"Эдийн засгийн хөгжлийн хурдыг ажиллах хүчний нийлүүлэлт хангаж дийлэхгүй боллоо"

"Эдийн засгийн хөгжлийн хурдыг ажиллах хүчний нийлүүлэлт хангаж дийлэхгүй боллоо"

Монголын барилгын үндэсний ассоциац ТББ-ын   Ерөнхийлөгч  Н.Баярсайхантай Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбоотой үүсээд байгаа нөхцөл, өрнөж буй асуудлаар ярилцлаа.


 

   -Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг Монголын  Барилгын Үндэсний ассоциац ТББ  дэмжиж байгаа харагдаж байна. Гэтэл бас эсэргүүцэгчид ч байна. Үүнийг та юу гэж харж байна?

-Гадаадаас ажиллах хүч авах эрх зүйн тухай хуулийн төсөл нэг талаас Хамтарсан Засгийн газар мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн хүрээндээ, нөгөө талаас Танхим болон МБҮА  тэргүүтэй ТББ-уудын санал санаачилгаар өргөн баригдлаа. Хатуухан хэлэхэд  ажил хөдөлмөр, бизнесийн зовлон бэрхшээлээс хол хөндий, сошиал, шантаажаар амьдардаг зарим популист улстөрчид үүнийг улстөржүүлэх шинжтэй харагдаж байна. Мэргэжилтэй ажиллах хүчний хомсдолд  барилга, дэд бүтцийн болон бусад олон салбар орж,  түүнээс үүдсэн  хүндрэлүүдийг даван туулж яваа. Галт тэргээр зүйрлэвэл зүтгүүрийг маань ажиллуулах машинист,  ажилчидгүй таг зогслоо. Утаа, тоос, түгжрэл, орон байрны үнийн өсөлт, энэ олон хүндрэлээс бид барилга орон сууц, дэд бүтцийн тэлэлт,  түүнийг дагасан шинэ суурьшил гээд олон арван бүтээн байгуулалтын төслүүдийг урагшлуулж байж бид сална.  Бүтээн байгуулалтын нөр их ажлыг   ганц хүн цалинжуулж, ганц тоосго өрөөгүй поп улстөрчид, уран бүтээлч нэртэй шантаажчин, мэргэжлийн онцлогоо мөнгөөр үнэлсэн зарим сэтгүүлч  ирж хийх үү. Орон сууцны өртөгт нөлөөлж байгаа хамгийн том нөлөөлөл болсон энэ суурь хүчин зүйлүүдийн нэг ажиллах хүчний хомсдолыг шийдэж, төсөл хөтөлбөрүүдээ хөдөлгөлгүйгээр бид эдийн засгаа өсгөж, солонгоруулж,  хүн амыг орон сууцжуулах хөтөлбөрөө хэрэгжүүлж, ядуурал, хүндрэлээс гарч чадах уу.  Гадаадад гарсан мэргэжилтэй ажиллах хүчнээ эргэн ирэхүйц хэмжээнд цалин хөлс өгдөг нөхцөлийг бүрдүүлсэн улс орон болж чадах уу. Энэ хүндрэлүүдийг манай улсаас хэдэн арав дахин их хүн амтай хөгжингүй болон хөгжиж буй бүх орнууд гаднаас ажиллах хүч оруулах замаар шийдэж, бүтээн байгуулалтаа хийж,  улс орноо хөл дээр нь босгож, тулгамдсан  асуудлуудаа шийдвэрлээд явж байна. Тиймээс бид энэ үед Засгийн газраас  санаачлан  өргөн барьж байгаа уг хуулийн төслийг нэгдмэл дуу хоолойгоор дэмжих нь улс орны  эдийн засгийн эргэлтийн тогтвортой байдлыг хангах энэ цаг үеийн зангилаа болсон шийдэл гэж үзэж байна.

-Барилга гэлтгүй бүх салбарт ажиллах хүч дутагдалтай байгаа гэж та хэллээ.  Гэтэл нөгөө эсэргүүцэгчид маань “Хятадаас баахан ажилтан ороод ирнэ” гэсэн юм яриад байгаа…

-Бизнесийнхэн хаанаас ямар ажиллах хүч авахаа маш сайн шийдэж чадна. Гадаадаас ажиллах хүч авна гэхээр зөвхөн БНХАУ-аас ажилтан авах тухай ойлголт биш.  Тийм зорилго байхгүй. Үндэсний аюулгүй байдлын асуудал хөндөгдөх   талаар ярьж байгаа бол тоо хэмжээгээ заагаад,  хяналтаа тавиад явахад асуудал байхгүй. Хятад ажилчид орж ирээд Монголын зах зээлийг эзлээд авчих гэж байгаа юм шиг ярих нь хэтэрхий өрөөсгөл.  Сошиал хөөсрөл, жагсаал хоёроос болж төр засаг нь шийдвэрээсээ буцаад байвал бид хөгжил дэвшил ярихад хэцүү. Засгийн газар яг юуг хийх вэ гэдгээ  танилцуулснаас яаж хийх вэ  гэдгээ олон нийтэд тодорхой танилцуулаагүйгээс  буруу ойлголт бий болголоо гэж бид харж байна. Тэрнээс аж ахуйн нэгжүүдэд ажиллах хүчин шиг хэрэгтэй юм алга. Улс орны хөгжлийн том төслүүдээс хувийн компаниудын орон сууцны төслүүд хүртэлх амжилттай байх гол суурь нь төслийн бэлтгэл ажил хангах явдал. Үүний дотор хүний нөөцийн хангалттай бэлэн байдал чухал.

-Хууль батлагдвал аж ахуй нэгжүүдэд ямар ашиг тустай вэ. Миний мэдэхээр гадаадаас ажиллах хүч оруулж ирнэ гэдэг тухайн аж ахуй нэгждээ ч амаргүй л байдаг…

-Нэг гадаад ажилтан ажиллуулахад “Хөдөлмөр дэмжих сан”-д цалингийн доод хэмжээг хоёр нугалснаар бид 1320 000 төгрөгийн татвар төлдөг.  Ийм татвар төлөөд  хямд ажиллах хүч оруулж ирэх нь   аж ахуй нэгжид хүндрэлтэй байдаг. Хөдөлмөр дэмжих санд төлж байгаа  суурь хураамж ажил олгогчдоо маш их дарамт болдог. Гаднаас ажиллах хүч авч ажиллуулж байсан аж ахуй нэгжүүд бүгд мэднэ. Гадаад ажилтан  сард 29 өдөр буюу 26 өдөр байрлан ажиллах нь   бүтээмжийн хувьд илүү  байдаг. Хүн цаг,  ажлын бүтээмжээр яривал бид бүтээн байгуулалтаа богино хугацаанд хийж чадна л гэж харж байгаа.

  -Гадаадаас мэргэжилтэй ажиллах хүч авахад тулгардаг  хүнд суртлыг арилгах, хураамжийг нь  тэглэе гэсэн саналыг 43 салбарын холбоод гаргасан талаар Л.Энх-Амгалан сайд ярьсан. Нэлээд хүнд суртал туулж байж гаднаас ажиллах хүч авдаг юмаа даа..

-Гаднаас ажиллах хүч оруулах зөвшөөрөл авахад доод тал нь хоёр  сар хүлээж байж шийдвэрлүүлнэ. Хүнд суртал, дарамт. “Хөдөлмөр дэмжих сан”-д төвлөрүүлсэн мөнгөө дараа нь юунд яаж ашигладаг, ямар үйл ажиллагаа явуулдаг нь тодорхой бус.  Аж ахуйн нэгжүүд хүн ажиллуулмаар байдаг. Монгол ажилчдынхаа ур чадварыг сайжруулмаар байдаг. Гэвч бодит байдал дээр ажиллах хүн олдохгүй байна шүү дээ. Гадаадаас ажиллах хүч авахын хувьд  давуу тал бий бөгөөд нэгээс хоёр жилийн  гэрээгээр  ажиллаад л буцдаг. Тэд ч гэсэн амьдрал ахуйдаа нэмэр болох гэж тогтвортой, сайн ажиллах гэж л хүний газар ирж ажилладаг.     Манай нарийн мэргэжлийнхэн бүгд гараад явсан гэхэд хилсдэхгүй.

-Монголчууд гадаадад очоод маш сайн ажилладаг гэлцэх юм. Тэгэхээр Монголдоо ажиллах хөшүүрэг нь дутуу байгаа юм биш үү. Энэ тал дээр манай мэргэжлийн холбоод юу бодож санаачилж байдаг нь сонин байна?

– Нэг тэрбумын орлоготой аж ахуй нэгж нэг хувийн ААНОАТ төлж байхад хувь хүн нэг сая төгрөгийн цалингаас ХХОАТ 10 хувь, нийгмийн даатгалын  12 хувийг төлөөд дээр нь НӨОАТ 10  хувийг худалдан авалт болгон дээрээ төлж байхад дотоодын  ажиллах хүч  гадаадад ажиллаж,  өндөр орлоготой байхыг ямагт хүснэ. Зөвхөн цалингийн түвшин, татварын дарамтаас гадна, чанартай сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ амьдрах орчны чанар, агаарын бохирдол, замын түгжрэл, авлига хүнд сурталт бизнесийн орчин гээд олон хүчин зүйлсээс хүмүүс, ялангуяа чадвартай боловсон хүчин гадагшаа гарч байна. Хаа сайгүй ажиллах хүч, боловсон хүчний дутагдалд орсон.

 -Ирэх оноос мега төслүүд хэрэгжиж эхэлнэ. Мэргэшсэн мэргэжилтнүүд, инженерүүдийн хомсдолд орсон өнөөгийн байдлаар бид энэ ажлыг хийх боломж бий юу?

-Монгол Улс 14 мега төслийг бодлогын төвшинд хэрэгжүүлэхээр болсон. Мөн төрийн болон хувийн бүтээн байгуулалтын ажлууд байна. Үүнийг хэрэгжүүлэхэд хүний нөөц дутна. Эдгээр томоохон төслүүд хэрэгжүүлэхээс өмнө одоогийн нөхцөл байдалд ч ажиллах хүч дутагдалтай байна. Нэг үгээр хэлбэл Монгол Улсын эдийн засгийн өсөлтийн хурдыг дотоодын ажиллах хүчний хангалт гүйцэхгүй байна.

 -Манайд татварын дарамт асар их нь хувийн хэвшилд ч, хувь хүнд ч шууд нөлөөлдөг.  Танхим, холбоод энэ тал дээр санал болгож сайжруулж байгаа юм бий юу?

-МҮХАҮТ-ын хуулийн шинэчилсэн найруулгад улс орны эдийн засгийн хөгжлийг дэмжих, худалдаа үйлдвэрлэлийн орчин үеийн тогтолцоо бий болгох, гишүүдийнхээ болон гадаад, дотоодын худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн нийтлэг эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор шинэчлэн батлах шаардлагатай болсон. Бид Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд гадаадын ажиллах хүчний квот, ажлын байрны төлбөр хураамжийг хөнгөлүүлэх талаар нийт бизнес эрхлэгчдийн хамт танхимаараа дамжуулан төр засагт дуу хоолойгоо хүргэдэг.  Асуудлыг нааштай шийднэ гэдэгт итгэлтэй байгаа.   Монголын Барилгын Үндэсний Ассоциаци ТББ, Монголын Барилгын инженерүүдийн холбоо ТББ, Монголын барилгын зураг төсөл зохиогчдын холбоо ТББ, Хөгжлийн төлөө барилгачдын нэгдэл зэрэг ТББ  нь хамтран МАН, АН, ХҮН намуудын сонгуулийн мөрийн хөтөлбөрт барилгын салбарт тулгамдаж буй асуудлуудыг тусгуулахаар саналаа боловсруулан хүргүүлсэн. Салбарын хөгжлийн асуудлууд болон хот төлөвлөлт рүү илүү анхаарч, хот суурин газрууд болон дагуул хотуудын бүтээн байгуулалт, дэд бүтцийн бүтээн байгуулалт, гэр хорооллын дахин төлөвлөлт, зохион байгуулалтын хүрээнд төр, засаг, орон нутгийн захиргааны байгууллагуудтай хамтран ажиллах шаардлага үүсэж байна. Сүүлийн 20 жилд Улаанбаатар хот нь хэт төвлөрсөн, хот төлөвлөлт эмх замбараагүй болсон, барилгын чанар муудсан, мэргэжлийн ажиллах хүчин хомсдсон зэргээс улбаалж салбарын хөгжил саарч, тулгарч буй олон асуудлууд үүсэж байгаа учраас  энэ салбарт: Шинэ техник, технологи нэвтрүүлэх, өнөөдөр  мөрдөгдөж буй хууль, дүрэм журмыг шинэчлэх, илүү боловсронгуй болгох, ингэхдээ төрийн олон чиг үүргийн заримыг мэргэжлийн холбоодод өгч хэрэгжүүлэх, үнэ тарифыг чөлөөлөх зэргээр төртэй хамтарч ажиллан, тухайн  салбарт тулгамдаад буй асуудлыг дорвитой шийдвэрлэх шаардлагатай байгаа талаарх асуудлыг ярилцаж,  мөрийн хөтөлбөрт нь тусгуулж, цаашид хэрэгжүүлэн ажиллах талаар саналаа солилцсон.

-Хуулийн төсөлд  гадны ажиллах хүчнийг татвараас хөнгөлнө гэсэн байх юм. Энэ нь аж ахуйн нэгжүүдэд бодит дэмжлэг болно. Гэхдээ өмнө нь зөвхөн тодорхой компаниуд л ийм хөнгөлөлт эдэлж байсан, одоо бүгд хөнгөлөлт эдэлнэ  гэж ойлгох нь зөв үү?

– Одоогийн байдлаар Засгийн газрын төслүүдэд гаднаас ажиллах хүч авахад хөнгөлөлт чөлөөлөлт үзүүлж байсан  нь зах зээлийн тэгш байдлыг алдагдуулж ирсэн. Өргөн утгаар харвал гаднаас мэргэжилтэй ажиллах хүч авч байгаа нь Монгол Улс хөгжиж байгаа, эдийн засаг тэлж мэргэжилтэй ажиллах хүчний нийлүүлэлт хэрэгцээгээ хангаж чадахгүй байгаа үйл явц юм. Нөгөөтэйгүүр  татварын энэ хөнгөлөлт нь гадаадын хөрөнгө оруулалт орж ирэхэд бас нэг таатай нөхцөл бүрдүүлнэ гэдгийг бид тооцож үзэх ёстой.

-Барилгын үнэ байнга өсөж байна. Гадаадаас хямд ажиллах хүч орж ирвэл орон сууцны үнэ буурахад  нөлөөлөх үү?

-Зөвхөн барилга гэлтгүй бизнесийн бусад салбарт ашиг тусаа үзүүлнэ.

 -Ер нь бусад орнууд гадаадаас ажиллах хүч оруулах нь түгээмэл байдаг. Гадаадаас ажиллах хүч авснаар ямар давуу тал гарсан байдаг вэ. Нэгэнт хуулийн төсөл өргөн баригдсан учир гадаад улсуудын туршлагыг судалсан л байх…?

-Европын ихэнх орнууд Киргиз, Узбекстан, Туркээс,  мөн Азийн хөгжиж байгаа, хөгжсөн орнууд сүүлийн үед ажиллах хүчээ Мьянмар, Энэтхэгээс авч байгаа. Ялангуяа барилгын салбарт узбек, туркууд ажиллах хүч болж гадаад улс орнуудад ажиллаж  байна.

2024 онд хөдөлмөр эрхлэх гадаад ажилтны тоо, хувь хэмжээг Засгийн газраас 2023 оны  есдүгээр  сард баталсан. Барилгын салбарт гадаад ажилтан авчрах боломжтой  тоо 5000 байдаг. Гадаад ажилтан нь Монгол Улсад хөдөлмөр эрхэлж байгаа тул Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийг дагаж мөрдөх ёстой бөгөөд  олсон орлогоосоо  татвар болон нийгмийн даатгалын шимтгэлд     34 хувийг  төлдөг. Нөгөө талаар бид гадаадын мэргэжилтэй ажиллах хүчнээс дотоодын ажиллах хүчээ сургаж дадлагажуулаад авах сайн талыг харах хэрэгтэй.

Монгол Улсын салбар бүр хүний нөөцийн хөгжлийн бодлого, стратеги төлөвлөгөөгөө эргэн харж, Төр, Хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд шинэчлэл хийх зайлшгүй шаардлага тулгарч байна.  Дунд, урт хугацаандаа энэ нь гадагшаа гарч байгаа урсгалыг тогтоон барих,  нөгөө талаар аль ч  салбарт  ажиллах хүчээ цаашдаа хэрхэн хангаж явах бодлогын бичиг баримтаа эргэн харах цаг болсныг илтгэж байна.

Д.Мөнгөндалай

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж