"Тулгамдаж буй асуудлуудыг цогцоор нь шийдвэрлэх төсөв боловсруулсан"

"Тулгамдаж буй асуудлуудыг цогцоор нь шийдвэрлэх төсөв боловсруулсан"

"Тулгамдаж буй асуудлуудыг цогцоор нь шийдвэрлэх төсөв боловсруулсан"

Орхон аймгийн Засаг дарга Б.Зоригтбаяртай ярилцлаа.  


Орхон аймгийн 2025 оны төсөвт ямар өөрчлөлт, шинэчлэлүүд орж байгаа талаар ярилцлагаа эхлүүлье?

-2025 оны төсвийн хувьд нэлээд онцлогтой байгаа. Бид иргэдээс ирсэн санал хүсэлтийг эрэмбэлж, хамгийн тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэх зорилготойгоор 2025 оны төсвийг өргөн барилаа. Энэ эрэмбээр эрчим хүч, инженерийн шугам сүлжээ, эрүүл мэнд болон боловсролын салбарт зайлшгүй шаардлагатай ажлуудад хөрөнгө оруулахаар тусгаад байна. Ингээд төсвөө аймгийн хэмжээнд анх удаа хоёр намын бүлэг, төсвийн байгууллагууд, аж ахуйн нэгжүүдээр олон удаа хэлэлцүүлж, саналыг нь авсан учраас нэлээд чамбай, онцлох төсөв болсон гэж үзэж хэлнэ.  Аймагтаа тулгамдаж байгаа, хоолой дээр тулаад ирчихсэн хамгийн том асуудлуудаа барьж авч, цогцоор нь ээлж дараатай шийдвэрлэхэд анхаарч  төсвөө боловсруулсан.

Тухайлбал, өнөөдөр манай аймагт эрчим хүчний асуудал нэн тэргүүнд тавигдаж байна. Захын гэр хорооллын өрх 200 вольтын цахилгаан гүйдэл 140-150 вольттой буюу хүчдэл уналттай байгаа учраас усаа халааж чадахгүй байна.

Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт улсын төсвийн 33.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 35 кВт-ын агаарын шугам татах ажлыг тусгасан. Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны  төсөвт хориг тавьж, УИХ дахин баталсантай холбоотойгоор дээрх ажил 2030 оноос наашгүй болсон гэхэд болно. Өөрөөр хэлбэл, 2027-2029 он хүртэл  гурван жил дараалан төсвийг нь хуваарилсан гэсэн үг юм.

Тиймээс энэ цаг хугацааг хүлээхгүйгээр орон нутгийн төсвөөсөө асуудлаа шийдэхээр зорьж байна.   Мөн дулааны шугам сүлжээний талаар иргэдээс маш олон гомдол ирж байгаа. Аваарын байдалтай байгаа дулааны шугам сүлжээгээ шинэчилж, засварлахгүй хойшлуулах тусам асуудал  хүндэрнэ. Тийм учраас эрчим хүчний болон инженерийн шугам сүлжээний хоёр ажлын хэсэг байгуулсан юм. Уг ажлын хэсгүүдийн дүгнэлтэд үндэслээд энэ хоёр салбарт хөрөнгө оруулах зайлшгүй шаардлагатай гэж үзсэн учраас  нэг удаадаа тэвчих ёстой зардлаа тэвчье гэдэг байр сууринаас намын хоёр бүлэгтээ санал тавиад, ямар ч байсан төсвөө өргөн барьсан.

Хэрэв бидний өргөн барьснаар батлагдчихвал эрчим хүчний хувьд заавал яам, төрийг харахгүйгээр Эрдэнэтийнхээ асуудлыг эхнээс нь шийдэх боломж нээгдэнэ. Өнөөгийн байдлаар Эрдэнэт, Булганд эрчим хүчний техникийн нөхцөл хүссэн маш олон иргэн, аж ахуйн нэгж байгаа ч үнэхээр хүнд байгаа тул өгч чадахгүй байгаа. Үүнийг дагаад нөхцөлөө авч чадахгүй жижиг, дунд үйлдвэрлэгчид, бизнес эрхлэгчдийн дэд бүтцийн асуудал нь шийдэгдэхгүй зогсчихсон, үйл ажиллагаагаа өргөжүүлж чадахгүй, эдийн засгийн хувьд хөгжил боомилогдоход хүрээд байгаа юм. Тиймээс ирэх онд эрчим хүч, инженерийн шугам сүлжээний асуудлаа шийдвэрлэхээр 70 гаруй тэрбум төгрөг төсөвлөөд байна.

-Тэвчиж болох зардлуудыг энэ удаа хойш нь тавьсан гэж та хэллээ. Тухайлбал, ямар зардлуудыг та бүхэн тэвчиж байна вэ?

-Одоо ч хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Хэмнэлтийн тухай хуульд 2022 оноос хойш гурван удаа тодотгол хийсэн бөгөөд оффисын зориулалттай тавилга, эд хогшил, тоног төхөөрөмж болон авто машин худалдан авахыг хориглосон. Манай төсвийн бүх байгууллага болон аж ахуйн нэгжүүдээс 2.8 тэрбум төгрөгийн тавилга, эд хогшил, 3.8 тэрбум төгрөгийн өртөг бүхий машин шинэчлэх санал ирсэн. Эдгээрийг бид 100 хувь тэвчсэн. Түүнчлэн төлөөлөгчдийн хувьд баг, сум дээрээ байгаа тулгамдсан асуудлуудаас илүүтэй нийт иргэдэд хэрэгтэй юу, аймгийн хэмжээнд аль нь илүү яаралтай чухал вэ гэдгээр хандаж, асуудлуудыг эрэмбэлсэн.

-Таны хувьд Засаг даргын ажлаа аваад анхны төсвөө өргөн барьж байгаа. Төсвийг цөөн үгээр тодорхойл гэвэл та юу гэж хэлэх вэ?

-Иргэдээ найдвартай эрчим хүч, дулаанаар хангах үүргийнхээ хувьд эрчим хүчний асуудлыг нэн тэргүүнд тавьсан. Үүний дагаад аж ахуйн нэгж, ЖДҮ эрхлэгчид бий болох ёстой. Хоёрт, Эрдэнэт хот өнөөг хүртэл 1975 онд тавьсан инженерийн шугам сүлжээтэйгээ явж байгаа. Дулааны болон цэвэр усны шугамын маань 70 орчим хувийнх нь насжилт хэтэрсэн, байнгын аваарын нөхцөлд байна. Өнгөрсөн жилүүдэд гал унтраах байдалтайгаар явж ирсэн. Энэ бүхнийг цогцоор нь шийдэхгүй бол жилийн жилд яригдана. Тиймээс эрчим хүч, инженерийн шугам сүлжээ гэсэн хоёр салбарыг барьж авч байгаа. Ингээд дараагийн зайлшгүй хөрөнгө оруулалт хийж, анхаарах  салбар эрүүл мэнд, боловсрол. Хүүхдүүддээ сурах таатай орчин бүрдүүлж, иргэддээ үзүүлж байгаа эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулна.

Цахилгаан, дулааны асуудлаа цаг алдахгүй шийдэхгүй бол гарах эрсдэл нь нэлээн ноцтой болсон юм байна гэж ойлголоо?

-Ер нь инженерийн шугам сүлжээний нөхцөлөө харвал 5-6 жилийн дараа Эрдэнэт хот маань хөлдөх аюултай байгаа. Эрчим хүчний асуудлаа шийдвэрлэхгүй бол гэр хороолол дахь хүчдэлийн уналт байнга л үргэлжилнэ. Дээрээс нь Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан цэвэр агаартай холбоотой төслийг хэрэгжүүлэхийн тулд цахилгаан эрчим хүчний асуудлыг шийдэхээс өөр аргагүй. Эрчим хүч гэлтгүй газаар, эко байдлаар халаалтаа шийдвэрлэх техник, технологиудыг судалж нэвтрүүлэх шаардлага ч  бий.

Ерөнхийдөө өнгөрсөн хугацаанд төсвийн бодлогыг харахаар иргэдэд таалагдах, эсвэл багт тулгамдаж байгаа гэдгээр нь хурлын төлөөлөгч нар асуудлаа тавиад шийдвэрлүүлж ирсэн. Нэг талдаа энэ нь төлөөлөгчдийн үүрэг ч нөгөө талд Эрдэнэт хот гэсэн том агуулгаар нь харалгүй орхигдуулсан тал байна. Тиймээс сонгуулийн дараа бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа эхний жилдээ миний бие эдгээр хуримтлагдсан том асуудлаа эхэлж шийдвэрлэе гэдэг саналаа төлөөлөгч нартаа тавьж тайлбарласан. Цаашдаа ч бид хэсэг хэсэг хөрөнгө оруулалт хийгээд байхгүй. Нэг асуудлыг барьж аваад, дахин тэр хүрээнд асуудал дурдагдахааргүй, үүссэн ч багахан төсвөөр зохицуулах боломжтой байх нөхцөлийг бүрдүүлэх бодлогоор хөрөнгө оруулалтыг түлхүү тавихаар зорьж байгаа.

Тухайлбал, манай Орхон аймгийн хуучны есөн давхар барилгууд бүгд хуучин лифттэй, эвдэрч гэмтдэг, сэлбэг нь олддоггүй гээд байнга асуудал дагуулдаг. Тиймээс ирэх жил нийт цахилгаан лифтнүүдээ 100 хувь  шинэчлэхээр төсөвт тусгасан. Цаашдаа иргэдээс лифтний талаар санал гомдол дахиж ирэхгүй болно л гэсэн үг. Энэ мэтчилэн бид асуудлыг барьж авахдаа нэг мөсөн цогцоор нь шийдээд явна.

-Ус, дулаан гэхээр гэр хорооллын иргэдэд хамаагүй болчих ч юм шиг ойлгогдож болох юм. Төсвийн бодлогыг хэрхэн хүртээмжтэйгээр иргэдэд хүргэх вэ? 

-Яг тийм. Байшин хороололд амьдардаг иргэдэд шугам сүлжээ нь задрах, бохир нь бөглөрөх, халаалт нь халахгүй байх гэх мэт хүндрэл гардаг гардаг. Харин гэр хорооллын иргэдэд маань хүчдэлийн уналт, түлээ түлш гэх мэт бэрхшээл нь өөр. Өөрөөр хэлбэл, байшин хорооллын иргэдэд тулгамддаг асуудлыг гэр хорооллын иргэд, гэр хорооллын иргэдэд тулгамддаг асуудлыг байшин хорооллын иргэд мэдэхгүй, ойлгохгүй.  Өндөрлөг газар амьдардаг айлууд үер усны аюулгүй, түүнээс улбаатай хор хохирлыг ойлгохгүй шүү дээ. Харин тэр орчинд амьдарч байгаа иргэн, тоглож байгаа хүүхдүүдэд ширүүн бороо орох нь хамгийн их айдас, аюулыг дагуулж байдаг. Тийм учраас л бид баг,  сум гэж ярихгүйгээр аймгийн хэмжээнд, иргэд, аж ахуйн нэгжийнхээ төлөө  орхигдсон асуудлыг эрэмбэлж шийдэхийг зорьж байна. Цөөн хэрнээ агуулгаараа том асуудалд  анхаараад явъя гэж байгаа нь энэ юм.

-Эрүүл мэнд, боловсролын салбарыг та онцолсон. Орхон аймгийн хувьд сургуулийн хүртээмж хэр байна вэ. Одоогийн нөхцөл байдлын талаар ярихгүй юу? 

-Манай Орхон аймаг цэцэрлэгийн хувьд хүртээмж сайтай. Улсын хэмжээнд цэцэрлэгт хамрагдах хүүхдүүдийн 98 хувь нь хамрагдаж байгаа. Сургуулийн хувьд хүртээмж бага зэрэг сул байгаа. Бага анги дээд тал нь 45 хүүхэдтэй байна. Ирэх жилүүдэд гурван сургууль ашиглалтад орно. Ингэснээр ЕБС-ийн анги дүүргэлт харьцангуй буураад ирнэ. Цаашдаа бид боловсролын салбарт гүнзгийрүүлсэн сургалттай ахлах ангиудыг сургуулиудад бий болгохыг зорьж байгаа. Одоогоор сурагчдыг хүүхдийн автобусаар хорооллоосоо төв рүүгээ зөөдөг бол цаашдаа нийгмийн, биологийн ахлах ангиудын сургуулиудыг гадагш нь гаргаад, төвөөсөө гадагш зөөдөг ийм өөрчлөлтийг боловсролын салбарт оруулахаар эхний тооцоо судалгааг хийгээд явж байна.

Манай аймгийн ихэнх сургуулиуд насжилт өндөртэй, дулаан алдагдал ихтэй, шугам нь муудсан гээд маш олон асуудал бий. Тэгэхээр бид 2026 онд ЕБС-уудаас яг аваарын байдалтай байгаа сургууль, цэцэрлэгээсээ эхний ээлжинд шийдээд явна. 2026 оноос сургууль, цэцэрлэгийн асуудлыг яг цогцоор нь барьж аваад шийдэх юм. Үүний тулд ирэх оны төсөв дээр зөвлөх үйлчилгээ буюу зураг зурах ажилд зориулж таван тэрбум төгрөг төсөвлөсөн. Ингээд 2025 ондоо зуруулчихвал 2026 онд хийх ажлууд маань тодорхой төсөвтэй, ТЭЗҮ-тэйгээр гараад ирэх тул үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан асуудлуудаа шийдээд явна.

-Эрүүл мэндийн салбарт ямар өөрчлөлтүүд гарах вэ?

-Эрүүл мэндийн сайд С.Мөнхсайхан манай аймагт мөн ажилласан.  Энэ үеэрээ Хавдрын тасаг байгуулж,  тоног төхөөрөмжөөр хангахаар болсон. Аймгаас Хавдрын тасгийн доторх засварын ажлыг хариуцаад 800 орчим сая төгрөгийн тоног төхөөрөмжийг шийдвэрлэхээр болсон.

Эрүүл мэндийн салбарт ирэх жил өмнөх жилүүдтэй адил хөрөнгө оруулалтууд хийгдээд явна. Ер нь манай аймгийн хуучны барилгуудад засвар үйлчилгээ хийх зайлшгүй шаардлагатай. Төрөх тасгийн засварыг мөн инженерийн шугам сүлжээтэй цогцоор нь шийдвэрлэхээр 1.7 тэрбум төгрөг төсөвлөсөн. Мөн тоног төхөөрөмжөөр хангана. Тэгэхээр энэ төрлийн эмчилгээ шаардлагатай иргэд Улаанбаатар явахгүйгээр Орхон аймагт эмчлүүлэх боломжийг яамтайгаа хамтраад хийнэ гэсэн үг.

-Та бүхэн Орхон аймгийн эдийн засгийн нөөц чадамжийг дайчлах тал дээр ирэх 2025 онд яаж ажиллана гэж харж байгаа вэ?

-Улсад орлого төвлөрүүлдэг таван аймаг байгаа. Өмнөговь ирэх онд 1.8 их наяд, Орхон аймаг 145 тэрбум, Дархан хоёр тэрбум, Дорноговь аймаг нэг тэрбум гаруй төгрөг төвлөрүүлэхээр байгаа.

Бид улсаас татаас авдаггүй. Өөрсдийнхөө аж ахуйн нэгж, тэр дундаа “Эрдэнэт үйлдвэр”-ээс орж ирсэн орлогоороо л аймгаа авч явдаг гэсэн үг. Тэгэхээр том уурхай дагасан хотын зовлон бол улсаас хөрөнгө оруулалт авахгүй, өөрсдийнхөө нөөц бололцоогоор асуудлуудаа шийдвэрлэдэг. Цаашдаа томоор бодвол бид эдийн засгаа тэлэхийн тулд жижиг, дунд бизнес эрхлэгчдээ түлхүү дэмжсэн бодлого барина. Ингэж байж төрд, төсөвт дарамт болохгүй, улсад төвлөрүүлж байгаа орлого өсөж, тэрнийхээ үлдэгдлээр аймгаа авч явах бодлогоо өргөжүүлж, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын асуудлууд цогцоороо шийдэгдэх боломж бүрдэх ёстой. Тиймээс бид ирэх жилүүдэд бизнес эрхлэгчидтэйгээ хамтарч ажиллах, бизнес эрхлэгчдээ дэмжих боломжийг бодлогын түвшинд хэрэгжүүлнэ.

Наад зах нь “Эрдэнэт үйлдвэр” улсын төсвийн бараг 10 орчим хувийг төлж байгаа, жилдээ 1.3 их наяд төгрөгийн бараа, ажил үйлчилгээ авч байна. Түүнийх нь бараг 90 орчим хувь нь импортын бараа. Энэ импортын барааг орлох хэмжээний үйлдвэрүүдийг оруулж ирэх, бодлогоор УИХ-ын гишүүдтэй хамтарч, санал тавьж, төрийн болон орон нутгийн өмчийн    хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах буюу тендерийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар ЖДҮ эрхлэгчдээ дэмжих, импортыг орлох бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компаниудыг дэмжих  бодлогод түлхүү анхаарах хэрэгтэй байна. Импортоор “Эрдэнэт үйлдвэр”-ийн авч байгаа бараа бүтээгдэхүүний ядаж 30-40 хувийг дотооддоо үйлдвэрлэдэг, түүнийг нь том үйлдвэр худалдаж авдаг ийм зүйл рүү анхаарал хандуулж явмаар санагдаад байгаа. Ирэх жилүүдэд энэ чиглэлд нэлээд анхаарал хандуулна.

