"Бөөрөлжүүтээс 150 МВт-ыг нийлүүлсэн ч эрчим хүчний дутагдал үүснэ"

Хуучирсан мэдээ: 2024.12.23-нд нийтлэгдсэн

"Бөөрөлжүүтээс 150 МВт-ыг нийлүүлсэн ч эрчим хүчний дутагдал үүснэ"

"Бөөрөлжүүтээс 150 МВт-ыг нийлүүлсэн ч эрчим хүчний дутагдал үүснэ"

Эрчим хүчний эх үүсвэрийг 200 МВт-аар нэмэгдүүлсэн тухай албаныхан ярьж байгаа ч эрчим хүч хязгаарлалт үргэлжилсээр буй. Иймд бид Төв аймгийн Баянжаргалан суманд барьж буй Бөөрөлжүүтийн цахилгаан станц хэзээнээс эрчим хүчээ нийлүүлж эхлэх талаар тодрууллаа. Нэг сарын өмнө /2024.11.17/ тус станцад гал гарсан. Засварын ажил дууссан эсэхийг "Цэцэнс Майнинг энд Энержи" ХХК-ийн удирдлагаас тодруулахад, "Галын улмаас учирсан хохирлыг арилгаж, төвийн сүлжээнд эрчим хүч нийлүүлэхээр ажиллаж байна. Бидний зүгээс тодорхой хугацаа хэлэх боломжгүй. Одоогийн байдлаар Бөөрөлжүүтийн цахилгаан станцад техникийн комисс ажиллаж эхэлсэн. Нийт 60 байгууламжтай учраас богино хугацаанд ажиллаж, дүгнэлт гаргах боломжгүй" гэдэг хариултыг өглөө.

Бөөрөлжүүтийн цахилгаан станцын эхний ээлжийн 150 МВт-ын зуухны галлагааг өнгөрсөн аравдугаар сарын 5-ны өдөр эхлүүлсэн. Нийт 60 барилга байгууламж баригдаж буй. Харамсалтай нь, 2024 оны арваннэгдүгээр сарын 17-ны өдрийн өглөөний 05.00 цагийн үед нүүрс татах туузан дамжуулга байгууламжийн С6 хэсэг галд өртөж, бүрэн унтраасан гэдэг мэдээллийг албаныхан өгч байв.

Бөөрөлжүүтийн хүрэн нүүрсний ордыг түшиглэн Улаанбаатар хотоос 120 км зайд орших Бөөрөлжүүтийн цахилгаан станц 150 МВт-ын хүчин чадал бүхий дөрвөн блокоос бүрдэнэ.

Нийтдээ 600 МВт-ын хүчин чадалтай станц ашиглалтад орох юм. Хоёрдугаар блок 2025 оны аравдугаар сард, гуравдугаар блок 2027 онд, дөрөвдүгээр блок 2028 онд ашиглалтад орохоор төлөвлөсөн байдаг.

Станц бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлснээр Монгол Улсын эрчим хүчний хэрэглээний 20-30 хувийг найдвартай, хямд эх үүсвэрээр хангах ач холбогдолтой. Мөн 1040 шинэ байнгын ажлын байр бий болж, төмөр зам, хатуу хучилттай авто зам, бусад инженерийн дэд бүтэц бүхий 2000 гаруй хүн амтай суурьшлын бүс бий болох юм.

"БӨӨРӨЛЖҮҮТЭЭС 150 МВТ-ЫГ ЭНЭ ОНДОО БАГТАЖ НИЙЛҮҮЛНЭ"

Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар өнгөрсөн долоо хоногт мэдээлэл хийхдээ "Би нийслэлийн Засаг даргаар томилогдоод жил гаруй болж байна. Ажлаа авснаас хойш 200 МВт-ын эх үүсвэр нэмэгдүүлэх төсөл танилцуулж байсан. Тэгвэл 10 хоногийн өмнө Багануурын 50 МВт-ын станц ашиглалтад орж, хэвийн горимоор ажиллаж байна. Гэсэн ч шөнө оройн цагаар айлуудын тог цахилгаанд хязгаарлалтыг хийж байгаа. Бид 40 жил эрчим хүчнийхээ салбарт нэг ч хөрөнгө оруулалт хийж, 1984 оноос хойш нэг ч станц бариагүй. Бөөрөлжүүтийн цахилгаан станцад техникийн комисс ажиллаж дууссан.

Энэ долоо хоногт Улсын комисс ажиллаж эхэлнэ. Үүний дараа энэ ондоо буюу 2024 оны арванхоёрдугаар сардаа багтаад 150 МВт-ыг төвийн эрчим хүчинд нийлүүлнэ. Дамжуулах байгууламж нь шатсаныг бүрэн засч дууссан. Ингэж нэмэгдсэн ч өвлийн оргил ачааллын үеэр эрчим хүчний дутагдал үүснэ.

Учир нь 2023 оны өвөл эрчим хүчний хэрэглээ 14 хувиар нэмэгдсэн. Одоогийн байдлаар 10 орчим хувиар нэмэгдэж байна. Гадаа -30 хэм давж хүйтрэхээр дахин 4-5 хувийн нэмэгдэл үүсэх урьдчилсан тооцоог гаргаж байгаа. Хотын даргын эрчим хүчний асуудал хариуцсан зөвлөхөөр УБЦТС ТӨХК-ийн гүйцэтгэх захирал асан Р.Дагдан ажиллаж байгаа. Бид өдөр тутам эрчим хүчний хэлбэлзэл, хэрэглээг хянаж байна. Эрчим хүчний яамтай хэд хэдэн зүйл дээр ойлголцсоны үр дүнд энэ жил 200 МВт-аар эрчим хүчээ нэмэгдүүлж байна. Цаашид 5-6 төслийг урагшуулахаар ажиллаж байна. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр баригдаж байгаа Дамбадаржаагийн дулааны цахилгаан станцаар 100 МВт нэмэгдүүлэх нэмэлт гэрээ хийхээр тохиролцсон. Сүүлд шинэ Төв цэвэрлэх байгууламж барьж буй аж ахуйн нэгжүүдтэй нийт гэрээний үнийн дүнгийн 20 хувьд багтаан нэмэлт гэрээ байгуулж, лагийг ил хатаахгүйгээр боловсруулах үйлдвэр байгуулахаар хэлэлцсэн. Санхүүжилтийг нь хотоос гаргана" гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж