Дэлхий дахины агаарын тээврийн салбарт тохиолдсон хамгийн нууцлаг үйл явдлуудын нэг бол Малайзын "MH370" нислэгийн осол. Тэгвэл 10 жилийн өмнө осолдсон уг онгоцыг эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлэхээр болсноо Малайз улс Баасан гаригт зарлажээ.
Болсон явдлыг эргэн санавал, 2014 оны гуравдугаар сарын 8-ны өдөр Куала Лумпураас Бээжинг чиглэн нисч явсан Боинг 777 онгоц радарын дэлгэцнээс алга болсон бөгөөд одоо хүртэл олдоогүй байна. Тус онгоцыг олохын тулд агаарын тээврийн салбарын түүхэн дэх хамгийн өргөн цар хүрээтэй эрэл хайгуул хийжээ. Малайзын засгийн газар хиймэл дагуулын мэдээлэлд үндэслэн онгоцыг Энэтхэгийн далайн алслагдмал буланд унасан, амьд үлдсэн хүн байхгүй гэж дүгнэсэн юм.
Энэ удааийн эрлийг далайн хайгуулын "Ocean Infinity" компани хариуцан хийнэ. Эрлийн багийнхан Энэтхэгийн далайн өмнөд хэсгийн 15 мянган км2 талбайг самнаж хайна. "Ocean Infinity"-ийн санал болгож буй шинэ хайлтын бүсийг шинжээчид болон судлаачдын хийсэн хамгийн сүүлийн үеийн мэдээлэл, өгөгдөлд дүн шинжилгээ хийсний үндсэн дээр гаргаж иржээ.
Засгийн газар эрэн хайх ажиллагааны шинэ бүсийг арванхоёрдугаар сарын 13-нд албан ёсоор хүлээн зөвшөөрсөн бөгөөд илүү нарийн нөхцлүүдийг 2025 оны эхээр эцэслэх болжээ. Эрлийн хамгийн тохиромжтой цаг нь 1-4 дүгээр сарын хооронд юм. Өмнөх эрэл хайгуулууд нь "олдохгүй бол төлбөр төлөхгүй" гэсэн зарчмаар явагдсан бөгөөд энэ удаад ч адил байна. Гэхдээ онгоц олдсон тохиолдолд Малайзын засгийн газар "Ocean Infinity"-д 70 сая ам.доллар төлнө. Гэрээний хугацаа 18 сар.
Австралийн удирдан явуулсан анхны эрлийн ажиллагаа 310 мянган км2 талбайг хамарсан боловч тодорхой хэмжээний сэг, хаягдлаар л хязгаарлагджээ. Энэтхэгийн далайн баруун хэсэгт орших Реюньон арлаас 2015 оны долдугаар сард MH370 онгоцны флаперон болох нь тогтоогдсон хэлтэрхий анх олдож байв. Энэ олдворт үндэслэн онгоцыг тухайн бүсэд унасан гэж нотолжээ.
Зайран 54 минутын өмнө 202.126.91.196
Энэ онгоцыг алга болдог урьд шөнө нь би зүүдлээд Далайд олон хүнтэй том онгоц унаад живж бна гэж зүүдлэж байсан. Тухайн үед Газрын зураг харуулаад аль хавьд унасан бна гэвэл зааж болох байсан байх даанч одоо 10 жил өнгөрч дээ