Оросууд шинэ жилийн баярын ширээгээ дүүргэхэд бэлэн үү?

Хуучирсан мэдээ: 2024.12.24-нд нийтлэгдсэн

Оросууд шинэ жилийн баярын ширээгээ дүүргэхэд бэлэн үү?

Оросууд шинэ жилийн баярын ширээгээ дүүргэхэд бэлэн үү?

Украин дахь дайны улмаас эдийн засгийн мухардалд ороод буй оросууд нэгэн цагт хөөр баяр дүүрэн тэмдэглэдэг байсан шинэ жилийн баяраараа хэрхэх нь тодорхойгүй байна. Эгэл жирийн орос иргэд инфляцийн өсөлт, рублийн ханшийн уналтад бүсээ чангалан өдөр хоногийг өнгөрөөж буй. Эдийн засгийн уналтын хариу арга хэмжээ болгож ОХУ-ын Төв банк бодлогын хүүгээ өсгөх, гадаад валютын интервенц хийх зэрэг арга хэмжээ авч байна. Үүний зэрэгцээ ядууст хүнсний талон тараах зэрэг боломжийг ч судалж эхэлжээ.

Дайн байлдаантай байгаа учир оросууд өнгөрсөн жил салют буудуулах ёслолоо цуцалсан. Энэ жил ч бас ёслолыг цуцлах болсноо Москва хотын дарга Сергей Собянин хэдийнэ мэдэгдсэн билээ.

Инфляцийн өсөлт, рублийн ханш зэргээс шалтгаалаад шинэ жилийн баяраар хэрэглэдэг дотоодын хүнсний бүтээгдэхүүний үнэ өссөн. Үүний зэрэгцээ Христийн мэндэлсний баяр, шинэ жил гээд удахгүй болох баяруудын сургаар импортын барааны үнэ ч өсч эхлээд байна. "Новогодный стол" буюу шинэ жилийн баяраар айлуудын ширээн дээр тавьдаг түгээмэл бүтээгдэхүүнүүдийн үнэ 11.4 хувиар өсчээ. Ингэснээр хэрэглэгч баярт шаардлагатай зүйлсээ авахын тулд дунджаар 12 мянган рубль зарцуулах аж. Үүнд, улаан түрс, утсан хулд загас, хиам, бяслаг, алим, гадил, жүрж, оргилуун дарс, коньяк зэрэг бүтээгдэхүүн багтана.

Халуун хоол гэхээсээ илүүтэй төрөл бүрийн салат нь оросуудын баярын ширээний гол хүнс юм. Иймд салатны гол орцнуудын үнэ өссөн байна. Тухайлбал, тахианы мах, майонез зэргийн үнэ 30 гаруй хувиар, төмсний үнэ 65 хувиар өсчээ.

Төв банк бодлогын хүүгээ дахин нэмэгдүүлбэл эдгээрийн үнэ улам өсөх магадлалтай. Бодлогын хүү 200 суурь нэгжээр 23 хувь хүртэл өсөх магадлалтай. Энэ тохиолдолд зээлийн зардал огцом өсч, хэрэглээний зээлээс авхуулаад орон сууцны зээлд хүртэл нөлөөлөх юм. Улмаар зээлийн хямрал нь 2008 оных шиг эдийн засгийн уналтад хүргэж магадгүй гэж Оросын банкирууд санаа зовж байна.

Төв банкны тэргүүн Эльвира Набиуллина мэдэгдэхдээ "Үндсэн хүүг нэмэгдүүлснээр хэрэглээг хязгаарлана. Эцсийн дүндээ үнийн өсөлтийг зогсоохыг зорьж байна" гэсэн юм. Төв банк инфляцийн өсөлтийг даван туулах, рублийн ханшийг тогтворжуулах зорилгоор 2023 оны хоёрдугаар улирлаас хойш хүүгээ тогтмол өсгөсөн. Гэсэн ч зээлийн өртөг нэмэгдэж байгаа нь олон компанийг өрийн эргүүлэг рүү түлхэж байна.

Үндсэндээ Эльвира Набиуллинагийн стратеги олон нийтийн шүүмжлэлийг дагуулаад байна. Хориг арга хэмжээ, цэргийн өндөр зардал зэрэг хүчин зүйлээс шалтгаалаад өндөр хүү нь инфляцитай тэмцэхэд нөлөөлж чадахгүй гэж "ВТБ" банкны гүйцэтгэх захирал Андрей Костин мэдэгджээ.

Эльвира Набиуллинагийн стратегиэс болж хохирсон эхний аж ахуйн нэгж нь Оросын хамгийн том гутал үйлдвэрлэгч "Ральф Рингер" юм. Тус компани 1.5 тэрбум рублийн өр болон торгуулийн улмаас данс нь хаагдсаны дараа арванхоёрдугаар сарын 7-нд дампуурлаа зарласан билээ. Түүнчлэн үл хөдлөх хөрөнгийн "Самолет" компани шинэ орон сууцны борлуулалт буурсантай холбоотойгоор ажлын байраа цомхотгож байна. Тус компани энэ оны эцэс гэхэд 2000 орчим ажилтнаа цомхотгох төлөвтэй байна.

"Сбербанк"-ны гүйцэтгэх захирал Херман Греф зэрэг Кремльд үнэнч хүмүүс хүртэл эдийн засаг хүндэрч байгааг ил тодоор хүлээн зөвшөөрөх болсон. Греф энэ сарын 6-ны өдөр хөрөнгө оруулагчдын форум дээр үг хэлэхдээ орон сууц, барилга, хөрөнгө оруулалтын салбарт эдийн засгийн удаашралын мэдэгдэхүйц шинж тэмдэг байгааг хүлээн зөвшөөрсөн юм. "Сбербанк" бол Оросын нийт хадгаламжийн тал хувь, зээлийн гуравны нэгийг хянадаг банк. Иймд тус банкны тэргүүний хэлж буй үг ортой бөгөөд жинтэй байх нь дамжиггүй.

Амьжиргаагаа залгуулах гэж хичээж буй жирийн оросууд өдөр тутамдаа дэлгүүр хэсэхдээ үнийн өсөлтийн айдастай явах болжээ. Москвад амьдардаг нэгэн өндөр настан ярихдаа "Супермаркетын үнийн өсөлтийг баримжаалах бараг боломжгүй болсон. Үнэ нь бараг өдөрт хэд хэдэн удаа өөрчлөгддөг болсон" гэжээ.

Үнийн өсөлтийн хариуд Кремль шинэ оны өмнөхөн томоохон супермаркетын сүлжээнүүдэд үнээ бууруулахыг шаардаж байна. Баярын өмнөх үнийн өсөлтийг хянах нь дайны сөрөг үр дагавраас хүн амыг хамгаалахаар ажиллаж байгаа Путины засаг захиргааны хувьд чухал алхам болно. Кремлийн зааварчилгааны дагуу сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид саяхан Хөдөө аж ахуйн яам, Холбооны монополийн эсрэг алба болон жижиглэнгийн худалдаачидтай уулзаж, баярын өмнө бүтээгдэхүүнийхээ үнийг бууруулахаар тохиролцжээ.

Хүмүүсийн хувьд шинэ жилийн баяр гэдэг энгийн нэг идэж уугаад өнгөрөх өдөр биш баяр баясгалантай байхыг бэлгэддэг амьдралынх нь чухал өдөр байдаг. Тэр дундаа орос хүмүүс энэ өдөр "Хүн нэг л амьдрана" гэсэн логикийг баримталдаг ажээ.

ЭХ СУРВАЛЖ: MOSCOW TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ХахаХаха
5
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж