Хөндүүр сэдэв: Сурагчдыг сурган хүчирхийлэгчдийг сургая!

ХӨНДҮҮР СЭДЭВ

Хөндүүр сэдэв: Сурагчдыг сурган хүчирхийлэгчдийг сургая!

Хөндүүр сэдэв: Сурагчдыг сурган хүчирхийлэгчдийг сургая!

Гуравдугаар ангийн бяцхан сурагчаа зодож, ангиасаа хөөж гаргасан багшийн үйлдэл нийгэмд дуулиан тарилаа. Ёс зүйн зөрчил гаргасан багш өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өгч, буруу үйлдлээ хүлээн зөвшөөрсөн гэж албаныхан мэдээлжээ. Түүнчлэн цагдаагийн байгууллагаас дээрх хэрэгт зөрчлийн хэрэг нээн, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна. 

Энэ талаар Боловсролын сайд П.Наранбаяр "Багшийн ёс зүйн зөрчил бүхий харамсалтай хэрэг Архангай аймагт гарлаа. Ямар ч шалтгаантай байсан хүүхдийн эрхэд халдаж болохгүй. Тиймээс 2025 оныг бид Багшийн ёс зүйн жил болгон зарлаж, тэдний ёс зүйг дээшлүүлэх арга хэмжээг яамнаас авах болно" хэмээлээ.

Эргэн сануулахад, өнгөрсөн 2022 оны гуравдугаар сард нийслэлийн 97 дугаар сургуулийн багш хоёрдугаар ангийн сурагч охины гарыг улайж, хавдтал нь цохисон гэх мэдээлэл цацагдсан. Улмаар энэ асуудал олны анхааралд өртөж, тус сургуулийн бага ангийн багшийг ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг гаргасан юм.

Тухайн үед салбарын сайд Л.Энх-Амгалан тайлбар мэдээлэл өгөхдөө "2022 оныг салбарын "Ёс зүйн" жил болгон зарласан. Яагаад ингэж зарлах болсон шалтгаан бол сургуулийн орчинд гадуурхалт, дээрэлхэлт их байна. Сургууль, цэцэрлэгийн орчинд ийм асуудлууд үргэлж гарч байгаа. Үүнийг бид нар харсан ч хараагүй юм шиг, сонссон ч сонсоогүй юм шиг өнгөрөөж болохгүй. Цаашдаа бид багш нарын ёс зүйн асуудлыг өндөр түвшинд гаргаж ирж тавих болно. Нийгмийг харахад хоёр хуваагдсан байх шиг байна. Нэг тал нь багшаа өмөөрөөд, нөгөө тал нь багшийг буруутгаж байх шиг байна. Үүнийг ард түмэн үнэн мөнөөр нь шүүх ёстой. Би бичлэгийг нь үзсэн. Үнэхээр хүүхэд зодсон. Зодох зодохдоо нэлээд хүнд хэлбэрээр зодсон бичлэг байгаа юм байна лээ. Өрөвдөөд байх шаардлага байхгүй. Энэ явдал гашуун ч гэсэн цаашдаа сургамж болох ёстой" гэдгийг хэлж байв.

Гэсэн ч энэ асуудлын дараахан нийслэлийн Баянгол дүүргийн 19 дүгээр сургуулийн багш сурагчаа зодож буй бичлэг цахим орчинд цацагдсан. Үүнээс харахад салбар яам, салбарын сайдууд үргэлж багшийн ёс зүйн асуудалд анхаарал хандуулж, ажиллана гэж мэдээлдэг ч үр дүнд хүрсэн нь алга байна.

БАГШ НАРЫН СЭТГЭЛ ЗҮЙН АСУУДАЛ ДЭЭР АНХААРАХ ЦАГ БОЛСОН

Сургууль дээр очиж ажиллахад багш, нийгмийн ажилтнууд ажлаас халшрах хам шинж илэрч байсныг мэргэжилтнүүд онцолж байсан. Багш нарын сайн сайхан байдал, сэтгэцийн эрүүл мэндийн асуудалд бодлогоор анхаарахгүй бол стресстэй, бухимдалтай хүмүүс хүмүүжлийн эерэг арга хэрэглэх эсэх нь эргэлзээтэй, ухамсаргүйгээр сурагчдадаа бие махбодын шийтгэл үзүүлж байна гэж дүгнэжээ. Түүнчлэн багш нарын хүүхдийг ад үзэх, ялгаварлах, шошголох үзэгдэл байсаар байна. Сэтгэл судлаачдын хэлж буйгаар энэ хандлага нь хүүхдийн үе тэнгийхэнд нөлөөлдөг. “Аан энэ хүүхдийг ингэж болох юм байна” гэсэн мессеж болж очдог. Нэг ёсондоо насанд хүрэгчдийн зүгээс гаргаж байгаа ялгаварлал, хүчирхийлэл нь үе тэнгийн дээрэлхэлтэд нөлөөлөгч хүчин зүйл болдог.

Үе тэнгийн дээрэлхэлтийг үйлдэж байгаа хүүхэд нь хоёр төрөл байдаг. Нэгдүгээрт, өөрөө ямар нэг хүчирхийллийн хохирогч хүүхэд. Тодруулбал, багш болоод гэр бүлийн хүчирхийлэлд өртдөг, үл хайхрах хүчирхийллийн золиос, ялгаварлан гадуурхагддаг хүүхэд эргээд өөрөөсөө сул дорой, ялгаатай хүүхдүүдийг дээрэлхдэг. Хоёрдугаарт, нэр хүндтэй, урлаг, спортын авьяастай, онц сурдаг, эдийн засгийн хувьд бусдаасаа давуу байдалтай хүүхдүүд бүлэглэл үүсгэн өөрөөсөө сул дорой, бусдаас ялгаатай хүүхдүүдийг дээрэлхэж байна. Энэ хоёр бүлгийн хүүхдүүдтэй ажиллах стратеги нь тусдаа байх ёстой хэмээн мэргэжилтнүүд үздэг.

Үүнээс харахад хүчирхийлэл үйлдэж байгаа багш эргээд хүчирхийлэгчийг нийгэмд бий болгож байна.

Сургууль, цэцэрлэгийн багшийн ёс зүйн дүрэмд багш суралцагчиддаа бие махбодийн шийтгэл үзүүлэхгүй байх талаар заасан байдаг. Хүүхдүүдийг сурган хүмүүжүүлэх үүрэгтэй багш нарын гадуурхалт, хүчирхийлэл хэрээс хэтэрч байна. Багшдаа зодуулж, дарамтлуулдаг хэчнээн хүүхэд сурах эрмэлзэлгүй, сэтгэлийн зовиуртай явааг хэн ч тааж мэдэхгүй.

Багш хичээл заах үүрэгтэй болохоос зодож сурган хүмүүжүүлэх эрхгүй. Сургуулийн орчны хүчирхийллээс салъя гэвэл сурган хүмүүжүүлэгчдийн ёс зүйд анхаарлаа хандуулах цаг болжээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 5 цагийн өмнө 122.201.23.83

Цагдаа нар зүгээр явж байхад зоддог бүр алдаг. багш сурагчын төлөө эрдэм сургах гээд л

Avatar

Нэргүй 7 цагийн өмнө 66.181.178.103

Хүүхэд залуус маань ямар орчинд ямар нөхцөлд суурь хүмүүжил авч байгаа нь их чухал шүү!Ар гэрийн боловсрол ямар хүмүүжил ухамсар суухад шууд хамаатай

Avatar

Нэргүй 7 цагийн өмнө 66.181.178.103

Бусдын үгийг сонсож сурахаас их юм шалтгаална

Avatar

Нэргүй 8 цагийн өмнө 59.153.112.172

Сургуульд байхдаа багш нартаа үгээр доромжлуулж, зодуулж байсанаа мартаж чаддаггүйштээ , харин ямар хэрэг хийсэнээ огт сандаггүй дээ

Avatar

Нэргүй 9 цагийн өмнө 202.21.121.179

багшийг өмөөрөх зүйлгүй нэгэнт л энэ мэргэжлийг эзэмшин ажлаа хийж байгаа бол хүмүүжилтэй ёс зүйтэй хүүхэд хайрладаг байх ёстой хүүхдийн хүмүүжил гэр бүл багш сургуулийн орчин нийгэмээс их шалтгаалдаг гэхдээ хүүхэд бол хүүхэд шүү бүү дарамтал

Avatar

Нэргүй 10 цагийн өмнө 103.212.116.234

Бусад сурагчдаа элдвээр дарамталж, эрх чөлөөнд нь халддаг сурагчдыг ч бас сургуулиас нь хөөж явуулах уу

Avatar

Нэргүй 11 цагийн өмнө 122.201.23.83

Багшийг ийм байдалд оруулсан яам хуриуцлага хүлээх ёстой бас төр засаг. 40 гаруй хүүхэдтэй анги гэсэн бас авдаг цалин нь хэд билээ.

Avatar

Hehe 10 цагийн өмнө 66.181.169.91

Төрдөө, улсдаа, шударга ёсондоо гомд кк!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж