Шинэ оны дуунууд эгшиглэнэ. Ойролцоогоор 100 орчим метр үргэлжлэх мөсөн талбай дүүрэн хүүхдүүд гулгаж харагдав. Тэдний зарим нь мөсөн дээр тэшүүртэй бүжиглэж буй мэт байх ажээ. Нэг хэсэг нь хана түшин гулгаж ядан явах бол, зарим нь хажуугаар салхи татуулан зоргоороо гулгана. Энэ л орчинд хөгжилдөн тоглох хүүхдүүдийн дуу хоолой, жаргалтай инээмсэглэл цаанаа дулаахан мэдрэмж төрүүлнэ.
Энэ бол нийслэлийн Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороонд байрлах Биеийн тамир, спортын хорооны мөсөн гулгуурын талбай. Таван давхар барилгын хоёр давхар руу гарахад өөдөөс сэрүүн агаар үлээж, хүүхдүүдийн дуу цангинана.
"Оройн 18.00 цагаас хойш хүүхдийн аюулгүй байдлын үүднээс 16 нас хүрээгүй хүүхдийг хүлээн авахгүй. Мөн нэг дор их ачаалал үүсгэхгүйн тулд нэг ээлжид 50-иас илүү хүн гулгуулахгүй" гэх анхааруулгыг хаалганыхаа үүдэнд наасан байв.
Зүгээр ээ наашаа яваад ир. Унахгүй одоо гараа тавь. Зөндөө олон гулгачхаад айгаад байхдаа яах вэ дээ гэж нэг нь хэлнэ. Харин нөгөө нь хана түшин арай гэж гулгаж ядна. Би айгаад байна. Чадахгүй юм байна гэж ярилцах арав орчим насны хоёр хүүг Г.Мөнх-эрдэнэ, Т.Тэмүүлэн гэнэ. Т.Тэмүүлэнгийн хувьд 13 настай аж. Тэрбээр өвөл болохоор мөсөн коток дээр найзуудтайгаа гулгадаг тул ерөнхийдөө сайн гулгаж сурчээ.
Харин Г.Мөнх-Эрдэнийн хувьд энэ жил анх удаа гулгаж сурч байгаа бөгөөд тус мөсөн коток дээр гурав дахь удаагаа ирж гулгаж байгаа нь энэ.
“Анх гулгаж сурахдаа зөндөө унасан болохоор бага зэрэг айгаад байна. Дотор мөсөн коток бараг байдаггүй болохоор би өмнө нь нэг ч удаа гулгаж үзээгүй. Өвөл гадаа тоглох нь хэцүү санагддаг. Манай гэр эндээс ойрхон байдаг. Энд коток үнэгүй тоглуулж байгаа гэхээр нь найзтайгаа хамт ирж гулгаж байгаа. Гоё л юм байна гэхдээ жаахан хэцүү байна. Хүүхдүүд маш их ирж гулгаж байна. Зарим нь үнэхээр сайн гулгадаг. Араараа гулгаж, эргэх гээд гайхалтай гулгадаг юм байна. Тэднийг харахаар бага зэрэг атаархаж байгаа. Би бас эд нар шиг тоглож сурна. Найз маань сайн гулгадаг. Надад яаж гулгахыг уг нь зааж өгсөн. Би илүү сайжирна” гэж Г.Мөнх-Эрдэнэ ярив.
Харин Т.Тэмүүлэн биднийг ярилцаж байх хооронд цаана нь дураараа гулгаж хүссэн үйлдлээ хийх ажээ. Тэрбээр, дотор мөсөн коток дээр гулгаж тоглоход даарахгүй л юм. Мөсөн дээр гулгахаар өөрийгөө бүжиглэж байгаагаар төсөөлдөг. Гадаа байлаа ч гулгаад байхаар нэг их даардаггүй гэхдээ. Сургуулиа тараад ангийнхантайгаа гэртээ ойр мөсөн коток дээр очиж гулгадаг байсан. Энэ харин яг манай гэрийн хажууд, тэгээд дотор болохоор ёстой амар юм. Хүүхдүүд маш их ирж байна. Тэгээд үнэгүй болохоор хүссэнээрээ гулгаж байгаа гэв.
Гулгаж буй хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангаж тэдний үйлдэл бүрийг ажиглан, анхааруулга өгч буй мэргэжлийн багш байв. Хоккейн багш дасгалжуулагч Ж.Баярсайхан тэрбээр, “Уг хоккейн талбай маань дэлхийн хоккейн холбооны стандартад нийцсэн монголд ганц байдаг талбай. Талбайн хэмжээний хувьд 55* 25 гэсэн хэмжээтэй. Мөсөө өдөр бүр шинэчилдэг. Ачаалал их байгаа учир мөс амархан муухай болж байна. Дотор -6 градус хүйтэн байдаг. Тиймээс хүүхдүүд маш их сонирхож ирж байна. Ихэвчлэн өсвөр насны хүүхдүүд ирж байна. Дотор мөсөн гулгуур арчлахад төвөгтэй арчилгаа өндөр байдаг. Сүүлийн үед тогны хязгаарлалт хийгдсэн. Үүнээс үүдэж мөс хайлах асуудал тулгарсан. Гэсэн ч тэмцээнүүдээ зохион байгуулж байгаа” гэв.
Тус мөсөн гулгуурын талбайд шайвтай хоккей, гүйлтийн тэшүүр, уран гулгалт, кёрлинк гэсэн спортын дөрвөн төрлөөр бэлтгэл сургуулилт хийж улсын тэмцээн уралдаан зохион байгуулдаг байна.
Хүүхэд, залууст чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрөөх, спортоор хичээллэх боломжийг нэмэгдүүлэх зорилгоор Чингэлтэй дүүргийн Биеийн тамир, Спорт хорооны мөсөн гулгуурын талбайг энэ сарын 15-наас эхлэн иргэдэд үнэ төлбөргүй болгожээ. Энэ нь нэгдүгээр сарын 31 хүртэл үргэлжлэх аж. Мөсөн гулгуурын талбайгаар 07:00-22:00 цагийн хооронд үйлчлүүлэх боломжтой. Мөсөн гулгуураар үнэ төлбөргүй үйлчлэх аян зарласнаас хойш өдөрт 1000 орчим хүн үйлчилж байна гэж тус мөсөн гулгуурын Хоккейн багш дасгалжуулагч Ж.Баярсайхан хэлэв.
Тэшүүрээр гулгах нь биеийн бүх хэсгийг хөдөлгөөнд оруулж, булчин, үе мөчний уян хатан байдалд тустай ажээ. Мөн зүрхний цохилтыг нэмэгдүүлж, цусны эргэлтийг сайжруулдаг бөгөөд зөвхөн бие махбодоос гадна стрессийг багасгаж, анхаарал төвлөрөх чадварыг хөгжүүлдэг байна.
Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороонд байрлах Биеийн тамир спортын газар нь таван давхар бүхий спорт цогцолбор бөгөөд мөсөн гулгуур, хоккейн талбай нь жилийн дөрвөн улиралд тасралтгүй үйл ажиллагаа явуулах боломжтой олон улсын стандартын дагуу баригджээ.
Нэргүй 6 цагийн өмнө 103.212.117.36
Очиж гулгаж үзье гэж бодож байгаа, энэ нийтлэлээс үнийн талаар мэдээлэл авчих байх гэтэл бас л байхгүй.
Иргэн 6 цагийн өмнө 202.126.89.235
мөсөн гулгуурын ордонд гулгах хүүхдийн орох тасалбарын жишээ нь 70%-г төрөөс хариуцна гэвэл болохоор гэж бодлоо. Мөн усан бассейн, Чингис хааны музей, хүүхдийн жүжиг гэх мэт үзвэрийн тасалбарын үнэ-ийн тодорхой хувийг төрөөс дааж болох юм.