Санта Клаус яагаад улаан хослол өмсдөг вэ?

FASHION

Санта Клаус яагаад улаан хослол өмсдөг вэ?

Санта Клаус яагаад улаан хослол өмсдөг вэ?

Баруун, Европын түүх, домгоос гаралтай Санта Клаус нь зул сарын баярын гол бэлэг тэмдэг төдийгүй Азид дүр төрх, соёл нь мөн адил өргөн дэлгэрсэн байдаг. Гэхдээ түүнийг яг ямар хувцас өмсдөг болох нь тодорхойгүй байсан тул бидний мэддэг тод улаан хослол дээр тогтох гэж бараг зуун жил мэтгэлцжээ. Энэ удаагийн "FASHION" буландаа зул сарын баярыг тохиолдуулан Санта Клаусын хувцас загварын түүхийг онцолж байна.


Санта Клаус үргэлж дэлхий нийтийн мэддэг шиг тод улаан хослол, цасан цагаан сахалтай байсангүй. Түүний одоогийн дүр төрх нь янз бүрийн соёл, уламжлалын нөлөөгөөр олон жилийн турш хувьсан өөрчлөгдөж бий болсон аж. Сантаг Христийн шашны бишоп Гэгээн Николас, Голландын Синтерклаас, Францын Пер Ноел болон Германы их хэмжээгээр бэлэг зөөдөг Кристкиндл гэх мэт бодит болон уран зөгнөлт домгийн баатруудаас гаралтай гэлцдэг.

Улмаар олон орны түүх соёлоос уламжлагдсан, хүүхэд насны хамгийн сэтгэл догдлуулам мөчийг бий болгодог эдгээр "өвлийн өвөө" нар бүгд улаан хувцас өмсдөг байсангүй.

Тиймээс өнөө цагт хамгийн танил болсон Санта Клаусын хувилбар 1820-иод онд бий болж эхэлжээ. Хамгийн анх түүний гол онцлог болох улаан хослол, цасан цагаан сахал, цаа буга болон чарга нь 1823 онд "Гэгээн Николасаас ирсэн айлчлал" /"Зул сарын өмнөх шөнө" гэж нэрлэдэг/ гэх шүлгэнээс алдаршиж эхэлсэн аж. Гэсэн хэдий ч уг шүлгээр бүх зүйл тогтсонгүй. Олон улсад Санта Клаусын дүр төрх өөрчлөгдсөөр байсан тул зар сурталчилгаа хөгжиж эхэлсэн үеэс л аажмаар өнөө цагийн бидний мэддэг зул сарын бэлэг тэмдэг бий болсон бололтой.

"Санта Клаус: Намтар" номын зохиолч, түүхч Герри Боулер хэлэхдээ "19-р зуун бол Сантагийн дүр төрх, түүний өмссөн хувцасны талаарх маргаан нэлээд хүчтэй өрнөсөн үе байсан. Америкийн уран бүтээлчид Санта Клаусын хувцсыг сонгоход 80 орчим жил зарцуулсан. Үүнээс өмнө Сантаг ямар ч өнгөөр, янз бүрийн дээл, төрөл бүрийн хувилбараар бий болгож байсан" гэжээ.

САНТА КЛАУСЫН ДҮР ТӨРХҮҮД

Санта Клаусын эртний зургууд олон янзын хувцастайгаар харуулсан байв. Зарим хувилбарт тэрбээр жижигхэн, зальтай элф эсвэл яндангаар амархан багтах хэмжээний биетэй наймаачин шиг харагдаж байв. Жишээлбэл, 1864 онд  зурагдсан "Гэгээн Николасаас ирсэн айлчлал" шүлгийн зурагт Санта шар өнгийн костюм, үслэг малгай өмссөн байсан бол 1837 оны зурган дээр улаан үслэг дотортой малгай өмссөн байв. Мөн маш сонирхолтой дүр төрхүүд ч байв.

Тухайлбал, 1850 оны зар сурталчилгаанд Санта Клаусыг Хувьсгалт дайны үеийн сахалгүй жирийн нэгэн эрэгтэй шиг харуулсан байдаг бол 1902 онд номын хавтас дээр түүнийг амьтны хээтэй бараан үслэг хүрэм, тод улаан гутал өмссөн нэгнээр дүрсэлсэн байв.

Тэгвэл, одоогийн Санта Клаусын дүр төрхийг бүрдүүлэхэд томоохон үүрэг гүйцэтгэсэн зураачдын нэг нь "Harper’s Weekly" сэтгүүлд ажилладаг хүүхэлдэйн зураач Томас Наст юм. Тэрээр 1863 онд Иргэний дайны үеэр холбооны цэргүүдэд бэлэг өгч буй Санта Клаусыг АНУ-ын төрийн далбаа дээрх шиг одтой хүрэм өмссөн өвгөнөөр дүрсэлсэн байна. Дараа нь 1881 он гэхэд зураач Наст улаан хослолтой, өргөн бүстэй Сантагийн хувилбарыг шинэчилж зурсан нь бидний мэдэх дүр төрхтэй хамгийн ойр болсон дүр төрх байв.

Хожим нь Норман Роквелл, Ж.К.Лейендекер зэрэг зураачид Сантагийн тус хувилбарыг "The Saturday Evening Post" зэрэг алдартай сэтгүүлд хуулбарлан зурсаар байв.

Олон хүмүүс Санта Клаусын улаан хослолтой дүр төрхийг Кока-Кола үүсгэсэн гэж боддог. Гэвч 1931 онд Кока-Кола компани түүнийг зар сурталчилгаандаа ашиглаж эхлэх үеэс өмнө улаан хослолт Санта Клаусын дүр төрх аль хэдийн олон улсад тогтсон байв. Түүнчлэн тус компани улаан хослолт Санта Клаусын дүр төрхийг ашигласан анхны компани биш юм. Дэлхийн нэгдүгээр дайны үед "White Rock Beverages" ашиглаж ирсэн байжээ. Гэсэн хэдий ч Кока-Колагийн зар сурталчилгаа нь Сантагийн одоогийн дүр төрхийг илүү алдартай болоход нөлөөлсөн аж.

ДАЛАЙД ДУСАЛ ШҮЛЭГ

Анх дурдсанаар, Санта Клаусын дүр олон орны түүх, домгоос гаралтай шиг Голландын Синтерклаасыг анхдагч эсэх маргаан дэгдэж байжээ. 1820-иод онд зохиолч Вашингтон Ирвинг болон бусад Нью-Йоркийн нөлөө бүхий хүмүүс Христийн мэндэлсний баярын хүрээнд гэр Америкийн гэр бүлд ээлтэй хувилбарыг бий болгохын тулд Гэгээн Николасаас санаа авсан гэж түүхч Стивен Ниссенбаум тайлбарлажээ.

Тухайн үед Шинэ Англид Зул сарын баяр нь шуугиан дэгдээсэн, эмх замбараагүйгээс гадна ядуу хүмүүс баяны гэрт очиж дайлж цайлуулах гол өдөр болдог байв.

Дараахан Клемент Кларк Мурын алдартай шүлэг гарснаар зул сарын баяр нь хүн бүрт өгөөмөр сэтгэлийн тухай сурталчлах болж, эмх замбараагүйгээс эерэг нөлөөлөлтэй болж эхэлжээ. Уг шинэ хувилбарын хүрээнд хүүхэд багачуудад нинжин сэтгэлийн тухай заах болж, Гэгээн Николас сайн хүүхдүүдэд бэлэг авчирдаг эцэг эхийн хүүхдээ хүмүүжүүлэх нэг хэлбэр болж хувирсан гэж Ниссенбаум тайлбарлав.

Сантагийн дүр төрх өөрчлөгдөхийн хэрээр тэрээр илүү нөхөрсөг, өндөр нуруутай болж, хувцас нь практик, уран сэтгэмжийн холимог сонголт улаан өнгө дээр тогтжээ. Жишээлбэл, Арктикаас ирсэн Санта үслэг хувцас өмсөх нь тодорхой гэх логик дээр суурилж, олон жил бэлэг зөөсөн тул цагаан сахалтай байх нь зүй ёс гэгддэг болов. Түүний малгай нь янз бүрийн уран бүтээлчдийн зураг дээр гардаг байсан тул өнөөгийн өвөрмөц дүр дээр тогтоход нөлөөлсөн. Санта Клаусын хэв маяг цаг хугацааны явцад маш их өөрчлөгдсөн бөгөөд уламжлалт үзэлтнүүд эсэргүүцсэн ч одоогоос зуу жилийн дараа дахин шинэчлэгдсэн байхыг хэн ч үгүйсгэхгүй.

 

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Бадарч тахар 9 цагийн өмнө 66.181.184.170

Сантагийн хувцас өмсөөд олон гэмт хэрэг болон дэлбэлэх ажилллагаа хийгддэг юм ! тэгэхээр энэ а******н өвгөнд ойртож болохгүй шүү !

Avatar

Нэргүй 11 цагийн өмнө 121.191.114.130

Санта = Сатан үсгийн байрыг соливол. Санта бол Чөтгөр шулмасын гаргаж ирсэн хуурамч өвгөн. Библи дээр байхгүй хуурамч үзэл санаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж