УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Н.Батсүмбэрэл нар Монгол Улсад хөдөлмөр эрхлэх гадаад ажилтны тоо, хувь хэмжээ тогтоохгүй байх, гадаад ажилтны ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх тухай хуулийн төслөө татан авч байгаагаа мэдэгдсэн. Гэсэн ч гадаадаас ажиллах хүч авах тухай Л.Энх-Амгалан сайдын өргөн барьсан хуулийн төсөл үлдээд байгаа юм. Иймд эл асуудалтай холбогдуулж энэ долоо хоногийн VS буландаа Ардчилсан намаас сонгогдсон УИХ-ын гишүүн С.Цэнгүүн, Л.Мөнхбаясгалан нарын эсрэг тэсрэг байр суурийг онцоллоо.
С.Цэнгүүн
УИХ-ын гишүүн
Ажиллах хүчинтэй холботой олон асуудал байгаа нь үнэн. Гэхдээ айсан хүнд аргал хөдөлнө гэгчээр асуудлыг бодит фактороос нь холдуулаад хятад цустай, Хятадын дарангуйлал ирэх гэж байна гэх мэт гүтгэлэг тарааж, нөхцөл байдал үүсгэж байгаа нь байж боломгүй үйлдэл. Цахилгаан станц барих юм бол Хятадын “Чайна таун” бий болчихно гэж дайрсаар байгаад цахилгаан станцын төслүүдээ гацааж байсан. Маш олон том төслүүдийг дандаа нэг харийн том дарангуйлал орж ирэх гээд байна гэсэн айдаст автуулж байгаад төслийг гацаадаг жишиг байсаар байна. Монголын хөгжлийг гацаасан хүмүүс өнөөдөр УИХ-ын гишүүн хийгээд энэ дотор байсаар л байгаа. Монгол Улс хөгжих гэсэн оролдлого бүрийг гацаадаг байдлыг бид нар өнөөдөр харж байна.
Намайг хүүхэд байхаас хойш л энэ байдал байсан, өнөөдөр ч гэсэн өөрчлөгдөөгүй.
Бид нар попролоор улсаа удирдуулаад байж болохгүй. Монгол Улс хөгжих ёстой, том төслүүд маань ч гэсэн явах ёстой. Эрүүл ухаантай хүмүүс Монголд их байдаг. Бодит байгаа нөхцөл байдлаа хэлэхээс айхаа больсон. Тэгэхээр бид бүхэн зоригтойгоор реформуудаа хөдөлгөөд явна гэдгийг хэлэхийг хүсч байна.
Л.Мөнхбаясгалан
УИХ-ын гишүүн
-2024 оны арванхоёрдугаар сарын 19, 20-ны өдөр дараалан гадаадаас ажиллах хүч авахтай холбоотой хоёр хуулийн төслийг өргөн барьсан. Нэг нь Монгол Улсад хөдөлмөр эрхлэх гадаад ажилчны тоо хувь хэмжээг тогтоохгүй байх, гадаад ажилтныг ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх тухай хуулийг УИХ-ын гишүүн П.Сайнзориг тэргүүтэй гишүүд өргөн барьсан. Хуулийн төслөө эргэн татсан. Одоо УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн өргөн барьсан Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт өөрчлөлт тухай нэг хуулийн төсөл байгаа. Энэ бол Ардчилсан намын бүлгээр орж, дэмжлэг аваагүй. Бүлгийн гишүүдийн олонх дэмжээгүй. Ашигт малтмалын салбарт гадаадаас ажиллах хүч авч, ажлын байрны татвараас чөлөөлнө гэсэн. Энэ салбар бол хамгийн цалин өндөртэй, ажилла хүчний шингээлт багатай.
Хэрвээ энэ салбар гадаадаас ажиллах хүчээ авбал монгол хүмүүс ажлын байргүй бол олон айл өрх орлогогүй болно.
Ажлын байрны татвараас чөлөөлнө гэж байгаа. 2024 оны дөрөвдүгээр сараас эхлэн манай улсын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 729 мянган төгрөг болно. Нэг гадаад ажилтан сар бүр 1.584.000 төгрөгийн татаас төлөх байсан нь алга болно гэсэн үг. Энэ мөнгө хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд ордог. Энэ сангийн мөнгө монгол хүнийг ажлын байртай болгохын тулд хөдөлмөрийн чадамжид зориулдаг мөнгө. Энэ мөнгө байхгүй болно. Дээрээс нь нийгмийн даатгалын санд тодорхой хэмжээний орлого төвлөрүүлэлт багасна. Мөн Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын дотоод хөдөлмөрийн зах зээлээр хангах заалтыг зөрчиж байна. Дэлхийн гадаад орнууд болох Герман, Кувет улс гадаадаас их хэмжээний ажиллах хүч авч, татвараас чөлөөлсөн. Үүний буруу жишгийг одоо гаргаж чадахгүй байгаа. Тухайн орон ажилчдаа 1-2 жилээр оруулж ирчихээд буцаагаад гаргаж чаддаггүй. Ах дүү хамаатан садангаа оруулсан, харласан иргэд, гэр бүл зохиосон байдаг. Буцаад хөдөлмөрийн зах зээл нь суларч эхэлдэг.
3,548.92





















































Холбоотой мэдээ