Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газраас хүүхдийн хөгжих, нийгмийн амьдралд оролцох, тэдний гаргасан амжилт, ололтыг алдаршуулах, нийгэмдээ үлгэр дуурайлал болгох зорилгоор “Оны онцлох хүүхэд”-ийг шалгаруулах ёслолыг 32 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж байна. Тус арга хэмжээний батламж гардуулах ёслол өнөөдөр /2024.12.25/ боллоо.
2024 онд үндэсний болон олон улс, тив дэлхийн түвшинд:
• Оюун ухаан
• Сурлага
• Урлаг, уран бүтээл
• Биеийн тамир, спорт
• Байгаль хамгаалал
• Монгол ёс, түүх, соёлыг өвлөн уламжлагч
• Хүмүүнлэг энэрэнгүй, сайн үйлстэн
• Хүүхдийн оролцооны байгууллагын манлайлагч хүүхэд
• Техник сэтгэлгээ, шинэ санаачилга
• Багийн амжилт гэсэн 10 төрөлд үндэсний хэмжээнд 1678 хүүхэд өрсөлдөж, онцгой амжилт гарган эх орноо сурталчлан үе тэнгийнхнээ манлайлсан 74 хүүхэд “2024 оны "Оны онцлох хүүхэд”-ээр шалгарсан байна. Тодруулбал,
Монгол ёс, түүх соёлыг өвлөн уламжлагчаар морь цоллооч хүү Т.Тэмүүлэн шалгарлаа.
МОНГОЛ ӨВ УЛАМЖЛАЛ, ТҮҮХ СОЁЛ БОЛ БИДНИЙ "ДАРХЛАА"
Тэрбээр "Монгол өв уламжлал, түүх соёл бидний "дархлаа" гэж боддог. 2024 оны онцлох хүүхдийн нэгээр шалгарсандаа сэтгэгдэл өндөр байна. Итгэж өгөхгүй л байна. Үндэсний их баяр наадмын үеэр маш олон хүнээс магтаал, саашаал сонссон. Тэр үед ч бас надад маш гоё байсан. Өнөөдөр бүр ч их сэтгэл хөдөлж байна. Аль болох сандрахгүй, тайван байхыг хичээж байна. Гэр бүлийнхэн минь намайг хамгийн их дэмждэг." хэмээн баярын сэтгэгдэлээ хувааалцлаа. Т.Тэмүүлэн Баянхонгор аймгийн Өлзийт сумын Номгон ахлах сургуулийн долдугаар ангид суралцдаг. Хоёр жилийн өмнөөс морины цол дуудаж эхэлсэн бөгөөд 2024 онд л гэхэд 100 гаруй бүх насны морины цолыг дууджээ. Морины цол дуудахдаа нэг сарын өмнөөх эхэлж бэлддэг байна. Үндэсний их баяр наадам, Сар шинийн баяруудад хамгийн дуртай түүнийг монгол ёс, түүх соёлыг өвлөн уламжлагч номинацид улсын хэмжээнд шилдгээр шалгарууллаа.
Э.ҮҮРИЙНЦОЛМОН ОЙ ТОГТООЛТЫН ХАМГИЙН ЗАЛУУ ДЭЛХИЙН АВАРГА БОЛЖЭЭ
Ой тогтоолтын спортын Олон улсын их мастер Э.Үүрийнцолмон 2024 оны онцлох хүүхдийн нэгээр шалгарчээ. Тэрбээр Бүгд найрамдах Турк улсын Истанбул хотод арванхоёрдугаар сарын 5-8-ны хооронд зохион байгуулагдсан 33 дахь удаагийн Ой тогтоолтын ДАШТ-д түрүүлжээ.
Тэрбээр 14 насандаа насанд хүрэгчдийн ангилалд тэргүүлснээр 33 жилийн түүхтэй тус тэмцээний хамгийн залуу дэлхийн аварга болсон байна.
Түүнчлэн 2022 оны бага насны Дэлхийн аварга, 2023 оны өсвөрийн Дэлхийн аварга, 2024 оны өсвөр болон насанд хүрэгчдийн Дэлхийн аварга, Оюуны олимпийн хамгийн залуу аварга, Гиннесийн рекорд эзэмшигч юм. Э.Үүрийнцолмон " Бага ангиасаа эхлээд оюуны спортоор хичээллэсэн. Хамгийн сүүлд оролцсон тэмцээний тухайд 30 минутанд 6465 цифр цээжлэн, алдаагүй санаж шинэ амжилт гаргасан. Оны онцлох хүүхдийн нэгээр шалгарсандаа баяртай байна" гэлээ.
ГАЛААС АЙГААГҮЙ, ХҮҮХДҮҮДИЙН АМИЙГ АВАРЪЯ ГЭЖ Л БОДСОН
Галаас хоёр хүүхдийн амь аварсан Дархан-Уул аймгийн 31 дүгээр сургуулийн 8б ангийн сурагч Н.Мөнхбаатар, 10б ангийн сурагч Э.Ганцоож нар 2024 оны онцлох хүүхдийн нэгээр шалгарч, батламжаа гардан авлаа. Тэд “Хүмүүнлэг, энэрэнгүй сайн үйлстэн” төрөлд шагналыг хүртжээ.
Н.Мөнхбаатар "Гэрийнхээ гадна цас цэвэрлэж байгаад, хүүхэд уйлах чимээ сонссон. Тэгээд хашаан дээгүүрээ хартал хажуу айлын гэрийн тооноор утаа баагьж, хоёр хүүхэд гэрийнхээ гадаа нимгэн хувцастай уйлаад зогсож байсан. Тэгээд ахыгаа дуудаад хүүхдүүдэд тусалсан" гэлээ.
Болсон үйл явдлын тухайд Н. Мөнхбаатарыг хөрш айлынхаа хашаанд нь орох үед охины гараас тэвэрсэн муур нь зугтаж, шатаж буй гэр лүү оржээ. Хүүхдүүд муурынхаа араас гэр лүү орсон учраас Н. Мөнхбаатар араас нь орж, 5 настай хүүхдийг тэврэн гарч ирэх үед ах Э.Ганцоож нь зөрж орон, гэр дотор муураа хайж байсан 4 настай хүүхдийг аварчээ. Яг энэ үед гэрийн тооно нурж унасан байна. Э.Ганцоож "Манай дүү намайг дуудаад, хүрч очихдоо галаас огт айгаагүй. Хамгийн гол нь хүүхдүүдийн амийг аваръя гэж л бодсон" хэмээн ярьсан юм. Аюултай нөхцөл байдалд эр зориг гарган хоёр хүүхдийн амь аварсан хөвгүүдийг найз нөхөд нь "баатар" гэж дуудах болжээ. Н.Мөнхбаатар ирээдүйд эх орондоо ихийг хийж бүтээсэн инженер болох мөрөөдөлтэй. Харин түүний үеэл ах Э.Ганцоож мэдээллийн технологийн инженер болохоор шийджээ.
УРЛАГИЙН ХҮН ЁС ЗҮЙТЭЙ, ЗӨВ ХАНДЛАГАТАЙ БАЙХ ЁСТОЙ
"Том толгойтын адал явдал” дөрвөн цуврал киногоороо олонд танигдсан С.Бишрэл, О.Эгшиглэнт-Од нар 2024 оны онцлох хүүхдүүдийн нэгээр шалгарлаа. Тэд өнөөдөр хамтдаа шагнал авсан бүх авьяаслаг хүүхдүүдэд баяр хүргэж, бүх хүүхдүүд хоорондоо найрсаг "Nice" хандаж байхыг уриалсан юм. Тэд Каннын кино наадамд уран бүтээлээрээ оролцож байсан бөгөөд цаашдаа ч гэсэн урлагтаа үнэнч байх зорилготой. С.Бишрэл, О.Эгшиглэнт-Од нар энэ жил төгсөх ангийн сурагчид бөгөөд урлагийн хүн хамгийн гол нь ёс зүйтэй, зөв хандлагатай байх ёстой хэмээн хэлсэн юм.
"Оны онцлох хүүхэд"-ийг 10 төрөлд үндэсний хэмжээнд шалгаруулсан бөгөөд нийт 1678 хүүхэд өрсөлдөж, үе тэнгийнхнээ манлайлсан 74 хүүхэд шалгарсан байна.
Гэрэл зургийг О.Болорсувд
Холбоотой мэдээ