Монгол Улсын Үндсэн хуульд газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээхэд чиглэнэ гэж заасны дагуу Засгийн газраас Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал 2024 оны дөрөвдүгээр сарын 19-нд баталсан. 2024 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдрийн байдлаар дүгнэж үзэхэд Ирээдүйн өв сан дөрвөн их наяд төгрөг, Хуримталын сан буюу иргэдийн хадгаламж 495 тэрбум буюу иргэн бүрд 135 мянган төгрөгийн хадгаламж үүсэж, Хөгжлийн санд 240 тэрбум төгрөг төвлөрсөн байгаа нь хууль хэрэгжиж эхлээд найман сар өнгөрсөн гэхэд чамлахааргүй үзүүлэлт юм.
Үндэсний баялгийн сангийн тухай хуулиар стратегийн ордуудын 34 хувь, түүнтэй дүйцүүлэх өгөөжийг иргэд боловсрол, эрүүл мэнд, орон сууцандаа бэлэн бусаар захиран зарцуулах, ногдол ашгийн хувийг бэлэн мөнгөөр авах эсвэл Хуримтлалын сангийн хадгаламждаа хийх, Хөгжлийн санд хандивлах зэрэг зохицуулалтууд нээгдэж буй бөгөөд баялгийн өгөөжийг төсөл тус бүрээр E-Mongolia-аар дамжуулан иргэд хянах боломж бүрдээд байгаа юм. Тэгвэл Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг УИХ-ын чуулганаар яаралтай хэлэлцэхийг дэмжиж Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.
Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2024.12.26/ хуралдааны үеэр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал Олон жил бид байгалийн баялаг ард түмэн эзэмшинэ гэж ярьсан. Гэхдээ арга зам механизм тодорхой байгаагүй. Монгол Улс өнгөрсөн хугацаанд нэг ч удаа өөрсдөө санхүүгийн схем боловсруулаад, энэ схем дээрээ 50+1 байх заалтыг хангуулаад бүх хувилбараар таамаглал бий болгоод үнэлж байсан тохиолдол төдийлэн байхгүй. Дэлхийн хэмжээний, үндэстэн дамнасан том компаниудтай хэлэлцээрт ороод 50+1 заалтаа хангуулна гээд суугаад байх нь эрсдэлтэй. Тиймээс эн удаа Монгол Францын хоёр засгийн газар хороондын хөрөнгө оруулалтын гэрээ юугаараа жишиг болох вэ гэхээр бид өөрсдийн санхүүгийн схем дээр бүх таамаглалуудыг дэвшүүлж өгөгдлүүдийг цуглуулсан, олон улсын стандартыг барьсан. Мөн анх удаа тохируулга хийсэн. Тохируулга хийнэ гэдэг бол энэ жилийн үр өгөөж монголын ард түмэнд 50+1 зарчмаар оногдохгүй байвал түүнийг нь нөгөө компаниас гаргуулж 50+1 зарчмыг хангуулах тохируулга хийсэн. Жил бүр 50+1 зарчим хангагдахгүй 1 хувь ч болов дутвал нэг хувийг хөрөнгө оруулагч талаас гаргах тохируулга хийснээрээ онцлогтой.
Хоёрдугаарт, Засгийн газрын хуримтлагдсан үр өгөөж гэж юуг хэлэх вэ гэхээр шууд үр өгөөж юм. Шууд үр өгөөж гэдэг нь төлбөр, татварууд юм. Шууд бус үр өгөөж гэдэг нь ажлын байр нэмэгдүүлэх, салбарын үйл ажиллагаанаас ур чадварыг хөгжүүлэх замаар олж байгаа өгөөжүүд багтана.
Гуравдугаарт, тэнд эдийн засгийн үйл ажиллагаа эрчимжиж, худалдаа үйлчилгээ бусад салбарын үйл ажиллагаа эрчимжих дам өгөөж бий болно. Хэрэв шууд, шууд бус, дам өгөөжийг нийлүүлээд 50+1 гэх юм бол шударга бус. Шууд өгөөж гэдэг бол шууд төсөвт, Баялгийн санд, хуримтлалын санд, Ирээдүйн өв сан, хөгжлийн санд орно. Шууд өгөөжийг борлуулалтаас нь авах юм . Түүнээс биш ногдол ашгийг хүлээгээд суух нь утгагүй. Нэг ёсондоо зардал нэмэгдүүлээд, захирал нь урамшуулал авдаг компаниудтай гээд шүүмжлээд байдаг. Яг үүнтэй ижил хөрөнгө оруулалтын гэрээ ч мөн адил зардал нэмэгдээд байдаг ашиг авах хугацаа нь хойшлоод байдаг. Шилний цаанаас чихэр долоолгоод байгаа мэт “Та удахгүй ашиг авна гэж итгүүлчихээд ашиг хүртэх хугацаа нь хойшлуулсаар байдаг. Төр анх удаа давуу эрхийн хувьцаа буюу 10 хувийг эзэмшихдээ Засгийн газар, ТУЗ төлөөлөлтэй, хориг тавих эрхтэй, санхүүгийн ямар ч хариуцлага хүлээхгүй хөрөнгө оруулалтын гэрээ хийж байгаа нь сайн жишиг болно гэдгийг тодотголоо.
Холбоотой мэдээ