ОХУ-ын алслагдмал Камчаткад арванхоёрдугаар сарын 19-ний өдөр Ан-2 онгоц осолджээ. Тус онгоц нь Мильково тосгоноос хойд хэсэгт орших Оссора тосгон руу арилжааны ачаа тээвэрлэхээр нисч байв. Тэгвэл онгоцонд байсан гурван хүнийг олж, эмнэлэгт хүргэсэн тухай ОХУ-ын Онцгой байдлын яам өнөөдөр мэдээллээ.
Гурван хүний хоёр нь нисэх багийн гишүүн бол нэг нь зорчигч юм. Тэд гурав хоногийн турш хоол хүнсгүй, түлш түлж дулаацаж, цас хайлуулан ууж амь гарчээ. Мөн яаралтай тусламжийн дохиогоо асаан залбирч, гайхамшиг тохиолдоно гэдэгт итгэсээр байсан гэдгээ хэвлэлд ярьжээ. Хэт хүйтэн цаг агаарын улмаас онгоц мөстөж, осолдсон гэж зорчигч Андрей Митасов мэдэгдсэн байна. Онгоцны анхны өндөр нь 200 метр байсан ч дараа нь 100, 80, 10 метр болтлоо буурсан аж.
Тэднийг Росавиациа агаарын тээврийн агентлагийн Камчаткын бүсийн агаарын тээврийн албаны аврагчид олсон байна.
ОХУ-ын Мөрдөн байцаах хороо энэхүү осолтой холбогдуулан агаарын тээврийн үйл ажиллагааны журам зөрчсөн хэргээр эрүүгийн хэрэг үүсгэсэн гэж мэдэгдлээ.
Бүс нутгийн Онцгой байдлын сайд Сергей Лебедев Ням гаригт мэдэгдэл хийхдээ "Онгоц олдлоо. Хүмүүс амьд байна. Эрхэм найзууд аа, таагүй цаг агаартай байхад бүү нис, хүлээсэн нь дээр гэж би бүх нисгэгчид хэлмээр байна" гэжээ.
Нэргүй 56 минутын өмнө 103.212.117.74
орчуулга гэж хог бнаа