-Засаг даргын мөрийн хөтөлбөрт эдгээр бодлогын асуудлууд, бизнесийн орчныг сайжруулах бодлого ямар байдлаар тусгалаа олсон бэ. Энэ хүрээнд 2025 онд ямар ажлууд төлөвлөөд байгаа тухайгаа ярихгүй юу?

-2024 оны наймдугаар сард Орхон аймгийн хувьд түүхэн ой тэмдэглэсэн. 1974 онд БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн зарлигаар Атрын II аяныг эхлүүлж байсан. Тухайн цаг үед Монгол Улсын өнцөг булан бүрээс илгээлт өвөртлөсөн хүмүүс буюу одоогийн манай ахмадууд Орхон аймагт ирж, Булган аймгийн Эрдэнэт хороонд суурьшиж байсан. Энэ үеийн түүх буюу илгээлтийн эздийн 50 жилийн ой болсон. Тэгвэл тухайн үед илгээлтээр ирж Орхон аймгийг бүтээж байсан, цаашдын 50 жил Эрдэнэт хотод байх иргэд маань өөрсдөө илгээлт өвөртлөж, хотоо хөгжүүлэх 50 жилийн зорилгоо тодорхойлсон. Энэ хүрээнд “Эрдэнэт-Шинэ илгээлт 50” гэсэн төсөл хэрэгжүүлж, 12 дэд төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.  Эдгээр төслийг Эрдэнэт хотын цаашдын хөгжлийн гарц гэж бид тодорхойлсон. Үүнээс зургаан төслийг нь Эрдэнэт үйлдвэр хэрэгжүүлээд явах бол үлдсэн зургаан төслийг Орхон аймаг хэрэгжүүлэх юм.

Эдгээр нь Ухаалаг хот, Ногоон хот, Цэвэр агаартай хот, Чанартай авто замтай хот, Эрүүл, боловсролтой хот, Төлөвлөлттэй хот болох гэсэн ийм зургаан ажил байгаа. Ирэх жилийн төсвийн гол зорилго ч үүнтэй уялдаж байгаа.   Цэвэр агаартай хот болох зорилгынхоо 50 орчим хувийг эрчим хүчний хөрөнгө оруулалтаараа давхар шийдэж байна гэсэн үг. Төлөвлөлттэй хот болох, Ухаалаг хот болох сууриа мөн тавьчихаж байгаа юм. Энэ бүх төсөл маань бизнес төлөвлөлттэй, суурь баазтай, тооцоо судалгаатай учраас хэрэгжих боломжтой гэж үзэж байгаа. Эдгээр нь Орхон аймгийн бизнес эрхлэгч аж ахуйн нэгжүүд рүү чиглэсэн ийм хөтөлбөр болж хэрэгжихээр боловсруулаад ИТХ-д өргөн барьсан байгаа.

-Иргэд тулгамдаж байгаа олон асуудлаараа санал гомдол гаргадаг. Та яг ажлаа авснаас хойш иргэдийн санал гомдолтой холбоотой асуудлаар хэрхэн ажиллаж байна вэ. Арга барилын хувьд ямар өөрчлөлт гарсан бэ?

-Ер нь төрд итгэх иргэдийн итгэл сул байгаа. Тэр нь иргэдийн гаргасан өргөдөл, санал гомдлыг хоосон найдлага төрүүлээд шийдэхгүй уддагаас үүдэлтэй. Ингээд гарц шийдэлгүй болчихоор иргэд төрд бухимддаг. Тиймээс бид иргэдийнхээ санал хүсэлтийг аль болох дор нь шийдвэрлэх,  болохгүй бол шалтгааныг нь үндэслэлтэй хүргүүлж, эргэх холбоотой ажиллах зарчим барьж байна.  Энэ ч утгаараа долоо хоног бүрийн пүрэв гарагт иргэдтэйгээ уулзаж, баасан гарагт  тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэхээр холбогдох албаныхны хамтаар газар дээр нь ажиллаж байгаа.

Би ажлаа аваад 45 хонож байна. Энэ хугацаанд  пүрэв гарагт   иргэдтэйгээ уулзаж, баасан гарагт гадуур ажиллаад  хэвшсэн.  Мөн 70351111 тусгай дугаарт ирж байгаа өргөдөл гомдолтой  өглөө бүр танилцдаг. Тухайн санал, гомдлын дагуу  эргээд иргэдтэйгээ холбогдох, мөн хэлтэс, агентлагийн дарга нарыг иргэдийн ирсэн санал хүсэлтийг хэрхэн шийдвэрлэж байгааг хянах үүрэг бүхий мэргэжилтнүүдээр тандуулах, зөв мэдээлэл өгсөн эсэх, хариулсан эсэхт нь хяналт тавьж байна.

Ингэснээр иргэд хүсэлт тавиад нэг бол шийдүүлэх, нэг бол яагаад шийдэж болохгүй байгаа учир шалтгааныг нь  ойлгож авах юм.

-Эргэх холбоотой байна гэдэг маш чухал харилцаа болоод байна л даа.

-Төр бол иргэн төвтэй. Төрийн тусгал иргэд, иргэдийн тусгал төр. Тийм учраас иргэдийнхээ асуудлыг шийдэх ёстой. Төрийн алба хашиж байгаа бид төрийг иргэдтэйгээ холбох гүүр юм. Гүүр бат бөх байхын тулд иргэдээ л сайн ойлгож, асуудлыг нь шийдэх хэрэгтэй. Тэгж байж л төр оршин тогтноно гэж үздэг.

Та эдийн засагч хүний нүдээр харахад төсөв дээрээ хэр сэтгэл хангалуун байгаа вэ?

-Анхны өргөн барьсан төсвөөсөө орлогоо 30 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн. Аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа ААН-үүдийн орлого, ХАОАТ болон бусад татваруудын суурь судалгааг статистик мэдээллээр хангаж байгаад орлого нэмэх боломжтой байна гэдэг үүднээс нэмэгдүүлсэн. Ирэх жил хийх хөрөнгө оруулалтын төслүүд дээр инженерүүд, мэргэжилтнүүд маань ажиллаж, тооцоо судалгааг  сайн гаргасан. Тийм ч  учраас үр дүнг нь богино хугацаанд иргэд хүртэх байх гэж харж байгаа.

Харин ирэх онд гүйцэтгэгч компаниудыг сайн сонгон шалгаруулж, хяналтаа сайн тавьж, иргэдтэйгээ ойр ажиллахад маш сайн анхаарна. Наад зах нь эрчим хүчний уналтын талаар иргэдэд ойлголт өгөх ёстой. Хороолол хорооллоор нь цахилгаан хязгаарлахын оронд хэрэглээгээ хянаж, хэмнэх, хөрөнгө оруулалтын талаар мэдээллийг зөв хүргэх хэрэгтэй. Иргэд маань  ч бас ойлгоод дэмжиж ажиллана гэдэгт итгэлтэй байна.

-Төрийн үйлчилгээг иргэдэд, аж ахуйн нэгжүүдэд хүнд сурталгүй, хурдан шуурхай, хүртээмжтэй хүргэх тал дээр яаж ажиллах вэ?

-Засгийн газар Цахим хөгжлийн яам байгуулаад нэлээн олон зүйл хийж, төрийн үйлчилгээг цахим болгосон. Орхон аймгийн хувьд  бусад аймгаас хамаагүй түрүүлж цахим шилжилт рүү орсон. Энэ хүрээнд “Цахим-1”  хөтөлбөрийг  хэрэгжүүлж, төрийн үйлчилгээг цахимжуулсан. Тэгвэл “Ухаалаг хот болох” хоёр дахь том зорилтынхоо хүрээнд  “Цахим-2” хөтөлбөрийг хэрэгжүүлж,  иргэд төрийн болон бусад үйлчилгээг авахад их ойлгомжтой байлгах үүднээс программчилсан аппликэйшн бий болгох зорилттой ажиллаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-12-24 202.9.40.2

төсв 35 их наядыг хулгайг тасдн зогсоож манж хужааруу чиглсн хулгай зэлгээ цөлмөлтыг тасд ард түмнд 20 их наядыг олгоо. хүн нэг бүрт 8 саяыг олгодгиймаа.

Avatar

Нэргүй 2024-12-24 66.181.168.82

ккк,,, шийдчихнэ гэж бодож байгаа байхдаа тэгж амархан шийддэг бол өмнөх нөхдүүд нь шийдчихгүй яахав дээ инээдтэй юм: яг шийдчих царайтай хүн харагдаж байна ккк

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж