Энэтхэгийн зүүн хойд хэсэгт насанд хүрээгүй хүүхдийн гэрлэлтийг таслан зогсоох ажиллагааны хүрээнд 5000 гаруй хүнийг баривчилсан байна. Энэ сарын 22-ны байдлаар 416 хүнийг нэмж баривчилсан гэж Ассам мужийн захиргаанаас мэдэгдэв. Мужийн захирагч Химанта Висва Сармагийн мэдэгдэлд дурдсанаар "Бид нийгэмд дагтаршсан энэхүү бусармаг үйлдлийг таслан зогсоох хүчин чармайлтаа үргэлжлүүлэх болно. Ассам насанд хүрээгүй хүүхдийг хууль бусаар гэрлүүлэхтэй тэмцэх болно" гэжээ.
НҮБ-ын мэдээлснээр, Энэтхэг улсад 220 сая эмэгтэй 18-аас доош настай байхдаа хүнтэй суусан бөгөөд XXI зуунд уг тоо харьцангуй багассан аж.
Өнгөрсөн оны хоёрдугаар сараас хойш Ассам мужид насанд хүрээгүй хүүхдийн гэрлэлтийг таслан зогсоох гэнэтийн ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд тухайн хүүхдийн эцэг эх, гэрлэлтийн гэрчилгээнд цуг бүртгүүлсэн хүнийг баривчилж, шийтгэл оногдуулах болсон байна. Албан ёсны тооцооллоор нийт 4800 хүн уг төрлийн гэмт хэрэгт холбогдож, хоригдож байгаа аж.
Мужийн захирагч Сарма 2026 он гэхэд улс даяар насанд хүрээгүй хүүхдийн гэрлэлтийг хориглох хууль гаргахын тулд олон нийтийн гарын үсгийг цуглуулж байгаа юм.
Одоогийн байдлаар Энэтхэгт гэрлэх хууль ёсны нас нь 18 ба түүнээс дээш хэдий ч ядуу бүс нутагт амьдардаг охид, хөвгүүд бага насандаа хүчээр хүнтэй суух явдал үргэлжилсээр байна. Амьжиргааны түвшин доогуур гэр бүлүүд санхүүгийн байдлаа сайжруулахын тулд хүүхдээ гэрлүүлдэг бөгөөд энэ нь худалдаж буйгаас ялгаагүй үйл явдал билээ. Түүнчлэн бага насандаа гэрлэсэн охид боловсрол эзэмших эрхээ хориглуулж, нөхрийнхөө гэр бүлд үйлчилдэг төдийгүй төрөхийн хүндрэлээс болж эдгэрэх боломжгүй өвчинтэй болох, амиа алдах зэрэг сөрөг үр дагавартай юм.
Энэтхэгийн дээд шүүх 2017 онд хүний эрхийн бүлгийн дэмжлэгтэйгээр насанд хүрээгүй эхнэртэйгээ бэлгийн харьцаанд орохыг хүчингийн гэмт хэрэгт тооцох хууль гаргасан. Гэвч эдгээр хууль, дүрмийг үл харгалзан бага насны хүүхэд ядуу эцэг эхийнхээ санхүүгийн эх үүсвэр болсон хэвээр байна.
Холбоотой мэдээ