NCD group Монголын сагсан бөмбөгт түүчээлэх мөч ирлээ

NCD group Монголын сагсан бөмбөгт түүчээлэх мөч ирлээ

NCD group Монголын сагсан бөмбөгт түүчээлэх мөч ирлээ

Монголын сагсан бөмбөгийн дээд лигийн улирал хамгийн сонирхолтой, адармаатай үе дээрээ ирлээ. Багууд ч улирлын эхлэлээ дүгнэж, алдаа оноогоо дэнсэлж, энэ улирлын зорилгоо дахин тодорхойлж байх шиг. Дасгалжуулагчийн алба, бүрэлдэхүүндээ салхи оруулж, шилжилт хөдөлгөөнийг харамгүй хийж байгаа харагдана.

Ердөө ганцхан улирлын өмнө дээд лигт дебютээ хийн балчирдаж байсан Дархан Юнайтед баг энэ улирал үнэхээр гайхалтай байгаа. Литви мэргэжилтэн Андриус Мазутисын суулгасан үр одоо л үндэслэж, үр өгөөжөө харуулж байна. Өнгөрсөн улирал плей-оффын байрлалд багтаж чадахгүй явсан Дарханы баг өнөөдрийн байдлаар лигт зургадугаар байрт явна.

Залуу багийн туршлагагүй алдаанаас шалтгаалсан зарим нэг харамсалтай хожигдлыг хүртээгүй бол тэд тэргүүлэгчдийн эгнээнд ч явж болох байв. 

Мэдээж хүчтэй багийн ард хүчирхэг ивээн тэтгэгч байдаг нь нууц биш. Лигт өнө удаан жил оршин тогтнож, аваргын баннер өлгөсөн багуудын түүх үүнийг хангалттай гэрчилнэ. Тэгвэл энэ жишгийн дагуу "Ногоон ирээдүйг бүтээнэ" уриатай "NCD Group" Дархан Юнайтед багт хөрөнгө оруулж, ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллахаар болжээ.

Эко систем нь хараахан бүрэлдэж амжаагүй байгаа Монголын сагсан бөмбөгийн лигт хүчний тэнцвэр алдагдсан гэхэд хилсдэхгүй. Цалингийн цэс, хязгаар гэдэг ойлголтгүй энэ үед хэн хөрөнгө зарсан нь гавьтай явна. Яг ийм мөчид "NCD Group" дээд лигийн өрсөлдөөнийг тэнцвэржүүлж, залуу, өлсгөлөн Дархан Юнайтедыг ивээн тэтгэх болсонд сагсан бөмбөг сонирхогчид баяртай байна. Үнэхээр нөөц бололцоотой, удахгүй цойлох нь тодорхой залуучуудын арыг дааж, дэмжинэ гэдэг алсдаа том амжилтад хүргэх нь гарцаагүй.

Байгуулсан хожлууд нь ч лигийн томчуудын эсрэг тохиож, зөөлөн боорцог биш гэдгээ хангалттай харуулсан. Лигийн хамгийн залуу баг гэгдэж буй тэдний энэ улирал авчирсан Харди, Петтевэй нар ч хэргээ сайн гаргаж байгаа. Мөн У.Дөлгөөн, Б.Даш-Очир тэргүүтэй залуу тоглогчдын хурд хүч, зоримог шийдвэр, О.Нямбаяр, А.Энхтүвшин зэрэг дээд лигийн аваргуудын туршлага гээд энэ багт дутагдаад байх зүйл алга. Плей-оффт ямар ч багийн эсрэг хангалттай өрсөлдөөн үзүүлж, барьц алдуулах баг хэдийнэ бүрджээ.

Дархан Юнайтед багийн нөхцөл байдал тун таатай болоод ирсэн. Өөрсдийн хотдоо, талбай дээрээ өрсөлдөгч багуудаа хүлээн авч, фэнүүдийнхээ өмнө тоглох боломж бүрдсэн. Хэзээнээсээ Дархан бол сагсан бөмбөгийн тамирчдаараа алдартай, сагсны соёл түгсэн хот. Одоо лигийн баг нь плей-оффт яригдаж, аваргын төлөөх битүү морь гэж хэлэгдэх боллоо.

"NCD Group" ч дан ганц сагсан бөмбөгийн багт бус Монголын спортын салбарт хөрөнгө оруулж байна. Хүүхэд залуус баг тамирчдаа үзэж, спортоор хичээллэх урам авна. Ах нарынхаа залгамж халаа болохыг хүснэ. Хотынхон, фэнүүд нь ч тоглолтоо хүлээн үзнэ, уухайлан дэмжинэ. Өмсгөл, цамц, оймс, малгайг нь худалдан авна. Дархан Юнайтед багийг тойрсон бизнес цэцэглэнэ. Мөнгөн дүнгээр хэмжиж боломгүй эерэг өөрчлөлтүүд одоо биш ч алсдаа гарч ирэх учиртай.

Гэхдээ “NCD Group” Монголын спортын салбарт шинэ тоглогч биш. Хөлбөмбөг сонирхогчид тэдний талаар эчнээ мэдэх учиртай. Барилгын салбартаа хүлээн зөвшөөрөгдөж, шилдэг нь гэдгээ баталсан тэд өнгөрсөн хугацаанд хөлбөмбөгийн дээд лигийн SP Falcons клубыг ивээн тэтгэж, 2018 оны хөлбөмбөгийн ДАШТ-2018-ийг шууд дамжуулалтын “Алтан түнш”-ээр ажилласан түүхтэй. Түүнчлэн нийгмийн хариуцлагын хүрээнд хүүхэд залууст чиглэсэн олон арга хэмжээг ивээн тэтгэжээ.

Урт удаан улирал биднийг хүлээж байна. Дархан Юнайтед баг ч лигийг эхлүүлсэн шигээ төгсгөж, ирэх оны хавар аваргын цувралд шалгарсан байхыг үгүйсгэхгүй. Юу болохыг хамтдаа харцгаая.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж