Ерөнхий сайд газар тариалангийн бүс нутагт ажиллав

Хуучирсан мэдээ: 2010.09.06-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайд газар тариалангийн бүс нутагт ажиллав

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд өнгөрсөн долоо хоногийн бямба, ням гаригуудад газар тариалангийн бүс нутагт ажиллаж, ургац хураалттай танилцлаа. Тодруулбал, Булган, Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ аймагт ажилласан юм. Мөн энэ хугацаанд аймгийн ард иргэдтэй уулзаж, төр засгаас гаргаж байгаа бодлого шийдвэрийг ард, иргэдэд танилцуулж, мөн саналыг нь сонслоо.  Засгийн газрын тэргүүний томилолтын бүрэлдэхүүнд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди, Боловсрол, соёл шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга Д.Нямжав, Зам, тээвэр барилга хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ, Ерөнхий сайдын эдийн засгийн бодлогын зөвлөх Ж.Энхбаяр тэргүүтэй албаны хүмүүс багтаж, ажилласан юм.

Дээрх аймгийн иргэд Засгийн газрын тэргүүнд хандан цалин, тэтгэвэр нэмэгдэх сайхан ч түүнээс урьтаад өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ тэнгэрт хадаж, тэр хэрээр амьжиргаа доройтож байгааг сануулж, үнийн зохиомол хөөрөгдөлттэй төрөөс хатуу тэмцэх шаардлага бийг анхааруулав. Хөдөөд ажилгүйдэл их байгааг ард иргэд бас санууллаа. Тэр дундаа 40-өөс дээш насныханд ажил олддоггүй, өдрөөр ажил хийхээр хувийн компаниуд хөлс мөнгийг нь өгдөггүй гээд бэрхшээл багагүй аж.

Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих хүрээнд аймгуудад олгогдож буй зээл хаанаа ч хүрэлцэхгүйн зэрэгцээ банкны барьцаа төлбөр хатуу гэнэ. Иргэн, аж ахуйн нэгжид 20 сая хүртэлх зээлийг гурван жилийн хугацаатай, 50 сая төгрөгөөс дээш зээлийг таван жилийн хугацаатай олгож байгаа аж. Гэвч дээрх мөнгийг аваад боловсруулах үйлдвэр байгуулан ажиллая гэхнээ нэг л мэдэхэд эргүүлэн төлөх хугацаа болчихсон, банкнаас шахагдаж байдаг тул зээлийн хугацааг сунгах, банкны барьцаа төлбөрийг уян хатан болгоход анхаарч үзэхийг мөн хүслээ.

Өнгөрсөн сард Засгийн газраас их, дээд сургууль, коллежид суралцагчдын сургалтын төлбөрийн тодорхой хувийг Хүний хөгжлийн сангаас хийхээр шийдвэрлэснийг хөдөөгийнхөн зөв алхам болсон гэж дүгнэж байна. Гэхдээ төрийн өмчийн болоод хувийн хэвшлийн их, дээд сургуулиудын сургалтын чанарт анхаарч, чамбайруулахгүй бол энэ олон тооны сургуулиуд мөнгө угаах хэлбэрт шилжиж болзошгүйг сануулав.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж