УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр /2024.12.23/ хуралдаж мэдээлэл хийлээ. Уг хурлаар дөрвөн асуудлыг хэлэлцсэн байна. Хууль зүй дотоод хэргийн яамнаас өргөн барихад бэлэн болсон Хүний эрх, эрх чөлөөг хангах зорилготой багц хуулийн тухай ярилцсан байна. Тус хуульд онцлог хэд хэдэн заалт оржээ. Тухайлбал, хэвлэн нийтлэх, жагсах зэргийг тусгаж өгсөн аж. Мөн Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны талаар хэлэлцсэн байна.
Энэ талаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга Ч.Лодойсамбуу “Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг өнөөдөр бүлэгт танилцуулсан. Хоёр тусдаа зүйл. Хууль зүй дотоод хэргийн яамнаас өгч буй мэдээллээр дөрвөн удаа санал авч энэхүү шинэчилсэн найруулгадаа тусгасан юм байна. Бүлгийн, тэр дундаа сэтгүүлч гишүүд энэ хуулийг бүхэлд нь дэмжихгүй байгаагаа илэрхийлсэн.
Эрүүгийн хуулийн 13.14 дэх заалт дахь “Илт худал мэдээлэл” гэж юуг хэлж байгааг илүү тодорхой болгох ёстой. Миний хувьд энэ заалтыг бүхэлд нь байхгүй болгох хуулийн төсөл санаачилж, товоо хүлээж байна. Энэ хууль зөвхөн сэтгүүлчидтэй холбоотой заалт биш. Өнөөдөр үзэл бодлоо хуваалцсан, таамаглаж бичсэн хүмүүсийг энэ заалтаар эрүүгийн ялтан болгож байгаа.
13.14 заасан заалтыг халах хуулийн төсөл өргөн барихаар болсон. Энэ бичигт хуралд суусан 31 гишүүний 90 гаруй хувь нь дэмжиж, гарын үсэг зурсан.
Дараа нь, жагсаал цуглаан хийх Хүний эрх, эрх чөлөөний тухай хууль орж ирж байгаа. Тайван жагсаал цуглаан хийхэд саад болдог, иргэн цагдаа хоёрыг мөргөлдүүлдэг асуудлыг зассан. Бүлгийн гишүүд дэмжсэн. Зөвшөөрөл хүсэж жагсдаг байдлыг халж байгаа" гэв.
Мэдээллийн үеэр сэтгүүлчид УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар нартай холбоотой Улсын дээд шүүхээс гаргасан шийдвэрийг бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн эсэхийг тодруулсан юм.
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл "Тухайн асуудалтай эрх ашиг нь холбогдож байгаа гишүүдтэйгээ ярилцсан. Улсын дээд шүүхийн шийдвэр тогтоолыг бичгээр эхлээд авъя. Бичгээр авсны дараа бүлэг дээрээ мэдээлэл хийгээд хамтран ажиллая гэдэг саналыг гаргасан учраас бид бүгд хүлээсэн байдалтай байна. Н.Алтанхуяг гишүүнтэй холбоотой асуудал Засгийн газрын шийдвэрийг Монгол Улсын шүүх тогтолцоо Дээд шүүхээс шүүж гаргасан шйидвэр. Энэ нь онолын хувьд олон улсын жишгээр Монгол Улсын төрийн эрх мэдлийг гурван салаа мөчирт хуваадаг. Шүүх засаглал нь гүйцэтгэх засаглалаа дэнсэлж байгаа, энэ бол Үндсэн хуулийн үзэл санааг зөрчсөн гэж мэргэжилтнүүд хэлдэг. Трөийн эрх мэдлийг хуваасан Үндсэн хуулийн зарчмыг зөрчиж байгаа асуудал. Ерөнхий сайд, сайд нар авлига албан тушаалын асуудалд холбогдсон бол тусдаа шийдэгдэж болно. Улс төрийн шийдвэрийг нь шүүхгүй байх ёстой гэдэг байр суурийг Ардчилсан намын бүлгийн гишүүд барьдаг. Ийм учраас энэ асуудлыг өнөөдрийн бүлгийн хуралдаанаас хойшлуулсан" гэлээ.
3,569.17















































