Хэдхэн хоноод АНУ-ын ерөнхийлөгч гэх алдрын сэнтийгээс буух гэж буй Жо Байден эцсийн шийдвэрүүдээ гаргасаар байна. Тэрбээр энэ хүрээнд холбооны цаазаар авах ялтай 40 хоригдлын 37-гийнх нь ялыг хөнгөрүүлжээ. Энэ нь удахгүй Цагаан ордонд ирэх Дональд Трампийн төлөвлөгөөнд саад болох магадлалтай байна. Тодруулбал, Трамп ирэх бүрэн эрхийнхээ хугацаанд холбооны цаазаар авах ялыг өргөжүүлэхээр төлөвлөж байна.
Байдены энэ алхамыг Бүгд найрамдах намынхан эрс буруушаажээ. Тэр бүү хэл зарим нь түүнийг хууль цаазыг дээдэлдэг америкчуудын эсрэг зогссон гэмт хэрэгтнүүдийн талд орсон гэжээ.
Трампийн анхны бүрэн эрхийн хугацаанаас өмнө холбооны цаазаар авах ял харьцангуй ховор байв. Тэгвэл энэ удаад тэр өөр амлалттайгаар эргэн ирж байна. Цаазын ялыг өргөжүүлэх түүний төлөвлөгөө АНУ-ын засаг захиргаанд хэдийнэ маргаан дэгдээж эхэлсэн.
БАЙДЕНЫ МАРГААНТАЙ ШИЙДВЭР
Юун түрүүнд Байдены сүүлийн шийдвэрийн талаар энд дэлгэрүүлье. Тэрбээр өнгөрсөн Даваа гаригт цаазаар авах ялтай 40 хоригдлоос 37-гийнх нь ялыг хөнгөрүүлж, ялыг нь бүх насаар нь өршөөлгүй хорих болгож сольсон. 2018 онд Питтсбургт болсон буудалцаанаар 11 мөргөлчний амийг хөнөөж, долоон хүнийг шархдуулсан хэргээр цаазын ял сонссон Жохар Царнаев, Роберт Бауэрс нарын ялыг хэвээр үлдээжээ. Мөн 2015 онд Өмнөд Каролина мужид олон хүнийг буудан хөнөөсөн хэргээр цаазын ял сонссон байсан Диланн Роуфын ялыг хэвээр үлдээв.
Өршөөлд хамрагдсан хоригдлуудын олонх нь дэлхийн хамгийн аймшигтай алуурчдын тоонд багтдаг гэдгийг Трампийн харилцаа холбооны захирал Стивен Чеунг хэлжээ. Тиймээс энэ шийдвэрээрээ Байден хохирогчдын ар гэрийнхний нүүрэн дундуур алгадсан гэж үзэж байна. Техасын Бүгд найрамдах намын сенат Чип Рой энэ шийдвэрийг “Ухамсаргүй бөгөөд эрх мэдлээ урвуулан ашигласан, шударга ёсыг алдагдуулсан шийдвэр” гэжээ. Бүгд найрамдах намын өөр нэг сенат Том Коттон хэлэхдээ “Хуульд захирагддаг америкчууд эсвэл гэмт хэрэгтэн хоёрын аль нэгийг нь сонгох болоход Жо Байден болон түүний Ардчилсан нам гэмт хэрэгтнүүдийг нь сонгодог” гэжээ.
Улстөрчдөөс гадна хохирогчдын ар гэрийнхэн гомдолтой байна. Банкны дээрмийн үеэр 2017 онд амиа алдсан нэгэн эмэгтэйн охин үүнийг “албан тушаал шилжүүлэх эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан үйлдэл” гэж хэлсэн байна. Тэрбээр “Ерөнхийлөгч ямар ч үед хохирогчдыг авч үзээгүй. Байден болон түүний дэмжигчдийн гар цустай байна” гэжээ.
Бүгд найрамдах нам болон зарим америкчууд энэ үйлдлийг шүүмжилж буй ч сайшаагсад ч бас бий. Тодруулбал, Эмнести Интернэшнл зэрэг хүний эрхийн байгууллагууд энэ алхмынх нь төлөө Байденыг өндрөөр үнэлжээ.
ТРАМПИЙН ШИЙДЭМГИЙ АМЛАЛТ
Трамп сонгуулийн кампанит ажлынхаа үеэр холбооны цаазаар авах ялыг сэргээж, хүүхэд хүчирхийлсэн, хар тамхи, хүний наймааны хэргээр ял шийтгүүлсэн, мөн АНУ-ын иргэд, цагдаагийн ажилтны амь насыг хөнөөсөн цагаачдыг оролцуулаад олон хүнд цаазын ял онооно гэж амласан юм. Анх сонгуульд нэр дэвших тухайгаа зарлахдаа Трамп энэ амлалтаа дурдсан билээ. Тэрбээр “Энэ гэмт хэрэгтнүүд бол үхэл, аллага, гэмт хэргийн хариуцлагыг хүлээх ёстой аймшигтай хүмүүс. Хар тамхи наймаалдаг, түүнээсээ болж баригдсан хүн бүрийг бусармаг үйлдлийнхээ төлөө цаазын ял авахыг би хүсэх болно” гэж хэлжээ.
Холбооны хуулийн дагуу хар тамхитай холбоотой хэргээр буудалцаан болоход гарсан хүн амины хэрэг болон геноцид үйлдсэн хэрэгт цаазын ял оноодог. Тагнуул, эх орноосоо урвасан гэх хэргээс бусад хэрэг бараг бүгдээрээ хохирогчийн үхэлд шууд хамааралтай байдаг.
Трамп энэ амлалтаа хэрхэн биелүүлэх нь тодорхойгүй ч хүний эрхийн төлөө тэмцэгчдээс хатуу анхааруулга сонсоод буй. Америкийн Иргэний эрх чөлөөний холбооноос арванхоёрдугаар сарын 11-нд хийсэн мэдэгдэлдээ Трампийн амлалтыг “хүйтэн төлөвлөгөө” гэж нэрлэжээ. Мөн “Түүний хүйтэн төлөвлөгөө нь анхны бүрэн эрхийнхээ сүүлийн зургаан сарын хугацаанд эхлүүлсэн аллагаа өргөжүүлж буй явдал” гэжээ.
Хүн амины хэрэг үйлдээгүй хүнд цаазаар авах ял оноож магадгүй байгаа энэ үйлдэл нь хууль эрх зүйн саад бэрхшээлтэй тулгарч болзошгүй. Үүний тулд Конгресс хууль тогтоомжоо өөрчлөхөөс өөр аргагүй болох юм. Цаазаар авах ялын дийлэнх нь олон жил үргэлжилж, давж заалдах шатны шүүх хурал болдог.
Трампийн шийдвэр нь муж улсын түвшинд илүү олон цаазаар авах ялыг өдөөж болзошгүйг зарим шинжээч анхааруулж байна. Аравдугаар сард явуулсан санал асуулгыг харахад америкчуудын 53 хувь нь алуурчин гэмт хэрэгтнүүдэд цаазын ял оноохыг дэмжиж байна гэжээ. Энэ нь өнгөрсөн жилээс 50 хувиар өссөн үзүүлэлт юм.
Нэргүй 10 цагийн өмнө 49.0.139.242
хүний амь автана гэдэг сайн үйл мөн
Зэрлэг монголчууд зүгээр амаа тат! 1 минутын өмнө 66.181.169.91
амь авах гаж донтой