Манай орны хөнгөн үйлдвэрийн салбарын хагас зууны түүхийг бүтээлцсэн Монголын анхны машинт хивсний үйлдвэр болох “Улаанбаатар хивс” ХК-ийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд Алтангадас одонгоор шагналаа.
Шавхагдахгүй нөөцтэй мал аж ахуйн түүхий эдийг ашиглан экологийн цэвэр, тансаг зэрэглэлийн хивсийг дотоод, гадаад хэрэглэгчдэд зориулан үйлдвэрлэж, компанийн ажилтнууд болон хувь нийлүүлэгчдийн сэтгэл ханамжийг дээдлэн ажилладаг, эх орныхоо хөнгөн үйлдвэрийн салбарын хөгжилд чухал хувь нэмэр оруулах эрхэм зорилготой Улаанбаатар хивс компанийн шагналыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр өнөөдөр /2024.12.27/ З.Эрдэнээ захиралтай, ТУЗ-ийн дарга Ц.Зоригт тэргүүтэй хамт олонд гардуулсан юм.
Шагнал гаруулах үеэр ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр “Уламжлалт мал аж ахуйн үнэт түүхий эд, ундарч байдаг баялаг болох цагаан алт болсон ноосыг эцсийн бүтээгдэхүүн болгон ард түмнийхээ хэрэгцээг хангаж, гадаад улсад Монголын нүүр царай болж валютын урсгалыг нэмж байгаа та бүхний 50 жилийн хөдөлмөр, зүтгэлийг Монгол Улсын Ерөнхийлөгч өндрөөр үнэлж Төрийн дээд Алтангадас одонгоор шагнаж байна. Төрийн тэргүүний санаачилгаар эх орныхоо малын гаралтай түүхий эд болох ноос, ноолуур, тэмээний ноос, сарлагийн хөөвөр, малын арьс, ширний боловсруулалтын хүчин чадлыг өргөтгөх, нэмэгдүүлэх “Цагаан алт” үндэсний хөдөлгөөнийг эхлүүллээ. Монголын Арилжааны 10 банктай хамтарч, шаардлагатай санхүүгийн асуудлыг шийдвэрлэж, аж ахуйн нэгжүүдэд 6-9 хувийн урт хугацааны хөрөнгө оруулалт, эргэлтийн зээлийн гэрээнд гарын үсэг зурлаа. “Цагаан алт” хөтөлбөр гараанаасаа гарч байгаа энэ торгон мөчид та бүхнийг шагнаж байна. Та бүхэнд шинэ оны мэнд хүргэж, аз жаргал сайн сайхныг хүсэн ерөөе” гэсэн юм.
Улаанбаатар хивс компани нь 1971 онд байгуулагдаж, 1992 онд хувьчлагдан өнөөг хүртэл 53 жил тасралтгүй үйл ажиллагаагаа амжилттай явуулж байгаа үндэсний компани билээ. Жилд нэг ээлжээр 350 мянган м2 машинт хивс нэхэх хүчин чадалтай бөгөөд нарийн ээрэх, будах, нэхэх, нөхөн засах гүйцэтгэх гэсэн үндсэн дөрвөн үйлдвэрлэлтэй юм байна.
Монгол хонины 1–р цагаан ноосоор 15/3 ба 12/3 номерын утас ээрч Алтанбулаг, Улаанбаатар, Алтан-Өргөө, Саян, Богд нэр төрлийн машинт хивсийг орчин үеийн, уламжлалт болон сонгодог хээ зураг бүхий төрөл бүрийн өнгө, хэмжээ, өндөр нягт бүхий хивс хивсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэн дотоод, гадаадын зах зээлд нийлүүлж байгаа юм. Түүнчлэн захиалгат хивс, эсгий гудас, машины суудлын бүрээс, улавч, тааран цүнх, килим, ноосон бүтээлэг, сүлжмэл зэрэг бусад туслах үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэж зах зээлд нийлүүлж иржээ.
Улаанбаатар хивс ХК нь Улаанбаатар хотод 150 ажилтантай үйл ажиллагаагаа явуулж буй бөгөөд бүтээгдэхүүн, техник технологийн байнгын сайжруулалт, эрчимжүүлэлт, өргөжүүлэлт хийж, экспортын бүтээгдэхүүний нэр төрөл, тоо хэмжээгээ олшруулах замаар тогтвортой экспортлогч компани болохоор ажиллаж байгаа юм.
Нэргүй 2024-12-27 133.200.212.224
Шал тэнэг байшин дээр одон зүүсэн юмуу