Улаанбаатар хотын замын түгжрэлийг бууруулах чиглэлээр 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх холбогдох хуулийн зохицуулалт, торгууль, татварын арга хэмжээг танилцуулъя.
Хуульд заасан хугацаанд сайн дураараа торгуулиа төлөөгүй буюу 15 хоногийн дотор төлөөгүй бол 50 хүртэл хувиар нэмэгдэнэ. Харин торгуулиа 15 хоногтоо төлбөл 50 хувь хөнгөлөх зохицуулалттай. Жишээлбэл, жолооч та 50 мянган төгрөгөөр торгуулсан бол 75 мянга болж нэмэгдэнэ гэсэн үг.
АВТОМАШИНЫ ТАТВАРЫГ 2-3, ЗАМЫН ТАТВАРЫГ 5 ДАХИН НЭМНЭ

НИТХ-ын 2024 оны хоёрдугаар сарын 8-ны өдрийн долдугаар тогтоолоор Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хувь хэмжээг шинэчлэн тогтоохдоо автобусны татварын хувь хэмжээг бууруулан цахилгаан тэжээлт автомашины татварын хувь хэмжээг тэг хувь байхаар тогтоож, бусад автомашины татварын хувь хэмжээнд өөрчлөлт ороогүй 14 жил болж байна. Тухайн өдрийн НИТХ-ын хоёрдугаар тогтоолоор авто зам ашигласны төлбөрийг шинэчлэн тогтоохдоо 4000 см.кубаас дээш суудлын автомашины зам ашигласны төлбөрийн хэмжээг 10 мянган төгрөгөөр нэмж, бусад машины төлбөрийн хэмжээнд өөрчлөлт оруулаагүй 12 жил болжээ.
Татварыг хууль тогтоомжийн хүрээнд нэмэгдүүлснээр нийслэлийн авто замын сүлжээг сайжруулах, түгжрэлийг бууруулах, авто замын арчлалт, урсгал засвар, техник технологийг шинэчлэхэд эерэг нөлөө үзүүлнэ.
Ирэх онд автомашины албан татварын хуульд өөрчлөлт оруулснаар албан татварыг 2-3 дахин, зам ашигласны төлбөрийг 5 дахин нэмэгдүүлснээр замын сангийн орлогыг 151.5 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр тусгаад буй.
НҮҮРСЭН ЯНДАНГҮЙ "ПРИУС" АВТОМАШИНЫГ ХЯЗГААРЛАНА

Нүүрсэн яндангүй автомашиныг замын хөдөлгөөнд оролцуулахгүй. Энэ талаар хотын дарга Х.Нямбаатар өмнө нь мэдээлэхдээ "Улаанбаатар хотод өнөөдрийн байдлаар 804 мянган автомашин бүртгэлтэй байна. Өнгөрсөн 2023 онд энэ тоо 325 мянга байсан. Ухаалаг камерын системүүдэд хөдөлгөөнд оролцож байгаа автомашины тоо өдөрт 350-400 мянгад тоологдож байна. Захын дүүргийн камерууд ухаалаг системд нэгдээгүй байгаа. Энэ сарын 25-ний өдрөөс бүх 176 камер ухаалаг системд нэгдэнэ. Тэгэхээр энэ тоо улам өсөх байх.
Мөн хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслүүд ялангуяа "Приус" загварын автомашинууд зориулалтын нүүрсэн яндангаа сольсноор агаарт хот утаа ихээр ялгаруулж байна.
Тээврийн цагдаагийн байгууллагаас хөдөлгөөнд оролцож байгаа автомашинуудад эхний удаа сануулж байгаа. Дараагийн удаа шууд автомашиныг нь журамлаж, зориулалтын нүүрсэн яндан тавьсан тохиолдолд хөдөлгөөнд оролцуулна гэдэг албадлагын арга хэмжээ авч эхэлсэн. Өнгөрсөн жилд 40 мянган нүүрсэн яндан гадагшаа зарагдсан байна. Яндан дотор нь байгаа үнэтэй металлуудыг салгаж авдаг юм байна. Иргэд 1.5-2 сая төгрөгөөр яндангуудыг зарж байна гэсэн мэдээлэл авсан" гэв.
3,576.02






















































Холбоотой мэдээ