НИТХ: Ерөнхийлөн захирагчийн зардлыг 20.9 тэрбумаар нэмсэн

LiveНИТХ: Ерөнхийлөн захирагчийн зардлыг 20.9 тэрбумаар нэмсэн

НИТХ: Ерөнхийлөн захирагчийн зардлыг 20.9 тэрбумаар нэмсэн

НИТХ-ын ээлжит бус гуравдугаар хуралдаан өнөөдөр /2024.12.23/ 12.10 цагт эхэллээ.


 

12 : 56
2024-12-23

Нийслэлийн төсөвт 2025 онд 3.8 их наяд төгрөгийг орлого төвлөрүүлнэ

Нийслэлийн 2025 оны төсөв батлах тухай хэлэлцэж байна.

Хотын дарга Х.Нямбаатар:

-Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль болон дагалдах хууль тогтоомжид тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээн авч, 2024 оны арваннэгдүгээр сарын 29-нд холбогдох хуулиудыг хүчингүй болгосон. Иймээс Засгийн газраас Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар хууль өргөн мэдүүлж, 2024 оны арванхоёрдугаар сарын 3-нд баталсан. Тиймээс нийслэлийн 2025 оны төсөв батлах тухай тогтоолын төслийг боловсруулан танилцуулж байна. 

Нийслэлийн 2025 оны төсвийн суурь орлогыг 3.198.5 их наяд төгрөгөөр тооцож, нийслэлийн төсвөөс улсын төсөвт орлого төвлөрүүлэхгүй байхаар, Орон нутгийн хөгжлийн сангаас нийслэлд 60.3 тэрбум төгрөг хуваарилахаар тус тус баталсан. 

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэлд ирэх онд ДНБ-ий өсөлтийг 8 хувь, хэрэглээний үнийн өсөлтийн түвшинг 6 хувиар тооцсон. Нийслэлийн 2025 оны төсвийн төслийг хэрэгжүүлж буй төрийн бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд татвараа уялдуулж, бизнес эрхлэгчдийн татварын  орчинг хялбаршуулж, татвар төлөлтийг нэмэгдүүлэх, бүртгэлийг сайжруулснаар татварын суурийг өргөжүүлж, холбогдох хуулийн дагуу үр ашигтай байхаар боловсруулсан. 

1. Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа идэвхжүүлж, хотын эдийн засгийг тэлнэ

2. Гэр хорооллыг орон сууцжуулж, агаар орчны бохирдлыг бууруулна

3.Хотын холбоос замыг нэмж, ниитийн тээврийг цогц шинэчилж, түгжрэл бууруулах

4. Өнгөрсөн онуудад эхлүүлсэн хөрөнгө оруулалтыг бүрэн дуусгаж, нийгмийн суурь үйлчилгээний хүртээмжийг нэмэх зорилтыг тавьсан. 

Нийслэлийн төсөвт 2025 онд 3.856.3 их наяд төгрөгийг орлого төвлөрүүлэхээр төлөвлөсөн нь 2024 оныхоос 648.9 тэрбум төгрөг буюу 20.2 хувиар, хүлээгдэж буй гүйцэтгэлээс 898.8 тэрбум буюу 30.4 хувиар өссөн дүнтэй байна. 

Энэ өсөлтөд Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 210.9 тэрбум төгрөгөөр, Хувь хүний орлогын албан татвар 251.9 тэрбум төгрөг, Хөрөнгийн албан татварыг 107.7 тэрбум, татварын бус орлогыг 351.1 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр байгаа нь голлон нөлөөлж байна. 

Нийслэлийн төсвийн орлогын 85.9 хувь буюу 3.314.4 их наяд төгрөгийг татварын орлогоор, үлдсэн 14.1 хувийг 541.9 тэрбумыг татварын бус орлогоор бүрдүүлэхээр байна. Нийт зарлагын 38.1 хувь буюу 1.329.9 их наяд төгрөгийг урсгал зардалд, 50.4 хувь буюу 1.720.2 их наядыг хөрөнгийн зардалд, 2.2 хувь буюу 78.3 тэрбум төгрөгийг дамжуулан зээлийн эргэн төлөлт, 8.9 хувь буюу 327.2 тэрбум төгрөгийг үнэт цаасны эргэн төлөлтөд, 0.4 хувь буюу 14.1 тэрбум төгрөгийг алслагдсан гурван дүүрэгт санхүүгийн дэмжлэг олгохоор тооцлоо.

Нийслэлийн 2025 оны төсвийн урсгал зардлын төсөлд 811.8 тэрбум төгрөг буюу 61.1 хувийг хотын шуудын урсгал зардалд, 517.5 тэрбум төгрөг буюу 38.9 хувийг есөн дүүргийн урсгал зардал тус тус эзэлж байна. 

Нийслэлийн 2025 оны төсвийн хөрөнгөөр нийт 4.7 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хэрэгжүүлэхээр төсөвлөсөн. Үүнд, нийслэлийн хөрөнгө оруулалтаар 1.6 их наяд, нийслэлийн Замын сангийн хөрөнгө оруулалтаар 153.2 тэрбум төгрөг, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 24.1 тэрбум төгрөг, нийт 1.7 их наяд төгрөгийг шинэ 96 төсөл арга хэмжээ, шилжин хэрэгжих 68 төсөл, нийслэлийн үнэт цаасны хөрөнгөөр 2.188.2 их наяд төгрөг, нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2024-2025 онд дамжин санхүүжих 742.6 тэрбум төгрөгийн 263 төсөл арга хэмжээг тус тус санхүүжүүлэхээ төсвийн төсөлд тусгалаа.

Үүнээс 50.5 хувь нь авто зам, 27.7 хувь нь хот байгуулалт, инженерийн дэд бүтцийн салбарт, 10.5 хувь нь нийгмийн, 11.3 хувь бусад салбарт хэрэгжихээр тусгалаа.

 Гадаадын зээл тусламжаар нийслэлд нийт 1.6 их наяд төгрөгийн дамжуулан зээлийн гэрээ бүхий 15 төсөл хэрэгжиж байгаа бөгөөд үүнээс 2024 оны эхний хагас жилийн байдлаар 577.5 тэрбумын ашиглалт гарсан байна. Дамжуулан зээлийн 2025 оны төсвийн төсөлд зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу 56.9 тэрбум төгрөгийн үндсэн төлбөрт, 21.4 тэрбумыг хүүгийн төлбөрт төлөхөөр тусгалаа. 

Мөн дотоодын зах зээлд 1 их наяд, гадаад зах зээл дээр 500 сая ам.долларын үнэт цаас гаргах зөвшөөрлийг олгож, 2025 онд үнэт цаасны өрийн үйлчилгээний төлбөрт 327.2 тэрбум төгрөг, үүнээс 20.6 тэрбум төгрөгийг нийслэлийн төсвөөс, 106 тэрбумыг замын сангаас, 65 тэрбумыг хэрэгжиж буй төслөөс, 135.6 тэрбумыг хүүгийн орлогоос санхүүжүүлэхээр төсвийн төсөлд тусгалаа. 

Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас 2025 онд нийслэлд хуваарилж буй шилжүүлгийн орлогоор 60.3 тэрбум төгрөгөөр батлагдсан нь 2024 онтой харьцуулахад 10.1 тэрбумаар өссөн байна. Төсвийн тухай хуулийн 59 дүгээр зүйлд орсон нэмэлт өөрчлөлтөөр Орон нутгийн хөгжлийн сангаас нийслэлд хуваарилагдсан шилжүүлгийн орлогыг холбогдох итгэлцүүрийн дагуу хот дүүргийн орон нутгийн хөгжлийн санд хуваарилна. Төсвийн тухай хуулийн 56 зүйлд заасны дагуу БГД, БЗД, СБД, ЧД, ХУД, СХД-ийн төсвийн суурь зардлыг 70 хувь болох 294.7 тэрбумыг төсөвт зарцуулахаар үлдээж, нийслэлийн төсөвт 1.423 их наядыг төвлөрүүлэхээр тооцлоо. 

НИТХ-ын төлөөлөгч Ж.Сандагсүрэн:

-Хоёр зүйл тодруулъя. Урсгал зардал ямар байдлаар өсч байна. Гол нөлөөлөл нь юу байна вэ. Замын сан дээр программ хангамжтай төсөв байсан. Ямар төсөв байсан бэ. Замын ажлаа өнгөрсөн жил сайн хийсэн. Ирэх жил бас энэ жилийн төсөвтэй адил ажил хийнэ гэсэн үг үү. Хүүхдийн эмнэлгүүдийн дотоод орчин, агаарын бохирдолтой гомдол их ирж байна. Энэ тал дээр ямар төсөв тавьсан бэ?

Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Энхжин:

-2025 оны урсгал зардал 2024 онтой харьцуулахад долоон хувийн өсөлттэй байгаа. Эрчим хүчний нэмэгдэл, дулааны нэмэгдэл, төрийн албан хаагчийн цалин нэгдүгээр сарын 1-нээс 6 хувиар нэмж байгаа нь голлон нөлөөлсөн. Замын сангийн хувьд 265 тэрбумыг 2025 онд төвлөрүүлэхээр төлөвлөснөөс 106 тэрбум төгрөгийг үнэт цаасны хөрөнгөөр 2024 он хэрэгжүүлсэн замын ажлын эргэн төлөлтийг хийнэ. Үлдсэн мөнгийг замын засварт зарцуулна. 

Замын лабораторийн зардалд 4 тэрбум төгрөг тавигдсан. Зам засварыг хэмждэг үзлэгийн машин байгаа. Засвар арчлалтын 18 төслийн найм нь холбоос замуудад, үлдсэн нь гол зам дээр хийнэ. 

Хотын дарга Х.Нямбаатар:

-Бид өнгөрсөн жил замыг бүхэлд нь хийхээр төлөвлөөд ажиллаж байна. Бүтээн байгуулалтын улиралдаа багтаж өнгөрсөн жил хийхээр төлөвлөсөн ажлууд амжаагүй. Дээр нь манай замын компаниудын өөрсдийнх нь хүчин чадал хүрэлцэхгүй байна. Жишээлбэл, Энхтайваны өргөн чөлөөний замын засвар, шинэчлэлийн ажил дээр хэд хэдэн тендер зарлаад компаниуд оролцоогүй. Түгжрэл ихтэй учраас замын ажилд оролцох сонирхолгүй байна. Бид ирэх онд үлдсэн ажлаа гүйцээнэ. 2025 оны төсвийн төсөлд тусгаснаар Туулын хурдны зам буюу 33 км зам голын хойд эргээр Улаанбаатарын баруунаас зүүн тийш урсгалыг авсан гэрэл дохиогүй замын тендерийг зарлахаар бэлдэж байна. Мөн Энхтайван, Наадамчдын өргөн чөлөөг Яармагийн өргөн чөлөөтэй холбосон босоо тэнхлэгийн гэрэл дохиогүй зам барихаар төлөвлөж байна. Мөн хотын нэг, хоёрдугаар тойрог замын тендерийн баримт бичиг боловсруулах төслийн менежментийн багийг шалгаруулахаар ажиллаж байна. 

Улаанбаатарт 10 орчим бетон хучилтын компани, 10 гаруй дэвсэгч компани байна. Өөр боломж байхгүй. Ирэх жил иргэдийг бухимдуулахгүй замын ажлаа дуусгана.

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга П.Эрхэмбулган:

-Төрийн 316 цэцэрлэгийн 30 хувийг дотоод орчны бохирдлоос сэргийлэх, цэвэршүүлэхээр тооцоо судалгааг хийж, төлөвлөж байна. Эрүүл мэндийн байгууллагууд дээр дотоод орчны бохирдлыг багасгах тоног төхөөрөмжийг байршуулах боломжтой. Заавал нийслэлийн төсвөөс гэлтгүй өөрсдийн гүйцэтгэлийн боломжоор хийж болно. Төсөв дээр энэ чиглэлээр тусгаагүй. 

НИТХ-ын төлөөлөгч Ү.Оюунзул:

-2025 онд ямар ногоон байгууламжийг байгуулах вэ. Нэг хүнд ногдох ногоон байгууламжийн тоо хэдэн хувиар нэмэгдэж, хэдэн мод тарих вэ?

Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Энхжин:

-2021-2025 онд хөгжүүлэх төлөвлөгөөн 30.6 тэрбумыг төсөвлөж, гэр бүлийн хөгжлийн чиглэлээр сургалт хийхээр 420 сая төгрөг төсөвлөсөн. Улсын төсвөөс санхүүжих хуулийн зохицуулалттай бөгөөд нийслэлд 1 хөтөлбөр хэрэгжүүлэхээр тусгасан байна. 

Хотын дарга Х.Нямбаатар:

-Ногоон байгууламжийн нэгдсэн төлөвлөлт, зураг байхгүй. Тэр байтугай барилгажилт, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, зураг хийгдээгүй. Бид энэ асуудлыг шийдэхээр 2005 онд 20:40 буюу хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу хавсрага бүх зураг, бодлогын баримт бичгүүдээ боловсруулахаар төлөвлөсөн.

Тэр дунд тохижилтын нэгдсэн зургийг гудамж бүрээр нь гаргана. Мөн -40 градусаас +40 градуст ургадаг ургамлыг тарихаар Хөх хотын "Монгол өвс" гэдэг компанитай гэрээ байгуулсан. Удахгүй хамтын ажиллагаа эхэлж, Төв цэнгэлдэх дотор спортын барилга байгууламжид тарьдаг хатуу уур амьсгалтай газар ургадаг шинэ сортыг ирэх дөрөвдүгээр сараас тарьж эхэлнэ. Наадамчдын өргөн чөлөө, Энхтайваны өргөн чөлөө, Их бага тойрууд ногоон байгууламжийн шинэчлэлийг хийнэ.

Тендерийн хэмнэлт үүссэн тохиолдолд дахин тодотгол хийж, Замын сан дээр төсөв хуваарилна. Тэгвэл БЗД-ийн Шар хоолой, Улиастайн аманд зам тавина. Өмнө нь тавьсан замуудын эвдрэл их гарч байгаа учраас хөрсний судалгааг нь сайн хийх хэрэгтэй. 

НИТХ-ын төлөөлөгч О.Зундуйдорж:

-Нийслэлд 28 тэрбумаар зуух тараана гэнэ. Зарим айлууд маш хэцүү нөхцөлд амьдарч байгаа. Тэрийг ойлгож байгаа. Нийт 200 гаруй мянган яндан байгаа. Эндээс 20 мянган айлд зуух тарааснаа үр дүнд хүрэхгүй байгаа. Зуны хувцастай мөртлөө өвөл даардагтай адил гэрийн дулаалга дээр ямар нэгэн төсөв бий юу. Эрүүл мэндийн уриалга гаргаж, иргэдэд мэдээлэл өгөөч ээ утааны талаар.

НИТХ-ын төлөөлөгч Л.Хосбаяр:

-198 мянган айлын яндан буулгахтай холбоотой зардлаа нэмэхгүй бол 2025 оны өвөл ийм байдалтай л байна. Нэмэлт тооцоо судалгаа хийж, төсөв нэмсэн үү. Мөн гэр хорооллын сургуульд сүү өгөхөөр нэг тэрбум төгрөг шийдэж байсан. 2025 оны төсөвт бүх сургуульд сүү өгөхөөр тусгуулсан. Энэ хэвээрээ байгаа юу. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн 6 сургуулийн төсвийг бүрэн шийдсэн үү. Эрүүл мэндийн асуудлыг судалсан судалгаа байна уу. 2006 онд 70 байсан аутизмын эмгэг 2024 онд 2000 болж нэмэгдээд байна вэ?

НИТХ-ын төлөөлөгч З.Төмөртөмөө:

-Гурван ээлжийн цэцэрлэгийн асуудлыг шийдсэн. Сугалаагаар хүүхдүүд сурахаа больсон. Цэцэрлэгүүдийг хороо зааж төсөв батлаад байх юм. Жишээлбэл, Хан-Уул дүүргийн 23 дугаар хороо гэж заасан байна. Бусад дүүргүүд дээр бас адил. Ерөнхий утгаар нь төсөв тавьдаг. Сонгинохайрхан цэцэрлэг хүртээмж 100 хувь болсон. Төсөв үргэлжилж байгаа эсэхэд эргэлзээтэй. Талыг нь худалдаж авна гэж баймааргүй юм. Хардлага төрүүлж байна. 

Төлөөлөгчид асуулт асууж дууслаа. Нийслэлийн 2025 оны төсөв батлах тухай эхний хэлэлцүүлгийг хийж дууслаа. эгийн дагуу хурлын Эдийн засаг, төсөв хөрөнгө оруулалтын  хороо болон хуралдах намын бүлгийн хурлаар хэлэлцүүлэхээр шилжүүлэв.

Хорооны хуралдаан өнөөдөр 14.00 цагт болно. Ардчилсан намын бүлэг маргааш 10.00 цагт хэлэлцэнэ. Мөн МАН-ын бүлгийн хурал 14.00 цагт болно. 

12 : 24
2024-12-23

Нийслэлийн 2024 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай танилцуулж байна

Хотын дарга Х.Нямбаатар:

-Төсвийн тухай хуулийн 34.2.2 зүйлд "Урьдчилан тооцох боломжгүй нөхцөл байдлын улмаас төсвийн орлого буурах, зарлага нэмэгдэж, орон нутгийн төсөв алдагдалтай болох нөхцөл байдал бий болсон гэж заасныг үндэслэн нийслэлийн 2024 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг боловсруулан танилцуулж байна. Тогтоолын төсөлд дараах өөрчлөлтүүдийг тусгалаа. Үүнд,

1.Төсвийн орлого

-2024 оны арваннэгдүгээр сарын төсвийн орлогын гүйцэтгэлийн мэдээгээр нийслэлийн төсөвт 2.8 их наяд төгрөг төвлөрч, орлогын төлөвлөгөө 214.4 тэрбум төгрөгөөр буюу 7.6 хувиар тасарснаас хотын шуудын төсвийн орлогын төлөвлөгөө 38.8 тэрбум төгрөг буюу 4.1 хувиар, дүүргүүдийн төсвийн орлогын төлөвлөгөө 175.6 тэрбум төгрөг буюу 9.4 хувиар тус тус тасарсан дүнтэй байна. 

2024 оны төсвийн тодотголын төсөлд хотын төсөвт Бөөрөлжүүтийн цахилгаан станц төслөөс 20.9 тэрбум төгрөгийн хүүгийн орлого нэмж төвлөрүүлэхээр тооцсоноор төсвийн нийт орлогыг 1.163.9 их наяд төгрөг, нийслэлийн төсвийн нийт орлогыг 3.228.4 их наяд төгрөг байхаар нийслэлийн төсвийн нийт эх үүсвэр 4.42.1 их наяд төгрөг байхаар тооцоолж төсвийн тодотголын төсөвт тусгасан. 

2. Төсвийн зарлага

-Нийслэлийн 2024 оны төсвийн тодотголд урсгал зардалд 22.6 тэрбум төгрөгийн төсвийн зохицуулалт хийж, төсвийн ерөнхийлөн захирагчийн урсгал зардлыг 20.9 тэрбумаар нэмэгдүүлэхээр төсвийн төсөлд тусгасан. Үүнд, Засгийн газрын 201 дүгээр тогтоолын дагуу гаргасан нийслэлийн үнэт цаасны хүүгийн төлбөрт 33.4 тэрбумыг нэмж тусгах, нийтийн тээврийн үйлчилгээний зардалд үүссэн 10.1 тэрбум төгрөгийн өр төлбөрийг нийтийн тээврийн нөхөн олговор, даатгалын төлбөр, сургуулийн автобусны зардал, нийтийн гудамж талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний зардлын хэмнэлтээс шилжүүлэн зарцуулах. Хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний бодит гүйцэтгэлтэй уялдуулан нийслэлийн үнэт цаасны хөрөнгөөр санхүүжих төсөл арга хэмжээний дүнг бууруулахаар  төсөлд тусгалаа. 

Танилцуулгатай холбоотой асуулт асуух төлөөлөгч байсангүй, эхний хэлэлцүүлгийг хийж дууслаа. Дэгийн дагуу хурлын Эдийн засаг, төсөв хөрөнгө оруулалтын  хороо болон хуралдах намын бүлгийн хурлаар хэлэлцүүлэхээр шилжүүлэв.

12 : 12
2024-12-23

НИТХ-ын ээлжит бус хурлаар 2 асуудал хэлэлцэнэ

Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр:

-Хотын даргаас өргөн барьсан дөрвөн асуудал болон бусад асуудлыг хэлэлцэнэ. 

1. Нийслэлийн 2024 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай

2. Нийслэлийн 2025 оны төсөв батлах тухай

3. Нийслэлийн авто тээврийн бүртгэл, хяналтын төв, орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг үүсгэн байгуулах тухай

4. Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд идэвхтэй оролцсон иргэдийг урамшуулах тухай

5.Олон нийтийн цагдаагийн тооны дээд хязгаарыг тогтоох тухай

6. Төрийн дээд шагналд уламжлах болон хурлын байгууллагын шагналаар шагнах тухай гэсэн  6 асуудлыг хэлэлцэнэ. 

Хуралдаанаар нийслэлийн 2024 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай, нийслэлийн 2025 оны төсөв батлах тухай хэлэлцэнэ. Бусад асуудлыг 2024 оны арванхоёрдугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж, эцэслэн батална гэв. 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 1 минутын өмнө 66.181.185.190

Бактер ямар ацаа хийх вэ дээ

Avatar

Зочин 56 минутын өмнө 202.126.88.166

Ийм хотын даргатай байх гэж дээ!!! Гутамшигтай.

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 103.212.116.50

Нянбаатар оркоо. МАНгасуудынхаа идшийг татаач ээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж