ч ёсоор болсон юм. Тодруулбал, арванхоёрдугаар сарын 8-ны өдөр Сирид 50 жил үргэлжилсэн дэглэм нуран унаж, удирдагч Башар аль-Ассад гэр бүлийн хамтаар эх орноосоо дүрвэсэн. Түүнийг онгоцны ослоор нас барсан байж магадгүй гэх таамаг цахим ертөнцөд хагас өдрийн турш үргэлжилсэн ч удалгүй Москвад очсон нь тодорхой болсон юм. Бүх таамаг, цуу ярианд Оросын төрийн мэдээллийн Тасс агентлаг цэг тавьж, Ассадын гэр бүлд хүмүүнлэгийн шалтгаанаар орогнол олгосноо мэдэгдсэн билээ.

Босогчид дэглэмийг түлхэн унагаснаасаа хэдхэн өдрийн дараа шинэ засгийн газраа байгуулж эхэлсэн. Үүний зэрэгцээ хилс хэргээр гүтгэгдэж, шоронд хоригдож байсан хүмүүсийг аврав. Мөн Хаят Тахрир аль-Шам босогчдын бүлэглэлийн удирдагч Ахмед аль-Шараа Ассадын дэглэмийн үед тэрс үзэлтнүүдийг тамлан зовоож, хилс хэргээр гүтгэн хөнөөхөд оролцсон бүх албан тушаалтныг шийтгэнэ гэдгээ амласан юм.

Өдгөө Сирийн шинэ удирдагчаар Хаят Тахир аль-Шам босогчдын бүлэглэлийн удирдагч Ахмед аль-Шарааг нэрлээд буй. Энэ цаг мөчид тэрбээр Сирийг хоёр дахь Талибан болгохгүйн зэрэгцээ олон үндэстэн, шашинтны аюулгүй аж төрөх өлгий нутаг болгоно гэдгээ амлаад байна. Амлалтаа биелүүлэхийн тулд Ахмед аль-Шараа босогчдын бүлгүүдийг татан буулгаж, Сирийн армитай нэгтгэх, бүх зэвсгийг төрийн хяналтад авах зэрэг арга хэмжээнүүдийг авч эхэлжээ. Ассадын дэглэм дор амаргүй он жилүүдийг өнгөрөөсөн сиричүүдийг Ахмед аль-Шараа цаашид хэрхэн удирдан чиглүүлэх бол гэдгийг дэлхий нийт харж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-12-29 185.220.101.23

Дэлхийд дахин нэг т*******т улс бий болов. Иргэний тээврийн онгоц буудаж унагаах, энгийн иргэдийг олноор нь х***х, хүүхдийн эмнэлэг, хүүхдийн хавдрын эмнэлэг рүү пуужин харвах, эмнэлэг сургууль цэцэрлэг рүү пуужин харвах, өвөл болж байхад цахилгаан дулааны станц руу пуужиндах, үй олноор устгах химийн з****г хэрэглэх гэх мэт зүүдэнд оромгүй бузар гэмт хэрэг үйлдэж байна. Одоо соёлт хүн төрөлхтний эсрэг геноцид, терроризм хийснийх нь төлөө дэлхийгээс болон дэлхийн түүхээс арчигдах дээрээ тулжээ.

Avatar

Нэргүй 2024-12-29 185.220.101.23

терр.орист буюу алан хядагч улс.

Avatar

Нэргүй 1 минутын өмнө 122.201.31.159

Амныхан араа б**с нь хөгжихсөн эргүү дебиль бодолтой хогийн хөлсний слава новшинцор сайхан х****а. Хаха

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж